Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 181

 

   Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Б,

   Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

   Шүүгдэгч Х.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Чод холбогдох 1830000000171 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1967 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баруун-Урт сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр  сарын 28-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  Х.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтээр/:

 

          Шүүгдэгч Х.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг ... тоотод иргэн А.Бийг зодож, эрүүл мэндэд нь “ тархи доргилт, духны болон доод уруулын язарсан шарх, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Х.Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Б манай гэрт оройны 6, 7 цагийн үед ирсэн. Б согтуу байсан. Би бага зэрэг халамцуу байсан. Манай гэрт орж ирээд архи, хүүхэн нэхээд байхаар нь гар гэсэн чинь гарахгүй гээд чих мушгиад байсан. Тэгэхээр нь 2 цохиод хөөгөөд гаргасан. Уруул, нүд рүү гараараа цохисон. Гэм буруугаа зөвшөөрч байгаа,хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...гэв.

 

  

  - Х.Чын яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ах Х.Эрдэнэсүхийн гэр рүү очиж нэг шил архи уучихаад орой 19 цагийн орчим  гэртээ байж байтал гаднаас А.Бэ нь нэлээн согтуу хоёр гутал нь байхгүй оймстойгоо манай гэрт орж ирсэн. Орж ирээд элдвийн юм яриад надаас “архи байна уу” гэхээр нь байхгүй гэтэл үүдэнд байсан архины шилийг хараад “энд архи байна” гээд харж байсан. Тэгээд намайг ноолж байгаад чихнээс мушгиж надаас “унтах хүүхэн байна уу” гэхээр нь би чи надаас юу нэхээд байгаа юм бэ гээд маргалдсан. Би тухайн үед “одоо яв” гэтэл явахгүй байсан. Тэгж маргалдаж байх үедээ би А.Бийн нүд болон уруул руу нь нэг нэг удаа гараараа цохиж зодсон. Тухайн үед А.Бийн баруун хөмсөгний дээд хэсгээс цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-22-23 /,

 

  - Хохирогч А.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Ө ахтай тааралдаж, машинд нь нь 2 шил архи хувааж уугаад салаад явсан. Тэгээд хаагуур явсан талаараа санахгүй байна. Нэг мэдсэн чинь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр байсан. Тухайн үед сэрэхэд нүүр цус болсон, нүд хөхөрсөн, дээд үүдэн нэг шүд унасан байсан. Би их согтуу байсан болохоор Чинзоригтод зодуулснаас сайн санахгүй байгаа юм. Гэхдээ ямар ч байсан Х.Чын гэрт очсоноо, түүнтэй муудаж байснаа санаж байна. Би өөртөө эмчилгээ хийлгээгүй. Х.Чоос нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-4/,

 

- Гэрч Ю.Өийн хэрэг бүртгэлтэд өгсөн: Би А.Бэтэй 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11 цагийн орчим “Монмарс” худалдааны төвийн ойролцоо явж байгаад тааралдсан.Тэгээд бид хоёр нийлж миний машин дотор 2 шил архи хувааж уучихаад 13-14 цагийн орчим хоёр тийшээ салаад явсан. Дахиж тааралдаагүй. А.Бэтэй уулдаж байхад ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байсан. Би А.Бэтэй машин дотроо 2 шил архи хувааж уусан болохоор мэдэж байна. Унасан шүд харагдаагүй. Өнөөдөр манай ажил дээр явж байхыг нь харсан чинь дээд үүдэн шүд нь унасан байсан. Би юунаас болж шүдээ унагасан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-7/,

 

- Гэрч Б.Гын хэрэг бүртгэлтэд өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны орой эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч З.Баясгалангийн хамт үүрэг гүйцэтгэж явсан юм. Орой 22 цаг 20 минутын орчим шуурхай удирдлагын албанаас аймгийн нэгдсэн эмнэлэг дээр согтуу хүн зодуулсан байдалтай байна гэх дуудлагаар очсон. Тухайн үед өөрийгөө хэн гэдгээ хэлэхгүй их согтолттой эрэгтэй хүн хүлээн авах буюу 103-т байсан. Баруун хөмсөгний дээд хэсгээс цус гарч нүүр хэсэг нь цус болсон, хоёр нүд нь хөхөрсөн харагдаж байсан. Тухайн хүн нь өөрийгөө хэн гэдгээ хэлж чадахгүй согтуу байхаар нь ахлагч З.Баясгалан бид хоёр цагдаагийн газрын ерөнхий жижүүр М.Баянжаргалд хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-9/,

 

  - Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 486 дугаартай дүгнэлтэд: А.Бийн биед тархи доргилт, духны болон доод уруулын язарсан шарх, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.  Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт 5 хувь тогтонги нөлөөлнө ...гэжээ /хх-13-14/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-01/,

 

- Х.Чын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-25/,

 

-  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 7/569 дугаартай тодорхойлолт /хх-24/,

 

- Х.Чын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-26/,

 

- Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх- 28-30/,

 

- Шүүгдэгч Х.Чын Хууль зүйн туслалцааны төвийн Сүхбаатар аймаг дахь салбарт гаргасан хүсэлт,

 

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

  • Хохирогч А.Бийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ хүсэлт /хх-38/,

 

  • Х.Чын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  хүсэлт /хх-39/,

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 5/41 дугаартай “ Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай “ прокурорын тогтоол /хх-40/

 

- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 93 дугаартай Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-41/...зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Ч нь 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг ... тоотод иргэн А.Бийг зодож, эрүүл мэндэд нь “ тархи доргилт, духны болон доод уруулын язарсан шарх, хоёр нүдний зовхины зөөлөн эдийн цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Х.Ч хохирогч А.Бэ, гэрч Ю.Ө, Б.Г нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018.09.06-ны өдрийн 486 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Х.Ч нь хохирогч А.Бийн согтуурсан үедээ гэрт нь ирж “ архи, хүүхэн нэхэх, гэрээс нь явахгүй байх” зэрэг зүй бус үйлдлийн улмаас маргалдан, түүнийг зодож гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр хуулиар хамгаалагдсан бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа хохирогчийн нүүрэнд гараараа цохиж, зодон эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.

 

 Х.Чын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Х.Чыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.

  

Шүүгдэгч Х.Чод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

  Прокуророос уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан гэж шүүх дүгнэв.

 Энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах, шүүгдэгч Х.Чын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, хохирогч, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргасан, тэрээр түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялыг хүлээн зөвшөөрч маргаагүй байна. 

 

Иймд шүүгдэгч Х.Чын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, тухайн гэмт хэрэг хохирогчийн согтуурсан, зүй бус үйлдэлтэй холбоотойгоор үйлдэгдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг үндэслэн, прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний саналын хүрээнд түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Х.Ч нь ганц бие, эрхэлсэн ажилгүй буюу түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтооно.

  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Чыг 500 / таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х.Ч шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Х.Ч дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ялтан Х.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Бэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Ялтан Х.Чод шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН