Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2019/00011

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2018/00315/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

Хариуцагч *******

Бие даасан шаардлага

гаргаагүй гуравдагч этгээд *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлоор *******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тойргийн нотариатчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрйн 01, 02 дугаартай хууль ёсны өвлөгчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүй болгох тухай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01, 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг *******д олгосон байх бөгөөд, ингэхдээ миний хүү талийгаач тай нэг ам бүлд амьдарч байсан миний зөвшөөрөл, татгалзлыг лавлахгүйгээр олгосон байна. Иргэний хуульд зааснаар өвлүүлэгчтэй нас барах хүртэл нь хамт амьдарч байсан өвлөгч өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өвөөс татгалзсан тухай мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үздэг.

Гэтэл нэгэнт өвийг хүлээн авсан бөгөөд өвлөх харилцаа дууссаны дараа буюу миний хүү бурхан болоод нэг жилийн хугацаа өнгөрснөөс хойш 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******эгийн гаргасан хүсэлтэд үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчиж олгосон байх тул өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна. Дээрх өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг гарсан гэдгийг би 3 хоногийн өмнө бусдаас сонсож мэдээд нотариатчинтай биечлэн уулзахад, нас барагчтай хамт амьдарч байсан ээжийнх нь зөвшөөрлийг заавал авч байж өвлөх эрхийн гэрчилгээг авах боломжтой гэж хэлсэн. Би машиныг өвлүүлээгүй. Өвийн маргаан шийдвэрлүүлэх талаар гэрчилгээ олгосон гэж хэлсэн. Гэвч өвлөх эрхийн гэрчилгээнүүд нь агуулгын хувьд автомашинуудыг өвлүүлсэн гэж ойлгохоор байна. Жишээ нь: 01 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд ******* ******* ХХК-ны нэр дээр байгаа ******* ******* улсын дугаартай цагаан өнгөтэй Норд бенз маркийн авто чирэгч, ******* ******* улсын дугаартай улаан өнгөтэй авто чиргүүлийг хуулийн байгууллага, /шүүх, цагдаа/-р хөөцөлдөн хохирлоо гаргуулан авахыг өвлөх эхийн гэрчилгээгээр *******д олгов гэсэн байна.

Энэ нь чухам ямар утгатай болох нь эргэлзээтэй байна. ******* нь гэрчилгээнүүдэд заасан 2 автомашиныг чиргүүлийн хамт өмчлөх эрхтэй гэж үзэн бусдаас нэхэмжилсэн байгаа. Цаашилбал машины үнийг надаас нэхэмжлэх нөхцөл байдал үүсгээд байна. Өвлөх эрхийн гэрчилгээнүүд нь агуулгын хувьд эргэлзээтэй, олгосон процесс нь хууль зөрчсөн байх тул *******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа... Миний бие нь *******эг талийгаач ын хууль ёсны өвлөгч мөн гэж үзэн Өвлөх эрхийн гэрчилгээ бичиж олгосон. Уг гэрчилгээг бичиж олгохдоо тээврийн хэрэгслийн талаарх ******* ******* ХХК-ийн албан тоот, нас барсны гэрчилгээ, 2 хүүхдийнх нь төрсний гэрчилгээ зэргийг үндэслэсэн. Миний бие хуулиар өвлөх ёстой этгээдэд Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь нас барсан хүүгийнхээ нэрийг барьж удаа дараа надтай холбогдуулсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Миний бие нь талийгаач тай хууль ёсны гэр бүл байсан бөгөөд түүний бага насны 2 хүүхэд миний асрамжинд байгаа. Талийгаач нь 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан. Харин өвлөх эрхийг 2016 оны 12 дугаар сарын 10 буюу 1 жил 1 сарын дараа авсан. Уг гэрчилгээг авахдаа Авто тээврийн үндэсний газрын лавлагаа, ******* ******* ХХК-ийн албан тоот, 2 хүүхдийнхээ Төрсний гэрчилгээ болон бусад холбогдох материалуудыг бүрдүүлэн Өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ нь хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байна.

Дээрх гэрчилгээ нь хоёр хүүгийн маань нэр дээр гарах байсан боловч насанд хүрээгүй байсан учраас миний нэр дээр гарсан юм. Хоёр хүүхдийн маань амьдралын баталгааны нэг хэсэг болсон төрсөн эцгээс нь үлдсэн хөрөнгийг хуулийн дагуу өвлөж авсан нь буруугүй гэж үздэг. ******* нь 2 машиныг нь зараад манай хоёр хүүхдэд /ач нартаа/ 100 төгрөг ч өгөөгүй. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Намайг хүүгийнх нь 61.000.000 төгрөгийг авсан нотлох баримтыг нь гаргуулъя гэж бичсэн байна. Би үүнийг няцаах баримт буюу банкны дансны хуулгыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн нотлох баримт гаргаж өгөхөд гаргасан.Энэ баримт нь 2011-2015 он хүртэл өөрийн гэр бүлдээ зориулж шилжүүлж байсан мөнгө болохоос бөөнд нь өгсөн мөнгө биш юм. Манай том хүү спортын сургуульд сурдаг олон улсын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож Монгол Улсынхаа болоод аавынхаа нэрийг гаргаад явж байгаа. Бага хүүгээ хувийн төлбөртэй цэцэрлэгт явдаг. Бид нар өнөөдөр Улаанбаатар хотод байр түрээслэн амьдардаг. Бага насны 2 ачаа гудамжинд гаргачихаад хууль шүүхийн байгууллагад хандаад явж байгаад нь гомдож байна. Миний бие нь хүүхдийнхээ эрхийг хамгаалахын тулд Монгол Улсын төдийгүй олон улсын шүүхэд хандахад бэлэн байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 47 дугаартай шийдвэрээр:

  - Нэхэмжлэгч ******* нь Ш.Сэлэнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, 61.000.000 төгрөгний нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг ханган шийдвэрлэж,

- Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 48 дугаар зүйлийн 48.5-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тойргийн нотариатчийн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №01, №02 дугаартай хууль ёсны өвлөгчийн Өвлөх эрхийн гэрчилгээ-г хүчингүйд тооцож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:... ******* би Иргэний хуулийн 520.1.1 дэх хэсэгт заасан хууль ёсны өвлөгч мөн бөгөөд өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу өв нээгдсэнээс хойш хуулийн хугацаанд нотариатчаас авсан.Талийгаач бидний дундаас төрсөн хүү Б.Батгүн.Б.Батбулган нар нь насанд хүрээгүй, миний асрамжинд байгаа учраас өвлөх эрхийн гэрчилгээ нь эх миний нэр дээр гарсан.

2. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ хэмээн хуульчилсныг шүүх зөвхөн нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.******* би 2 хүүхдээ төлөөлөн хуульд заасан хугацаанд өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад хүсэлт гаргаагүй тул өвийг хүлээн авсан ба үүнийг нотариатч нь нотлох баримтуудыг үндэслэн гэрчилгээ олгосон.

3. *******. бид гэрлэлтээ хуулийн дагуу батлуулсан,хүүхдүүд маань эцгээрээ овоглосон,2015.11.11-ний өдөр нөхөр маань нас барах хүртэл хамтын амьдралтай байсан. Харин нэхэмжлэгчийн хэлж тайлбарлаад байгаа шиг хаягийн шилжилт хөдөлгөөн нь нас барах хүртэл хамт амьдарч байсныг нотлох баримт биш юм.Талийгаач нь хөдөлмөрийн чадвараа алдсан эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар зайлшгүй шаардлага гарсны улмаас хаягаа түр хугацаагаар сольсон байсан нь хадам эх *******тэй хамтын амьдралтай байсныг нотлохгүй болно.

4. Нэхэмжлэгч ******* нь хуульд заасан хугацаанд өв хүлээн авах тухай хүсэлтээ нотариатад албан ёсоор гаргаагүй атлаа хууль бусаар өвлөгдөх хөрөнгө мөнгийг авчихаад хууль ёсны өвлөгч болох Б.Батгүн.Б.Батбулган нарын эрх ашгийг зөрчсөөр байгаад гомдолтой байна.

5. Сэлэнгэ аймгийн тойргийн нотариатч нь ******* надад Иргэний хуулийн 531.2 дахь хэсэгт зааснаар 2016.12.10-ны өдрийн 01, 02 дугаарын өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу шаардлагатай нотлох баримтуудыг үндэслэн олгосон хэмээн үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

гэжээ.

Хариуцагч нотариатч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие зохих хуулийн дагуу нотариатын үйлдэл хийсэн тул хууль зөрчөөгүй. Гуравдагч этгээд ******* нь талийгаачийн гэр бүлийн хүн тул түүний нэгдүгээр өвлөгч гэдэг утгаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нотриатын үйлдэл нь өөрөө хууль зөрчсөн. Ш.Сэлэнэгэд олгосон 01 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд ******* ******* ХХК-ны нэр дээр байгаа ******* ******* улсын дугаартай цагаан өнгөтэй Норд бенз маркийн авто чирэгч, ******* ******* улсын дугаартай улаан өнгөтэй авто чиргүүлийг хуулийн байгууллага, /шүүх, цагдаа/-р хөөцөлдөн хохирлоо гаргуулан авахыг өвлүүлсэн байна. Өвлүүлээд байгаа хөрөнгө нь талийгаачийн хөрөнгө биш өөр компани хөрөнгө байдаг бөгөөд амьд сэрүүн байхдаа түүнийг компанид шилжүүлчихсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас харагддаг. Гэтэл бусдын өмчлөлийн хөрөнгийг цагдаа шүүхээр явж хөөцөлдөж авах эрхийг өвлүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор хэргийг судлан үзвэл:

Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд үйл ажиллагаа явуулдаг тойргийн нотариатч *******т холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр *******д олгосон 01, 02 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч өвлөх эрхийн гэрчилгээг зохих хуулийн дагуу олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Ш.Сэлэнгийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэг үндэслэлээр Ш.Сэлэнгийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

Хэргийн үйл баримтын талаар судлан үзвэл: Нэхэмжлэгч *******ийн хүү, гуравдагч этгээдийн нөхөр нь 2015 оны 11 сарын 19-ний өдөр өвчний улмаас нас барсан байна. Талийгаач нь хүнд даацын автомашинуудыг өмчилж байсан бөгөөд түүнийг нас барсны дараа түүний эх ******* хамтран амьдрагч гэх Л.Мөнхбаяр нар нь бусдад автомашинуудыг худалдсанаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд эд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаан үүссэн байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* болон гуравдагч этгээд ******* нар нь талийгаач Б.Барбаатарын хууль ёсны өвлөгч нар бөгөөд Сүхбаатар сумын тойргийн нотариатч ******* нь иргэн ын /талийгаач/ эхнэр *******д 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01, 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.

Нотариатч нь *******д 01 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Өмнөговь аймгийн ******* ******* ХХК-ны нэр дээр байгаа ******* ******* улсын дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн авто чирэгч, 86-18 ******* улсын дугаартай улаан өнгийн авто чиргүүлийг хуулийн байгууллага/ шүүх, цагдаа/-р хөөцөлдөж хохирлоо гаргуулах авах эрх, мөн 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* ******* ХХК-ний нэр дээр байгаа 5817 ******* улсын бүртгэлийн дугаартай цагаан өнгийн Норд бенз маркийн авто чирэгч, 92-14 ******* улсын дугаартай улаан өнгийн чиргүүлийг хуулийн байгууллага/ шүүх, цагдаа/-р хөөцөлдөж хохирлоо гаргуулах авах эрхийг тус тус олгосон байна.

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-т зааснаар Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан байхад нотариатч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хуулийг буруу тайлбарлан түүнд хуульд заагаагүй шаардах эрхийг өвлүүлэхээр гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй болжээ.

Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд *******д олгосон өвлөх эрхийн гэрчилгээний агуулгаас үзвэл талийгаач ын эд хөрөнгө буюу хохирлыг бусад этгээдээс гаргуулахаар хуулийн байгууллагад шаардлага гаргах эрхийг нь өвлүүлсэн гэж үзэхээр байна.

Хууль ёсны өвлөгчийн хувьд эд хөрөнгө болон эрхийг хуулиар өвлөх бөгөөд энэхүү өвийн хамт түүний эрх нь даган шилждэг тул нотариатаас тусгайлан шаардах эрхийг өвлүүлэх шаардлагагүй бөгөөд анхан шатны шүүхээс нотариатч нь гуравдагч этгээд *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбарыг шүүх тусгайлсан хүсэлт хэмээн үзсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын сарын 28-ны өдрийн 47 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаарбие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН