Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/146

 

 

 

 

 

 

 

 

    

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч, хяналтын прокурор М.О,

хохирогч Б.Г,

шүүгдэгч Д.М-О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002400170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1990 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Орос /Монголын харьяат/, бүрэн дунд боловсролтой, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр баг Хөшөөт гэх газарт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 54/А дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлж байсан, Д овгийн Дийн Мн-О, регистрийн дугаар БЛ***********.

Шүүгдэгч Д.М-Оын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М-О нь иргэн Б.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгч Д.М-Оыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч Д.М-О нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Харганат гэх газарт 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зохион явагдсан Тува түмний “Хийморь” нэртэй наадмын үеэр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - Шүүгдэгч Д.М-Оын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн  “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Цэнгэл сумын 6 дугаар баг “Харганат” гэх газарт Тува үндэстний наадам болох "Хийморь" нэртэй наадам зохион байгуулагдсан. Би 7 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгаас ирсэн бөгөөд аймгийн төвд 7 хоноод 7 дугаар сарын 21-ний өдрийн өглөө найзынхаа машинтай Цэнгэл сумын Харганат гэх газарт болж байсан наадамд очсон. Тэгээд тэнд байсан хэд хэдэн хүнтэй мэнд мэдэлцээд улмаар Гтай бас мэндлээд явсан. Удалгүй ангийн хүүхдүүдтэй тааралдаж 2 шил 0.75 литрийн архийг 4 хүн хувааж уугаад улмаар нагац ах болох М гэх хүний морийг асуугаад унаад явж байгаад 14 цагийн орчим байх Гтай дахин тааралдсан. Г надад “Гуйлгачин минь архи уусан юм уу?” гэж хэлсэн. Г бид хоёр ах дүүгийн хүүхдүүд болдог юм. Би “Гуйлгачин минь архи уугаад байгаа юм уу” гэх үгэнд нь гомдоод улмаар мориноос буугаад дагуулаад “Би чамд гомдож байна. Чи намайг архи уулаа, гуйлгачин” гэж хэллээ гэж голын эрэгт дагуулж очоод нэг удаа аман тус газарт нь гараараа цохих үед жалга руу уначихсан. Тэр үед би дээр нь гараад суучихаад заамдаад боосон. Тэр үед таньдаг С гэж хүн гүйж ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед Гын амнаас нь цус гарсан байсан. Тэгээд амнаас нь цус гарчихаар нь би айгаад Гыг ч гэсэн тавьчихаад морио барьж авах гээд явчихсан. Тэр үед баахан хүмүүс цугласан байсан ба би хэн хэн байсан эсэхийг анзаарсангүй. Улмаар цагдаа нар ирээд намайг барьж авах үед аав, ээж хоёр ирээд надад “Яаж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Би Гыг цохиж, зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр архи уусан байсан тул Гын хэлсэн үгэнд нь гомдоод улмаар зодоон гарсан. Би Б.Гаас уучлалт гуйгаад очсон. Гэвч надад сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, унааны зардал гэж 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Би үүнээс эмчилгээ болон унааны 500.000 төгрөг өгье гэхэд хүлээн зөвшөөрөөгүй тул хохирлыг нь барагдуулаагүй. Үүнээс илүү мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/.

- Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өглөө Цэнгэл сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох Харганат гэх газарт Тува түмний жил болгон зохион байгуулдаг “Хийморь” нэртэй наадамд очсон. Очоод бөх үзэж байгаад бөх барилдаж завсарлахад хүүдээ хуушуур авч өгөх гээд зогсож байхад ар талаас нэг морьтой хүн миний толгой руу ташуураар цохисон ба би эргэж харахад М-О согтуу морин дээр зогсож байсан. Тэгээд би “Яагаад хүний толгой руу ташуураар цохиж байгаа юм бэ” гэж хэлэхэд “Би чамд гомдолтой, чамайг ална” гэж мориноос бууж ирээд хоолойг минь боогоод жалга руу хойшоо чирээд боож унагааж байгаад миний нүүр рүү цохисон. Тэгээд би хэвтэж байгаад амаа барихад амнаас минь цус гараад байсан ба би босоод зугтаах гэсэн боловч М-О “Би чамайг алж байж тавина” гээд явуулахгүй намайг зодоод байсан ба тухайн үед Сүхээ гэдэг хүн гүйж ирээд “М-О чи яаж байгаа юм бэ, наад хүнээ аллаа шүү дээ” гэж хэлээд салгаж М-Оыг барьж авахад М-О миний захаас барьж аваад хоолой боогоод тавихгүй татаад байсан. Тэгээд би арай гэж салж зугтаахад М-О намайг хөөх гэж дайрахад Сүхээ ах тавьж явуулаагүй юм. Тэгээд хүмүүс ирээд “Наад уруул чинь сэтэрсэн байна. Цусыг нь хурдан тогтоох хэрэгтэй, эмч байна уу” гэж эмчийг хайгаад авч ирсэн. Тухайн үед Сагсай сумын Цэргийн ангийн эмч ирээд миний цусыг тогтоож өгөөд сумын эмнэлэгт очиж оёдол тавиул гэж хэлсэн ба би эмнэлэг рүү очиж Б гэдэг эмчээр сэтэрсэн урууландаа 8 газар оёдол тавиулсан. Намайг зодсоныг С, Б, М нар харж байсан. М-О бид хоёр төрөл садангийн холбоотой юм. Би эмчилгээ хийлгэхэд 150000 төгрөгийн зардал гарсан ба энэ талаар надад баримт байхгүй байна. Учир нь би хувийн эмийн сангуудаас эм авсан учир тэд нөхөж баримт бичиж өгсөнгүй. Шатахуун авсан зарлагын баримтаас өөр хохиролтой холбоотой баримт байхгүй. Би нийт 2500000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилж байна. Учир нь Д.М-О намайг зодсоноос болж миний уруулд сорви тогтож арилахгүй гоо сайханд минь нөлөөлж, сэтгэл санаанд минь нөлөөлсөн, ажил төрөл минь цалгардсан тул үүнд 2049200 /хоёр сая дөчин есөн мянга хоёр зуун/ төгрөг, эмчилгээ болон шатахууны үнэ болох 442.800 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг гарсан. Үүнээс надад байгаа нь шатахуун авсан 292800 төгрөгийн баримт л байгаа юм. Анх надад хэрэг гарсны дараа надаас уучлалт гуйсан. Өнөөдөр надаас уучлалт гуйсан. Гэхдээ би хохирол болох 2500000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг өгөх юм бол уучлаад явуулъя гэхэд надад одоо мөнгө байхгүй. Хэргээ дуусгаад Ховд аймаг руу ажилдаа очиж байгаад мөнгө өгье гэсэн. Би тэрэнд нь тохироогүй юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/.

- Гэрч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өглөө 08 цагийн үед Тува түмний жил болгон зохион явуулдаг “Хийморь” наадамд очсон юм. Тэгээд би үдийн үед дээлээ тайлах гэж майхандаа ирээд байж байхад горхин хөвөөнд хоёр нөхөр зодолдож байсан юм. Тэгээд эхэндээ согтуу хүмүүс зодолдож байгаа биз гэж тоогоогүй юм. Тэр хоёр залуу зодолдож байгаад жалга руу ороход М-О Гыг дарж авах шиг болоод харагдсан ба Г харагдахгүй байсан. Г аллаа гэх шиг болоод орилохоор нь би нэгийгээ алах гэж байгаа юм байна салгахгүй бол болохгүй гэж бодоод жалга руу яваад очсон. Би очих үед М-О Гыг дараад авсан байсан ба би М-Од “Боль, наадахаа аллаа шүү дээ” гэж хэлээд М-Оыг татаж босгосон. Тэгээд тэр хоёр хоёулаа босож ирээд Г амаа дарж байсан ба амнаас нь цус гарсан байсан. Тэгээд тэр хоёрт өнөөдөр зодолдох өдөр биш гэдгийг хэлээд тэр хоёрын дунд ороод салгаж авсан ба удалгүй М-Оын аав, ээж нь хүрч ирээд “Миний хүү яаж байгаа юм бэ” гэж хэлсэн. Би Гыг салгаж аваад явсан. Г ярьж чадахгүй амаа дарсан, хурууныхаа завсараар цус гараад байсан юм. Би очих үед М-Оын гарт нь ямар нэгэн зүйл байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

- Гэрч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өглөө 08 цагийн үед Тува түмний жил болгон зохион явуулдаг “Хийморь” наадамд хуушуур зарж байсан ба М-О, Г нар ямар нэгэн юмны талаар маргаад байсан. Яг юуны талаар маргаж байсан эсэхийг мэдэхгүй. М-О Гаас өрөө нэхэж байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа М-О согтуу морьтой явж байсан ба морин дээрээс Гын захаас нь бариад чирээд аваад явсан. Тэгээд нэг харахад голын эрэгт баахан хүмүүс цугларсан байсан. Яг зодолдсон явдлыг хараагүй. Дараа нь М-Оыг цагдаа нар авч явсан гэж сонссон юм. Тухайн өдөр М-О согтуу явж байсан ба би М-Од өнөөдөр баярын өдөр, биеэ зөв авч яваарай гэж хэлсэн. М-О Гыг ташуураар цохиогүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

- Гэрч Б.М-Эий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Туваа түмний “Хийморь” нэртэй наадамд очсон юм. Нэг харахад Харганатын голын эрэгт М-О, Г нар маргалдаж зогсож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа М-О согтуу морь унаад ирээд Гын захаас нь бариад голын эрэг рүү авч явж байсан. Тэгээд тэд зодолдож байх шиг байсан. Тэнд олон хүн очсон байсан. Яг зодолдож байгааг хараагүй. Хэсэг хугацааны дараа “М-О Гыг зодсон байна, М-Оыг цагдаа нар авч явсан байна” гэж сонссон. Тэд юунаас болж маргасныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

- Гэрч Б.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед Б.Гын дээд уруул нь сэтэрсэн гэмтэлтэй байсан ба анхны цэгцлэлт хийж оёдол тавьсан юм. Гын урууланд 8 газарт оёдол тавьж уруулыг нь бүрэн хэлбэрт оруулсан юм. Тухайн үед Б.Г өөрийгөө удирдан жолоодох чадвартай буюу өөрөө явж ирсэн ба биеийн байдал нь сайн байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

- Шүүх эмнэлгийн шинжээч эмч К.Хын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 318 дугаартай “...Иргэн Б.Гын биед дээд уруулын дунд гол хэсэгт хөндлөн байрлалтай 8 ширхэг оёдол тавьсан урагдсан шархтай зулайд хавдартай, баруун чихний арын хэсэгт хавантай. /Эмнэлгийн тусламж үйлчилгээ хийлгэсэн/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүссэн гэмтэл болно. Б.Гын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтлүүд нь шинэ гэмтэл ба гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Иргэн Б.Гын биед хуучин гэмтэл тогтоогдоогүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.М-Оын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М-Оын бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

            Иймд шүүгдэгч Д.М-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г нь эрүүл мэндэд учирсан хохирол, сэтгэл санааны хохирол, ажил төрөл цалгардаж ажлаа алдсан, нааш цааш явсан шатахууны зардал нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг нэхэмжилжээ. 

Шүүхээс дээрх нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шинжлэн судлаад баримтаар нотлогдож буй шатахууны зардал болох 272800 /хоёр зуун далан хоёр мянга найман зуу/ төгрөгийн нэхэмжлжлийг хангаж үлдсэн 2.227.200 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Д.М-Ооос 272800 /хоёр зуун далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Г олгуулж үлдсэн 2.227.200 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл шүүхээс ямар нэгэн нотлох баримтгүйгээр хохирогч Б.Гт гэмт хэргийн улмаас түүнд сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, хүлэмжний ногоо тарих ажил зэрэгт учирсан хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхээс уг хохирлыг шууд тодорхойлох боломжгүй байна.

 

  1. Шүүгдэгч Д.М-Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.М-Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл  тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.М-О нь урьд шийтгүүлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Д.М-Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ түүнд 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргав.

Шүүхээс шүүгдэгч Д.М-Оын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлээс торгох ялыг сонгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М-Оын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгж буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг байдлыг харгалзан шүүхээс оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.М-О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Д.М-Од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг тогтоолын хамт мөн Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

  1. Шүүгдэгч Д овгийн Дийн М-Оыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-Оыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.М-О нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогч Б.Гын гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэл санааны хохирол нийт 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлээс 272800 /хоёр зуун далан хоёр мянга найман зуу/ төгрөгийг шүүгдэгч Д.Мерен-Оолоос гаргуулж хохирогч Б.Гт олгуулж, 2.227.200 /хоёр сая хоёр зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
  7. Хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.М-Оын 01190420 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тогтоолын хамт Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8. Шүүгдэгч Д.М-Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ДБАЛ