| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0150/э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 162
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,
Улсын яллагч: Я.Дина,
Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Т-ийн Б-т холбогдох 1835002850180 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын 4-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОА90030511 дугаарын регистртэй, Э овогт Т-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр тус аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн нутаг Хар цагаан усны эх гэх газарт хохирогч С.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Б-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, хохирогч С.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би адуундаа явж нэг азаргатай адуугаа "Тост"-н уулнаас авч ирж гэрийн гадна хашаанд хийж хашчихаад гэрт орж цай уучихаад дахин өөр азаргатай адуугаа олж ирэхээр "Цагаан салаа" гэх газар луу явсан ба урдаас манай багийн иргэн Т.Б гэх залуу архи уусан халамцуу байгаа бололтой ирж явсан юм Б надтай уулзчихаад ахаа намайг уучлаарай дүү нь жоохон архи уучихлаа танайд хамт оръё, архи ууя гэхээр нь би ах нь адуундаа явж байна гэрт Лхагвабаяр эгч нь байгаа ороод эгчдээ хэлээд уучих архи байгаа гэж хэлэхэд Б заавал намайг хамт оръё гээд байхаар нь буцаад Бын хамт гэртээ ирэхэд манайд багийн эмч Н дүү Н-гийн хамт ирчихсэн байсан юм. Би гэрт орж Н эгчтэй мэндэлчихээд гэрт задалчихсан хагас Талын хар гэх архи байсныг гаргаж Б болон ирсэн хүмүүст хийж өгөх хооронд Б намайг уяах морь байсаар байхад уяж чаддаггүй чиний алдарт уяач гэж байдаг юм гэх мэтээр хэлж надруу томроод байсан юм. Тэгээд би хагас архи байсан болохоор хийж дуусчихаад Б-т хэлсэн үгнийх нь хариу болгож юу ч хэлэлгүй адуундаа явлаа гэж хэлчихээд гарч дээшээ явж байхад Б хойноос давхиад ирж явсан бөгөөд морины явдал дунд мориноосоо унаж байгаа нь харагдсан юм. Тэгээд Б мориндоо мордож аваад намайг хойноос гүйцэж ирээд хойноос зүүн гараараа хүзүүдэж тэвэрч аваад баруун гараа атгаж нүүрэнд тулгачихаад алдартыг ална гэж хэлээд барьж явсаар байгаад гэрээс холдуулж хонхор газарт оруулж намайг мориноос татаж унагаад өөрөө бас давхар мориноосоо газар унасан юм. Би газар уначихаад хурдан босоод зугтах гэхэд ухасхийж намайг барьж авахаар нь барилддаг залуу хүнийг дийлэхгүй гэж бодоод би Б-т чи намайг битгий зод, би чамтай зодолдохгүй гэхэд Б чамайг зодсон хүн яадаг гэж хэлсэн. Тэгээд би Б-т чи намайг зодох хэрэггүй, би чамд гай болдог байхгүй юу гэхэд Б чи яахлаараа гай болдог юм чамайг ална миний гарын аяыг даадаг хүн энэ голд алга гэж хэлэхээр нь би хүнээр зодуулчихаад зүгээр байхгүй шүү хуулийн байгууллагад мэдэгдэнэ гэхэд надад хууль үйлчилдэггүй гэж хэлээд намайг нүүр лүү мөргөчихөөд татаж тонгойлгож байгаад өвдөгөөрөө элэг рүү өвдөглөж, дахин төмсөг рүү өшиглөсөн юм. Тэгээд миний хамраас цус гарч би нэг мэдэхэд газарт дээшээ хараад уначихсан байсан ба Б миний нүүр, толгой руу чамайг ална, нүдийг чинь сохолно гээд цохиод байсан юм. Тухайн үед Б миний цээжин дээр гараад суучихсан байсан болохоор би тэр залуу хүнийг хүч хүрч дээрээсээ буулгаж чадахгүй байсан бөгөөд Б намайг 2 гараараа ээлжиж цохиж байсан болохоор ойролцоогоор 30-40 орчим удаа цохисон юм. Тухайн үед миний хамар, амнаас цус их гарч байсан ба би доор нь хэвтэж байхдаа энэ залуугаар алуулах нь тодорхой боллоо яаж эвлэж байж салж авах вэ гэж бодоод Бын ахыгаа босгочих хоёулаа сайхан яръя, би цаашаа, наашаа цагдаад хэлэхгүй гэж гуйсан юм. Тэгээд Б намайг бараг ядартлаа цохиод миний дээрээс босохдоо намайг газарт байгаа миний хамар амнаас гарсан цусан дээр нүүрээр доошоо харуулж дараад толгой дээрээс 2 удаа дэвсээд боссон юм. Тэгээд Б миний хажууханд суучихаад намайг наашаа суугаад эр хүн шиг ярь гэхээр нь би за ах нь дээл хувцасаа тайлчихаад хажууд чинь суугаад яръя гэж хэлчихээд дээлээ тайлж дуран, малгай, бүсээ хаяад хажууханд байсан зам дээр ус тогтоолсон байснаас нүүрээ угаагаад эргэж ирээд яръя гэж хэлчихээд тогтоол ус руу явж байгаа хүн шиг явж байгаад Бын морь замын хажууд байсныг унаж гэрлүүгээ зугтсан юм. Би гэрлүүгээ явж байтал манай эхнэр Лхагвабаяр 2 охиноо дагуулаад урдаас ирж явсан ба би эхнэртээ Б намайг ийм байдалтай болтол зодчихлоо та нар яагаад хойноос ирдэггүй юм гэж хэлсэн. Мөн би эхнэртээ хүүхдүүдээ дагуулаад харьж бай гэж хэлчихээд Б-ын нагац ах нарт өөрийнхөө байгаа байдлыг харуулахаар очсон юм. Миний толгой өвдөж, хамарнаас цус гараад байсан болохоор сумын эмнэлэгт дуудлага өгч эмч ирж үзээд сумын төв рүү авч явна гэхээр нь өөрөө эмчийг гуйж өөрийнхөө унаагаар Улаангом орж үзүүлье гээд цус тогтоох, өвчин намдаах, толгойны тариа хийлгэж аваад явуулсан юм. Тэгээд би маргааш нь 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаангом явж эмчид үзүүлэхэд толгой хавантай, толгой дотор оройноос унжсан зүйл байна, хамар муруйлттай гэж хэлсэн ба тархины бичлэг томографикийн аппаратаар хийлгэхэд хүнд юм өргөж болохгүй, донсолгоотой машинд сууж болохгүй 1 сар болоод дахин ирж томографикийн аппаратаар тархины бичлэг хийлгэ гэж хэлсэн. Намайг чих, хамар хоолойн эмчид үзүүл гэхээр нь үзүүлсэн бөгөөд намайг үзсэн бүх эмч нар бүгд биеийн байдал ямар байдалтай байгаа талаар өвчний түүхэнд тэмдэглэгээ хийсэн юм. Би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаангомоос шууд Улаанбаатар хот руу хувийн эмнэлэгт очиж шинжилгээ өгөхөд эмч нь намайг тархины доргилт их байна тууштай эмчилгээ хийлгэхгүй бол унадаг тусдаг болж магадгүй гэж хэлэхээр Улаанбаатар хотод гэрээр 7 хоногийн эмчилгээ бичүүлж хийлгэсэн. Би хохиролд дуудлага өгөхдөө эмнэлгийн машинд бензиний үнэ гэж 52.000 төгрөг өгсөн, өөрийн машинтай Улаангом орж, буцаж гарч ирэхэд шатахууны үнэ, тархины бичлэг хийлгэсэн төлбөр, шинжилгээний төлбөр, эмчийн бичиж өгсөн эм тарианы үнэ, эмчилгээний төлбөр зэрэгт нийт 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилж байна. Түүнээс хойш сар болж байхад надтай ганц ч уулзаж уучлалт гуйгаагүй, надад учирсан хохирлыг огт төлж барагдуулаагүй байгаа учир би гомдолтой байна” /хх-ийн 29-30, 31-32 тал/ гэх мэдүүлэг,
гэрч П.Л-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Би хонхороос гарч ирэхийг харж байтал Бгийн унаж явсан эмээлтэй морь харагдахаар нь мориноосоо буучихсан байгааг бодоход нэг юм боллоо зодолдсон юм болов уу гэж бодоод 2 охин хүүхдээ дагуулаад явж байтал Б урдаас Б-ын унаж явсан алаг морь уначихсан гарч ирсэн ба нүүр нүд болон гар өмсөж явсан цамцны энгэр нь цус болчихсон ирсэн юм. Б бид нар дээр ирж Б намайг зодчихлоо гэхээр нь би чи одоо гар хөл чинь хөдөлж байж нүүр нүдээ хамгаалдаггүй юм уу? гэхэд хүч хүрэхгүй юм байна, унагааж байгаад дээр гарч суучихаад нүүр нүдгүй балбачихлаа гэж хэлсэн юм. Тухайн үед Бгийн гар, нүүр хувцас нь цус болохоос гадна 2 нүд нь хавдаж хөхөрчихсөн мөн нүүр нь тэгшрээд хавдчихсан байсан юм...” /хх-ийн 33-35 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ц.Н-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Манайхан Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн нутаг “Хар цагаан ус”-ны эх гэх газар бөөндөө байгаа юм. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би 16 цагийн орчим байх Н гэх дүүгийндээ зурагт хараад сууж байтал гадна морьтой хүн Н гэж дуудсан ба тухайн үед Н эхнэртэйгээ сумын төв явчихсан ба Л гэх сургуулийн хүүхэдтэй нь байсан болохоор гарах гэж байтал манай багийн иргэн М буюу Б мориноос буугаад гэрт оролгүй үүдэнд суусан юм. Тухайн үед Б-гийн нүүр нь бүхэлдээ цус болчихсон, өмсөж явсан цамцны энгэр болон гар цус болж хатсан, нүүр нь хавдчихсан байсан бөгөөд Б надад танай дүү Б намайг зодоод ийм байдалтай болчихлоо, надад түүнд хийсэн хортой гэмтэй зүйл байхгүй архи ууна гэхээр нь гэртээ байгаа архийг гаргаж өглөө гэж хэлсэн. Мөн намайг ална гээд цээжин дээр гарч суучихаад толгой, нүүр лүү их цохилоо аргадаж байж салж аваагүй бол яг алуулах юм байна гэж хэлж байсан юм. Тэгээд Б намайг цохиж ямар байдалтай болгосныг байгаа байдлаар харуулах гэж ирлээ гээд хэлчихээд явсан. Орой нь 20 цагийн орчим байх Б архи уучихсан халамцуу явган гэртээ гүйж ирж унтсан юм.” /хх-ийн 47-49 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Б.З-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр би ажлаа тараад гэртээ ирчихсэн байтал 19 цаг 30 минутын үед байх манай эмнэлэгийн дарга А эмч над руу утсаар ярьж Хар цагаан усны эх гэх газар С.Б гэх хүн бусдад зодуулсан гэх дуудлага ирж байна явах шаардлагатай гэж хэлсэн юм. Бид 2 тэр Б гэх ахын гэрт орой 21 цаг 40 минутын үед очиход Бгийн биеийн байдал дунд зэрэг хэвтрийн байдалтай, нүүр нь цус болчихсон нүүрнийхэн арьс язарсан 2 газраас цус гарсан тогтоогүй, нүүр нүд нь хөхөрч хавдсан байсан юм. Тухайн үед Бн даралт нь ихэссэн, хүзүүний үзлэгт хүзүү бага зэргийн хөшингө, толгой өвдөж байна гэж хэлж байсан юм. Тэгээд би нүүрнийхэн шархыг цэвэрлээд даралт бууруулах бөөлжилтийн эсрэг, цус тогтоох, өвчин намдаах зэрэг 4 төрлийн эмийн эмчилгээ хийж амаар шингэн уулгасан юм. Би Бг сумын төв рүү авч явж эмчилгээ хийнэ гэхэд Б гэх хүн одоо эм тариа хийлгэсэн болохоор гэртээ хоноод маргааш өөрийнхөө унаагаар шууд Улаангом явж гэмтлийн эмчид үзүүлж толгойны комьпютер томографикийн бичлэг хийлгэнэ гэж хэлээд үлдсэн юм. Б Б гэх залуу намайг ямар ч шалтгаангүй хойноос хөөж ирээд хонхорт оруулж байгаад зодчихлоо гэж хэлж байсан юм. Мөн Б намайг зодож зодож байгаад нүүрнийхээ цусыг угаа гэхээр нь морийг нь унаж зугтаж салж авлаа гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
насанд хүрээгүй гэрч Б.О-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Бид 3 аавыг өндөр газар дээр гарч харагдах байх гэж дахин хэсэг хугацаанд харж байгаад харагдахгүй болохоор нь ээж эгч хоёрын хамт урагшаа явж байтал аав урдаас морьтой ирсэн бөгөөд нүүр, нүд, гар нь бүгд цус болчихсон дээл хувцасгүй байсан юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37 тал/,
гэрч Б.А-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...манай аав нүүр, нүд болон хувцасны энгэр нь цус болчихсон дээлгүй ирэхээр нь ээж юу болов гэхэд нөгөө Б намайг зодоод ийм болгочихлоо гэж хэлсэн” /хх-ийн 38-40 тал/ гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй гэрч Н.Л-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тухайн үед М нүүр нь бүгд цус болчихсон, өмсөж явсан цамцны энгэр, гар нь мөн адил цус болчихсон Болбаатар ахын унаж явсан алаг морийг уначихсан байсан юм. М ах надаас аав чинь байна уу? гэж асуухаар нь би аав байхгүй төв явчихсан гэхэд танайд том хүн байна уу гэхээр нь Н ах байна гэхэд мориноосоо бууж морины жолоогоо барьсан чигтээ гэрийн үүдэнд суугаад Н ахад танай зээ Б надаас архи нэхлээ би гэртээ оруулж архи өгчихөөд гарч адуундаа явж байтал араас ирж мориноос татаж унагааж байгаад зодож намайг ийм байдалтай болголоо би нагац ах нарт нь өөрийнхөө ямар байдалтай болсноо харуулж болсон үйл явдлыг хэлж мэдэгдэхээр ирсэн юм гэж хэлсэн. Тэгээд М ах Н ахаас Н ах байгаа юу, гэхэд Н ах байгаа байлгүй гэхэд мориндоо мордоод тэдний гэрлүү явсан юм. Тэгээд би М буюу Б ахын хойноос нь харж байтал Н ахын гэрийн гадна оччихоод мориноосоо буулгүй байж байгаад урагшаа давхиад явчихсан юм. Тэгээд Б ах явж орой нь би Н ахын эхнэрээр үхрээ саалгачихаад байж байтал бороон дунд 19 цагийн орчим байх Б ах гэртээ явган гүйж ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/,
шүүгдэгч Т.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Баруунтуруун сумын төв дээр өөрийн эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Сүүлийн 2 сар гаруй хугацаанд гэр бүлийн асуудлаар эхнэр, хүүхдээсээ тусдаа эмээ дээрээ байгаа юм. 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "Хар цагаан усны эх" гэх газар зусаж эмээгийндээ байж байгаад 14 цагийн орчим адуу харахаар урагшаа явах замдаа манай багийн иргэн Д.О гэх айлд ороход эхнэр нь болох Б эгч хүүхдүүдтэйгээ хамт байсан ба Б эгч архи нэрж байсан, тэгээд надад шинэ нэрсэн архинаас хийж өгөхөөр нь 2 литр архи ганцаараа уугаад тэднийхээс гарсан юм. Тэгээд би Д.О ахынд архи уучихсан болохоор адуундаа явахаа болиод гэрлүүгээ буцсан ба нэг мэдэхэд М буюу С.Б ахынд орчихсон сууж байсан. Тухайн үед тэднийд Б ах, Л эгч, манай багийн Н, Н ах нар байсан бөгөөд Б ах миний урьд нь харж байсан ногоон шилтэй "Талын хар" гэх нэртэй архинаас хийж өгч байсан юм. Түүнээс хойш надад огт мэдэж, санах зүйл байхгүй нэг мэдэхэд Б ахын дээд жалганд ганцаараа унтаж байсан юм. Намайг унтаж байгаад босч ирэхэд миний унаж явсан алаг зүсний морь байхгүй хажууд хэнийх нь юм бүү мэд хүрэн өнгийн дээл, бүстэй байхаар нь аваад шууд гэрлүүгээ алхаж харьсан юм. Өглөө нь миний нагац ах Н надад чи Б-г зодсон байна, яагаад зүгээр байгаа хүн зодож байгаа юм вэ? өчигдөр чиний алаг морийг уначихсан ирж намайг Нямдоржийнд байтал хэллээ Бгийн нүүр, нүд нь хавдаад цус болчихсон өөрийнхөө байгаа байдлыг нагац ах нарт нь үзүүлэхээр ирлээ гэж хэлсэн тухай надад хэлсэн юм. Тэгээд би өөрийнхөө хийсэн хэргийг сонсчихоод эмээгийнд байтал өдөр 11 цагийн орчим байх Н ахын Л гэх хүүхэд нь миний морийг хөтөлж ирэхээр нь хаанаас авч ирсэн талаар асуухад Б ахынд очсон чинь хүүхэд нь өгч явууллаа гэж хэлсэн. Түүнээс хойш би Б ахтай уулзъя гэж хэд хэд бодсон боловч Б ах Улаангом сум, Улаанбаатар хот болон бусад газар луу яваад таарахгүй байсан. Тэгээд уулзаж чадалгүй удчихсан болохоор Б ахаас айгаад одоог хүртэл уулзаж албан ёсоор уучлалт гуйж биеийг нь асуугаагүй байна. Би С.Б ахтай уулзаж хохирол гомдлыг барагдуулж өгөхөөр сая хурлын өмнө очиж уулзсан боловч одоо шүүх нь шийднэ биз гээд хүлээж аваагүй. Би 2017 оны жил эцсийн мал тооллогоор өөрийн нэр дээрээ 110 гаруй бог, 4 адуу, 8 үхэр зэрэг 12 бод мал тоолуулсан. Өөр миний нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байхгүй. Одоогоор надад тогтсон орлого байхгүй. Би буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэн С.Б-гийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамрын таславчны муруйлт баруун нүдний орчимд цус хуралт, хацар хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 538 дугаар дүгнэлт /хх-ийн 20 тал/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримтаар 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хохирогч С.Б-гийн гэрт очсон бөгөөд хохирогчийн гэрт мөн хагас шил архи ууж согтууран хохирогч С.Б-тай чи морь уяж чаддаггүй, чиний алдарт уяач гэж юу байдаг юм гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар ямар ч шалтгаангүйгээр адуундаа явж байсан хохирогч С.Б-гийн араас очиж хохирогчийн нүүр, толгой руу нь олон удаа цохиж биед гэмтэл учруулсан байна.
Шүүгдэгч Т.Б-ын хохирогч С.Б-г зодож цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, хамрын таславчны муруйлт баруун нүдний орчимд цус хуралт, хацар хамрын нуруунд зулгаралт гэмтэл учирсан, энэ гэмтэл хөнгөн гэмтэл болох нь шинжээчийн 538 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Б.Н, Х.Ч, А.Д нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Увс аймгийн Баруунтуруун сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 137 дугаар албан бичиг, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/872 тоот албан бичиг, Увс аймгийн Баруунтуруун сумын 4-р багийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 137 тоот 2018 оны мал тооллын тодорхойлолт /54-55, 56-57, 58-59, 74-79, 82, 83, / зэрэг нотлох баримтуудаар авагдсан байна.
Хохирогч С.Б нь шүүхэд гэмт хэргийн хохиролтой холбоотой буюу эмчийн зөвөлгөө авсан 35.000 төгрөг, тархи нурууны рентгэн зураг авахуулсан 382.550 төгрөг, уламжлалт эмчилгээ хийлгэсэн 525.000 төгрөгийн нотлох баримт тус тус гаргаж өгсөн. Мөн хэргийн 86 дугаар хуудаст эмч Б.З-гийн “...бусдад зодуулсан, өөр хоорондоо зодолдсон тохиолдолд холбогдох этгээд дуудлагын бензин төлөх ёстой...” гэсэн тодорхойлолт авагдсан ба нэхэмжлэгч нь Баруунтуруун сумын эмнэлэгийн машинд хийсэн бензиний мөнгө, тарианы үнэ гэж 60.000 төгрөг нэхэмжилсэн байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдснаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувиллуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Иймд дээрх нотлох баримтаар тогтоогдсон нийт 1.002.550 төгрөг /35000+382550+525000+60000/-ийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд хохирогч С.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь замын зардалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Т.Б-т шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй тус тус дурдаж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Т-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э овогт Т-ийн Б-т 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б-аас хохиролд 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Увс аймгийн Баруунтуруун сумын 4 баг, Зүүнтуруун оршин суух ОА72010614 регистрийн дугаартай Э овогт С-гийн Б-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА