Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 397

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч О.Б- болон түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, Д.Алтанцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалаг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 526 дугаар магадлалтай, О.Б-д холбогдох хэргийг прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-н Б-.

О.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байрны орцонд “цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгааны улмаас иргэн Ц.Ч-ыг гавлах явцдаа гэдэс, цээж хэсэг рүү нь өвдөглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ц.Гантулгабат бичсэн эсэргүүцэлдээ “...Магадлалыг эс зөвшөөрч байна. Давж заалдах шатны шүүх О.Б-г ...бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан болохыг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. ...эхнэр нь гэртээ оруулахаар орц руу авч ороход орцонд дахин оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлсэн тул зөрчлийг таслан зогсоож, түүнийг хяналтанд авахын тулд албадлага хэрэглэх шаардлага бий болсон тул Цагдаагийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэн байна...” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Ч- болон гэрч Д.Оюунбалт, Д.Батболд, Р.Ононцэцэг нарын мэдүүлгээс үзвэл хохирогч Ц.Ч-ыг түүний эхнэр нь орц руугаа дагуулан орсон болох нь тогтоогддог ба энэхүү үйл явдал нь “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн болон түүнийг хамгаалах хүний хүсэлтээр, эсхүл цагдаагийн алба хаагч өөрөө санаачлан тухайн этгээдийг эрүүлжүүлэх байран хүргэхгүйгээр хамгаалах хүнд хүлээлгэн өгч болно” гэж заасан хуулийн зохицуулалтын хүрээнд явагджээ.

Гэтэл цагдаагийн албан хаагч О.Б- нь хохирогчийн араас орц руу даган орж “Заавал эрүүлжүүлэх авч явна” гэж хэт субъектив байдлаар хандан, улмаар тухайн нөхцөл байдалд тохироогүй, нэн тэргүүнд биеийн хүч хэрэглэх шаардлага бодитойгоор үүсээгүй байхад биеийн хүч хэтрүүлэн хэрэглэж, хохирогчийг өвдөглөн, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж буй үйлдлийг шүүхээс албадлагын арга хэмжээ, биеийн хүч хэрэглэсэн гэж зөвтгөн дүгнэж буй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй бөгөөд магадлалд дурдсанчлан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд болон Эрүүгийн хууль, түүнийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нөгөөтээгүүр, тус магадлалд хохирогч Ц.Ч-ыг “...орцонд дахин оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж...” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдлыг сэжиг таамаг байдлаар дүгнэсэн болохыг илтгэж байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийхдээ бусдын биед гэмтэл учруулсан О.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан гэжээ.

Гэтэл О.Б-гийн үйлдэлд “...нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан” зэрэг гэм буруугийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин О.Б- нь хохирогч Ц.Ч-ыг хүчээр өвдөглөж буй үйлдлээ санаатай хэрэгжүүлсэн ба хор уршигт зориуд хүргэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны гэхээсээ илүүтэйгээр хувь хүний субъектив санаа зорилгоор хэрэгжиж буй тухайн нөхцөл байдалд тохироогүй, нэн тэргүүнд биеийн хүч хэрэглэх шаардлага бодитойгоор үүсээгүй байхад биеийн хүч хэтрүүлэн хэрэглэж, хүний амь насанд аюултай гэмтэл учруулж буй хүч түрэмгийлсэн үйлдэл нь гэм буруугүйгээр хохирол учруулах тухай ойлголт биш бөгөөд дээрх үйлдлийг “Хууль ёсны албадлага, биеийн хүч” нэрийн дор зөвтгөх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тунхаглан зарласан “...амьд явах, халдашгүй чөлөөтэй байх” зэрэг иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг цагдаагийн байгууллагын алба хаагчид ноцтойгоор зөрчих боломжийг нээж буй Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн шүүхийн шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Мөн шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. О.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн баримтуудаар бүрэн нотлогдож тогтоогдоно. Үүнд хохирогч Ц.Ч-ын \хх-37-39\, гэрч Р.Ононцэцэгийн \хх-43-46, 93-95\, гэрч Д.Батболдын \хх-57-59\, гэрч Ж.Баасандоржийн \хх-85-88\, гэрч Х.Батдэлгэрэхийн \хх-47-48\, шинжээч эмч Н.Энхцолмонгийн\хх-120-121\, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 9017 дугаартай дүгнэлт зэрэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.

О.Б- нь хохирогчид хүч хэрэглэх үйлдэл нь хохирогч Ц.Ч-ын гэрийн үүдэнд болсон бөгөөд тэрээр хохирогчид хүч хэрэглэх үүднээс өөрийн энгэрийн камерын бичлэгээ унтраасан болох нь тогтоогддог. Мөн О.Б- болон гэрч А.Даваацэрэн нарын мэдүүлгүүдэд хохирогчийг түүний хувцсыг урсан, камер татаж унтраасан гэх мэтчилэн өөрсдийн гэм бурууг хайцаалах байдалтай өгч байгаа мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад давж заалдах шатны шүүх энэ байдалд дүгнэлт хийгээгүй байна. Мөн хохирогч тухайн гэмтэл авах цаг хугацаанд эрүүлжүүлэх хэмжээний согтолттой, агсам согтуу тавих зэрэг байдлаар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах зэрэг үйлдэл гаргаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдоно.

Давж заалдах шатны шүүхээс О.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэснийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Ингэхдээ тус магадлалд О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Ц.Ч-т учирсан гэм хор, хор уршгийг арилгах талаар иргэний хариуцагчийн үүргээс чөлөөлөгдөхгүй тул хохирогч хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн ойлгомжгүй байна.

Эрүүгийн хуулийн зорилго нь ...хүний эрх, эрх чөлөө ...хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт халдлагаас хамгаалах... байдаг. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлд заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг гэмт хэрэгт тооцно. О.Б-гийн үйлдэл нь хохирогч Ц.Ч-ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай үйлдэл бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. О.Б-д холбогдох хэргийн хохирогч Ц.Ч-т 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний шарх, хэвлийн хөндийн цус хуралт зэрэг хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон. Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д “Цагдаагийн алба хаагчийн ажиллагаа тус бүрийн хамрах хүрээ нь тухайн ажиллагааг хэрэгжүүлэх хуульд заасан үндэслэлээр хязгаарлагдана” мөн хуулийн 48 дугаар зүйлийн 1.1-д албадлагын арга хэмжээг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно” гэж зааснаас үзэхэд хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй шалтгаанаар биеийн хүч хэрэглэсэн нь хуульд нийцээгүй учир анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал хэлсэн саналдаа “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 526 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Давж заалдах шатны шүүх гэм буруугүйгээр хохирол учруулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан хууль зүйн шинжээр тайлбарласан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаартай, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэж шийдвэрлэсэн. Цагдаагийн албан хаагч нь дуудлагын дагуу хэргийн газарт очсон бөгөөд хохирогч гэх олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, зориулалтын бус газар согтууруулах ундаа хэрэглэсэн, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэл хийсэн. Цагдаагийн албан хаагч тус үйлдлээ таслан зогсоохыг шаардсан боловч хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг тус хэргийг шийдвэрлэхэд үндэслэх боломжгүй буюу зөрчил гаргаагүй, биеэ авч явах чадваргүй этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай асуудал юм. Хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардсан боловч эсэргүүцсэн үйл ажиллагааны явцад биеийн хүч хэрэглэж гавласан. Гэтэл анхан шаны шүүх гэм буруугийн санаатай байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй. Харин давж заалдах шатны шүүх гэм буруугүйгээр хохирол учруулсан байдлыг хууль зөв тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Иймд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 526 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх зөвхөн хохирогчид учирсан хохирлыг үндэслэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэх байдлаар дүгнэсэн. Мөн О.Б- хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авсан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үр дагавартай шалтгаант холбоотой боловч гэмт хэргийн шинжгүй. Харин гэм буруугүйгээр хохирол учруулсан учир хохирлыг хариуцах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж заасан бөгөөд О.Б-гийн үйлдэлд гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн аль нь байхгүй болохыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Ц.Ч-ын хууль бус зөрчил нь байрны орцон дотор хүртэл үргэлжилж байсан, энгэрийн камерыг авч хаясан зэрэг үйлдэл нь цагдаагийн албан хаагч хүч хэрэглэх нөхцөлийг бий болгосон. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн О.Б-д холбогдох хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

О.Б- нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96Б байрны орцонд “цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэх шалтгаанаар хохирогч Ц.Ч-ыг гавлахдаа гэдэс, цээж рүү нь өвдөглөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд цагдаагийн байгууллагын ажилтан болох А.Даваацэрэн, О.Б- нар нь иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх явцдаа, төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж буй хууль сахиулах үйл ажиллагаа хуульд заасан үндэслэл, журамд нийцсэн байх, бусадтай хүндэтгэлтэй харьцах, хувь хүний хууль ёсны эрхийг хүндэтгэж харьцах, нэн тэргүүнд хүч хэрэглэхгүй байх зэрэг шаардлагыг ханган ажиллаж чадаагүй, түүнчлэн биеийн хүч хэрэглэх болон албадан эрүүлжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх үндэслэл бүрдээгүй буюу согтууруулах ундаа хэрэглэсэн хохирогчийг хариуцан хамгаалах хүн байрны орц руу авч орсны дараагаар, тэдний араас орцонд даган орж, улмаар О.Б- баривчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ, бусдын эрх чөлөөнд халдан, зодож өшиглөн, хохирогч Ц.Ч-ын биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх О.Б-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин зайлшгүй албадан баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад тухайн нөхцөл байдалд нийцээгүй шийдвэр гаргаж, зөвшөөрөгдөөгүй нөхцөлд биеийн хүч хэтрүүлэн хэрэглэж, бусдын гэдсэнд өвдөглөн зодож, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч О.Б-гийн үйлдлийг гэм буруугүйгээр гэм хор учруулсан үйлдэл гэж дүгнэн түүнийг цагаатгасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хэвээр үлдээлгэхээр гаргасан прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 526 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гантулгабатын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Тунгалагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН