Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 360

 

“М л” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүрэг дэх

Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн

хяналтын улсын байцаагч М.Г-т холбогдох

 зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

       Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                         М.Батсуурь

                                         Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Гомдлын шаардлага: “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч М.Г-ын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0461 дүгээр шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 462 дугаар магадлал,

Гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0461 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 60 дугаар зүйлийн 60.1, Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т заасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-т холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 462 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М л” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Хэргийг гомдлоор хязгаарлахгүйгээр Монгол Улсын холбогдох хууль, нөхцөл байдалд мөрдөгдөж байгаа эрх зүйн актын хүрээнд хянан хэлэлцэж өгнө үү. ...Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн хуудсаар “М л” ХХК-ийг тус компанийн ажилтан Х.Н, Б.Н, Э.Э, Э.Х, Ю.Т, Б.Б, О.С-Э, И.М нарын 2009 оны 11 дүгээр сарын сүүл болон 12 дугаар сарын эхний цалинг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу 5.000.000 төгрөгөөр торгож шийтгэсэн.

4. “М л” ХХК нь дээрх ажилчдын цалинг олгоогүй болохоо хүлээн зөвшөөрдөг, энэ асуудлаар маргаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба хөдөлмөрийн харилцаанаас үүссэн цалингийн өр төлбөртэй болсон байдаг. Энэ нь иргэний эрх зүйн маргаанд хамаарах ёстой, гэрээний үүргээ зөрчсөн асуудал юм. Компанийн хувьд 2019 оны 10 дугаар сарын 08-нд үүсгэн байгуулагдаж компанийн тухай хууль, компанийн дүрэмд зааснаар иргэдийн хөдөлмөрийг хөлслөн ажиллуулсан бөгөөд анхны бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн бүгдийг нь БНСУ-руу явуулсан, дотооддоо нэг ч борлуулалт хийгээгүй, БНСУ-д болох байсан үзэсгэлэн худалдаанаас олсон орлогоор цалингаа олгох, үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэн явуулах гэж байсан.

5. Компани санхүүгийн хувьд цалин тавих мөнгөн хөрөнгө бэлнээр болон харилцах дансанд байгаагүй, удирдлагын зүгээс ямарваа нэгэн субъектив байдлаар цалин олгохгүй саатуулсан шийдвэр, үйлдэл гаргаагүй. Гэтэл гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдлыг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчимд нийцэхгүй байна. Тэрчлэн давж заалдах гомдолдоо зөрчлийн шинжгүй хөдөлмөрийн харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан болохыг дурдсан атал зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэх шаардлагаар хязгаарлан бүхэлд нь хянаагүй, магадлалд заасан үндэслэл дутуу байна.

6. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 7. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Гомдол гаргагч “М л” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй” гэсэн зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон, хариуцагч уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгаж тогтоосон тул маргаан бүхий акт болох Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч М.Г-ын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 0066423 дугаартай шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Тодруулбал, “М л” ХХК нь нэр бүхий иргэдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан тэдгээрийн хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлсийг сард 2 удаа, эхний цалинг тухайн сарын 05-ны өдөр, сарын сүүл цалинг тухайн сарын 25-нд олгохоор тохиролцсон, гуравдагч этгээд Ю.Т нарын иргэдийн хувьд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэдийгээр гомдол гаргагчаас “цалинг олгохоор тогтоосон хугацаа болох 2019 оны 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 05-ны өдрүүдэд цалинг олгоогүй” хүндэтгэн үзэх шалтгаанаа “...Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод 2019 оны 12 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцохоор компанийн үйлдвэрлэсэн бүх барааг явуулсан боловч “Ковид-19” цар тахал гарсны улмаас бараагаа буцаан татаж чадаагүй, үүний улмаас компанийн орлого тасалдаж, цалин олгох боломжгүй болсон” гэж тайлбарлаж байгаа ч энэхүү үйл баримт нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэнээс хойш байх тул “хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй” гэсэн шүүхүүдийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй. Иймд, энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

10. Нэгэнт зөрчил тогтоогдсон ба уг зөрчлийн бүрэлдэхүүн болон оногдуулах шийтгэлийг Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т тодорхой заасан байх тул “...гэрээний үүргээ биелүүлж чадаагүй тохиолдлыг зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчимд нийцэхгүй байна, зөрчлийн шинжгүй хөдөлмөрийн харилцаанаас үүссэн иргэний эрх зүйн маргаан байхад зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэснээр хязгаарлан бүхэлд нь хянаагүй...” гэх /Тодорхойлох хэсгийн 5/ хяналтын гомдлыг хангах боломжгүй байна.

11. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0461 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 462 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Ч.ТУНГАЛАГ

  ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ