| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 2515000000085 |
| Дугаар | 2026/ДШМ/14 |
| Огноо | 2026-05-13 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | О.Мөнхтуяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2026/ДШМ/14
Ц.О*******т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Хишигдэлгэр, шүүгч Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор О.М*******,
Шүүгдэгч Ц.О*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.П*******, Ч.От*******, Н.М******* /цахимаар/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са*******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.*******, О.О*******, Р.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э нарыг оролцуулан, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Ёндонсамбуу даргалж, шүүгч Д.Элбэгзаяа, шүүгч Б.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.П*******, Н.М*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ц.О*******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, овогт ийн О*******, Булган аймгийн суманд 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, операторчин мэргэжилтэй, малчин, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар .
Шүүгдэгч Ц.О******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Булган аймгийн сумын 4 дүгээр баг, хэсгийн “” гэх нэртэй газарт байрлах өөрийн гэртээ, А.Ттэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж өөрийн эзэмшлийн “В” загварын, ангийн зориулалттай галт зэвсгээр цээж хэсэгт 1 удаа буудсаны улмаас амь насыг нь хохироож “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас Ц.О*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч овогт ийн О*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******т 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О*******т оногдуулсан 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Ц.О*******ын баривчлагдсан, цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эдлэх ялд оруулан тооцож,
Шүүгдэгч Ц.О*******т авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.О*******т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн талаар Хил хамгаалах ерөнхий газар холбогдох баримтыг хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн:
-“В” маркийн, ан агнах зориулалттай гол төмрийн дугаар ОК1155, замаг 155 дугаартай галт зэвсэг 1 ширхэг, 5 сум орох зориулалт бүхий хар өнгийн төмөр магазен 1 ширхэг, сум 4 ширхэг, сумны хонгио 5 ширхэг, шалнаас ухаж гаргасан сумны хошуу мэт металлын хэлтэрхий зэрэг зүйлсийг “ШС серийн дугаартай” Галт зэвсгийн гэрчилгээний хамт шийдвэрлүүлэхээр Булган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэх,
-1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг буюу 2,500 төгрөгийг улсын орлого болгох, бусад эд зүйлсийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, холбогдох баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б. даалгаж,
-хэрэгт хавсаргаж ирүүлсэн дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг компакт диск, 1 ширхэг флаш дискийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.О*******аас сэтгэцэд учирсан хор уршиг, амь хохирогчийг оршуулахтай холбогдон зайлшгүй гарсан зардал, зээлийн үлдэгдэл нийт 129,260,691 /нэг зуун хорин есөн сая хоёр зуун жаран мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са*******д олгож,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са*******ийн нэхэмжилсэн амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 1,701,930 төгрөгийн, тэжээгчээ алдсантай холбоотой 30,516,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаар нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж, түүний өмгөөлөгч авсантай холбогдон гарсан зардал 26,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаарх дүгнэлтүүд үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй.
Ц.О******* түлээний модоор 3 удаа цохиулж гэмтэл авсны дараа халдлага тодорхой хугацааны дараа төгсөөгүйгээр үл барам хэсэг завсарласны дараа цааш үргэлжилж амь хохирогч нь гэрийн шүүгээнээс ишгүй хутга аван гэрийн эзэн болон бага насны хүүхдийг заналхийлж, шүүгдэгчийн ор руу алхаж байгаа довтолсон үйлдлийг шүүх огт дүгнээгүй орхигдуулсан төдийгүй энэ талаарх үйл байдлыг нотолсон шүүгдэгчийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ хэрэгт авагдсан гурван баримтаар тодорхойлж байгаа нь өрөөсгөл ба довтолгоо дууссан эсэхэд шүүгдэгч, гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой хирнээ халдлага үргэлжилсэн эсэхэд шүүгдэгчийн мэдүүлэг нотолгооны бус ангилалд хамаарч байгаа нь учир дутагдалтай байна.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас иргэдийн төлөөлөгчийг очиж шахсан, ямар дүгнэлт гаргах талаар зааж, зааварлах байдлаар ярилцсан, иргэдийн төлөөлөгч гэм буруутай гэх дүгнэлтийг бусдын нөлөөнд автаж гаргасан атал шүүх шийдвэртээ агуулгын хувьд зөрүүгүй тул тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй байдлаар тусгасан нь өрөөсгөл ба шүүх хуралдааны бичлэгийг эрх бүхий байгууллагаас гаргуулж шинжлэн судлуулах хүсэлтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар хутга цус мэт зүйлээр бохирлогдсон байснаас шалтгаалж гарын мөр илрэх эсэх, тухайн шинжилгээний обьектын гадаргуунаас гарын мөр илрээгүй нь амь хохирогчийн довтолгоо хийгдсэн эсэх үйл байдалтай ямар шалтгаант холбоотой байсныг дүгнээгүй мөртлөө халдлага хийснийг үгүйсгэх баримтаар үнэлсэнд гомдолтой байна.
Шүүгдэгчээс мэдүүлсэн 4 дэх буудалтыг буюу урдаас хөл рүү буудсан болох нь няцаагдсан талаарх дүгнэлт эргэлзээтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн орон байранд 5 удаа буудлага болсон болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба шүүгдэгчээс 4 дэх сумыг урдаас хөл рүү буудсан талаар тодорхой мэдүүлсэн мэдүүлэг зөвхөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэх дээрх 2 баримтаар няцаагдах боломжгүй ба буудсан сумны шаланд хүрсэн дарьны нөлөөгөөр, эсвэл амь хохирогчийн хэвийн бус байдлаар алхах явцад хөл рүү буудсан сумны тусгал хэрхэн ямар байдлаар өрнөсөн талаарх тусгай мэдлэгийг олж тогтоосон шинжээчийн дүгнэлт гараагүй байхад, яллах дүгнэлтэд тусгагдсан 29 төрлийн яллах баримтад тусгагдаагүй, яллах талаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй баримт болох Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны ЕГ0125/1613 дугаар дүгнэлтийг яллах талын нотлох баримтад тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.
Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийг хэт ерөнхий байдлаар бичсэн ба шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрч С.М, гэрч Э., гэрч Э.Т нарын мэдүүлгийг дүгнээгүй орхигдуулсан.
Шүүгдэгч өөрийн гэртээ амь хохирогчтой маргалдсан, ангийн зориулалттай галт зэвсгээр 1 удаа буудсан гэх яллах дүгнэлтэд тусгагдсан дүгнэлтийг хүлээж аваагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нотлоогүй хирнээ шүүх шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцсон нь үндэслэлгүй байна.
Амь хохирогчоос хийсэн эхний довтолгоо түр завсарласны дараа гаднаас гэрт дахин орж ирж хутга аван заналхийлж дайрч байгаа хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийгөө болон бага насны хүүхэд, эхнэрийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хийсэн Ц.О*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.О*******т холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.П******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох үүргээ тус тус биелүүлж чадсангүй.
Анхан шатны шүүх Ц.О*******т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Ц.О******* нь өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас эрүүл мэндийн эсрэг тулгарсан довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ц.О******* нь амь хохирогч А.Тийн эсрэг санаатай өдөөн хатгалт хийж амь хохирогчтой зориуд хэрүүл маргаан үүсгэсэн, харилцан зодолдсон, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг зориуд бүрдүүлсэн ямар нэг үйлдэл хийгээгүй байдаг.
Ц.О*******ын холбогдсон хүний амь нас хохирсон гэмт хэрэг гарснаас хойш мөрдөгч хэргийг шалгахдаа Ц.О*******ын үйлдлийн улмаас амь хохирогч Т нас барсан, хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, амь хохирогчид ямар гэмтэл учирсан, ямар хүчин зүйлийн хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэдэг асуудлыг хэрэг шалгах ажиллагааны гол чиглэл, шалгах ажиллагааны үр дүн болгож шалгаснаас хуульд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэргийн сэдэлт, зорилгыг хангалттай шалгаж тогтоогоогүй. Ц.О******* нь амь хохирогч А.Тийг алах ямар нэг сэдэлт, зорилго байхгүй байсан.
Ц.О******* нь амь хохирогчийг айлгах зорилгоор хаалга руу 1 удаа, тааз руу 2 удаа, хөл рүү нь 1 удаа буюу нийт 4 удаа анхааруулж буудан хохирогчийн үйлдлийг таслан зогсоох гэсэн үг, үйлдлийг үл тоож амь хохирогч хутга барьсан чигээрээ шүүгдэгчид тулж ирж довтолсон тул Ц.О*******ын хувьд аргагүй хамгаалалт хийх гарцаагүй нөхцөлийг амь хохирогч бий болгосон гэж үзэж байна.
Энэ талаар гэрч М, нэ, Э.Т, нар мэдүүлдэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэгдсэн тэр даруй хүмүүст ямар шалтгааны нөхцөлийн улмаас энэ хэргийг үйлдсэн гэдгээ хэлж ярьсан байх ба үүнийг нь гэрч нар хэрэгт мэдүүлсэн байхад гэрч нарын энэ мэдүүлэгт шүүх ач холбогдол өгөлгүй орхигдуулан.
Хоёр: Гэмт хэргийн улсаас учирсан хохирол, хор уршгийг буруу тооцсон талаар: Амь хохирогчийн гэр бүлийн гишүүн т.Са******* нь зээлийн үлдэгдэл 41,860,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Шүүхээс зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь буюу 20,930,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх ямар нотлох баримтыг үндэслэж зээлийн үлдэгдэл 41,860,000 төгрөг гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са*******ийн сэтгэцэд учирсан хор уршигт 118,800,000 төгрөгийг шүүгдэгч Ц.О*******аас гаргуулж шийдвэрлэсэн. Т.Са*******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 3-р зэрэг гарсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байсан боловч үүнийг хэрэгжүүлээгүй болно.
Яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хохирогч талаас оролцоогүй байхад өмгөөлөгч оролцсон зардлыг шүүгдэгчээс нэхэмжилсэн мөнгөн дүнг нь шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үзээд нийт 481,607 төгрөгийг гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй байна.
сумаас ирсэн гэрчүүдийг хоолонд оруулсан тооцоо нийт 177,800 төгрөгийг гаргуулсан ба хохирогч хэзээ ямар зорилгоор хэнд ашигтай мэдүүлэг өгүүлэх гэж хоолонд оруулж дайлаад, шатахуун түлшээр хангаад байгаа нь тодорхойгүй. Энэ нь хуулиар хориотой үйлдэл юм.
Ц.О******* нь шүүхийн өмнөх шатанд хохирол төлбөрт дансаар 32.266.000 төгрөг бэлнээр 2.000.000 төгрөгийг хохирогч талд өгсөн байхад анхан шатны шүүх хохирлын тооцоог буруу гаргаж шүүхийн өмнөх шатанд хохирол төлбөрт 33.266.000 төгрөг өгсөн гэж бичсэн. Ажил явдлын үеэр бэлнээр өгсөн мөнгийг хохирлын тооцоонд оруулаагүй байх ба хохирогч талд нийт 34.266.000 төгрөгийг өгсөн.
Гурав: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Анхан шатны шүүхээс Ц.О******* нь амь хохирогч А.Тийн бие рүү тухайн цаг хугацаанд 1 удаагийн буудлага үйлдэгдсэн мэтээр бичсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохирохгүй байна. Хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд галт зэвсгээр 5 удаагийн буудлага үйлдсэн байх ба шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд тухайн цаг хугацаанд 1 удаа буудлага үйлдэгдсэн байх боломжгүй. Шүүхийн мэтгэлцээнд хохирогч тал 2 удаагийн буудлага үйлдсэн харин шүүгдэгч тал 5 удаагийн буудлага үйлдсэн гэж маргадаг ба шүүх хэнийх нь тайлбар үндэслэлтэй талаар ямар ч дүгнэлт хийгээгүй ба шүүх энэ хэрэг учрал болох цаг хугацаанд шүүгдэгчийг нийт хэдэн удаагийн буудлага үйлдсэн болон тухайн цаг хугацаанд 2 нас 2 сартай Ц.Аюурзаныг хэргийн газарт анхнаасаа байсан эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, гомдолд дурдсан үндэслэлээр шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са******* давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О******* нь миний нөхөр А.Тийг ямар ч шалтгаангүйгээр галт зэвсэг ашиглан буудан амь насыг нь хөнөөсөн байдаг ба 19 цагаас хойш бүтэн 2-2.5 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж огт дуудаагүй, цагдаагийн байгууллагад үйлдсэн гэмт хэргийнхээ талаар мэдэгдээгүй нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн ул мөрийг баллах зорилгыг агуулсан санаатай үйлдэл байсан гэж үзэж байна. Гэмт хэргийн тухайд зохиомол байдлыг бий болгох зорилгоор өөрийн эгч Ц.ыг нөхөр Э.Т, эгч ыг нөхөр Г.нийн хамтаар дуудан ирүүлж тэдэнтэй хамжин хэргийн газрыг өөрсдийн мэдүүлэгт нийцүүлэх байдлаар өөрчлөн зассан.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх үед Ц.О******* нь өөрийн өмгөөлөгч Г.П*******ын хамтаар сумын нэр бүхий иргэдийг ятган миний хань ижлийг “шоронгийн хоригдол, ялтан, араатан авиртай харгис этгээд байсан мэтээр тодорхойлолт бичиг хүртэл хийлгүүлсэн байсан” учир миний өмгөөлөгч Р.******* шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт гэрчээр шүүх хуралдаанд гэрч Э.Т, Г.нэ нарыг оролцуулах хүсэлт гаргасан. Ц.О******* өөрийн хүргэн ах Э.Т, Г.нэ нар болон эгч Ц., Ц. нарын хамтаар өөрийн үйлдсэн гэмт үйлдлийг өөрийн буруутай үйлдлээс бус амь хохирогчийн буруутай үйлдлээс болж түүнийг буудсан мэт зохиомол байдлыг үүсгэх зорилгоор ам нийлүүлэн, хэргийн газрыг засаж, амь хохирогчийн хэвтрийг засаж Цагдаагийн байгууллагад өгөх мэдүүлгүүдээ хүртэл үгсэн тохирч хэн хэнээр ямар мэдүүлэг өгүүлбэл өөрт ашигтай байх тухайд тохиролцсон байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс тодорхой ойлгогдсон.
Эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн шүүгдэгчийн эхнэр Б. хэрэг явдал гарах үед байсан цорын ганц гэрч. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрч Б. нь "... буун дуу 1 удаа дуугарахыг л сонссон" гэж мэдүүлсэн байдаг ба мөн шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн адил “....гэрийн гадна малын саравчинд байхад 1 удаа буу дуугарахыг сонссон” гэж мэдүүлдэг ба анхан шатны шүүх энэ талаар хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй.
Ц.О******* нь 1 удаагийн буудлагаар миний нөхрийн амь насыг хөнөөсөн нь Эрүүгийн хуульд заасан 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр бус харин 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь хуульд нийцэх байсан.
Учир нь Ц.О******* нь миний нөхрийг санаатайгаар буудан алсан төдийгүй амь насанд нь аюултай гэмтэл учруулах болохыг сайн мэддэг галт зэвсгийг ашиглан санаатайгаар үйлдсэн гэмт хэрэг учир хуульд заасан хүндрүүлэх шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байхад илт хөнгөн ял шийтгэлийг оногдуулсанд гомдолтой байна.
Нэхэмжилсэн мөнгөн дүнгээс оршуулгатай холбогдон гарсан зардлын 1.709.930 төгрөг, тэжээгчээ алдсантай холбоотой 30.516.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж мөн өмгөөлөгч авсантай холбоотой зардал 26.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Хэдийгээр манай хотонд мал ахуй байгаа нь өнгөц байдлаар би төлбөрийн чадвартай мэтээр ойлгогдож болох боловч бүх мал орон гэр бүгд зээлийн барьцаанд банкны мэдэлд байдаг, мөн Улаанбаатар хотод дэлгүүрийн болон орон байрны түрээсийн өр төлбөртэй болж үлдсэн.
Нилээдгүй тооны бод малын тэжээл өвс, адгуулан хариулах, хашаа хороо засаж сэлбэх гэх мэт эр хүний гараар л хийгдэх ажлуудыг миний гурван бага насны гурван хүүхэд мөн турьхан эмэгтэй би яагаад ч хийж гүйцэтгэж чадахгүй учир хөлсөөр мал адгуулах хүн хөлслөхөөс өөр аргагүй болно. Миний бие Ц.О*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас эд материал, сэтгэл санаагаар хохирч байгаадаа маш их гомдолтой байна.
Иймд гомдлыг хүлээн авч Ц О*******т санаатайгаар үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж, эдлэх ялыг нь хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү” гэв.
Прокурор О.М******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэргийн нөхцөл байдлын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байгаа. Хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд тохирсон гэж үзэж байна. Хохирол төлбөртэй холбоотой анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан шийдвэрүүд хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Хэрвээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн ярьснаар 1 сая төгрөг гээгдсэн гэх асуудал тогтоогдох юм бол давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. Аргагүй хамгаалалт байгаагүй тухай анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой тайлбарлаж дүгнэлт хийсэн байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.О******* нь ангийн зориулалттай галт зэвсэг ашиглан хүний амь насыг санаатайгаар хохироож алсан нь аргагүй хамгаалалтын хил хязгаарыг хэтрүүлсэн санаатай гэмт хэрэг гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй, шударга ёсны зарчмын хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.От******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О*******ын биед хөнгөн гэмтэл учруулаад байгаа процессийг яагаад анхаарч үзээгүй юм бэ? гэдэг дээр хэдэн зүйл хэлье. Шинжээчийн дүгнэлтээр О*******ын биед хөнгөн гэмтэл учирсан. Шүүх энийг дүгнэхдээ довтолгоо үргэлжлээгүй байна, хөнгөн гэмтэл авснаас хойш үргэлжилсэн довтолгоо нь төгссөн байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан бие даасан гэмт хэрэг юм. Гэтэл анхан шатны шүүх аргагүй хамгаалалтын үргэлжилсэн үйлдэл төгссөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд шүүгдэгчийн биед хөнгөн гэмтэл учирсан бөгөөд уг гэмт хэрэгт яллагдагчаар татах этгээд нь нас барсан тул цааш ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв хэмээн дүгнэсэн байхад анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1-д заасан нөхцөл байдал илэрвэл шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал нь явуулж, цагаатгах тогтоол гаргана” гэж заасан байна. Энэ хүн өөрөө хохирогч болчихоод байхад ямар гэмтэл учраад байгаа юм, яаж хохироод байгаа юм гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. Өөрөөр хэлбэл гэм буруутай этгээд нас барсан байсан ч гэсэн хохирогчид оногдох хуульд заасан эрхийг нь эдлүүлж байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдлыг илэрхий харуулах ёстой байсан. Хоёр настай хүүхэд байсан эсэх асуудал дээр бие даасан гэмт хэрэг байсан уу? үгүй юу? гэдэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж бага насны хүүхдийг заналхийлэх эсэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байсан.
Анхан шатны шүүхээс 20 гаруй сая төгрөгийн үнийн дүнтэй амь хохирогчийн аль жилийн өмнө авсан зээлийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Улсын дээд шүүхийн 2017, 2018 оны 23, 564 дүгээр тогтоолуудад онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироох хэргийн талаар тодорхой тайлбар хийсэн байдаг. Ингэж тайлбарлахдаа олон тооны шарх сорви үүсгэсэн, тухайн гэмтлийнхээ улмаас тарчлан зовсон нөхцөл байдлыг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх учиртай хэмээн тайлбарласан байдаг учраас хохирогч талаас гаргасан зүйлчлэл тохироогүй, хүндрүүлэх нөхцөл байдалтай хэрэг үйлдсэн, ял багадсан гэх гомдлыг үндэслэлгүй болохыг харуулж байна. Тиймээс хохирогч талаас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хаалттай дэглэмд хорих ялыг эдлүүлье гээд байгаа нь үндэслэлгүй байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд шүүгдэгч Ц.О******* нь амь хохирогчийг хутга бариад дайраад ална гээд байсан гэж удаа дараа мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлын талаар шүүгдэгч Ц.О*******аас өөр хүн огт мэдүүлдэггүй, өөр баримтаар нотлогдож батлагдсан зүйл байхгүй. Тэгээд тухайн хутгыг хохирогч бариад шүүгдэгч рүү дайраад байсан юм бол яагаад гарын хээ илрээгүй юм бэ?. Анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс амь хохирогчийн зүгээс хутга бариад тань руу хутгаар далайх, чичих, эсхүл таны биеийн аль нэг хэсэг рүү хатгах, зүсэх, өөр бусад гэмтэл учруулсан бодитой халдлага болсон юм уу? гэж асуухад тийм халдлага болоогүй, хутга барьчихаад ална гээд байсан гэх зүйлийг ярьдаг. Тэгэхээр хутга бариад ална гэж дайрсан хүн болгоныг буудаж алаад аргагүй хамгаалалт хэрэглэж байна гээд байвал Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдана. Тиймээс аргагүй хамгаалалт гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ялангуяа санаатай гэмт хэрэг, хүнийг алах гэмт хэрэг дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин үржүүлэн бодсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны зэрэглэлээр нь сэтгэл санаанд учирсан хохирлыг тооцоход учир дутагдалтай. Хэрвээ амь хохирогч амьд сэрүүн байсан бол зээлээ асуудалгүй төлөөд явах байсныг үгүйсгэх аргагүй юм. Өөрөөр хэлбэл энэ зээлийг төлөхгүй байх нөхцөл байдалд хүргэсэн хүн бол шүүгдэгч Ц.О******* юм. Тиймээс зээлийг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өрсөлдүүлэн шалгах өөр гэмт хэрэг байгаагүй тул хэргийн зүйлчлэл зөв зүйтэй болсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байхад шүүх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн 564, 23, 2019 оны 625, 2019 оны 435 дугаар тогтоолд хүний бие махбодод олон тооны өвдөлт зовиур бүхий шарх сорви үүсгэж халдаж зодсон, эсхүл тарчлаасан, осгосон, хөлдөөсөн, хайлуулсан зэрэг байдлаар хүний амь насыг хохироосон бол онц харгис хэрцгий аргаар хохироосон гэж үзнэ хэмээн тайлбарласан байдаг. Шүүгдэгч О******* нь амь хохирогчийн бие рүү задардаг сум гэдгийг мэдсээр байж буудсан. Уг бууны сум нь амь хохирогчийн бие рүү орж задран үхэх хүртэл байж боломгүй их өвдөлт шаналал зовиурыг бий болгосон нь дээрх Улсын дээд шүүхийн тайлбартай утга дүйцэж байна. Эсхүл хүнийг алах санаа сэдэл хоромхон зуур төрж алсан уу?, эсхүл маргалдаж эхэлснээс хойш бий болсон уу? гэдгийг шалгаж тогтоох ёстой. Шинжээчийн дүгнэлтээр эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлсэн байсан ч гэсэн амь аврагдах боломжгүй байсан. Зохиомол байдлыг үүсгэх зорилгоор хий буудсан уу? үгүй юу гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. 5 дахь сум нь амь хохирогчийг амь алдахад хүргэсэн үү? гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. Тухайн үед амь хохирогч нь согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэж болох юм. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг 3,5% промиль согтолттой гэж гаргасан өөрийгөө бүрэн хянах чадваргүй буюу биеэ хамгаалах чадваргүй байсныг харуулж байна.
Сүүлийн сум нь талийгаачийг оносон гэдгээ санасан гэжээ. Буудлага хийсэн шалтгаан баримтаар тогтоогдохгүй байна. Шөнийн дуран холбосон гол төмөрт нэг сумтай, магазиндаа 4 сумтай буу байсан. Буу аваад орон дээрээ суусан. Бүр цаана нь байхад буудчих байсан. 7,64 мм-ийн сумтай байсан тогтоогдож байгаа. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан миний үйлчлүүлэгч Т.Са*******ийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Амь хохирогчийг шүүгдэгч рүү аргагүй хамгаалалт хэрэглэх хүртэл нь дайрсан гээд байна. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд ийм нөхцөл байдал байсан болохыг тогтоогоогүй. Аргагүй хамгаалалтын талаар болон хөнгөн гэмтэл учирсан тухай гомдлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон прокурорын шатанд гаргаж байгаагүй. Аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаас харахад огт тогтоогдохгүй байгаа. Өмгөөлөгч О*******ийн огт оролцоогүй үйл ажиллагаатай холбоотой зардлыг нэхэмжилсэн байна гэдэг. Ажиллагаанд оролцъё гээд яваад очихоор Г.П******* өмгөөлөгчийн зүгээс хэрвээ энэ ажиллагаанд хохирогчийн өмгөөлөгч нар оролцоно гэж байгаа тохиолдолд бид энэ ажиллагааг хийлгэхгүй, дэмжихгүй байна гэдэг. Тэгээд л бид нар суманд буюу хэргийн газар дээр очсон атлаа оролцож чадаагүй юм. Аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлье гээд байгаа нь үндэслэлгүй. Тухайн үед хүүхэд орон дээр хэвтэж байсан, сэрүүн байсан гэж үзвэл хүүхдийн дэргэд архидан согтуурсан зөрчил үйлдэгдсэн байна. Үүнийг шалгуулах ёстой байсан. Амь хохирогчийг зүв зүгээр гэртээ байж байхад нь санаатайгаар авч яваад архи уулгаж ийм зүйл болоход шүүгдэгч Ц.О******* хүргэсэн. Түлээний модоор цохиулсан гэдэг боловч хаана байсан ямар хэмжээтэй мод юм бэ?, яг хаашаагаа хэрхэн яаж цохиулсан болох нь тодорхойгүй. Энэ хүн ямар үндэслэлээр өөрийгөө эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх гээд байгаа юм бэ?. Ер нь бол хүүхэд байсан, байгаагүй нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг үгүйсгэх нотлох баримт болохгүй. Дээрээс нь амь хохирогчийн зүгээс 3,5 промиль процентийн согтолттой байгаа хүн хутга барьж аваад шүүгдэгч Ц.О******* руу дайрч давшлаад байх боломжтой эсэх дээр дүгнэлт хийх хэрэгтэй. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаад байгаа давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг иргэдийн төлөөлөгчид нөлөөлсөн, хажууд нь суугаад чихэнд нь шивнээд, магадгүй гэм буруутай гээд биччих гэж хэлснийг ч үгүйсгэх аргагүй гэж байна. Тэр үед нарийн бичгийн зүгээс та талуудын гаргасан тайлбар дүгнэлтүүдийг сонслоо, энэ хүн гэм буруутай юу, эсхүл гэм буруугүй юу? гэдгийг дүгнээд биччихэд болно хэмээн тайлбарлаж хэлсэн. Түүнээс биш нөлөөлсөн асуудал огт болоогүй. Хэрвээ үнэхээр л нөлөөлсөн гэж үзэж байгаа бол тусдаа гомдол, хүсэлт гаргаад шалгуулах ёстой. 5 биш 1 удаагийн буудалтаар хэрэг төгссөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой дурдсан байна. Амь хохирогчийг 67 наслах байсан уу?, эсхүл 70 наслах байсан уу? эсхүл бүр 90, 100 наслах байсан уу? гэдгийг хэн ч тогтоож мэдэх боломжгүй учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр бодож гаргах нь зүйтэй гэж үзэн төлбөрийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Амь хохирогч нь өнөөдөр амьд сэрүүн байсан бол ажил төрлөө хийгээд зээлээ асуудалгүй төлөөд л явах байсан. Яагаад зээлийн тал хувийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд байгаа нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч Ц.О*******ын гэм буруутай үйлдлийн улмаас л үндсэн зээлдэгч нас барж зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Тиймээс шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэрвээ шүүх үндэслэлгүй гэж үзвэл иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.О*******т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
3.Прокуророос шүүгдэгч Ц.О*******ыг “...А.Ттэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдаж өөрийн эзэмшлийн “В” загварын, ангийн зориулалттай галт зэвсгээр цээж хэсэгт 1 удаа буудсаны улмаас амь насыг нь хохироосон” гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т., гэрч Б., Г.нэ, Б., Б., Э.Т, Ц., С.М, Д. нарын мэдүүлэг болон амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон болон согтолтын зэргийг тогтоосон Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч болон амь хохирогч нарын гарын сарвуу ар болон алганаас авсан арчдасны дарийн үлдэц байгаа эсэхийг тогтоосон талаархи Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүд, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг яллах үндэслэл болгожээ.
Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчдөөс гэмт хэргийг санаатай үйлдээгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох буюу шүүгдэгчийг цагаатгуулах байр суурьтай мэтгэлцэж оролцсон.
4.Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай.
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж хуульчилсан. Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй гэж байгаа боловч таарамжгүй харилцааны явцад маргалдаж, халдагч этгээдийн нийгэмд аюултай хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор довтолгооноос зайлсхийж зугтах, бусдаас тусламж авах боломжтой байхад шүүгдэгч Ц.О*******ыг түлээний модоор цохисон, хутга бариад бага насны хүүхэд болон Ц.О******* нарыг заналхийлсэн, ор руу алхсан үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр довтолгоон бодитой байсан гэж дүгнэх боломжгүй.
Аргагүй хамгаалалтын объектив тал нь Эрүүгийн хуульд зааснаар довтолгоон байх ёстой бөгөөд довтолгоон нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хуулиар хамгаалагдсан амь нас, эрүүл мэндийг аюулд оруулах эсхүл гэмтээж байгаа бие хүний зан үйл бүхий шууд өөрт нь хандан эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, эхэлсэн эсвэл эхлээд үргэлжилж байгаа үйлдлийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэмт хэрэгт тооцохгүй буюу хуульд заасан хариуцлага хүлээлгэхгүй гэж ойлгоно.
4.2.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар Ц.О*******, А.Т нар нэг нутаг усныхан бөгөөд Ц.О******* нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр сумын төв явах замаараа мэнд мэдэхээр А.Тийн гэрээр дайрч хүргэн ах ажил ихтэй тул тийшээ явж байна гэхэд амь хохирогч А.Т орой үнээ мал тавихаас өмнө хамт явж туслаад ирье гээд хамт явсан. Сумын төвийн дэлгүүрээс архи согтууруулах ундааны зүйл авч замдаа хэрэглэсэн ба Ц.О*******ынд орой 18 цагийн үед очиж авчирсан архиа задлаад ууж байхдаа өмнө болсон таарамжгүй харилцааг сөхөж хэрүүл маргаан үүсгэж, А.Т нь түлээний хайрцагнаас түлээ авч Ц.О*******ын толгойг цохиж хагалснаас цус гарсан. Энэ үед Ц.О*******ын эхнэр Б. гаднаас гэрт орж ирээд ингэж ууж идэж яадгийн гээд нөхрөө унтаж амар, амь хохирогчийг гэртээ харь гэсэн ба хэсэг хугацааны дараа Ц.О*******ыг сэрэхэд чамайг алчихаад явна гээд гал тогооны шургуулга руу амь хохирогч явж байсан. Муухай хашхирхад хүүхэд айгаад уйлсан, болиоч гэхэд чамайг алчихаад дараа нь ална гээд хүүхэд рүү хутгаараа чичилсэн. Тэгээд алхаад эхлэхээр нь шийдсэн юм байна гэж бодоод хамгийн ойр байсан сумтай буугаа аваад хаалга руу хий буудахад хоёр гар нь дээшээ нэг сарваганаж цочсон боловч зогсохгүй, тэр чигээрээ алхсан. 4-5 метрийн зайтай байхад нь амин бус газарт хөл рүү нь ч хамаагүй буудаж зогсооё гээд хөл рүү нь буудсан боловч гутлын түрийг нь оносон гэж бодоогүй, 4 сум гарсаны дараа 5 дахь сум буюу 1 удаа буудсаны улмаас амь хохирогч А.Т нь цээжний хөндийн олон эрхтний гэмтэл авч, цочмог цус алдалтаас цус эргэлтийн шоконд орж зүрхний дутагдлаар нас барсан үйл баримт тогтоогдсон.
4.3.Шүүгдэгч Ц.О*******ын болон түүний хүүхдийн амь нас эрүүл мэндийн эсрэг хууль бус халдлага хийн довтолсон гэх үндэслэл хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Тухайлбал: амь хохирогч шүүгдэгчийн биед халдсаны улмаас Ц.О*******ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдож байгаа хэдий ч уг довтолгоон дууссан болох нь гэрч Б.Уянгын мэдүүлэг болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогддог. Уг үйлдлийн дараа хутга барин ална гэж байгаа нь довтолгоон эхэлсэн, эсхүл эхлэх гэж байгаа нь тодорхой болсон гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байна. Мөн 4 дэх сумаар хөлний чиглэлд буудсан гэх боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр “...хар түрийтэй гуталд үүссэн 95мм хэмжээтэй гэмтэл нь хатуу, ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт” гэж тодорхойлсон тул хөл рүү чиглүүлэн буудсан гэх шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна. Өөрөөр хэлбэл гутланд үүссэн гэмтэл хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж байхад шаланд хүрсэн дарьны нөлөөгөөр үүссэн, хэвийн бус байдлаар алхах явцад хөл рүү буудсан сумны тусгалаас үүдэлтэй гэж үзэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад обьектоос дарь тортогын үлдэц элемент илэрч байгаа талаар дүгнэлт гарсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Гэрч Б. нэг удаа буун дуу сонссон гэж гэрчийн мэдүүлэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлдэг бөгөөд галт зэвсэг эзэмшигч шүүгдэгч Ц.О******* нь уг бууны байнд тусах тусгал, сумны үйлчлэлийн хүч, нэвтрэх чадвар зэрэг хор аюулын шинжийг мэдэж байх боломжтой этгээд юм.
4.4.Амь хохирогчийн гартаа барьж довтолсон, шүүгдэгчийн газраас авч холдуулсан гэх эд мөрийн баримтаар хураагдсан хутганд шинжилгээ хийсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч болон шүүгдэгч нарын хэн алиных нь гарын мөр илрээгүй гэжээ. Анхан шатны шүүх довтолгоон бодитой байсан эсэх нь хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэсэн баримтад шинжээчийн энэхүү дүгнэлтийг хамааруулан авч үзсэн байх бөгөөд амь хохирогч, шүүгдэгч нарын хэн алины гарын мөр илрээгүй байхад довтолгоон бодитой болсон гэж дүгнэх боломжгүй байна.
4.5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, ...-оос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, ...тайлбарлуулах, эсхүл тодруулах зорилгоор мэдүүлэг авч болно.” гэж тус тус хуульчилсан тул анхан шатны шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг нотолгооны бус ангилалд хамаатуулан дүгнэсэн нь хууль зөрчөөгүй.
4.6.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын аргагүй хамгаалалт хэрэглэсэн, ишгүй хутганаас 2 хүний гарын мөр илрээгүй нь амь хохирогчийн довтолгоо хийгдсэн эсэх үйл байдалтай ямар шалтгаант холбоо байсныг дүгнээгүй мөртөө халдлага хийснийг үгүйсгэх баримтаар үнэлсэнд гомдолтой гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алсан гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгоно.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно.” гэж заасан.
5.1.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Оюунцэцэг нь “шүүгдэгч Ц.О*******ыг гэм буруутай болохыг” өөрийн үгээр тодорхой хэлсэн байх тул түүнд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас нөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна. Хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан Иргэдийн төлөөлөгчийн санал Баримт №30-д “бурууг банай” гэж бичсэн байгаа ч саналаа гэм буруутай гэж үгээр илэрхийлсэн байх тул өргөсөн тангарагынхаа дагуу дүгнэлтээ гаргасан эсэхэд эргэлзэж байна гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
6.Гэрч С.М, Э.Т нарын хувьд хэргийн газарт байгаагүй гэрчүүд бөгөөд тэдний мэдүүлгээр гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шууд дүгнэх боломжгүй.
7.Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хор хохирлыг тооцохдоо 2025 оны 06 дугаар сарын 22-ноос 2025 оны 06 дугаар сарын 25-ны хооронд сумаас ирсэн гэрчүүдийг хоолонд оруулсан тооцоог буюу нийт 177,800 төгрөгийг оршуулгын зардлын тооцоонд оруулан тооцсон нь буруу байна. Мөн амь хохирогчийн авсан зээлийн үлдэгдлийг 41,736,112.55 төгрөг байхыг 41,860,000 гэж ташаа бодсон байх тул зөвтгөж зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй. Харин амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 3 дугаар зэрэглэл гарсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлснээр тооцох ёстой болон шүүгдэгчийн аав ээжээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн аав ээжид өгсөн гэх 1,000,000 төгрөгийг хохиролд тооцоогүй, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд өмгөөлөгч оролцоогүй байхад гарсан зардал мэтээр нэхэмжилсэн 481,607 төгрөгийг шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг, оршуулгатай холбогдон гарсан 1,709,930 төгрөг болон тэжээгчээ алдсантай холбоотой 30,516,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, өмгөөлөгч авсантай холбоотой зардал 26,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой гэх агуулгаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.1.Анхан шатны шүүхийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тооцсон дүгнэлт хийгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул зохих өөрчлөлтийг оруулав.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.О*******т оногдуулсан 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.П*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.П*******ын гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са******* нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2026/ШЦТ/74 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч Ц.О*******аас сэтгэцэд учирсан хор уршиг, амь хохирогчийг оршуулахтай холбогдон зайлшгүй гарсан зардал, зээлийн үлдэгдэл нийт 129,020,947 /нэг зуун хорин есөн сая хорин мянга есөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Са*******д олгосугай.” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О*******ын цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧИД Л.ХИШИГДЭЛГЭР
Л.АРИУНЦЭЦЭГ