Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/77

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Н.Ням,

            Улсын яллагч Д.Алимаа,

            Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн Т-д холбогдох эрүүгийн 1827001010071 тоот хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ....... гэх газар оршин суух урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Д-ийн Т

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутаг “Баруун хамар” гэх газарт иргэн С.Г-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

            Хохирогч 1976 онд төрсөн С-ын Г мөрдөн байцаалтанд 2018-08-17-нд өгсөн мэдүүлэгтээ: “Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас отор хийж манай Есөнзүйл суманд нүүж ирсэн Т миний зүүн гарын шуу мөн баруун гарын суга хэсэгт хутгаар исгэж гэмтэл учруулсан. Тэрний улмаас би Өвөрхангай аймгийн БОЭТ-д хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөр нийт 508.000 төгрөг болсон тэр мөнгийг Т төлсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Архи дарснаас болж хэрүүл маргаан гарсан. Намайг Б түүний эхнэр Д нарын хамт гурвуул хоёр мотоциклтой Тын гэрт очиход Ч, манай сумын гагнуур хийдэг Э нар архи уугаад дуусаж байхад очсон. Э бид нартай мэнд солилцоод гэрээс гараад явсан. Тэрний дараа Т нэг шил 0,5 литрийн “Алтантүрүү” гэсэн нэртэй архи гаргаж ирсэн. Тухайн архийг уусны дараа маргалдсан. Архи ууж байхдаа маргалдаж тэгээд малын бэлчээр лүү орж сүүлдээ зодолдсон байх. Т бид хоёр хоорондоо зодолдсон...” гэсэн мэдүүлэг  /хх 11-15 дугаар хуудас/,

             Гэрч 1973 онд төрсөн Ц-ын Б мөрдөн байцаалтанд 2018-06-13-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Есөнзүйл сумын төв дээр эхнэр Д-тай хамт явж байгаад С.Г-тай таараад архи уух уу гээд би дэлгүүрээс нэг шил “Харзтай” гэсэн шошготой архи аваад сумын дунд хороололд байдаг айлын эзэнгүй хашаанд орж дэлгүүрээс авсан нэг шил архи авч уугаад мотоциклтойгоо эхнэр Д, С.Г нарын хамт Д.Т-ын гэрт очсон. Тэгээд Д.Т-ынд орсон чинь Д.Т-ын 0,5 грамын “Алтантүрүү” гэсэн шошготой архи Г, бид хоёрт гаргаж өгсөн. Тэгээд Э яваад өгсөн. Тэгээд Г, Д.Т нар маргалдаад Д.Т-ыг Г түлхэж унагаагаад Г мотоцклынхоо араар Д.Т-ыг сундлаад би мотоцклийн араар Д.Тынд байсан нэг танихгүй хүнийг эхнэр Дын хамт сундлаад Ч гэх айлд 21 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд Д.Т, Г маргалдаад байсан. Тэгээд Г нь Д.Тыг зодсон. Тэгээд Г нь Д.Т-ыг зодсон, салгах гээд байж байсан чинь Д.Т, Г-ыг хутгалчихлаа гэсэн. Чынд байсан хоёр залуу Д.Т-ыг дарж унагаагаад хутгыг нь авсан. Тэгээд цагдаа дуудаад эмнэлэг цагдаа ирсэн. Ямар шалтгаанаар хутгалсныг мэдэхгүй. Г, Д.Т хоёр зодолдоод байх шиг байсан. С.Г намайг хутгалчихлаа гэсэн чинь баруун мөр, зүүн гарын шуу нь дээр хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 20-21 дүгээр хуудас/,

Гэрч 2000 онд төрсөн М-ын Э мөрдөн байцаалтанд 2018-06-13-нд өгсөн мэдүүлэгт: “...Би 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Арвайхээр сумаас Есөнзүйл суманд отроор явж байгаа Ч гэх ахындаа мал маллахаар 21 цагийн орчим ирсэн. Тэгээд Ч-ын ахын малыг малладаг Барам гэх залуутай хамт явж байтал урд зүгээс 2 мотоциклтой танихгүй таван хүн Ч ахынд ирсэн. Тэгээд тэр хүмүүс манайд ороод цай ууж дуусаад байж байтал Г гэж хүн энэ гэрийн эзнийг дууд хурдал гэхээр нь би байхгүй байгаа гэсэн. Тэгээд Г гэдэг хүн Д.Т гэдэг хүний би чамайг голоос загас бариулна гэсэн чинь Д.Т гэдэг хүн чамд том загас барьж өгнө гэсэн чинь Г чи намайг доромжлоод байна гээд Д.Т-ыг сууж байхад нүүрэн тус газар гараараа цохиод тэгээд гэрт барилцаж аваад байхаар нь би Барам гэдэг залуутай тэр хоёрыг салгаад гэрээс зууралдаад гарцгаасан. Тэгээд гайгүй зодолдож маргалдахаа больсон. Тэгээд удалгүй Б гэх хүн Д.Т гэдэг хүнтэй барилцаж аваад зодолдоод байж байсан чинь Г гэдэг хүн очоод Бтай нийлээд Д.Т-ыг доороо оруулчихсан зодоод байх шиг байсан. Тэгээд Барам очоод салгасан чинь Быг эхнэр нь аваад явсан. Тэгсэн Б-ын эхнэр муу сайн юмнуудыг ал гэсэн тэгээд Г, Д.Т-ын дээр гарцан зодоод үлдсэн. Тэгээд Д.Т, Г хоёрыг Барам очоод салгасан чинь Д.Т гартаа цагаан өнгөтэй юм барьчихсан байсан гэсэн. Намайг холдож бай гэсэн. Тэгээд дийлдэхгүй болохоор нь орхиод Быг хорих гээд явчихаад очсон чинь Г намайг хутгалчихлаа гээд Барамтай хамт хутгыг нь булаах гээд байж байсан. Тэгээд хутгыг нь булааж аваад нуусан. С.Г, Д.Т хоёр зодолдоод байх шиг байсан. Би яг хутгалахыг нь хараагүй. Хутгалчихлаа гэхээр нь очтол баруун мөр, зүүн гарын шуу нь дээр хутгалсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 24-25 дугаары хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Хүрэлсүхийн  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 402 дугаартай актанд: “1. С.Г-ын биед баруун гарын бугалга, зүн дал, зуун гарын шуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь үзүүр бүхий хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл хэргийн цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 29 дүгээр хуудас/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 6 дугаар хуудас/,

- Хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10 дугаар хуудас/.

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр С.Гыг хутгалж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Гын /хх 13 дугаар хуудас /, гэрч Ц.Б-ын /хх 20-21 дүгээр хуудас/, гэрч М.Э-ын /хх 24-25 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 402 тоот дүгнэлт /хх 29 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 6 дугаар хуудас/, - хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т-ын үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.  

Иймд шүүгдэгч Д.Т-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг,

эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хутгыг устгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овгийн Д-ийн Тыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  5. Шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН