Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 759

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга хөтлөн

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч /хохирогч/ У.Г, түүний өмгөөлөгч Д.Тамир

шүүгдэгч /хохирогч/ З.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ

шүүгдэгч О.О, С.Б, А.Т, тэдгээрийн өмгөөлөгч Г.Ганбат

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

У.Гд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.О, З.М, С.Б, А.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805016680593 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 7-нд Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт У.Г

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, “Мөнгөн шатар” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт З.М

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6; эхнэр, хүүхдүүдийн хамт, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт О.О

 

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 17-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мөнгөн шатар” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2; эцгийн хамт, ялгүй, дугаарын регистртэй, Т овогт С.Б

 

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 2 дугаар сарын 27-нд Өвөрхангай аймагт хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт, ялгүй, дугаарын регистртэй, Б овогт А.Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч У.Г 2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч З.М-г архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

шүүгдэгч О.О, З.М, С.Б, А.Т нар бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газрын гадна хохирогч У.Г-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ У.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлгээс өөрчлөгдсөн зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. 

 

Шүүгдэгч /хохирогч/ З.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн мэдүүлэг хэвээр байгаа. Хохирогчийн хувьд мөн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг хэвээрээ учир дахин мэдүүлэхгүй гэв.

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2018 оны 3 дугаар сарын 18-19 шилжих шөнө О, Т, Х, М нарын хамт тавуулаа Цэргийн баяр тэмдэглэж “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэр үед шөнийн 12 цаг болж байсан. Манай найзууд ширээндээ суугаад миний гэдэс эвгүйрхэсэн тул тус баарны 00 орсон чинь цоож байхгүй байсан тул Хыг дуудаж, 00-ын хаалга даруулахаар авч орсон. Гэтэл манай тэр найз надаар 00 хаалга дарууллаа гээд марзагнаад чанга чанга инээлдэж байтал, 00 хаалганы хажуу талын угаалтуурын хажуу талд зогсож байсан үл таних залуу буюу Г утсаар ярьж байсан юм шиг байна лээ. Бид хоёрыг чимээгүй бай гэхээр нь би найзыгаа өмөөрөөд би түүнтэй бага зэрэг маргалдсан. Гэтэл Г над дээр ирээд намайг урдаас боогоод хана мөргүүлсэн. Миний жоохон уур хүрээд урдаас боож байхаар ардаас боочих гэтэл миний араас боосон. Тэр үед би ухаан алдах гэж байхад чинь сахалтай казах байрын залуу Гг цохиод салгах шиг болсон. Энэ үед баарны хамгаалагч, үйлчлэгч нар ирсэн. Х бид хоёр буцаж баар руу орсон бөгөөд болсон явдлын талаар найзууд асуугаад байхаар нь би Хыг дуудаад болсон зүйлийн талаар хэлж болохгүй хэлбэл зодоон болж магадгүй гэж гэсэн. Бид нар бааранд 2 цаг хүртэл тэнд суугаад хоёр хоёр пиво уугаад байж байтал баар хаах болоод баарны гэрэл астал Г гараад явж харагдсан. Жаахан сууж байгаад би тамхи татахаар гартал Г 2 найзтайгаа замын эсрэг талд Авто угаалганы том хаалганы урд архины шил тавьчихсан, хүн хүлээж байгаа байдалтай сууж байсан. Тэгээд би буцаж ороод бүгд баарнаас гарсан. Би хамгийн урд зодоон болчих вий дээ гэсэн санаа зовсон байдалтайгаа явж байтал Гг зогсож байхаар нь зүгээ буруулаад такси барихаар хажуу талын зам руу алхсан. Миний хажууд О найз маань явж байсан. Гэтэл Г О-ын хажуу талаар ороод ирсэн. Гартаа архины шил барьчихсан байхаар нь урьдчилан сэргийлэх зорилгоор найзууддаа энэ намайг 00-ын өрөөнд боосон залуу байна гэтэл О эргэж хараад маргалдаад эхэлсэн. Гэтэл Г шууд цамцаа тайлаад халзрая гээд Оыг шууд цохисон. О шууд ухаан алдсан чинь манай найз М Г-тэй зууралдаад хашааны булан руу унаад зодолдоод эхэлсэн. Би энэ хоёрыг салгаж дийлэхгүй байсан. Найзыхаа хойноос боож салгасан. Тэгэхэд манай 2 найз болох О, Т 2 Г-гийн нөгөө хоёр найзтай зодолдод, 3 талд зодолдоод байсан. О махлаг залуу хоёрыг салгах гэж байхдаа би өөрөө зууралдаад газар унахад цаанаас Г босч ирээд миний өмнө дээр архи шил хагалсан би бултаж амжсан. Төд удалгүй манай найз цус алдаад байна гэхээр нь Мы цамцыг сөхөөд харахад шилээр зүсэгдсэн байсан. Тэндээс шууд эмнэлэг рүү такси бариад явсан. Миний хувьд Гг цохиж зодсон зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би О, Б, Х, М нарын 4 найзтайгаа бааранд ороод хоёр хоёр пиво уугаад 2 цагийн үед баарнаас гарсан. Х бид хоёр такси барих гэж байтал ард орилолдоод байсан. Эргээд хартал Оыг цохиод унагаж байсан. Би гүйж очоод салгах гэтэл хажуунаас нэг залуу надтай зууралдаад цаашаа унасан. Цаашаа машины араар ороод нилээн ноцолдоод босоод очтол Мы нуруу нь нилээн том зүсэгдсэн байсан. Би хүн алчихлаа гэж орилоод Гэмтлийн эмнэлэг явсан гэв.

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Г-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч З.М, О.О, С.Б, А.Т нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж тэдгээрт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1805016680593 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Нэр бүхий шүүгдэгч нар бааранд согтуурч, ялангуяа шүүгдэгч У.Ггийн зүй бус үйлдлээс буюу “Эргэн дурсахуй” баарны ариун цэврийн өрөөнд У.Г нь С.Б гэгчийн хоолойг боосон, энэ харьцаанаас үүдэн шүүгдэгч С.Б, түүнтэй хамт явж байсан шүүгдэгч З.М, О.О, А.Тнар уг баарны гадаа хүлээж байгаад У.Гг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, энэ зодооны явцад шүүгдэгч У.Г нь З.Мыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч З.М “… 2018 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө 00 цагийн үед өөрийн найз болох О, Х, Б, Б нарын хамт “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэндээ бид нар хүний хоёр хоёр 0,5 л пиво захиалж уугаад бүжиглэсэн. Хэсэг хугацааны дараа Б, Х хоёр угаалгын өрөө орно гээд явсан. Нилээд байж байгаад хүрч ирээд Х 00-д хэдэн залуучууд бид хоёрыг байхад муудалцсан гэж хэлсэн. Бид нар сууж байгаад 02 цаг өнгөрөөд баарны үүдэнд Х, Б хоёртой 00-д муудалцсан залууг хүлээгээд зогсож байсан. Тэгээд Б, О-д хэлж намайг 00-д зодсон залуучууд байна гэсэн. Бид нар очиход тэд нар гурвуулаа, нэг нь гартаа хагас шилтэй архи барьчихсан зогсож байсан. Би нэг залуутай зууралдаад зогсож байхад араас 1 залуу миний хоолойноос боогоод би газар унасан. Би босоод хоёр, гурав алхаад газар унасан. Тэгэхэд манай найзууд араас чинь цус гараад байна, хүн алчихлаа гэж орилоод бид 5 таксинд суугаад Гэмтлийн эмнэлэг рүү явж нуруундаа шилээр 10 см гүн орсон байна гээд оёдол тавиулсан. Уг залуучууд зодоонд оролцоход гурвуулаа байсан. Тухайн үед зодоон маш хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед гадаа харанхуй байсан. 30 орчим насны залуучууд харагдсан. Миний толгой их өвдөж, нуруундаа архины шилээр дүрүүлсэн. Баарны гадаа нилээд хүмүүс байсан. Хяналтын камерийг би анзаараагүй. Тухайн үед цагдаа нар ирсэн харагдсан. Тэгээд бид нар шууд Гэмтэл рүү явсан. Сүүлд манай найзууд хэлэхдээ 1 залуу нь араас Гэмтлийн эмнэлэг дээр ирээд тэнд манай найз О руу дайрсан гэсэн. Эмнэлэг дээр цагдаад баригдсан гэсэн. Тэд нар согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед манай найзууд бүгдээрээ байсан. Намайг зодуулахыг харсан хүн байгаа эсэхийг мэдэхгүй. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа төлүүлнэ.

Г бид хоёр уулзаад харилцан бие биенээсээ уучлалт гуйж, бие биенээсээ хохирол нэхэмжлэхгүй байхаар тохирсон. Шаардлагатай бол шүүхийн шатанд жич баримтаар нэхэмжлэх болно. Миний зүгээс эмчилгээний зардалд 1 сая орчим төгрөгний зардал гарсан. Баримтууд өөрт байгаа. Гэхдээ хохирол нэхэмжлэх эсэх асуудлаа шүүхийн шатанд шийднэ” /хх-11-12, 107/ гэж,

хохирогч У.Г “… 2018 оны 3 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед өөрийн найз С, Б нарын хамт “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэнд бид нар 0,5 литрийн 1 шил архи, хүний нэг, нэг шил 0,5 литрийн пиво авч уугаад, бүжиглэж байгаад шөнө 02 цагийн үед гарсан. Баарнаас гараад такси барих гээд зам руу алхаж байхад 6-7 залуучууд хашааны хаалганы хажууд зогсож байсан ба хажуугаар нь явтал нөгөө залуучууд бид нарыг 00-ийн өрөөнд боосон залуучууд мөн байна гээд шууд над руу дайрсан. Тэгэхэд манай найз Б зугтаад С бид хоёр үлдсэн. Нөгөө залуучууд намайг буланд шахаж газар унагаагаад дээрээс зодоод байсан. Би тухайн үед нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй. Удалгүй цагдаа ирээд салгаад тараасан. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байна. Би зодуулаад шоконд орсон байсан болохоор хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байсан. Тухайн үед зургаа, долоон залуучууд харагдсан. Намайг 00-н өрөөнд байж байхад намхан залуу бие засч байхад хажуугаар түлхээд гарсан. Тэрнээс болж тэр залуутай маргалдсан. Тэгээд 00-н өрөөнд бие биенээсээ уучлалт гуйгаад учраа олоод тарсан. Тэгээд баарнаас гараад явж байхад надтай 00-н өрөөнд маргалдсан залуу 5-6 найзтайгаа гадаа зогсож байсан. Тэгсэн над руу заагаад намайг 00-д маргалдсан залуу байна гээд над руу бөөнөөрөө дайрсан. Тэрнээс болж намайг газар унагаад зодсон. Би уг залуучуудыг танихгүй, уг бааранд урьд нэг, хоёр залууг нь зүс харж байсан. Бид нар харилцан зодоон хийгээгүй. Тухайн үед манай найз С газар цохиулж унаад, Бааска зугатсан байсан. Надад эсэргүүцэх чадвар байгаагүй. Тухайн үед нэг залуу нь намайг цохиж унагаахад бусад нь ирээд дээрээс зодоод байсан. Би унахдаа нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн. Намайг хэдүүлээ хэн яаж цохисныг нь би харж чадаагүй. Би тухайн үед цохиулаад унахдаа газар шилэн дээр гараараа дараад унасан. Миний унасан газар олон шил хагархай харагдсан. Би тухайн үед цохиулчихаад босч ирээд унахдаа гараа зүссэн юм шиг байна. Би сайн санахгүй байна. Миний зүгээс зодуулсандаа гомдолтой байна.

Бид нар бүгдээрээ адилхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ийм асуудалд холбогдсон болохоор надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйлгүй. Миний эмчилгээний зардалд 1 сая орчим төгрөгний зардал гарсан. Гэхдээ М-ы биед учирсан гэмтлийн улмаас мөн тийм хэмжээний зардал гарсан гэсэн болохоор бид хоёр харилцан нэг нэгнээсээ хохирол нэхэмжлэхгүй байхаар шийдсэн. Иймд миний зүгээс М, Б, Т, О нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хх-15-16, 108/ гэж,

гэрч Т.Б “… 3 дугаар сарын 18-ны 23 цаг өнгөрөөд өөрийн найз Г, М нарын хамт орж суугаад 0,5 литрийн 1 шил Соёрхол архи хүний нэг, нэг шил пиво уусан. Тэгээд 02 цагийн үед бид гурав баарнаас гараад би таксинд суугаад гараад явсан. Гэртээ хариад унтаж байхад шөнө 04 цаг өнгөрч байхад Г, М хоёр гаднаас, Гэмтэл орчихоод ирлээ гээд Г-гийн баруун гараа боолгосон орж ирсэн. Юу болсон талаар асуухад баарнаас гараад зодоон болсон. Г үл мэдэх хүмүүст зодуулсан. Би хоёр буланд зодуулсан. Тэгээд архины шилээр гараа зүссэн гэж хэлсэн. Тухайн үед Ггийн өмд, цамц, гутал нь нил цус болсон байсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад Г надаас цамц авч өмсөөд гараад явсан. Би баарнаас гараад шууд таксинд суугаад гэр рүүгээ харьсан. Зодоон болох үед би байхгүй байсан. Уг зодоонд оролцоогүй. М зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй. Надад хэлэхдээ танихгүй хүмүүстэй зодолдсон гэж хэлсэн. Ямар шалтгаанаас болсноо хэлээгүй. Манай найз баруун гараа архины шилэнд зүссэн гэж хэлсэн. Тодорхой яриагүй. Манай найз Ггийн баруун чих нь хавдаж, зүсэгдсэн, зүүн нүд нь хөхөрч хавдан, доод хэсгээр зүсэгдсэн байсан. Бааранд орохоос өмнө Ггийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Бид нар гурвуулаа бааранд орсон. Бид нар бааранд хүнтэй маргалдсан, муудалцсан асуудал байхгүй. Бид нар гурвуулаа 0,5 литрийн 1 шил Соёрхол архи, хүний нэг, нэг 0,5 литрийн пиво авч уусан. Бид нар архиа бүгдийг нь ууж дуусгаагүй гарсан. Тухайн үед бид нар гурвуулаа биеэ авч явах чадвартай байсан” /хх-19-20/ гэж,

гэрч М.С “… 2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө “Эргэн дурсахуй” бааранд хамгаалагчаар ажилласан. Шөнө 01 цаг 40 минутын үед хамгийн сүүлчийн дуугаа явуулаад хүмүүсээ шахаж гаргасан. 02 цагийн үед хүмүүсээ гаргаж байхад гадаа зодоон болоод байна гээд таксины жолооч орж ирж бид нарт хэлсэн. Хамгаалагч Б бид хоёр гараад харахад манай баарны хашааны урд талын зам дээр “Өлд хаус” караоке баарны үүдэнд зодоон болоод тарсан. Дөрөв, таван залуу таксинд суугаад явж байсан ба наад талд нь 2 залуу зогсож байсан. Очиход тэнд байсан өндөр залуу нь зүүн нүд нь цохиулаад хавдсан, гарнаас нь цус гарсан зогсож байсан. Тэгэхэд хажуугаар нь замын цагдаагийн алаг машин ирээд уг залууд Гэмтэл рүү яв, Баянголын цагдаад очиж өргөдлөө өг гэж хэлж байсан. Тэгээд нөгөө залуу найзтайгаа цаашаа явсан. Би хамгаалагч Б-тэй буцаад ажил руугаа орсон. Тэр залуугийн баруун гарнаас цус гарсан байсан. Гартаа янз бүрийн юм барьсан харагдаагүй. Бид хоёрыг очиход уг залуу найзтайгаа хоёулаа байсан. Харин зодолдсон гэх залуучууд нь дөрөв, тавуулаа таксинд суугаад явж харагдсан. Тэр зодуулсан гэх 2 залуу манай бааранд үйлчлүүлээд гарсан. Харин нөгөө залуучуудын царайг нь хараагүй болохоор мэдэхгүй байна. Зодуулсан гэх хоёр залуу согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Биеэ авч явах чадвартай байсан. Манай бааранд хэдүүлээ орсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хамт явж байсан жижиг залуутай цуг байсан. Уг залуу 00-н өрөөнд эрүүндээ өтгөн урт сахалтай, өөртэй нь ижилхэн өндөртэй нэг залуутай муудалцаад зогсож байхаар нь салгаад гаргасан. Тэр хоёр хоорондоо гар бариад салсан. Манайх хяналтын камертай” /хх-21-22/ гэж,

гэрч Б.Х “… шөнө 00 цаг өнгөрөөд өөрийн найз М, О, Б, О нарын хамт “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэгээд тэнд бид нар хүний хоёр хоёр пиво захиалаад сууж байсан. Манай найз Б 00-н өрөө орох гэсэн чинь хаалга нь түгжээгүй юм байна. Цуг яваад хаалга дараад өгөөч гээд бид хоёр хамт 00-н өрөөнд орсон. Тэгээд ороход тэнд нэг залуу утсаар яриад зогсож байсан. Би хажуугаар нь зөрөөд найз Бд хандаж заавал надаар хаалга даруулж байхдаа яадаг юм гэсэн чинь хүн татаад мэдэхгүй онгойлгочихвол эвгүй шүү дээ гэсэн. Тэгэхэд тэнд утсаар яриад зогсож байсан залуу та хоёр жаахан чимээгүй байл даа би утсаар ярьж байна гээд над руу хандаж захирангуй уурлаж хэлсэн. Тэгэхэд Б чи юун сүртэй юм бэ чанга ярьсангүй шүү дээ гэхэд хуцаад бай пизда минь гэхэд манай найз чи хүний дуу хорьдог хэн бэ гээд тэр хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхэд нөгөө залуу тулж ирээд хэнийг нь чи харах уу ална шүү, пизда минь гээд хэрэлдээд байсан. Тэгснээ манай найзыг 2 гараараа боож байгаад хана руу толгойгоор нь цохиулаад байсан. Манай найз царай нь улайгаад эвгүй болоод ирэхээр нь би нөгөө залуугийн гарыг тавиулсан. Тэр хоёр дахиад хэрэлдэж байгаад бид хоёр гарах гэтэл нөгөө залуу араас нь боосон. Хажуунаас эрүүндээ урт, өтгөн сахалтай, буржгар үстэй өндөр залуу ирээд нөгөө залуугийн гар руу нь цохиод салгасан. Би тэр өндөр залууд баярлалаа найзаа гэж хэлээд 00-оос гараад ширээн дээрээ суусан. Тэгэхэд нөгөө залуу 00-н өрөөнд үлдсэн. Шөнө 02 цаг болж байхад баар хаалаа гээд бид нар баарны хашаанаас гараад би түрүүлж алхаад таньдаг ах руугаа залгаад такси дуудах гэж байсан. Ар талд хүмүүс бужигнаад байхаар нь эргээд хартал зам дээр манай найз О-ыг 00-н өрөөнд маргалдсан залуу цохиод унагаасан байсан. Манай найз О очоод О-ыг босгоход тэр залуутай хамт явж байсан хоёр залуу нь дайраад хоорондоо ноцолдоод эхэлсэн. Би тухайн үед наана нь болиоч ээ гээд орилоод зогсож байхад тэд нар хоорондоо зодолдоод байсан. Тэгээд тэр зодоон дунд бужигнаж байхад нөгөө өндөр залуу гартаа архины шил бариад тэрийгээ газар цохиод хагалж байсан. Тэгээд нөгөө залуу цаашаа очоод зодолдоод байсан. Манай найз О юун цус болчихвоо гээд орилоод Мы ар хэсгийг хартал цус гараад нурууны хэсэг нь нэлээн том зүсэгдсэн байсан. Тэгэхэд хажуугаар нь цагдаагийн машин ирээд нөгөө залуучуудыг салгасан. Бид нар Мыг аваад таксинд суугаад Гэмтлийн эмнэлэг орсон. Эмнэлэг дээр 1 цагийн дараа нөгөө залуу гурвуулаа орж ирээд бид нар руу дайраад гаръя зодолдоё гээд манай найз О-ыг татаж чангаагаад байсан. Тэгэхэд нөгөө өндөр залуугийн баруун гар нь аймаар зүсэгдээд цус болсон байсан. Тэгээд гэмтлийн цагдаа ирээд нөгөө залуучуудыг аваад явсан. Тэр залуучууд гурвуулаа байсан. Харин бид нар тавуулаа байсан. Бид нар хүний хоёр хоёр пиво уусан байсан. Тэд нар согтуу байсан. Тэр өндөр залуу нэлээн согтуу харагдсан. Тэр өндөр залуу 00-н өрөөнд эхэлж маргаан үүсгээд манай найз Б руу эхэлж дайрсан. Тэр залуучуудыг урьд нь огт харж байгаагүй. Ямар ч байсан шил хагарах чимээ гарахад нөгөө өндөр залуу гартаа архины хагархай шил бариад зодолдож харагдсан. Би тэр залууг манай найз Мыг архины хагархай шилээр гэмтээсэн гэж бодож байна. Бааранд тэр өндөр залуу эрүүндээ сахалтай залуутай маргалдаж харагдсан. Баарнаас гараад өөр хүнтэй муудалцаж зодолдсоныг мэдэхгүй. Манай найз М, Б, О, О нар зодолдсон. Тэд нар гурвуулаа байсан. Би тухайн зодоонд оролцоогүй. Холоос хараад зогсож байсан. Мыг архины шилээр цохиж гэмтэл учруулдаг Г гэх залуу бид нараас түрүүлээд баарнаас гарсан бөгөөд би найзуудын хамт бааранд бараг хүн үлдээгүй шахуу байхад сүүлд нь баарнаас цувраад гарцгаасан ба хамгийн сүүлд би Тоос гал асууж тамхиа асаачихаад хоцорч очоод гадаа найзуудтайгаа нийлээд хамтдаа хашааны хаалгаар гараад би Ттой такси барих гээд урагшаа алхаад гэнэт хойно хүмүүс шуугилдаад эргээд харахад Г манай найз Оыг шууд цохиод унагааж байгаа харагдсан. Тухайн үед Г ямар ч гэсэн баруун гартаа архины шил барьчихсан байсан ба О-ыг цохиж унагахад нь М салгах гэж очиход Г М-тай ноцолдоод цаашаа өнхрөөд унасан. Б мөн салгах гээд оччихсон байгаа харагдсан. Энэ үед Т очоод О-ыг босгох гэхэд Ггийн найз гэх нэг жижиг биетэй залуу хажуунаас орж ирээд Тыг зулгаагаад ноцолдоод байсан ба О өөрөө босож ирээд Г-гийн найз гэх бас нэг тарган шар залуу бас О-тай барилцаж аваад байхаар нь би айгаад ойртож чадахгүй 4-5 метр орчим зайнаас болиочээ гээд орилоод зогсож байсан юм. Нэг харахад Г нь М-ы тийшээ хүзүүнээс нь барьсан архины шилээ газарт цохиж хагалаад очиж байгаа харагдсан. Удалгүй Тяагаад хаячихваа гэж орилоод М-ыг түшиж авахад нуруунд нь Г шил зоогоод авчихсан бололтой, М-ы нуруу ярагдаад цус гарчихсан, мөн Г-гийн өөрийнх нь баруун гарнаас цус гоожчихсон байсан ба  Г та нарыг бүгдийг чинь ална гэж хэлж байсан. Тухайн үед Г нэлээн согтолттой тэнцвэрээ алдаж алхаад байсан болно. Манай найзуудаас М эхлээд Г-г О-аас салгах гэж очиход Г Мтай барилцаж аваад ноцолдоод байсан. Түүнээс биш нийлээд Г-г өшиглөж зодоод байсан асуудалгүй. Бид нар Мыг аваад гэмтэл рүү явахаас өмнө Г-гийн дух орчим нь шалбарснаас өөр ил мэдэгдэх шарх гэмтэл анзаарагдаагүй. Г өөрөө дээгүүр хувцсаа тайлчихсан, нуруун дээр нь шалбарчихсан байсан. Би тэр үед хэн нэг хүнд гар хүрээгүй. Бид нар “Эргэн дурсахуй” бааранд ороод удаагүй байхад Б надтай хамт нойл ороод хаалга дараадах гэсэн би заавал надаар даруулах гээд байгаа юм уу гэх зэргээр хоорондоо ярьж байтал Г гэх залуу хажуунаас чи жаахан чимээгүй байгаач пизда минь би утсаар ярьж байна гэж уурлахад Б намайг боогоод хананд ар дагзаар нь мөргүүлээд сэгсрээд байсан. Тэгэхээр нь би баярын өдөр боль гэж хэлээд Ггийн гарыг арай гэж тавиулсан чинь Б Г рүү чи яахаараа хүн боодог юм гэхэд Г дахин Быг араас нь боосон ба би салгах гээд хүчрэхгүй байсан. Гэтэл нэг танихгүй сахалтай залуу орж ирээд чи ямар онгироо залуу вэ гээд Г-гийн гарыг цохиж тавиулахад баарны хамгаалагч орж ирээд Г-г тэндээс гаргасан юм. Би Бтай хамт ширээн дээрээ очиж сууснаас хойш би ганцаараа тамхи татахаар гарах гээд явж байхад Г гартаа пивоны урт нарийхан бакаль барьчихсан нөгөө сахалтай танихгүй залуугийн араас /нойлд өөрийг нь Баас салгасан/ хөөгөөд явж байхад зөөгч нар нь салгаж байсан. Би гарчихаад буцаж орж ирэхэд бааранд Г манай найзуудын хажууд оччихсон шөргөөцөлдөөд байсан ба манай найзууд ч тоогоогүй холдоод бүжиглэж байсан. Тэр үед хоорондоо маргаан болоогүй, тухайн үед би баарны хамгаалагч махлаг шар залуутай уулзаад түрүүн манай найзыг нойлд боосон залуу энд манай найзуудтай ойрхон бүжиглээд байна. Зодоон цохион хийх вий, нэлээн омогтой залуу байна лээ шүү гэж анхааруулж хэлж байсан . Тэр орой Г өөрөө л бусдыг өдөж хоргоогоод заналхийлээд яваад байсан болно. Баарны гадаа байхад Ггийн нүүр ам аймаар болоогүй байсан. Г бидний араас 2 цаг орчмын дараа гэмтэл рүү ирэхдээ нүүр ам нь айхтар хавдсан байсан. Өөр газар өөр хүнтэй зодоон хийсэн байхыг үгүйсгэхгүй. Манай найзууд бол Г-г нийлж зодоогүй, Г М хоёр л хоорондоо барилцаж авч ноцолдож зодолдоод байсан. Би Мтай багын цэцэрлэгт байхаасаа нэгнийгээ мэддэг, олон жил нөхөрлөж байна. М төлөв даруу зөв хүмүүжилтэй залуу, Б их зөөлөн, найрсаг даруу зантай, надтай 12 жил орчим найзалж байна. Отай мөн би 13 жил орчим найзалж байгаа, хүн чанар сайтай, нийтлэг, сайхан сэтгэлтэй, 4-5 жилийн өмнө хүнд зодуулаад толгойгоо гэмтээж байсан. Бие муутай хүн юм. Тминий дунд сургуулийн найз, дуу цөөтэй, илүү дутуу зангүй, их тусархуу ямар хүнтэй мэндтэй нөхөрсөг залуу болно. Г нь их авиртай, омогтой, архи уухаараа тавьтаргүй, хүн болгон руу агсраад байдаг тийм залуу байна лээ” /хх-25-26, 110-111/ гэж,

гэрч С.М “… 23 цаг өнгөрөөд өөрийн найз Г, Б нарын хамт Цэргийн баяр тэмдэглэхээр “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэгээд тэндээс 1 шил 0,5 литрийн Соёрхол архи, хүний хоёр, хоёр пиво захиалж авч уусан. Тэгээд тэндээ тоглолт үзээд сууж байгаад би түрүүлж гараад такси бариад 10 дугаар хороолол орчихоод буцаад ирэхэд манай хоёр найз баарнаас гараад ирсэн зогсож байсан. Тэнд байсан зургаа, долоон залуу баарнаас гарч ирээд Г рүү нэг нь манай найзыг 00-н өрөөнд боосон залуу байна гээд дайраад байсан. Нэг залуу ирээд намайг цохиход би ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь цагдаагийн машин ирсэн, манай найз Гг зогсоосон нөгөө залуучуудыг бас зогсоосон байсан. Тэгэхэд манай найз Ггийн баруун гар нь нил цус болсон, дээгүүрээ нүцгэн зогсож байсан. Тэр залуучууд такси бариад явсан би Гг аваад такси бариад гэмтэл орсон. Гэмтлийн эмнэлэг дээр боолт хийлгэх гээд очиход нөгөө зодоон хийсэн залуучууд очсон байсан. Баарны гадаа тэр залуучууд долоо, найман хүн харагдсан. Харин зодоон болох үед манай найз Б такси бариад зугатаасан байсан. Би нэг залууд нь цохиулаад ухаан алдаад сэрсэн. Уг зодоон Г ганцаараа оролцсон. Тэр залуучууд баарны гадаа урд талын зам дэр Г рүү манай найзыг боосон залуус байна гээд дайраад байсан. Би бодохдоо хүнтэй андуурсан байх гэж бодож байна. Урьд нь харж байгаагүй. Ггийн ярьж байгаагаар баарны өөдөөс харсан авто угаалгын газрын хяналтын камер байсан гэсэн. Тэр залуучууд Гэмтлийн эмнэлэгт 1 найзыгаа үзүүлж байсан. Ггийн гар зодоон болох үед шилэнд зүссэн гэж хэлсэн” /хх-29-30/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн нэр бүхий хохирогчдийн гэмтэлтэй холбоотой Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн

“... М-ы биед бүсэлхийн нуруунд хатгагдаж, зүсэгдсэн шарх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 3864 тоот /хх-н 32/,

... Г-гийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун тохой, шуу, баруун гарын 5 дугаар хуруу, зүүн бугалга, зүүн хөлийн шагай хэсгийн зулагаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал , цус хуралт, зүүн нүдний доод зовхины шарх, баруун чихний дэлбэн, зүүн мөрний цус хуралт, баруун чихны дэлбэн, зүүн чихны ар хөхлөг хэсэг, хүзүү, зүүн эгэм, баруун дал, баруун бугалганы цус хуралт, зулгаралт, баруун гарын алганы шархууд ба зулгаралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөхгүй” гэсэн 3920 тоот /хх-н 34/,

У.Г-гийн биед тархи доргилт, зулайн хуйхны шарх, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зүүн чихний ар хөхлөг хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацар, баруун тохой, шуу, баруун гарын 5 дугаар хуруу, зүүн бугалга, зүүн хөлийн шагай хэсгийн зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний доод зовхины шарх, баруун чихний дэлбэн, зүүн мөрний цус хуралт, баруун чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөг хэсэг, хүзүү, зүүн эгэм, баруун дал, баруун бугалганы цус хуралт, зулгаралт, гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ггийн биед үүссэн баруун алганы шархнууд баруун гарын 5 хурууны зулгаралт баруун сарвуун зөөлөн эдийн няцрал цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 806 тоот /хх-н 101-102/ дүгнэлтүүд гарсан байна.

 

Иймд прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт У.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б овогт З.М, Б овогт О.О, Т овогт С.Б, Б овогт А.Т нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс нэр бүхий шүүгдэгч нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Үүнд; нэг талаас шүүгдэгч У.Г нь гэмт хэрэг гарах нөхцлийг бий болгосон, нөгөө талаас шүүгдэгч З.М, О.О, С.Б, А.Т нар нь гэмт хэрэг гарч болзошгүйг таслан зогсоох гэхээс илүүтэйгээр гэмт хэрэгт хамтран оролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч У.Г, шүүгдэгч З.М нар гэм буруугийн талаар маргахгүй гэсэн тайлбарыг гаргав.

 

Харин шүүгдэгч О.О, С.Б, А.Тнар хохирогч У.Г-гийн биед гэмтэл учруулаагүй буюу гэмт хэрэг үйлдээгүй гэж, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгуулах, цаашлаад хэрэг хэрэгсэхгүй болгогдсон тохиолдолд шүүгдэгч З.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх гэсэн байр суурийг илэрхийлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөр нотлох баримтуудаар үгүйсгэж чадаагүйг дурдах нь зүйтэй.

Тухайлбал хохирогч У.Г-д учирсан олон тооны шарх гэмтлийг зөвхөн нэг хүн учруулсан гэхэд эргэлзээтэй, гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд нэр бүхий шүүгдэгч нар хамтдаа байсан зэрэг нь уг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдгийн нотолгоо юм.

 

Шүүгдэгч У.Г, О.О, З.М, С.Б, А.Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болно.

 

Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хохирогч У.Ггийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмдийг түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт У.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Б овогт З.М, Б овогт О.О, Т овогт С.Б, Б овогт А.Т нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Г-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.М, О.О, С.Б, А.Т нарыг тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. У.Г, З.М, О.О, С.Б, А.Т нар торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. У.Г, З.М, О.О, С.Б, А.Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

5. Эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж,

хохирогч У.Г-гийн өмсөж явсан гэх цэнхэр өнгийн жинсэн өмдийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар түүнд буцаан олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У.Г, З.М, О.О, С.Б, А.Т нарын урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ