Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/148

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

Нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, хяналтын прокурор М.О,

Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Хд холбогдох 1813002750181 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1957 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М Х овгийн Х Х, регистрийн дугаар БЭ*********

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч Х.Х нь өөрийн хүү Х.Кт давуу байдал бий болгож ажилд оруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн ажилтан, дэслэгч Ч.Цийн албан өрөөнд орж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Х.Хыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Х.Х нь өөрийн хүү Х.Кд давуу байдал бий болгож ажилд оруулах зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн ажилтан, дэслэгч Ч.Цийн албан өрөөнд орж албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1000000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Гэрч Ч.Цээс   ирүүлсэн   гомдол,   мэдээллийн   дагуу   цагдаагийн   дэслэгч,   мөрдөгч Д.Н нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагт Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөцийн ажилтан, дэслэгч Ч.Цийн албан өрөөнд үзлэг хийж ширээн дээр байсан номны хуудасны завсар дугтуйнд хийж тавьсан байсан 50 ширхэг 20 мянгатын дэвсгэрт нийт 1.000.000 төгрөгийг хураан авсан талаарх тэмдэглэл, үзлэг хийх явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-12 дугаар хуудас/,

            - Баримт бичигт үзлэг хийсэн тухай “...2. Ёс зүйн дэд албаны 09 дугаартай хурлын тэмдэглэл байх ба хэлэлцэх асуудал нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16:30 цагийн үед байгууллага руу зөвшөөрөлгүй гадны хүн нэвтрүүлсэн тухай авч хэлэлцэх. Дэд дарга, дэд хурандаа Б.А: Хүний нөөц, дотоод ажил бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн,   дэслэгч   Ч.Цийн   өрөөнд  үл  таних  хүн  дугтуйтай мөнгө үлдээсэн гэх асуудлаар хуралдаж байна. Ч.Цээс: Ажилд орох хүсэлт гаргаж сонгон шалгаруулалтанд оролцож бие  бялдарын   шалгалтанд тэнцээгүй  иргэн  Х.Кийн  аав  нь байсан  ба согтууруулах  ундааны   зүйл   хэрэглэсэн   байсан.   Дэд дарга,   дэд   хурандаа   Б.Ааас: Ч.Ц та хуулийн байгууллагад хандах нь зүйтэй.” гэх тэмдэглэл /хх-ийн 13-32 дугаар хуудас/,

            - Гэрч Ч.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16 цаг 30 минутын үед ажил дээр өрөөндөө сууж байхад Кенжебек гэх хүүхдийн аав нь орж ирсэн. ...Х шууд миний өрөөнд орж ирээд мэнд ус болоод миний сууж байсан ширээний урд байгаа сандалд сууж байснаа миний ширээн дээр байсан цэнхэр өнгийн номыг гартаа барьж аваад “Энэ ямар гоё ном бэ” гэж хэлэнгүүтээ зүүн талын энгэрээсээ цагаан өнгийн цаасан дугтуй гаргаж ирээд номонд хийх шиг болсон. Би тэр үеийг нь нүдээрээ харсан. Тэгэнгүүт би Хд та ингэж болохгүй гэж хэлсэн. Тэгэх үед Х надад “Ах нь ийш тийш ярихгүй. Хүүхдийг минь тэнцүүлж өгвөл боллоо” гэж хэлэхэд би “Та ингэж болохгүй” гэж хэлэхэд Х юм ярилгүйгээр шууд гараад явсан. ...Даргад мэдэгдээд цагдаагийн байгууллагад хандсан юм.  ...Хүүхдийг  шалгалтанд   тэнцүүлж,   Улаанбаатар   хотын   Хууль   сахиулахын их сургуулийн ахлагчийн курст явуулж өгөөч гэж хэлээд дугтуйтай мөнгө үлдээсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

            - Гэрч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хүний нөөцийн ажилтан Ч.Ц намайг дуудаад таньд юм харуулья гэж хэлээд намайг дагуулаад өрөөндөө орсон. Би Цийн өрөөнд ороход Ц ширээний зүүн талын булангаас цэнхэр номыг нээгээд цагаан өнгийн цаасан дугтуйг харуулаад надад “Сая нэг согтуу байж магадгүй хүн орж ирээд надад хүүхдийг маань тэнцүүлж өгөөрэй” гэж хэлээд дугтуйтай мөнгө үлдээгээд явах шиг боллоо. Би араас нь гартал яваад өгсөн байсан. Тэр хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би Цэд хандаад “Би ёс зүйн эргүүл дуудаад энэ нөхцөл байдлыг танилцуулаад  тэмдэглэлд  тусгуул” гэж үүрэг өгөөд өрөөнөөс нь гараад гишүүдийг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

            - Гэрч Г.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хурлаар Х гэгч Онцгой байдлын газрын хүний нөөцийн ажилтны өрөөнд мөнгө үлдээгээд явсан талаар хэлэлцсэн. Хурлаар дэслэгч Ч.Ц өрөөндөө сууж байтал Х гэх иргэн орж ирээд дугтуйтай мөнгө үлдээгээд зугтаад явсан. Тухайн хүн орж ирэхдээ хошууч Бауыржантай уулзана гэж хэлээд орж ирсэн гэж орлогч дарга билүү нэг нь танилцуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

            - Гэрч Т.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Албаны дарга Б.А “Гаднаас нэг хүн орж ирээд дэслэгч Ч.Цийн өрөөнд орж ирэн миний хүүхдийг дэмжээд өгөөрэй гэж хэлээд номын завсарт дугтуйтай зүйл орхиод  гараад явсан байна” гэж хэлээд уг асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд шийдүүлье гэсэн шийдвэр гараад дэслэгч Ч.Ц цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

            - Гэрч С.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дэслэгч Ч.Ц зөвшөөрөл авч өрөөнд орж ирээд “Даргаа миний өрөөнд хүн орж ирээд дэвтрийн завсар мөнгө хавчуулаад шууд гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би шууд дагуулж гараад орлогч дарга, дэд хурандаа Б.Аыг дуудаад бид гурав Ч.Цийн  өрөөнд ортол  ширээн дээр байгаа дэвтрийн завсар мөнгө хавчуулсан байгаа гэж хэлэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа ирээд үзлэг хийгээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

            - Шүүгдэгч Х.Хы мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “ ...Миний бага хүү Х.К Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт ажилд орохоор шалгалт өгсөн юм. Тэгсэн миний хүү шалгалтанд тэнцээгүй. Тэгэхээр нь тэр өдөр шалгалт авсан Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт хүний нөөцийн ажил хийдэг дэслэгч цолтой залуутай уулзахаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн үед Онцгой байдлын газарт орсон. Ингэж орохоосоо өмнө тэр дэслэгч залууд мөнгө өгөөд хүүхдээ ажилд оруулья гэж бодоод тэтгэврийн зээл 2.000.000 төгрөгийг аваад 1.000.000 төгрөгийг тэр залууд өгөхөөр бэлдээд мөнгө хийдэг цаасанд хийгээд аваад очсон юм. ...Дэслэгч залуу Ц гэх хүний нэрийг хэлбэл хэл ам гарах байх гэж бодоод Бауыржан гэх хүнтэй уулзана гэж хэлээд орсон юм. Тэгээд би 2 давхарт гараад Ц гэх хүнийг хайгаад явж байсан чинь хаалга нь онгорхой өрөө байхаар нь харсан чинь хүний нөөцийн ажилтан Ц сууж байсан. Тэгээд би өрөөнд нь хаалгыг нь хаагаад мэнд усаа мэдэлцээд “Ахдаа тус болоорой. Би хүүгээ шалгалтанд тэнцүүлж ажилд оруулах гэсэн юмаа” гэж хэлээд ширээн дээр байсан том номыг нь аваад халааснаасаа нөгөө мөнгөө гаргаад завсарт нь хавчуулаад өгсөн чинь Ц “Наадах чинь юу юм” гэж асуухаар нь би “Ахынх нь сэтгэлийн бэлэг байгаа юм. Миний дүү зүгээр авчих” гэж хэлсэн чинь “Наад мөнгөө ав. Би мөнгө авдаг хүн биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “За чи аваа, надад иймээ тиймээ юм байхгүй” гэж хэлээд шууд гараад явсан чинь араас “Энийгээ аваарай” гэж хэлээд орилоод үлдсэн юм. Тэгсэн маргааш өглөө нь буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 09 цагт цагдаагийн газраас намайг дуудсан юм. Тэгээд би цагдаагийн газарт очоод болсон асуудлыг хэлээд хэргээ хүлээсэн юм. Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Мөн хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа учраас надад хөнгөн ял зэм оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэг цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Хы анх мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь дээр дурдагдсан гэрч нарын мэдүүлэг, хавтаст хэрэг авагдсан бусад үйл баримтуудтай тохирч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Х.Х өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Хээл хахууль гэдэгт хууль бус зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд өгсөн эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийн өмчлөх эрх, төлбөргүй буюу хөнгөлөлттэй үзүүлсэн аливаа ажил үйлчилгээ зэргийг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Х.Х нь өөрийн хүү Х.Кт давуу байдал бий болгож ажилд оруулах зорилгоор бусдад хээл хахууль өгсөн болох нь тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Х.Хы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг  “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Х.Х нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Х урьд шийтгүүлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Уг хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн байна. Мөн шүүхээс хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул шүүгдэгч Х.Хы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгж буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүгдэгч Х.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна. Мөн шүүгдэгчийн хувийн бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 ширхэг 20000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэрт болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгож, шүүгдэгч Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, мөн хулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М Ховгийн Хн Хыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр  тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаархэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50 ширхэг 20000 /хорин мянга/ төгрөгийн дэвсгэрт болох 1.000.000 /нэг сая/ төгрөгийг улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Х.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        П.ДОРЖБАЛ