Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1473

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

         Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.Э  холбогдох эрүүгийн 1806049861712 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 9 сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 46 настай. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, 42 дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол Ногоон нуур гудамж, 502 дугаар байр 4 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ИЮ72091018, Д.Э .

 

        Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сонинбилэгтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Сонинбилэгийн мэдүүлэг /хх-12-13/, гэрч С.Балдандоржийн мэдүүлэг /хх-15/, шүүх эмнэлгийн шинжээчийн №6811 дугаартай дүгнэлт /хх-21/, шүүгдэгч Д.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27-29/, шүүгдэгч Д.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, шүүгдэгч Д.Э ял шалгах хуудас /хх-23/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сонинбилэгтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сонинбилэгийн өгсөн: “"...авч ирсэн архиа тавуулаа уусан. Тэгсэн нөгөө залуу уурлаад гаръяа гээд дагуулаад гарсан. Тэгээд дагуулж гараад намайг зодсон. Модон жорлон руу ороод суусан чинь "чи муу жорлонд суудаг хэн бэ" гээд татаж гаргаж ирээд дахин намайг зодсон. Газар унагааж байгаад цээж болон нуруун дээр дэвссэн. Тэгээд газар чирээд нуруу нэдрэгдсэн байсан. Өмссөн шинэ костьюм урагдсан, шороотой холилдсон байсан. Нарны нүдний шил хугарсан. өмсөж явсан малгайгаа тэр айлаас нь ч аваагүй ахиж зодуулахаас айгаад би зугтаагаад явчихсан.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Балдандоржийн өгсөн: "...архиа задлаад ууж байтал нутгийнхаа талаар яриад тэгсэн Д.Эрдэнэбилэг, Б.Сонинбилэг нар хоорондоо маргалдсан. ...Би нилээн согтуу байсан болохоор зодоон болсонг сайн мэдэхгүй байна.” /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн №6811 дугаартай дүгнэлт:

1. Б.Сонинбилэгийн биед нуруунд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлий үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. ШЭГЗТЖ-н 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-21/,

 

Шүүгдэгч Д.Э яллагдагчаар өгсөн: “...Бид нар юм яриад сууж байхад Балдантай хамт ирсэн залуу өөрийгөө увс аймгийнх гээд байхаар нь увсынхөн хүн муутай гэж хэлэхэд надруу юу гэнээ гэж хэлээд дайрсан бид 2 маргалдаж байх явцад тэр намайг 2-3 удаа цохисон. Их согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Маргааш өглөө нь сэрэхэд би гэртээ ганцаараа байсан.” /хх-27-29/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/,

Шүүгдэгч Д.Э ял шалгах хуудас /хх-23/ зэрэг болно.

 

        Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Сонинбилэгтэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Эрдэнэбилэгт 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Э 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Э нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Э нь бусдад төлөх төлбөргүй цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС