Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 722

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                

  

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч С.Эрдэнэбаяр

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос

хохирогч Ц.Т

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805037980704 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2;

ял шийтгэл: 1. 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн.

2. 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

дугаарын регистртэй, Б овогт Д.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Б 2018 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Вояоже” зочид буудлын 505 тоотод хууль бусаар нэвтэрч 2 ширхэг их гарын мөнгөн аяга, монтблак брендийн үзгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 16.422.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад тодорхой мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учруулсан хохирлоо төлөх болно. Би зочид буудлын 5 давхарт гарахад ямар ч хүн байгаагүй. Тэгээд нэг өрөөний хаалгыг хөшиж онгойлоод ортол дээрх эд зүйлс байсан. Хоёр аягыг авч яваад өмнө нь урьдчилан хорих төвд хамт хоригдож байсан зүс таних Ч гэгчид 200.000 төгрөгийн барьцаад өгч үлдээсэн. Ч нь Сансар хавиар яваад байдаг юм билээ. Энэ талаар би мөрдөгчид хэлж мэдүүлсэн байгаа. Үзгийг мөн хамт үлдээсэн гэв.

 

Хохирогч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би “Вояоже” зочид буудлын 5 давхарт оффис түрээслээд 10 гаруй жил болж байгаа. Зөвхөн манай компани биш хэд хэдэн аж ахуйн нэгжүүд 5 давхарт нь үйл ажиллагаа явуулдаг юм. Урьд өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Би улирлын чанартай ажиллаж, зунд нь хөдөө явдаг. Гэтэл манай оффисын үүдийг эвдэлж ороод хулгай хийсэн болохоор энэ хүнд хэн нэг нь зааж өгч, хамтарч хулгай хийсэн байх гэж би бодож байна.

Хэргээс харахад энэ нөхөр хулгай хийж л амьдардаг юм байна. Миний эд зүйлсийг хаана хэнд аваачиж өгсөн гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Нуугаад байна. Гомдолтой байна, хохирлоо барагдуулж авна гэв.            

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон

Ц.Т “… би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Вояоже нэртэй зочид буудлын 505 тоот өрөөнд хувиараа Монрок ХХК ажиллалуулдаг. 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймагт явж байтал манай ах Б над руу залгаад өрөөнд хулгай орсон байна гэж мэдэгдсэн. Тус зочид буудлын ажилчид 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хулгай орсон гэж мэдсэн боловч миний гар утас холбогдохгүй байсан учраас манай ах болох Б руу залгасан байсан. Тэр үед манай ах ирж үзээд дотроос юу юу алга болсныг сайн мэдэхгүй байсан учраас намайг ирэхээр болно гээд өрөөг лацдаад орхисон байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өглөө өөрийн оффис дээрээ иртэл өрөөнд байсан хаш ногоон чулуугаар хийсэн их гарын мөнгөн 2 ширхэг, монтблак үзэг 1 ширхэг алга болсон болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай оффист хяналтын камер байхгүй. Манай оффист би болон манай ах болох Б нар л ажилладаг. Өөр хүн байхгүй. Би 2018 оны 7 дугаар сарын 06-ны өглөө гарахад өрөө зүгээр байсан. Хаалгаа түгжээд явсан. Энэ хооронд ах ажил дээр ирээгүй. Миний алдсан гэх 2 ширхэг мөнгөн аяга яг адилхан ногоон хаш чулуугаар хийсэн их гарын мөнгөн аяга байгаа, монтблак маркийн үзэг байгаа. Би алдагдсан 1 мөнгөн аягаа 8 сая төгрөг, нийт 16 сая төгрөг, 1 ширхэг үзгээ 450.000 төгрөгөөр үнэлнэ” /хх-н 10-11/ гэж,

гэрч Д.Г “... би 2002 оноос хойш Баянгол дүүргийн 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Вояож зочид буудалд хамгаалагчаар ажиллаж байгаа. Зочид буудлын 5 давхрын 505 тоот өрөөнд Монрок ХХК нь 2 хүн буюу Т, мөн түүний ах нэрийг нь мэдэхгүй, энэ хоёр хүн байдаг. 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр өөрийн ажил болох Вояож зочид буудал дээрээ 13 цагийн орчимд оффисын өрөөнүүдээ хараад явж байтал 505 өрөө хагас онгорхой байхаар нь хаалгыг нь онгойлгоод үзтэл доторх эд зүйлс нь хөдөлсөн, нилээн замбараагүй болсон байсан. Тэгэхээр нь буудлын менежер Э-д хэлээд бид хоёр хамт дээш гарч 505 өрөөг дахин үзсэн. Тэр хооронд Э 505 өрөөнд ажилладаг хүнийг дуудсан. Хүн нь ирээд цагдаа дуудаж, бид нар хамт орж харсан. Гэтэл 505 тоот өрөөнд ажилладаг Т гэх залуугийн нөгөө залуу нь илээр харахад алга болсон зүйл байхгүй байна гэж хэлээд надаар лацдуулсан. Би 2018 оны 7 дугаар сарын 10-нд гараад, 11-нд буугаад, 7 дугаар сарын 12-нд 24 цагийн үүрэг гүйцэтгээд, 13-нд бууж амраад 2018 оны 7 сарын 14-нд мөн үүрэг гүйцэтгээд 15-нд буусан. Тус амралтын өдрүүдэд дотоодын иргэд буюу монгол хүн манай буудалд буугаагүй, зөвхөн гадаадын иргэд байсан” /хх-н 13-14/ гэж,

гэрч Д.Э “... би 2011 оноос хойш Вояож зочид буудалд менежрээр ажиллаж байгаа. 5 давхарын 505 тоот өрөөнд Монрок ХХК нь 2 хүн буюу Т, мөн түүний ах нэрийг нь мэдэхгүй, энэ хоёр хүн байдаг. 2018 оны 7 дугаар сарын 14-ны өдөр 14 цагийн орчимд хоолоо идээд байж байхад манай байгууллагын хамгаалагч болох Г ирээд 505 тоот өрөөний хаалга онгорхой байна. Би дотор талыг нь онгойлгоод үзсэн чинь доторх юмыг нь бүгдийг нь хөдөлгөсөн байна гэхээр нь бид хоёр хамт гараад үзтэл хаалга нь онгорхой, доторх эд зүйл нь хөдөлсөн  ширээн дээр нь архи байхаар нь тус 505 тоот өрөөг түрээсэлдэг Т нь заримдаа архи уудаг болохоор өөрөө ингэсэн байж магадгүй гэж бодоод Т руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Тын гар утас болохгүй болохоор нь найзаар нь дамжуулж тус өрөөнд хамт ажилладаг ахынх нь утасны дугаарыг нь олоод залгаж хэлтэл орой 19 цагийн орчимд ах нь ирээд өрөөндөө ороод, илээр алдагдсан зүйл алга, Ттой холбогдож байж болно гээд манай манаачаар лацдуулаад явсан. Манай байгууллагад нийт 9 хүн ажилладаг. Манай 5 давхарт нийт 5 байгууллага түрээсээр ажиллаж байгаа. 5 давхарт камер байхгүй. Зөвхөн доод 4 давхарын зочид буудлын өрөөнүүдэд байгаа. Тэгэхдээ дээшээ 5 давхар гарах үед камер харах боломжгүй. Тус 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг оффиссын байгууллагууд ажлын өдөрт тогтмол ажилладаг. Баярын өдрүүд гээд сүүлийн байгууллага нь 2018 оны 7 дугаар сарын 10-ны орой 17-18 цагийн орчимд яваад эхний байгууллага нь 16 гэхэд цугларсан” /хх-н 15-16/ гэж тус тус мэдүүлжээ.

Нэр бүхий хохирогч, гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд, гэрэл зургууд /хх-н 6-8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/ болон бичгийн бусад баримтууд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч Д.Б-ийн гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайлбал “хулгайлах” гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн нь тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарах тул

Б овогт Д.Б-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-т ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол төлөгдсөн эсэх зэргийг харгалзав.

 

“Хулгайлах” гэмт хэрэг буюу энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ялын төрөл нь сонгох санкцгүй, зөвхөн “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчлагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт, хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэгт тус тус тооцохоор гэмт хэргийн ангилалыг тодорхойлсон байдаг.

 

Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүний тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болохоор зохицуулсан нь шүүгдэгч Д.Б-т оногдуулах ялд хамааралгүй юм.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Б урьд өмнө нь 2 удаа Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдэж байсан нь түүний хувийн байдлыг тодорхойлсон баримт гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.Б-ийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Хохирол төлбөрийн хувьд;

Шүүгдэгч Д.Б-ийн хулгайлсан эд зүйлсийг нийт 16.422.500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хавтаст хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч нь хохиролд ямар нэгэн төлбөр төлөөгүйг дурдаж, дээрх мөнгийг түүнээс гаргуулж хохирогч Ц.Т-д олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Б нийт 61 хоног цагдан хоригдсон болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  

          1. Боржигон овогт Д.Б-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.Б-г 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Д.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Д.Б-н цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-с 16.422.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.Т-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б-г цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ