Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 723

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805036750756 тоот, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 5- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 2-нд Улаанбаатар төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, арьс шир судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхийн хамт, ялгүй, дугаарын регистртэй, Х овогт Г.М

 

 Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

 

Шүүгдэгч Г.М согтуурсан үедээ 2018 оны 6 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Бирк” зочид буудлын гадна хохирогч Л.Д-г зодож, түүний биед цээж, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, хүзүү, баруун бугалга, баруун шуу, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан “хүний эрүүл мэндэд хөнгөн 2 хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад маргах зүйл байхгүй. Тийм болохоор дахин мэдүүлэхгүй. Цаашид өөртөө анхаарах болно. Хохирогчоос уучлалт гуйсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

 хохирогч Л.Д “… 2018 оны 6 дугаар сарын 28-аас 29-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Бирк зочид буудалд ресепшингээр хонож ажилласан бөгөөд тэр өдөр маргаашнаас нь буудал засварт орох байсан болохоор тэр орой юм зөөх гээд У, А, Э нарын хамт буудалдаа 301 тоот өрөөг өөрсдийнхөө мөнгөөрөө аваад орцгоож, хоорондоо юм яриад, пиво ууж сууж байгаад А нь би пиво уухгүй гээд явсан. Тэр үед Уийн найз залуу нь хоёр найз залуутайгаа ирээд хамт сууцгаасан. Би буудлын өрөөгөө дүүргээд хаалгаа барьчихаад 301 тоотод тэд нар дээр ороод сууж байсан чинь 404-т зодоон болоод байна гэхээр нь орж зодооныг нь салгачихаад буцаад 301 рүү орох гэсэн чинь У доод давхарт буудлын эзэн М ирчихсэн бөөн уур байна гэхлээр нь би доошоогоо буугаад очиход та нар хайччихваа гээд уурлахлаар нь 404-т зодоон болсон талаар хэлсэн. М Э-г энд ууж идлээ гээд загнасан чинь Э би ажлын байран дээр уугаагүй гэж хэлсэн. М Э-г гараад яв гээд үүдээр гаргасан. Би камер хараад сууж байсан чинь буцаад гарсан хоёр эмэгтэй нь эргээд ирэхлээр нь би яасан юм бол гээд ардаас нь гарсан чинь нэг эмэгтэй нь Э-г үсдчихсэн байсан болохоор нь би салгаад нөгөө эмэгтэйг цааш нь явуулсан. Тэгээд би Мт наад хүмүүсээ салгаад аваад яваач гэсэн чинь М миний үснээс үсдээд намайг гуя, гэдэс, бөөр, дал орчим руу гараараа цохиж зодсон. Тэр үед Э болон манай дүү А болон гудамжинд явж байсан хүмүүс салгаад цагдаа дуудсан. Намайг М зодсон” /хх-н 18-19/ гэж,

 

гэрч Ц.Э “... 2018 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө би Бирк зочид буудалд 20 цагийн орчим, маргааш нь буудал засварт орно гэж байсан тул юм зөөлцөх гэж ирсэн. Тэгээд тухайн үед юм зөөхөө больчихлоо гэхээр нь үйлчлэгч У, А, ресепшн Д нарын хамт буудалдаа 301 тоот өрөөг өөрсдийнхөө мөнгөөр аваад орцгоосон. Тэр өрөөндөө Д, У, А нартай юм яриад, пиво ууж сууж байгаад А би пиво уухгүй гээд яваад өгсөн. Тэр үед Уийн найз залуу нь хоёр найз залуутайгаа ирээд хамт сууцгаасан. Тэгээд хэсэг сууж байсан чинь 404-т зодоон болоод байна гэхлээр нь би Д-тай хамт очиж зодооныг салгачихаад буцаад 301 рүү орох гэсэн чинь У доод давхарт буудлын эзэн М ирчихсэн бөөн уур байна гэхлээр нь би доошоо буугаад очиход та нар хайччихваа гээд уурлахаар нь 404-т зодоон болсон талаар хэлсэн. Тэгсэн чинь М ах намайг энд ууж идлээ одоо яв гээд загнасан. Тэгэхээр нь би өөдөөс нь маргалдсан чинь намайг гараад яв гээд гарнаас татаад үүдээр гаргасан. Тэгээд би буудлаас гарсан чинь нэг эмэгтэй минь араас гарч ирээд намайг үсдсэн. Тэгсэн чинь Д салгах гээд ирээд салгасан чинь Д-г М үсдэж аваад гэдэс, бөөр, нуруу, гар хөл орчим руу нь гараараа цохиод, өшиглөөд зодоод байсан. Тэгтэл тэр орчмоор явж байсан хүмүүс ирээд салгасан. Тэгээд цагдаагийн 3 байгууллагад Д зодуулсан талаараа өргөдөл гаргаж өгсөн. Д-г M зодоод байсан. Ноцолдох үед миний цээж орчим шалбарсан, баруун гар, хэвлий орчим хөхөрсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Тухайн үед намайг цагаан подволктой эмэгтэй үсдсэн. Тэгээд би зөрүүлээд ноцолдох үед миний энд тэнд хөхөрсөн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” /хх-н 5-6/ гэж тус тус мэдүүлжээ.

Түүнчлэн хохирогч Л.Д-гийн гэмтэлтэй холбоотойгоор “Д-гийн биед цээж, зүүн бугалга, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт, хүзүү баруун бугалга, баруун шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 8260 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 26/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Г.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ. Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г.М-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх шүүгдэгч Г.М-т холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Г.М торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Г.М бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.М-т урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ