Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 208/МА2019/00007

 

 

 

*******н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00517/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлоор *******н нэхэмжлэлтэй *******т холбогдох  газар чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, газар ашигласан хугацааны төлбөр 3.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* нь 2009 онд Шаамар сумын Охиндын 2 дугаар багт байрлах Улиастайн гудамжинд өөрийн өмчлөлийн газрыг иргэн ******* нь 2012 оноос 2018 оны 10 дугаар сар хүртэл эзэмшиж өөрийн байшин барьж суурьшсан байгаа юм. ******* миний бие *******аас өөрийн өмчлөлийн газрыг чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах, 2012 оноос 2018 оны 10 дугаар сар хүртэл эзэмшиж, ашигласан хугацааны мөнгийг 1 жилд 600.000 төгрөгөөр бодож 6 жилийн төлбөр 3.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа... Миний бие 2014 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг агронормчноор төгсөж ирээд Шаамар сумандаа ирээд тусдаа гаран хашаа байшинтай болъё гэж бодож байсан. Улмаар нарсан дунд газар аваад хундаам цутгаад байж байтал *******гийн нөхөр талийгаач ******* ирээд тог цахилгаангүй ийм газарт байшин барьж яах юм. Надад голтойгоо ойрхон хоёр айлын газар байгаа тэр газрыг 1.000.000 төгрөгөөр худалдаад авчих гэж хэлсэн. Энэ асуудлыг 2014 оноос эхлэн ярилцаад 2015 онд мөнгөө өгч эхэлсэн. Эхлээд 400.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг өгчихсөн байж байтал ******* нь зуурдаар нас барсан. ******* ахыг нас барсны дараа би түүний эхнэр болох нэхэмжлэгч *******тай уг асуудлаар уулзахаар очсон. Тэгээд танай нөхөр бид хоёрын дунд ийм наймаа хийгдэж байсан юм гэдгийг хэлсэн. ******* эгч ч уг асуудлыг мэдэж байсан. Дараа нь ******* эгч манайд ирээд газар худалдаж авах гэж байгаа юм бол мөнгөө хурдан өг гэж хэлсэн. Тэгэхээр нь та хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэхэд 1.500.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд манай ээж 1.000.000 бэлэн өгөөд 100.000 төгрөг өгөх дутуу үлдсэн байсан.Түүний дараа Б.Баасандалай эгч надтай таарахдаа *******аа үлдэгдэл мөнгөө хэзээ өгөх гэж байгаа юм бэ гэхэд нь би надад мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Хариуд нь ******* эгч тэгвэл чи надад нэг хонь өгчих гэхээр нь би надад хонь байхгүй ямаа байгаа гээд ямаа өгсөн. Тэгээд миний бие уг газрыг худалдаад авчихлаа гэж бодож байсан. Гэтэл ******* эгч гарын үсэг зурж өгөөгүй байж өөрөө шүүхэд хандсан байгааг нь гайхаад байна.

Уг газрыг би 2014 оноос эхлэн эзэмшиж 2015 онд байшин барьсан. Улмаар цахилгаан татаж, худаг гарган жорлон ухаж, өвөлжөө барьж модон хашаа барьсан. 3-4 жил хашаа байшин барьж бүтээн байгуулалт хийгээд байхад огт чимээгүй дуугүй байгаад байсан нь уг газрыг худалдсанаас зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэл болж байна. Миний бие Монгол улсын хуулийг уландаа гишгэж дураараа шийдвэр гаргахгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ .

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймаг Шаамар сумын 2 дугаар багийн Улиастай 1 дүгээр гудамжны 01 тоотод байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 3.500 м.кв талбай бүхий Г-1316002878 дугаарт бүртгэгдсэн нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээг *******аас гаргуулан *******д олгож, үлдэх 3.600.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д зааснаар *******гаас 1.500.000 төгрөг гаргуулан *******т олгуулж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэн гомдол гаргаж байна. Үүнд:

1. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа уг газрыг 2009 онд өмчилж авсан талаараа ярьдаг. Гэтэл 2017 оны 05 дугаар сарын 17-нд А/53 тоот Шаамар сумын Засаг даргын захирамжаар нэр бүхий 5 иргэнд тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас олгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн *******д газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр олгогдож тэр үеэс эрх нь хуулийн дагуу /Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйл/ үүссэн байхад өмнө нь 2-3 жилийн өмнө зарсан гэх газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэн ******* нь иргэн *******т зарж 1.900.000 төгрөг авсан талаараа маргадаггүй. Харин миний газар дээр байшин, хашаа барьж худаг, цахилгаан гаргасанд гомдолтой гэдэг. Тухайн газарт нь одоогоор *******ын сумын газрын даамлаар хэмжүүлж авсан газраас өөр газарт хэн ч газар эзэмшээгүй атар хоосон газар байгаа байхад энэ маргааныг сум, багийг түвшинд урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байсан гэж үзнэ. Мөн уг маргаан нь харьяаллын хувьд захиргааны хэргийн шүүхийн харьяаллын эсэх асуудлыг ч анхаарах нь зүйтэй байсан.

2. Шүүхээс *******ыг ИХШХШтХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Олон хүнийг гэрчээр асуулгаж, мөн тодорхой баримтыг гаргаж авсан. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ дэмжсэн нотлох баримт, хүсэлт гаргаагүй.

3. Хариуцагч тал нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах бусад асуудлаар санал хүсэлт гаргаж нотлох баримт цуглуулах зорилготойгоор шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, дан ганц нэхэмжлэгч талын баримт нотолгоогүй үгээр маргаантай асуудлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шийдвэрлэхдээ иргэн *******ын цахилгаан шугам татсан хашаа, өвлийн сууц, худаг ус гаргаснаас 2-3 жилийн хойно гарсан гэрчилгээг үндэслэл болгосон нь буруу гэж үзэж байна.

Мөн тухайн орон нутгийн газрын даамал, сумын Засаг дарга, тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний тэргүүлэгчдийн хүрээнд уг асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай байсан гэж үзнэ.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан газар чөлөөлүүлэх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, газар ашигласан хугацааны төлбөр 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байх бөгөөд шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа *******ын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх гэж тайлбарладаг бол хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа 2015 онд эзэмшиж буй газраа ******* болон түүний гэр бүлийн хүн болох талийгаач *******оос газрыг худалдан авахаар тохирч газрын үнэд 1.900.000 төгрөг өгсөн, маргаан бүхий газрыг худалдах худалдан авах гэрээний дагуу эзэмшиж байгаа тул хууль бусаар эзэмшээгүй харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу өмчлөх эрхээ шилжүүлээгүй байгаа хэмээн маргасан байна.

Зохигчдын хооронд маргаан болж буй газар нь 2005 онд иргэн Д.Төртогтох, *******, *******, Т.Энхтогтох нарын буюу гэр бүлийн гишүүдийн өмчлөлд, 2015 онд Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний барьцаанд, 2017 онд нэхэмжлэгч ******* өмчлөлд тус тус бүртгэгдсэн бөгөөд 2015 оноос өнөөдрийн хүртэл *******ын эзэмшилд байгаа тухай баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтаас үзвэл хэргийн үйл баримт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл хариуцагч *******ын одоогийн эзэмшиж байгаа газар нь талийгаач Д.Төртогтох болон нэхэмжлэгч ******* нарын хэнийх нь өмчлөлийн газар болох, маргаан бүхий газрын өмчлөгч нь хэн болох, ямар шалтгаанаар *******ын эзэмшилд газар шилжсэн, нэхэмжлэгч ******* 1.900.000 төгрөгийг хариуцагч *******аас ямар үндэслэлээр авсан зэрэг нь тодорхойгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, зохигчдын хооронд эрх зүйн ямар үүссэн талаар огт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хариуцагч ******* нь давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 220 дугаартай захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН