Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02127

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02127

 

 

 

Цэнхэр өрлөг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 12ы өдрийн 184/ШШ2017/01376 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Цэнхэр өрлөг ХХК-ийн, хариуцагч Бүрдэнговь групп ХХК, Грийнхоум ланд ХХК нарт холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт Бүрдэнговь групп ХХК-иас 105 580 000 төгрөг, Грийнхоум ланд ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Бүрдэнговь групп ХХК-ийн Цэнхэр өрлөг ХХК-тай байгуулсан машин, механизм түрээсээр ажиллуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

хариуцагч Грийнхоум ланд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамсранжавын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Грийнхоум ланд ХХК-ийн өмгөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Цэнхэр өрлөг ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Бүрдэнговь групп ХХК-тай машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулан, өөрийн эзэмшлийн Норд бенз маркийн 25-30 тоннын даацтай, автосамосвал /beiben/ 13 ширхэг, Дүүсан 500 маркийн, 3.2 м.куб даацтай экскаватор 1 ширхэгийг тус тус 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Цогт цэций сумын нутагт орон нутгийн таван толгой хөрс хуулалтын ажилд ашиглуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээгээр автосамосвал тус бүрийн 1 сарын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг, экскаваторын 1 сарын түрээсийн төлбөр 40 000 000 төгрөг байхаар заасан бөгөөд мөн гэрээнд түрээсийн төлбөрийг түрээсийн хугацаа эхэлснээс хойш 30 хоногийн дараа төлөх, төлөөгүй буюу төлөх хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд төлбөр төлөхөөр гэрээнд заагдсан өдрөөс эхлэн хэтрүүлсэн хоног тутамд сарын үндсэн төлбөрийн 0.1 хувиар алданги тооцохоор заасан. Гэрээний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр машин механизмуудыг хүлээлгэж өгөхөд Бүрдэнговь групп ХХК-ийн хүсэлтээр 6 ширхэг автосамосвал, 1 ширхэг экскаваторыг тус тус хүлээлгэн өгч, гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр буцаан хүлээж авсан. Энэ хугацаанд Бүрдэн говь групп ХХК-иас түрээсийн төлбөр нэг ч удаа төлөөгүй бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа түрээсийн төлбөрөө төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Дээрх гэрээний дагуу 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээний төлбөр болон алдангид нийт 105 580 000 төгрөгийг Бүрдэнговь групп ХХК-иас гаргуулж, хариуцагч Грийнхоум ланд ХХК-иас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр 100 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Бүрдэнговь групп ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бүрдэнговь групп ХХК нь хэд, хэдэн охин компанитай бөгөөд Грийнхоум ланд ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг. Грийнхоум ланд ХХК нь Бүрдэнговь групп ХХК-ийн охин компани боловч тусдаа бие даасан санхүүтэй, гүйцэтгэх захиралтай байгууллага юм. 2016 оны 9 сард Грийнхоум ланд ХХК нь Язгууртны говь ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Грийнхоум ланд ХХК нь хөрс хуулалтын ажил авсан. Ингээд Грийнхоум ланд ХХК нь Цэнхэр өрлөг ХХК-тай тохиролцож, 10 ширхэг хүнд даацын автомашин, 1 ширхэг экскаватор, нийт 11 тонны тоног төхөөрөмж түрээслэхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Цэнхэр өрлөг ХХК нь 1 ширхэг экскаватор, 5 ширхэг хүнд даацын автомашин нийлүүлсэн. Тодорхой хугацааны дараа 1 ширхэг автомашин нэмэгдэж, нийт 6 ширхэг автомашин, 1 ширхэг экскаватор нийлүүлсэн. Тухайн үед Цэнхэр өрлөг ХХК нь өөрийн эзэмшлийн автомашиныг нийлүүлнэ гэсэн боловч өөрийн эзэмшлийн 2 ширхэг автомашин, 1 ширхэг экскаватор нийлүүлсэн. Үлдсэн 4 ширхэг автомашин нь өөрийн эзэмшлийн биш, хувь хүмүүсийн автомашин байсан. Ингээд Цэнхэр өрлөг ХХК-ийн нийлүүлсэн автомашинууд нь ажлын ачаалал дааж чадахгүй, хүрэлцэхгүй байсан тул Бүрдэнговь групп ХХК дахин гэрээ байгуулсан. 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дээрх автомашинууд дээр нэмээд 13 ширхэг автомашин, 1 ширхэг экскаватор нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл Цэнхэр өрлөг ХХК нь дээрх автомашинуудыг нийлүүлээгүй. Ингээд түрээслэгч тал нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, гэрээнд заасан 13 ширхэг автомашин, 1 ширхэг экскаваторыг талбай дээр авч ирээгүйн улмаас түрээсийн гэрээ нь хэрэгжээгүй. Гэтэл нэхэмжлэгч энэхүү түрээсийн гэрээг хэрэгжсэн мэтээр Бүрдэнговь групп ХХК-иас 105 580 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Грийнхоум ланд ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамсранжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Грийнхоум ланд ХХК нь Язгууртны говь ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн уурхайн 4 ба 8 дугаар амын хөрс хуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон. Энэхүү хөрс хуулалтын ажлын хүрээнд Грийнхоум ланд ХХК-д техник тоног төхөөрөмжийн хэрэгцээ гарсан тул 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Цэнхэр өрлөг ХХК-тай техник түрээслэх тухай гэрээ байгуулж, Doosan DX 500 экскаватор, мөн хүнд даацын ачааны автомашины 10 ширхэгийг түрээслэн гэрээ байгуулсан боловч хүнд даацын автомашинаас 5 ширхэг ирж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр экскаватор ажилд орж, 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс автосамосвалууд ачилт хийж ажилд гарч, ажил эхэлсний дараа 1 автосамосвал ирж 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ажил зогссон. Нийт 20 хоногийн ажил хийхэд нилээн асуудал үүссэн. Жолооч нар түрээслэгч талын шаардлагыг удаа дараа эсэргүүцэн ажилдаа гарахгүй, уурхайгаас яв гэсэн газар руу явахгүй, мөн ээлжийн жолооч байхгүй, ээлжийн жолоочтой байх үедээ оройн ээлжинд гарсан хүмүүс шөнийн 1 цаг гээд ажлаа хийхгүй унтах зэрэг шалтгаанаар экскаваторыг сул зогссон. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээг дуусгавар болсон. Гэрээнд заасны дагуу анхны 10 автомашин ирсэн бол манай компани алдагдалгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. 6 автомашин ирсэн учраас манайх 60 хувьтай ажилласан. Хэрэв манай компани тогтмол 8, 9 автомашинтай явсан бол гэрээнд заасны дагуу төлөвлөсөн ажлаа хийх байсан. 6 автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашин биш. 2 автомашин нь өөрийнх нь гэж хэлдэг ч сайн мэдэхгүй байна. Бид харилцан ярилцаад түрээслэх автомашинаа нэмэгдүүлэхээр тохиролцож, 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Грийнхоум ланд ХХК-ийн толгой компани Бүрдэн говь групп ХХК болон Цэнхэр өрлөг ХХК-ийн хооронд Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулж, 13 ширхэг норд бенз маркийн автосамосвол, 1 ширхэг, Doosan DX 500 эксковатор түрээслэхээр болсон боловч түрээслүүлэгч компанийн зүгээс техникээ талбайд аваачиж өгөөгүй тул уг гэрээ хэрэгжээгүй. Бид өмнөх түрээсийн гэрээг зогсоож, тухайн үеийн ажлын гүйцэтгэлээр нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр харилцан тохиролцож, Таван толгойн уурхайд хөрс хуулалт хийсэн ажлын тооцоо нийлсэн актыг үйлдсэн бөгөөд тухайн үеийн тооцоогоор 26 413 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Жолооч н.Зоригтбаатарын төлбөрт 2 200 000 төгрөг шилжүүлсэн ба энэ нь тооцоо нийлсэн төлбөрийн актын төлбөрөөс хасагдан 24 213 000 төгрөгийн үлдэгдлийг хариуцан, үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Бүрдэнговь групп ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бүрдэнговь групп ХХК нь 13 автосамосвал, 1 экскаватор түрээслэхээр 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цэнхэр өрлөг ХХК-тай гэрээ байгуулсан. Цэнхэр өрлөг ХХК нь Грийнхоум ланд ХХК-тай 10 тоног төхөөрөмж, 1 экскаватор нийлүүлэх гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан техникийг нийлүүлж чадалгүй 6 автомашин, 1 экскаватор нийлүүлсэн. Бидэнд нэмэлт техник шаардлагатай болсон тул нэмж гэрээ байгуулсан. Цэнхэр өрлөг ХХК нь машин, механизмыг хугацаандаа ажлын талбайд ирүүлээгүйгээс уг гэрээнд заасан машин, механизмыг түрээслэхээ больж гэрээ хэрэгжээгүй. Гэрээ байгуулагдах үед Цэнхэр өрлөг ХХК өөрийн эзэмшилдээ дээрх автомашинууд байгаа гэдэг итгэлийг төрүүлсэн. Гэтэл энэ компанид 23 автомашин байгаагүй. Иймд төөрөгдсөн хэлцэл байна гэж үзэж байгаа тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхгэрэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Уг гэрээ нь бичгээр байгуулагдаж, тамга дарагдан, талууд гарын үсэг зурсан. Гэрээ бодит үйлдлээр хийгдсэн байх ёстой. Бодит үйлдэл нь талбай дээр 6 автосамасвол, 1 экскаватор ирсэн бөгөөд түрээсийн төлбөрөө нэхэмжилж байна. Хариуцагч гэрээний үүрэгтэй холбоотой гэрээг цуцлах эрхтэй байсан. Тухайн үед дээрх саналыг гаргаагүй. Гэрээ хэрэгжээд машин, механизм ажиллаж байсан. Иймд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараар хангуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Грийнхоум ланд ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Цэнхэр өрлөг ХХК-д олгож, Бүрдэнговь групп ХХК-иас 105 580 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 185 850 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Грийнхоум ланд ХХК-иас 657 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Цэнхэр өрлөг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Грийнхоум ланд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жамсранжав давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Грийнхоум ланд ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр "Язгууртны говь" ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Таван толгойн уурхайн 4 ба 8 дугаар амын хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Манай компанийн хувьд уг ажлыг хийж гүйцэтгэхэд техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу байсан тул Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулдаг гэж танилцуулсан Цэнхэр өрлөг ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Техник түрээслэх тухай гэрээ байгуулж, Doosan DX 500 эксковатор 1 ширхэг, хүнд даацын автомашин 10 ширхэгийг тус тус түрээслэж ажилд оруулахаар болсон. Гэрээний дагуу түрээслүүлэгч гэрээ байгуулсан өдөр техникүүдийг бэлэн байлгаж ажилд оруулахаар байсан боловч хугацаа алдаж, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Doosan DX 500 экскаваторыг ажилд оруулж, 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирэх ёстой 10 хүнд даацын автомашинаас 5 автомашин ажилд орж, ажил эхэлснээс хойш 1 автомашин, нийт гэрээний дагуу 6 ширхэг хүнд даацын автомашиныг ажилд оруулж, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 20 хоног ажил хийсэн. Гэвч энэ хугацаанд ажилласан 6 ширхэг хүнд даацын автомашин нь гэрээ хийсэн Цэнхэр өрлөг ХХК-ийн автомашинууд биш, хувь хүмүүсийн эзэмшлийн автомашинууд байсан бөгөөд хуваарьт ажлаа цаг тухайд нь хийдэггүй, янз бүрийн шалтаг шалтгаан хэлж ажилд гардаггүй зэргээр нэгдсэн удирдлагад орж ажлаагүйгээс манай компанийн Язгууртны говь ХХК-тай байгуулсан гэрээт ажил тасалдахад хүрсэн тул бид аргагүйн эрхэнд гэрээт ажлаа зогсоох болсон. Үүний дараа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр машин техникийн эзэмшигч нэг бүртэй тооцоо нийлсэн бөгөөд тухайн үеийн тооцоогоор нийт 26 413 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахаас өмнө жолооч н.Зоригтбаатарын төлбөрт 2 200 000 төгрөг шилжүүлсэн байсан учир, хэрэг маргаан шийдвэрлэх үед тооцоо нийлсэн актын үлдэгдэл 24 312 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдлийг бид төлөхөд татгалзах зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн. Манай компанийн зүгээс тооцоо нийлсэн актыг хариу тайлбарын хамт шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хэргээс уг тооцоо нийлсэн акт байхгүй болсныг мэдэж тооцоог нотлох боломжгүй болсон. Энэ байдлыг шүүхэд хэлж нотлох баримт дахин гаргаж өгөх боломжоор хангаж, өмгөөлүүлэх эрхээр хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Цэнхэр өрлөг ХХК нь хариуцагч Бүрдэнговь групп ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 105 580 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Грийнхоум ланд ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 100 000 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Талууд түрээсийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч Грийнхоум ланд ХХК нь түрээслэж буй машин механизм нь нэхэмжлэгчийн эзэмшлийнх бус байсан, түрээсийн төлбөрийг эзэмшигч этгээдэд нь төлсөн энэ үйл баримтыг нотлох зорилгоор тооцоо нийлсэн актыг шүүхэд гаргаж өгөх боломжоор хангуулах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг зөрчсөн гэж үзнэ. Хариуцагчийн гаргаж буй хүсэлт нь маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байж болохоор байна.

Нөгөөтэйгүүр шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа хийгээгүй, зөвхөн гэрээнд үндэслэж дүгнэлт хийснийг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ.

Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12ы өдрийн 184/ШШ2017/01376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Грийнхоум ланд ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД