Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 16

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С гийн М ,  

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, 

Нэхэмжлэлийн шаардлага: “БНСУ-ын иргэн М Ж Гтой гэрлэлтийг бүртгэсэн 0138 дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.И хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...С.М миний бие нь 2001 онд Солонгос улсруу явах гэж виз хөөцөлдөж яваад хурдан шуурхай Солонгос улс руу виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу материал бүрдүүлж өгсөн. Харин намайг мэдээгүй байхад Солонгос улсын иргэнтэй гэр бүл болгож Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн 0138 дугаарт 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэснээр, анхны гэрлэлтийн 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 0162 тоот бүртгэл хүчинтэй байсаар байтал дахин давхар бүртгэж намайг хохироосонд гомдолтой байна.

2009 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Солонгос Улсын иргэн М Ж Гтой гэрлэлтийн бүртгэл хийсэн байсан бөгөөд би уг хүнтэй уулзаж байгаагүй, огт танихгүй хүн. Одоо энэ хүний хаана байгааг ч мэдэхгүй.

Иймд 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0138 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн үндсэн нэхэмжлэл гаргасан.

Гэвч энэ нэхэмжлэлийг дараах байдлаар тодруулж байна.

1. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт Монгол Улсад гадаадын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлэхэд дараах шаардлагыг заавал хангах ёстой байдаг. Гэвч доорхи шаардлагуудыг зайлшгүй хангасан байхыг шаардалгүйгээр илт хууль бус бүртгэл хийсэн байдаг. Үүнд: 

1. Гэрлэхийг хүсэгчид нь гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн тухай хүсэлтээ тус тусдаа өөрийн орны хэл дээр, өөрөө дэлгэрэнгүй бичиж гадаад хэл дээрх өргөдлийг албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулсан нь заавал байх ёстой шаардлагыг хангаагүй. 

2. Гэрчийн өргөдөл, гэрлэхийг хүсэгчдийн гэр бүлээ бүртгүүлэхэд гэрчээр оролцохыг зөвшөөрсөн төрөл садангийн нэг хүний өргөдлийг нотариатаар батлуулан хавсаргасан байх шаардлагатай үүнийг хангаагүй. 

3. Гадаадын иргэн М Ж Г нь Солонгос Улсын Иргэний баримтын газраасаа гэрлэсэн эсэх тодорхойлолтоо тус улсын элчин сайдын яамаар дамжуулан авч хавсаргасан байх ёстой.

4. С.М ын хувьд Иргэний баримтын архиваас гэрлээгүй тухай баримтаа хавсаргаж өгсөн байх ёстой.

Гэвч эдгээрийг шаардахын оронд Н овогтой Ө-О ын Б-О той, Ч овогтой С гийн М нь 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болсныг Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 0162 дугаарт 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлт албан ёсоор бүртгэсэн байгааг Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын болон иргэний бүртгэлийн байгууллага шалгаагүй давхар 0138 тоот гэрлэлтийн гэрчилгээг 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хууль бусаар олгосон байдаг. 

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн М Ж Г нь гэрлэсэн эсэх тодорхойлолтыг элчин сайдын яамаар дамжуулан авч хавсаргах ёстойг хийгээгүй байдаг. Иймд захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус болох, 47.2-т илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, 47.3-т захиргааны актын аль нэг хэсэгт илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн заалт байдаг. 

47.4-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, 48.1-д “сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэсэн заалтуудыг зөрчиж захиргааны албан хаагчийн буруутай үйлдлээс болж гэрлэлтийн бүртгэл дахин хийгдэж миний хууль ёсны эрх зөрчигдөж өдий хүрлээ. 

2. Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 7-1/6846 дугаар албан бичгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бичиг хэрэг, мэдээлэл лавлагааны ажилтан н.Э , н.Ж нар С.М надад гардуулж өгсөн. Энэ нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн газрын явсан бичиг баримтын бүртгэлд энэ тухай бүртгэгдсэн байгаа болно. 

Би 2012 онд ойр ойрхон хоёр удаа тархинд цус харвалт өгч хэвтрийн дэглэм сахиж эмчийн хяналтанд өвчтэй байсаар өдий хүрсэн. Энэ асуудлаас үүдэлтэй гэр бүлийн маргаанаас болж сэтгэл санаа тогтворгүй байдлын улмаас цусны даралт ихсэх өвчин дахин сэдэрч хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон. 

Энэ нөхцөл байдлын улмаас асуудлаа шийдвэрлэж чадахгүй байсаар цаг хугацааг алдахад хүрсэн. Үүнтэй холбоотой эмнэлгийн болон, эмчийн магадлагааг хавсаргав.

3. Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхэд хандахад захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан эрх зүйн акт учраас захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүл гээд бүртгэл мэдээллийн ажилтан нь хүлээж аваагүй. 

Энэхүү хууль бус гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахын тулд би хандаж болох газруудад хандсаар ирсэн. Манай гэр бүлийн дотоод асуудлын хувьд зөрчил маргаан ихтэй нөхөр маань чи өөрөө зөвшөөрч солонгос иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн, чи албан ёсны хоёр нөхөртэй гэх зэргээр дарамттай байдаг. Иймд М Ж Гтой бүртгүүлсэн 0138 тоот гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.М ын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Иргэний бүртгэлийн газрын Улсын бүртгэгч Б.О миний бие нь С.М ын 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гэрлэсний бүртгэлийн 138 дугаарт БНСУ-ын иргэн М Ж Г /1964.04.29/-тэй бүртгүүлсэн гэрлэлтэнд дараах тайлбарыг гаргаж байна. 

С.М , М Ж Г нар нь Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн /хуучин нэрээр/ Иргэний бүртгэлийн газарт 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаад улсын иргэний, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн дэвтрийн 138 дугаарт гэрлэлтээ бүртгүүлжээ.

Гэрлэлт бүртгүүлэхэд гэрлэгчдээс бүрдүүлсэн бичиг баримт архивт байхгүй байна. Энэ гэрлэлтээс өмнө иргэн С.М нь Монгол Улсын иргэн Ө-О ын Б-О -той 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 162 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

С.М нь энэ 2 гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхдээ хоёуланд нь “анхны” буюу 1 дэх гэрлэлт гэж тэмдэглүүлж гарын үсгээ зурсан нь гэрлэлтийг бүртгэх “ХААТР-15” маягт болон бүртгэлийн дэвтэрт бичигдсэн С.М ын гарын үсгээр нотлогдож байгаа тул гэрлэлт бүртгэгдсэнийг мэдээгүй гэх үндэслэлгүй, бүртгүүлсний дараа гарах үр дагаврыг мэдсэн гэж үзэж байна. Гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, ХААТР-15 маягтын хуулбарыг хавсаргав” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч С.М нь шүүхэд “БНСУ-ын иргэн М Ж Гтой гэрлэсэн гэрлэлтийг бүртгэсэн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0138 дугаар иргэний гэр бүлийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.М нь нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий гэрлэлтийн бүртгэлийн талаар гэр бүлийн хамт гадаад улс руу эмчилгээнд явахаар виз хөөцөлдөх явцдаа мэдсэн бөгөөд энэ тухай Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газарт гомдол гаргаж, уг асуудлыг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 7-1/6846 тоот албан бичгийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан, холбогдох нотлох баримтуудыг ирүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хангагдсан гэж шүүх үзлээ.  

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байхаар заасан боловч нэхэмжлэгч С.М ыг БНСУ-ын иргэн М Ж Гтой гэр бүл болсныг Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв /хуучин нэр/-ийн Иргэний гэр бүлийн бүртгэлийн 0138 дугаарт 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэснээр давхардуулж бүртгэсэн бүртгэл хууль бус болох нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. 

Монгол Улсын иргэн С.М , Ө.Б-О нар нь 1995 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 162 дугаарт бүртгүүлсэн, тэдний дундаас 1996 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүү Б-О ын Т төржээ. 

Иргэн Ө.Б-О , С.М нар нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар 18 насанд хүрээгүй дундаас төрсөн хүүхэдтэй учир захиргааны журмаар гэрлэлтийг цуцлах боломжгүй болно. 

Шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/13713 тоот албан бичгээр иргэн Ө.Б-О , С.М нарыг 1996-2001 оны хооронд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан эсэх талаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн төрөлжсөн архиваас лавлахад тэдний гэрлэлт цуцлуулсан тухай иргэний шүүхийн шийдвэртэй хэрэг бүртгэгдээгүй гэх лавлагаа, мөн гэр бүлийн гишүүдийн хаягийн шилжилт хөдөлгөөний дагуу амьдарч байсан дүүрэг болох Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэний гэр бүлийн хэлтсээс тэдний гэр бүл цуцалсан талаар лавлахад энэ тухай мэдээлэл байхгүй гэснээр нэхэмжлэгч С.М ын эхний гэрлэлт хүчинтэй буюу нөхөр Ө.Б-О оос одоо хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй болох нь тогтоогдож байна. 

Иймд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв /хуучин нэрээр/ нь Монгол Улсын иргэн С.М , БНСУ-ын иргэн М Ж Г нарыг 2001 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Иргэний гэр бүлийн бүртгэлийн дэвтэр”-ийн 138 дугаарт давхардуулан бүртгэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна”, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол гэрлэхэд харшлах шалтгаан болно” гэсэн заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ.  

Түүнчлэн 1993 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 111 дүгээр зүйлд Гадаадын иргэдийн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага... эрхлэн явуулж, холбогдох мэдээллийг тухай бүр гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ гэсний дагуу Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв дээрх маргаан бүхий гэрлэлтийн бүртгэлийг хийхдээ Иргэний бүртгэлийн тухай хуулинд заасан “гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлийг өөрийн биеэр гаргана, иргэний үнэмлэх, эрүүл мэндийн тодорхойлолт, өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэр, Гадаад улсын иргэн Монгол Улсын иргэнтэй гэр бүл болж байгаа бол тэдгээрийн өргөдлийн орчуулга, тухайн гадаадын иргэнийг харьяалсан улсын дипломат төлөөлөгчийн болон консулын, эсхүл тухайн орны иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолтыг хавсаргахаар заасан байхад энэ талаарх ямар ч нотлох баримт байхгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нотлох баримтаар зөвхөн иргэний гэр бүлийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, “ХААТР-15” маягтыг шүүхэд ирүүлснээр тогтоогдож байна. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгч С.М нь дээрх 2 гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлэхдээ хоёуланд нь “анхны” буюу 1 дэх гэрлэлт гэж тэмдэглүүлж гарын үсгээ зурсан нь гэрлэлтийг бүртгэх “ХААТР-15” маягт болон бүртгэлийн дэвтэрт бичигдсэн С.М ын гарын үсгээр нотлогдож байгаа тул гэрлэлт бүртгэгдсэнийг мэдээгүй гэх үндэслэлгүй” гэх тайлбарыг өгч байгаа ч Хууль зүйн сайдын 2000 оны 123 дугаар тушаалаар баталсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7-д “Баримт бичиг нь бүрдэл болсон бол...”, 8-д “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгүүлэгч шаардлагатай баримт бичгийг хуульд заасны дагуу бүрдүүлээгүй буюу иргэний баримт бичиг нь хүчин төгөлдөр бус бол бүртгэх байгууллага бүртгэхгүй байж болно”, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа талаар хангалттай нотлох баримт байгаа бол иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж болно” гэж хууль, журамд заасан эрх, үүргийг биелүүлэлгүй, гэрлэгчид өөрийн биеэр бүртгэлийн албанд очоогүй, өмнөх гэрлэлт цуцлагдаагүй байхад түүнийг шалгалгүйгээр дээрх гэрлэлтийг бүртгэсэн буруутай байна. 

Мөн БНСУ-ын иргэн М Ж Г , нь Монгол Улсын хилээр нэвтрээгүй болох нь Гадаадын иргэн, харьяатын газраас ирүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 05/3656 тоот албан бичиг болон утсаар асууж авсан тайлбараар нотлогдохын зэрэгцээ нэхэмжлэгч С.М ын “...2001 онд би Солонгос улс руу явахаар виз гаргадаг зуучлагч компанид хандаж, бичиг баримтаа өгсөн, виз мэдүүлэхтэй холбоотой баримтууд дээр гарын үсэг зурсан нь үнэн, гэхдээ солонгос хүнтэй гэрлэхээр тохироогүй, БНСУ-ын иргэн М Ж Г гэгч хүнийг танихгүй, хэзээ ч харж байгаагүй...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч С.М ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “МУ-ын иргэн С.М , БНСУ-ын иргэн М Ж Г нарын гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв/хуучин нэрээр/-ийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0138 дугаар иргэний гэр бүлийн бүртгэл хууль бус учир түүнийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 1993 оны Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3, 13.5, 13.7, Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Монгол Улсын иргэн Ч овогт С гийн М , Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн М Ж Г , нарын гэрлэснийг бүртгэсэн Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв/хуучин нэрээр/-ийн 2001 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 0138 дугаар иргэний гэр бүлийн бүртгэлийг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ОЮУМАА