Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 738

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Э.И, Ч.Ч, тэдгээрийн өмгөөлөгч К.Манлай

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1811010500595 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Улаанбаатар мах Экспо” ХХК-д менежер ажилтай, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт Э.И

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

ял шийтгэл: 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, дугаарын регистртэй, Х овогт Ч.Ч

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Э.И, Ч.Ч нар БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч, Э.И нь Ч.Ч-г “Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, миний хуурай дүү байгаа юм, нэрийг нь Болд гэдэг, та хоёр утсаар холбогдож байгаад уулзчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Э.Х-гээс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайн орчим 3800 ам.доллар, 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Аз” их дэлгүүрийн орчим 300 ам.долларыг тус тус үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Э.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Надад Солонгос улсын виз гаргах эрх байхгүй гэдгээ ойлгож байгаа. Дахин ийм байдал гаргахгүй байж, өөртөө анхаарах болно. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан гэв.

 

Шүүгдэгч Ч.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би мөн адил мэдүүлэхгүй. Дахин гэмт хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү. Гэм буруу дээр маргахгүй. Хохирлоо төлсөн гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Э.Х “… манай найз залуу Mын багын найз болох Т-ын хадам ах Б гэх эрэгтэй Солонгос улс руу явуулах хүнтэй 2018 оны 1 дүгээр сарын 20-дын сүүлээр зуучилж өгсөн бөгөөд Бын танилцуулсан хүн нь Болд гэж эрэгтэй байсан. Болд гэж хүнтэй 93398777 дугаарын утсаар холбогдоод солонгос руу явуулдаг уу гэж асуусан чинь Болд гэх хүн өөрийгөө “Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг, жилд 3 хүн гаргах эрхтэй байдаг. 1 хүнийг 6 сая төгрөгөөр гаргана. Та хоёр хоёулаа явах гэж байгаа юм бол 12 сая төгрөг болно. Гадаад паспортуудаа 2 хувь цээж зураг, гэрлээгүй гэсэн тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолтоо өгөх хэрэгтэй гэсэн. Тухайн үед манай найз залуу M бид хоёрт 10 сая төгрөг байсан бөгөөд анх зуучилсан Б руу нь яриад “12 сая төгрөг гээд байна, бид хоёрт 10 сая төгрөг л байна, боломжтой бол 2 сая төгрөг зээлээч” гэсэн чинь Б нь зөвшөөрсөн бөгөөд 2 сая төгрөгийг Б нь Болдоод өгнө гэж тохирсон. Харин би Б-тай 2 сая төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Ингээд Болдын хэлсэн бичиг баримтуудыг M бид хоёр цуглуулаад 1 дүгээр сарын 31-ний өдөр Т-тай хамт Болд гэж эрэгтэй нь Барилгачдын талбайн хажууд байдаг Төрийн банкны гадаа машинд уулзаад 3800 доллараа өгсөн. Үүнээс хойш үлдэгдэл 300 долларыг бичиг баримтын хамтаар 2 дугаар сарын 10-дын үед Москва их дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр машин дотор нь Болд гэгчтэй уулзаж өгсөн. Түүнээс хойш 30-40 хоногийн дараа виз гарна гэхээр нь би тэр болтол нь хүлээсэн бөгөөд хугацаа өнгөрчихөөр нь Болд, Б нар руу ярьсан чинь “бүтэж байгаа, удахгүй гарчих байх” гэж хэлж байсан. Түүнээс хойш яг энэ үгээ л байнга хэлсээр байгаа бөгөөд одоо хүртэл виз гаргаагүй болохоор цагдаад хандаж байна. 4100 доллар нь миний мөнгө байсан бөгөөд би найз залуу Mын хамтаар Солонгос улс руу явах 3 сарын виз гаргуулах гэж Болд гэж хүнд өгсөн. Болд нь өөрийгөө Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлсэн бөгөөд яг ямар албан тушаалд ажилладаг гэдгийг нь асуугаагүй. Бас Солонгосын элчин сайдын яаманд очиж асууж сураглаагүй. Болдтой 2 удаа машинд уулзаж эхлээд 3800 долларыг бэлнээр өгсөн бөгөөд энэ үед ямар нэг баримт үйлдээгүй. Харин Т цуг байсан. Хоёр дахь мөнгө болох 300 долларыг бас л хорооллын Москва их дэлгүүрийн гадаа автобусны буудал дээр уулзаад өгсөн бөгөөд энэ үед баримт үйлдэж аваагүй. Гэхдээ манай найз залуу M цугтаа байсан. Би тэр үед нь нотариатаар орчихье гэсэн чинь Болд нь уцаарлаад “удахгүй визийг чинь гаргачихна аа” гээд нотариатаар ороогүй юм. Надаас бол манай найз залуу бид хоёрын оршин суугаа газрын тодорхойлолт, гэрлээгүй гэсэн тодорхойлолт, гадаад паспортуудыг эх хувиар нь, визний цээж зураг зэргийг авсан. Бусад материалыг Болд бүрдүүлээд визийг 30-40 хоногийн дотор гаргана гэсэн. Өөрөө дотор нь ажилладаг болохоор жилд 3 хүн гаргах эрхтэй. Энэ эрхээрээ намайг болон манай найз залуу M бид хоёрыг гаргана гэсэн. Бас манай найз залуугийн багын найз Т-г 3 дахь хүнээр нь гаргана гэж явж байгаад намайг мөнгөө өгсний дараа Т нь явахгүй гээд больчихсон.

Солонгосын элчингээр M бид хоёрын материал орсон, ороогүйг мэдэхгүй. Шалгаж үзээгүй.  Б, Болд нар найзууд гэсэн бөгөөд Б бол надаас мөнгө аваагүй. Б руу нь ярихаар “за би Болд руу яриадахъя. Гайгүй гаргачихна л гэсэн ш дээ. Эргээд хариу хэлье” гэдэг юм. Болдтой нь ярихаар “удахгүй гарчихна, завгүй байна, 5 минутын дараа, үгүй бол хэсэг хугацааны дараа залгая гэж хэлээд алга болчихдог. Уулзах гэхээр хоёулаа уулзахгүй, завгүй байна гээд байгаа. Мөнгөө авъя гэхээр 7 хоног хүлээчих, виз чинь гарахгүй бол буцаагаад мөнгийг чинь өгчихнө, ямар луйвардаж байгаа биш гээд уурлаад байдаг юм. Болд нь 2 удаа ирж мөнгө авахдаа цагаан өнгийн 3636 УН… гэсэн Харрер маркийн машинтай ирж байсан. Утасны дугаар нь 93398777. Бүтэн овог, нэр, регистрын дугаарыг нь мэдэхгүй. Энэ утасны дугаараар нь фэйсбүүкээр хайсан чинь Болд гэж эрэгтэйн зураг байгаа мөртлөө нэр нь Ч гэж байсан. Бын утасны дугаар нь 88111716 Премум Паласын 7 давхарт Монголын Мах Маркетын холбоо төрийн бус байгууллагын махны наймаа хийдэг. Тын утсыг би мэдэхгүй байна. Манай найз залуу M мэдэж байгаа. Манай найз залуу M-ын багын найз юм билээ. 2017 оны 12 сараас хойш таньдаг болсон. Тэр үед Болд гэж нэрээ хэлж байсан Ч нь 4,100 ам доллар авсан. Тэр мөнгө нь миний мөнгө байсан бөгөөд урьд нь Америк явж сурах гээд хадгалж байсан юм. Болдыг виз гаргахгүй удаад байхаар нь Фэйсбүүкээр Болдын 93398777 дугаараар нь хайж үзэхэд Ч гэж хаяг гарч ирэхээр нь мэдсэн. Тухайн үед Б-ыг И болохыг тэр үед мэдсэн. 2018 оны 06 дугаар сарын 17-ны Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын өмнө манай найз залуу M, түүний ээж Дулам нар И-тай уулзаад бэлнээр 5,000,000 төгрөгийн авсан. Дараа нь 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр найз залуу M-н ээжийн дүү болох Э-ын Хаан банкны 5022301586 дансанд хаан банкны 5028783460 дугаартай данснаас 5,000,000 хохиролын мөнгө орж ирсэн. И-ын авсан 4100 ам доллар нь Монгол мөнгөөр тооцоход 10,000,000 төгрөг болсон болохоор надад учруулсан 10,000,000 төгрөгөө төлсөн” /хх-н 6-7, 9-10/ гэж,

гэрч Ж.Т “… 2017 оны 12 дугаар сард манай найз Х, M бид гурав уулзаад махны бизнес хийж, мөнгөө эргэлдүүье гэж хэлээд хоорондоо ярилцаад байж байгаад ер нь дэмий юм байна гэж хэлээд 2018 оны 01 дүгээр сард Х, M хоёртой 100 айлын хажуу талд очиж уулзаад тэгсэн тэр хоёр бид хоёр мөнгөө эргэлдүүлэхээ больсон. Гадагшаа явах бодолтой болчихлоо гээд тэгсэн тэр хоёр намайг чи ахтайгаа уулзуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би И-тай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Премум палас 7 дугаар давхарын 701 тоот өрөөнд Х бид хоёр И ахтай уулзсан. Хэд хоногийн дараа Х бид хоёр ажил  дээр нь очиж уулзсан. Тэгсэн И ах манай нэг Болдоо гэж найз байгаа гэж утасны дугаарыг өгөөд Солонгос улс руу хүмүүсийн визийг гаргаж өгдөг  гэж хэлээд дараа нь 11 дүгээр хороололд Х тэр Болдоо гэх хүнтэй Солонгосын виз гаргаж өгөх талаар асууж, лавлаж ярьсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед 11 дүгээр хороололд  Х бид хоёр Болдоотой уулзаад Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа хөгжлийн банкны урд ирээд Х Худалдаа хөгжлийн банк руу ороод мөнгөө аваад гарч ирээд машинд суугаад Болдоотой визны талаар ажил төрөл нь яадаг юм, очоод гайгүй биздээ гээд ойр зуурын юм ярьж байсан. Тэр үед гадаад паспортоо бас өгсөн. Ямар ч байсан тооцоогоо доллараар хийж байсан. Хэдэн төгрөг байсныг сайн мэдэхгүй. Тэгээд Болдоо, Х бид хоёрыг Улаанбаатар банкны урд буулгаад өөрөө машинаа унаад явсан. Харин бид хоёр M-тай уулзах гээд 100 айлын Хангай хотхонд очсон тэгээд тэндээсээ гэрлүүгээ харьцгаасан. Анх M танай хүргэн ах чинь махны бизнес хийдэг биз дээ. Чи санаа оноо байвал ахаасаа асуугаад өгөөч юу хийвэл зүгээр вэ? гэж хэлсэн. Би тэгээд И-тай утсаар яриад “Юу хийвэл зүгээр вэ?” гэж асуухад ажил дээр хүрч ирээд уулзчих гээд тэгээд хэд хоногийн дараа И ахтай утсаар яриад ажил дээр нь очоод тэгээд махны бизнесийн үнийг нь сонсоод мөнгө хүрэхгүй юм байна гэж хэлээд больсон. M, Х хоёр гадагшаа явсан нь дээр юм байна гэж хэлээд дахиад намайг ахаасаа асуугаад өгөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь асуугаад дахиж очиж уулзаад Болдоо гэх хүний утасны дугаарыг аваад Болдоотой нь Х, M хоёр яриад хэд хоногийн дараа Х бид хоёр Болдоотой очиж уулзсан. Уулзсан өдрийн маргааш нь дахиж очиж уулзаад мөнгөө өгсөн. Хүргэн ах маань Болдоог Солонгос улсын виз гаргаж өгдөг хүн хэлсэн. Манай нэг найз Болдоогоор дамжуулж визээ өгөөд Солонгос руу 3 сар явчихаад ирсэн. Ах нь Болдоотой яриад үзье та нар очоод уулзчих гэж хэлсэн. Болдоо хаана ямар ажил хийдэг талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан яам л гээд байсан. Болдоо гэх хүний талаар надад мэдэх зүйл огт байхгүй. Би танихгүй. Би Э.И-г таньдаг болоод 2 жил 6 сар болж байна. Миний төрсөн эгч Ж.З-тай үерхдэг болсноос хойш таньдаг болсон. Ч.Ч-ийг сайн танихгүй. Хоёроос гурван удаа таарч байсан. Таарахдаа нэг л удаа мэнд мэдэж байсан. Тэрнээс өөр зүйлээр ярьж байгаагүй. Болд гэх хүнийг танихгүй. 2018 ны 01 дүгээр сарын сүүлээр би Х, M, бид 3 Сүхбаатар дүүрэгт байдаг ахмадын хотхонд найз Мөрөнгийнд хамт хоносон. Тухайн үед Х, M нар нь Солонгос улс руу явах гэж байгаа талаар ярьж байсан. Тухайн үед Х Ируу 12 цагийн үед залгаад Солонгос улсын Виз хөөцөлдөж байгаа талаар ярихад И нь таньдаг хүн байгаа талаар хэлээд, нэрийг нь Болд гэдэг хүн байгаа. Иын дүү нар байгаа юм аа, яваад очоодох гэж хэлсэн байсан. Тэгээд M нь намайг Хтэй хамт яваад нөгөө хүнтэй нь уулзчих гэхээр нь би Х-тэй хамт нөгөө хүнтэй нь хоёроос гурван удаа утсаар ярьж байгаад 11 дүгээр хорооллын орчим цагаан харертай залуу ирээд бид 3 уулзсан. Нөгөө хүн нь мөнгө чинь бэлэн үү гэж Хгээс асуухад дансанд байгаа талаар хэлээд бид 3 банк хайж явж байгаад Чингэлтэй дүүргийн барилгачдын талбайн урд байрлах Худалдаа хөгжлийн банкны гадаа очиход Х банк руу орж ирээд яг хэд гэдгийг нь мэдэхгүй америк доллар өгсөн. Дараа сонсоход 10,000,000 орчим төгрөг байсныг мэдсэн. Тэгээд тэр цагаан харертай залууд өгсөн. Өндөр шилэн Улаанбаатар банкны орчим Х бид хоёрыг буулгаад, өөрөө цаашаа яваад өгсөн. Тэгээд Х бид хоёр Ахмадын хотхон руу явсан. Өмнө нь Х, M нар нь Солонгосын виз яасан юм бэ? Хэтэрхий удаад байна гэж ярьж байсан. Харин дараа нь M цагдаад өргөдөл өгөх гэж байгаа талаар хэлээд намайг дуудвал мэдүүлэг очиж өгөөрэй гэж хэлж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудахаар нь тухай үед И ахыг залилангийн хэрэгт холбогдсон талаар мэдсэн.” /хх-н 21-22, 23/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч, гэрчийн дээрх мэдүүлгүүд нь залилах гэмт хэрэг үйлдэгдсэн буюу шүүгдэгч Э.И, Ч.Ч нарын гэм буруутайг нотлох бөгөөд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Э.И, Х овогт Ч.Ч нарыг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Дээрх гэмт хэргийг нэр бүхий шүүгдэгч нар бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахыг зэрэгцээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзав.

Тухайлбал шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Э.И, Ч.Ч нарын үйлдсэн “Залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилалаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарч байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь шүүгдэгч Э.И, Ч.Ч нарын үйлдсэн гэмт хэргийн ангилал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдалд нийцэж байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хорих ял оногдуулахгүйгээр тус тус тэнсэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.И, Ч.Ч нар цагдан хоригдсон хоноггүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Э.И, Х овогт Ч.Ч нарыг “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Э.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Ч.Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Э.И, Ч.Ч нарт оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Э.И, Ч.Ч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Х гомдолгүй гэснийг,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.И, Ч.Ч нарын урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ