Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1472

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

          Улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

         Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.О холбогдох эрүүгийн 1806010330532 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. экскаваторийн оператор мэргэжилтэй, Дундговь аймгийн  ажилтай, ам бүл 3, эхнэр   болон 1 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо,     тоотод оршин суух хаягтай. урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.О .

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Д.О нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал харилцаа бүхий өөрийн эхнэр Д.Зандангаравтай маргалдсаны улмаас хохирогч Д.Зандангаравыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Зандангаравын мэдүүлэг /хх-15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7906 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-18/, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-10/, шүүгдэгч  Д.О яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35-36/, шүүгдэгч Д.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/, шүүгдэгч Д.О ял шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүгдэгч Д.О нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал харилцаа бүхий өөрийн эхнэр Д.Зандангаравтай маргалдсаны улмаас хохирогч Д.Зандангаравыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Зандангаравын өгсөн: "... 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжиний 21-404 тоотод гэрт нөхөр О согтуу намайг хардаад хэрүүл хийгээд байсан ба юу ярьж байсныг нь одоо санахгүй байна. Би унт гэсэн чинь унтахгүй байсан миний уур хүрээд загнасан чинь О  үснээс зулгаагаад гараараа миний толгой шанаа руу нэг нэг удаа цохихоор нь би гарах гэсэн чинь зүүн шуунаас бариад авахаар нь гараа угзарч татаж аваад гэрээс гарсан. Тухайн үед 3 настай хүү Төгсбилэг унтаж байсан өөр хүн байгаагүй." /хх-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 7906 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Д.Зандангаравын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-18/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-10/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч  Д.О яллагдагчаар өгсөн: “...согтуу ганцаараа ороход эхнэр Зангадгарав намайг архи уулаа гэж загнасан. Би урдаас нь хэрэлдээд хэрүүл болсон. Миний уур хүрээд 1-2 удаа нүүр рүү нь алгадсан. Яг хаашаа алгадсанаа санахгүй байна. Тэгээд л би гараад явсан.” /хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.О иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-21/,

Шүүгдэгч Д.О ял шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Д.О нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал харилцаа бүхий өөрийн эхнэр Д.Зандангаравтай маргалдсаны улмаас хохирогч Д.Зандангаравыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Д.О  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Д.Отгонбатад 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Д.О  450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.О нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.О  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС