Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/72

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Б.Оюунцэцэг нарыг оролцуулан Бат-Өлзий сумын Ерөнхий боловсролын сургуулийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Б-ийн Я-т холбогдох эрүүгийн 1827000800050 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ....... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч овгийн Б-ийн Я

Холбогдсон хэргийн талаар:

Б.Я нь өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг ашиглаж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Баруун сөдөтийн шар хад” гэх газарт байрлах Ж.Ц-ийн компаний эзэмшлийн контейнер буюу агуулахад нэвтэрч ковшны дотуур хаймар, норд машины чагтан гол зэрэг эд зүйлийг хулгайлан хохирогч Д.Цд 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Б.Я шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ж.Ц гэж хүний уурхай нэртэй Б.Ц гэж хүний уурхайд 7 сарын хугацаанд ажилласан. Анх намайг ажилд авахдаа миний цалинг сарын 1.000.000 төгрөгөөр тохирсон. Гэтэл миний цалинг сард сард нь өгөхгүй байсан. Би тухайн уурхайд 7 сар ажиллахдаа нийт 3.800.000 төгрөгийн цалин авсан. Би 2017 оны 11 дүгээр сард ажлаас бууснаас хойш үлдэгдэл цалин болох 2.500.000 төгрөгийг авах гэж олон удаа очсон. Мөн утсаар ярьсан. Би банкны мөнгө төгрөг нэхэгдээд Ж.Ц-тэй утсаар ярихаар манай эхнэрийг хэл амаар доромжлоод байдаг байсан. Тэгэхээр та боож байгаа бол би ч адил чадна шүү гэж хэлсэн. Би Ж.Ц-д хэлэхдээ мөнгө болохоор юм байвал аваад мөнгө болгоно шүү гэж хэлж байсан. Одоо болтол тус уурхайд ажилчихаад цалингаа аваагүй хүмүүс байгаа. Би тэгээд тус сумын 2 дугаар багт байх баруун Сөдөтий гэх газар байрлах тус уурхайд очиж сахиул байхгүй болохоор нь контейнерийн хаалганы цоожийг сургааг модоор цохиж онгойлгоод дотроос нь норд машины чагтан гол, ковш машины дотуур олгой хаймар зэргийг хулгайлан авсан. Надад тухайн эд зүйлүүдийг зарах бодол байгаагүй. Би буцааж өгнө гэж бодож байсан. Би хийсэн хэргээ хүлээж байна” гэсэн мэдүүлэг,

Хохирогч 1976 онд төрсөн Д.Ц мөрдөн байцаалтын шатанд 2018-07-24-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цехийн хороонд байх дэлгүүрт ортол дэлгүүр дотор Ковш машины олгой хаймар, норд машины чагтан гол эд зүйлүүд байсан. Тэгэхээр нь ЖамъЯва гэх хүнээс асуутал манай уурхайд ажилладаг байсан Я гэх залуу Базар гэх хүнтэй цуг 25.000 төгрөгөнд өгчихөөд явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь тус сумын 2 дугаар багт Баруун Сөдөтийн уурхайн контейнер рүү гээ яваад очтол цоож цуурга нь зүгээр байсан. Онгойлгоод үзтэл шинээр ирсэн байсан ковш машины дотуур хаймар 1 ширхэг, норд машины чагтан гол нэг ширхэг алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаад мэдэгдсэн. Манаач буухдаа гадна талаас цоожийг нь хүлээлцсэн. Өөр эд зүйл ийм тийм эд зүйл байгаа гэж үзүүлж харуулаагүй. Олгой хаймараа 300.000 төгрөг, норд машины чагтан голоо 150.000 төгрөгөөр үнэлж байна. Эд зүйлээ хүлээгээд авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх 9-10 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг, 

Гэрч 1975 онд төрсөн А.Б мөрдөн байцаалтын шатанд 2018-05-01-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Цогтсайханы хамт тус сумын 2 дугаар баг Баруун сөдөтийн ам гэх газар руу уурхайгаа эргэж очсон. Тэнд багаж зэвсэг сэлбэг бусад эд зүйл хадгалдаг манай контейнер байдаг юм. Тэгсэн дотор нь байсан ковшны шинэ дотуур хаймар, норд машины чагтан гол 3 ширхэг, манул гэсэн бичигтэй 30 литрийн савтай масло, ногоон хайрцагтай ком багаж тус тус алга болсныг мэдсэн...” /хх 13-14 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,

Гэрч 1994 онд төрсөн Д.Б мөрдөн байцаалтын шатанд 2018-05-13-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр цэргийн комисс орох гээд би Я ахын гэрт очсон намайг очих үед гэртээ ганцаараа байсан. Бид хоёр тэнд 2 шил архи хувааж уусан. Тэндээсээ гараад бид хоёр Д ахын гэрт очоод гурвуулаа 4 шил архи уусан. Я ах бид хоёр Д ахын гэрт хоноод салцгаасан. Тэгсэн 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Яндар ах над руу утсаар яриад ковшны дотуур хаймар, нордны чагтан гол байна хоёулаа дэлгүүрт тавьчихъя гээд цехийн хороонд ЖамъЯва гэх айлын дэлгүүрт 25000 төгрөгөөр тавьсан. Тэгээд 2 шил “Нутгийн буян” архи аваад сумын төвийн ард хогийн цэг дээр очиж уусан. Тэндээсээ төв рүү буцаж ороод Д ахын гэрт очсон чинь Я ахын эхнэр нь ирээд аваад явсан би хөдөө явсан. Я ах гэрээсээ аваад гарч ирсэн. Би хаанаас хэзээ авсан талаар мэдэхгүй байна...” /хх 16 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

Гэрч 1975 онд төрсөн Ж.Ц мөрдөн байцаалтын шатанд 2018-07-05-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өвөрхангай аймгийн Баруун Сөдөт гэх газар Могойтын Цагаан Хайрхан гэх ХХК-ныг Д.Ц гэх хүнд хариуцуулан гаргахдаа Б.Я гэх хүний ажилчнаар авсан юм. Гэхдээ тухайн уурхайг Д.Ц хариуцаж ажиллуулж байсан юм. Би Улаанбаатар хотод байсан.  Анх би Б.Ятай уулзаад ажилчнаа авахдаа 1 сарын хөлс 800.000 төгрөг гэж тохирсон байсан. Гэрээ байхгүй. Тэгээд ерөнхийдөө 3 сар гаруй ажилласан юм билээ. Би 3.500.000 төгрөг өгсөн. Тэгээд хоол унд гэр орон үнэгүй байсан...” /хх 21 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлэг,

Гэрч 1973 онд төрсөн Д. Ж мөрдөн байцаалтын шатанд 2018-05-01-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай дэлгүүрт тус сумын 1 дүгээр багт амьдардаг Д.Б нь Баагий гэх залуутай хамт 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 09 цагт манай дэлгүүрт орж ирээд ковшны дотуур хаймар, норд машины чагтан гол 50.000 төгрөгөөр түр барьцаанд тавъя авчих гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би 25000 төгрөг өгөөд авсан...” /хх 15 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-2 дугаар/,

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3 дугаар хуудас/,

- “Лэндс” ХХК-ны үнэлгээ /хх 25-28 дугаар хуудас/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх 32 дугаар хуудас/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 дүгээр хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгч Б.Я нь өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг ашиглаж 2017 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “Баруун сөдөтийн шар хад” гэх газарт байрлах Ж.Ц-ийн компаний эзэмшлийн контейнер буюу агуулахад нэвтэрч ковшны дотуур хаймар, норд машины чагтан гол зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг  яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Я-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Я-ыг өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг ашиглаж, контейнер буюу агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Я нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “тухайн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан мотоцикл одоо байхгүй, би сэлбэгэнд өгсөн” гэж мэдүүлдэг ба  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 100.000 төгрөгийг шүүгдэгч Б.Я-аас гаргуулж улсын орлого болгох,

мөн тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал 1275 төгрөгийг шүүгдэгч Б.Я-аас гаргуулж улсын орлого тус тус болгож шийдвэрлэв.

Хохирогч Д.Ц-д 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааны товыг 99637083 дугаартай утсанд мэдэгдэхэд “Надад гомдол, санал байхгүй. Ят хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, шүүх хуралд суухгүй” гэсэн бөгөөд хохирогч Д.Ц-ыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч овгийн Б.Я-ийг өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг ашиглаж, контейнер буюу агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч овгийн Б.Я-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Шүүгдэгч Б.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэ 100.000 төгрөгийг шүүгдэгч Б.Я-аас гаргуулж улсын орлого болгох,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  11.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан зардал 1275 төгрөгийг шүүгдэгч Б.Яаас гаргуулж улсын орлого тус тус болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Я-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Я-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН