Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 164

 

-

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Алтанлхам,

Улсын яллагч: Я.Дина,

Шүүгдэгч: Т.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Динаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц ургийн овогт Т-ын П-д холбогдох 1835003050184 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1951 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, одоо тэтгэвэрт, ам бүл 1 Увс аймгийн Улаангом сумын 7-р багийн 20-25 оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ОГ51061011 дугаарын регистртэй, Ц ургийн овогт Т-ын П.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.П нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Т.П хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Т.П нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Тодруулбал, хохирогч Т.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Улаангом сумын 12-р багт амьдардаг юм. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөө би өөрийн төрсөн дүү Б-г эмнэлэгт үзүүлэхээр гэрээс гараад хамтдаа Улаангом сумын 12-р багт байх Шунхлай шатахуун түгээх станцын орчим явж байтал манай аавын төрсөн дүү Б ах ачааны машинтай ирж зогсоод бид хоёрыг гэр нүүлгэлцээд өгөөч хүн олдохгүй байна гэсэн. Тэгээд Улаангом сумын 7-р багт байх Ажилчины хорооны доод талд хашаанд очсон. Тухайн хашаанд манай өвөөгийн ах болох П, П-гийн хүү З, П ахын гэр байдаг. П ах энэ хашаанаас нүүх гээд Б ах, Б бид гурвыг туслуулахаар авч очсон юм. П ах бол манай хүргэн юм. Тэгээд П ахын гэрлүү дүү бид хоёр ороод гэр орныхон эд зүйлийг янзлаж байтал гадаа Б ах, Б гээд эгчтэй маргаж хэрэлдээд байсан тэр хоёр хүнийг яг ямар шалтгаанаас болж маргаж хэрэлдээд байгааг би мэдээгүй. Б бол П ахын бэр нь юм. Тэгж байтал П ах Б ахтай маргалдаад эхэлсэн тэр хоёрын маргааныг ч гэсэн би ойлгоогүй ер нь дүү бид хоёрыг ирэхээс өмнө тэд нар хорондоо маргалдчихсан байсан юм шиг байсан. Тухайн үед гэрийн хана, унь, тооныг нь буулгаагүй бариатай байсан ба би дүүтэйгээ гэр дотор юм янзлаж байтал П ах Б-тай маргалдаж байгаад намайг харчихаад над руу уурлаад чи найрны өдөр их юм хэлсэн гэсэн гэхээр нь би урдаас нь П ахад би найрны өдөр юу гэж хэлсэн юм гэж асуухад чам шиг гичий надтай юм ярих болоогүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би урдаас нь би яахаараа гичий болчихдог юм, та өөрөө олон охинтой биз дээ гэхэд чи угаасаа гичий шүү дээ гэж хэлээд гэрийн хаалгаар орж ирээд над руу дөхөж ирэхээр нь би П ахаас би найрны өдөр таньд юу гэж хэлсэн юм гэхэд миний өмнөөс юу ч хэлээгүй байснаа намайг санаандгүй зогсож байтал миний баруун талын чих рүү зүүн гараараа нэг удаа хүчтэй алгадсан. Тэгэхэд миний толгой эргээд тэр хооронд ухаан балартаад чих шуугиад газар унасан юм. Тэгээд нэг мэдэхэд манай дүү Б намайг өргөөд босгож байсан. Би орон дээр суугаад ээж рүү утсаар залгаад уйлаад ярьсан ба ээжид П ах намайг зодчихлоо миний чих өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд манай ээж, Гэрэлмаа хоёр ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Намайг П зодож байхад миний хажууд миний дүү Б байсан. Харин гэрийн гадна Пунсанцог, Б нар байсан ба тэд нарыг харсан үгүйг нь би мэдэхгүй байна. Би П гэдэг хүн миний аав Түвшинжаргалын аавынхан төрсөн ах буюу миний авга ах юм. Миний биеийн байдал одоогоор дунд зэрэг байгаа ба оройд миний баруун чихээр хатгаж өвдөөд дүнгэнээд байгаа. Чихний эмч хэлэхдээ хэнгэрэг дээр хальс нөхөх эмчилгээ хийнэ гэсэн. Хохирлын тал дээр одоохондоо эмчилгээ бүрэн хийгдээгүй учир дараа хохирлын тооцоогоо гаргаж өгнө. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлттэй танилцсан. Дүгнэлт холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй.” /хх-ийн 13-14 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Т.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би одоогоор 9 сартай жирэмсэн бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр миний төрсөн эгч Б намайг өрхийн эмнэлэгт үзүүлэхээр дагуулаад явж байтал Улаангом сумын 12-р багийн нутаг Шунхлай шатахуун түгээх станцын ойролцоо манай авга Б ахтай бид хоёр таараад Б ах бид хоёрыг гэр нүүлгэх гэж байна гэрийн доторх аяга таваг янзлаад өгөөч гэхээр манай эгч Б явна гэхээр нь би дагаж явна гэж хэлээд бид хоёр Б ахын машинд суугаад Улаангом сумын 7-р багт байрлах Өлзий бөөний төвийн гудамжаар доош ороод нэлээн явж байгаад манай аавын авга ах П-гийн хашааны гадна очиж зогссон юм. Тэр хашаанд П ахын гэр, П ахын хүү Золоогийн гэр, аавын төрсөн дүү Н эгчийн гэр байдаг юм. Тэгээд эгч бид хоёр хашаа руу ороод Пунсанцог ахын гэрлүү ороод гэрийн дотор байсан аяга таваг зэрэг зүйлийг янзлаад байж байтал П ахын бэрэн болох Б эгч Б ах руу уурлаад хэрүүл хийгээд айлын гэр дур мэдэн нүүлгэлээ гээд уурлаад байсан юм. Б эгч Б ахтай урд өмнө нь ямар шалтгаанаас болж маргалдсныг нь би мэдэхгүй. Харин тухайн үед Б эгч уурлаад хэрүүл хийгээд гүйгээд байснаас биш Б ах урдаас нь ямар нэгэн үг хэлж хэрэлдээгүй болно. Эгч бид хоёр гэрийн доторх эд зүйл янзлаад байж байтал гэрийн гадна Б ах, П ах гэрийн гаднаас бүрээс, дээвэр, туурага зэргийг буулгаж байтал гэнэт П ах гарч ирээд Б ах руу хандаж уурлаад хэрүүл маргаан хийсэн. Гэрийн гаднах дээвэр туурга зэргийг буулгаад эгч бид хоёр гэр дотороос гадна байгаа хүмүүст харагдаж эхэлсэн. Тэгтэл П ах Б ахтай маргалдаж байгаад манай эгч Б-ыг харангуутаа эгч рүү хандаж чи найрны өдөр их олон зүйл ярьсан гэсэн билүү гээд хуруугаараа эгчийг гичий минь гээд согоодоод байсан. Тэгтэл манай эгч П ахад хандаж та өөрөө олон охидуудтай байж намайг ингэж доромжлож болохгүй гэж хэлэхэд П ах уурлаад аймар олон юм яриад гэр тойроод хаалгаар нь орж ирээд эгч рүү дөхөж очоод гэнэт манай эгч Б-ыг зүүн гараараа баруун талын чих рүү хүчтэй нэг удаа алгадахад манай эгч газар унасан ба газар унахдаа хажуу талд нь байсан хуванцар баанан дээр биеэрээ уначихсан юм. Тэгээд манай эгч унасан газар нэг сонин болчихоор нь би эгчээ өмөөрөөд П ахыг манай эгчийг дахин зодохоос нь өмнө дундуур нь орж салгаад цааш түлэхэд П ах гараад явчихсан. Манай эгчийг П ахын ач охины найрны өдөр их юм ярьсан гэж хэлээд зодсон бөгөөд П ахааас өөр хүн эгчийг зодоогүй” /хх-ийн 15-16-р тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын 7 багийн 20-15 тоотод байх хашаандаа байж байсан манай хадам аав Т.П бид нартай хамт байсан манай хашаанд байсан Д.П гэх манай хадамын хамаатны айл байсаныг Б гэх эхнэрийнх дүү залуу ямар нэгэн хэл үггүй ирээд портер машинаар гэрийг цуцаад ачсан юм. Тэгээд би уурлаад Х.Б гэх манай хадамын залууг чи яагаад хэл үггүй айл нүүлгэж байгаа юм гэж загнасан юм. Урьд нь Х.Б-ын хуучин хөлдөөгчийг манайх авч ирээд найраар хэрэглээд мах хийчихсэн байсныг авна гэж манай хадам аав Т.П-тэй маргалдаад тэр өглөө явсан юм байна лээ. Би тэрнийг мэдээгүй тэгээд хүргэн ахынхаа гэрийг нүүлгэж авч байсан. Тэр өглөө Х.Б хөлдөөгчөө авна гэхэд хадам аав Т.П 3 хоног байлгаж бай манай хөлдөөгч зайгүй байна гэж хэлсэн юм байна. Х.Б нь хөлдөөгчөө авна гэсэн юм байна. Тэгээд хадам аав гомдоод тэгвэл та нар нүүж зайл гэж хэлсэн гэсэн. Т.Б манай хадам аав Т.П-тэй хэрэлдэж маргалдаад манай хадам аав Т.П-г удахгүй үхэх гэж байгаа хөгшин төгцөг минь дуугүй бай гэж хэлсэн юм. Тэгээд манай хадам аав Т.П гэрийн гадна байснаа тойрч алхаж гэр лүү ороод Т.Б-ыг нэг удаа зүүн гараараа толгой орчим газарт нь алгадсан юм. Би бас уурлаад Т.Б-ыг чи настай хүнийг юу гээд доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд Т.Б намайг чамд ямар хамаатай юм бэ янхан минь гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдсан юм. Тэгээд тэдгээр хүмүүс цагдаа дуудаад бид нар цагдаагийн байгуулага дээр ирсэн юм. Тухайн үед манай хадам Т.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Т.П миний хадам юм. Бид нар одоо нэг хашаанд хамт амьдардаг. 2010 онд эхнэр нь нас барсан, 2014 онд бага охин нь нас барсан. 2016 онд даралт нь хагас харвасан одоо бие нь дунд зэргийн байгаа хүний асрамжинд амьдардаг юм. Манай хадам аав Т.П нь хүнд тусархаг эелдэг зөөлөн зантай, хүнтэй харьцах харьцааны соёл сайтай, шулуун шударга зантай буруу зүйл хийж байгаа хүнд сургаалын үг хэлдэг хүн юм.” /хх-ийн 17-18-р тал/ гэх мэдүүлэг,

гэрч Х.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 08 сарын 27-ны өдөр өөрийн авга ах Т.П нь манай мах хийдэг хөлдөөгч түр хугацаагаар авч найрны махаа хийгээд ашиглаж байсныг би авмаар байна гэж хэлсэнд Т.П ах уурлаад намайг нүүж яв хашаа суллаж өг гэж надад хэлсэн. Тэгээд би захаас хөлсний портер машин авч ирээд хүргэн ах Д.Пунсанцогвоогийн гэрийг ачиж байсан. Тэгэхэд ахын охин Т.Б, Т.Б хоёрыг авч ирээд гэрийн эд зүйл янзлуулж байтал Б Б хоёр муудалцаад байж байтал авга ах Т.П Т.Б-ыг нэг удаа алгадсан юм. Тэр үед Т.Б газарт унасан, өөр ямар нэгэн зодоон цохион тухайн үед болоогүй юм. Т.П нь миний төрсөн аавын ах нь юм. Урьд өмнө нь бид нартай муухай ааш зан гаргаж муухай харьцаж байгаагүй насаараа төрийн албанд ажилсан шулуун шударга зантай хүн юм. Одоо ганцаараа амьдардаг.” /хх-ийн 19-р тал/ гэх мэдүүлэг,

гэрч П.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би 2018 оны 08 сарын 27-ны өдөр Улаангом сумын 12 багийн 5-13 тоотод байх өөрийн гэртээ байж байтал 12 цагийн үед манай охин Т.Б над руу утасдаад Улаангом сумын 7-р багийн нутагт байрлах манай хадамын төрлийн Т.П-гийн хашаанд эгч Т.Б хүнээр цохиулаад ухаан алдаад уначихлаа гэж надад утсаар хэлсэн. Би такси бариад уг айлд очиход манай хоёр охин босчихсон уйлаад сууж байсан, би юу болсон юм бэ гэж асуухад Т.П-гийн бэр чиний охиныг зодчихлоо яадаг юм бэ гэж хэлсэн. Тэр үед Т.П би чиний охиныг зодчихсон юм, чиний хүүхдийг би зодохоор яадаг юм бэ гэж хэлсэн миний охин Т.Б нь тухайн үед баруун талын чих нь улайсан байдалтай чихээ дарсан уйлж байсан ба намайг Т.П ах миний чих рүү цохьсон гэж надад хэлж байсан. Тэдгээр хүмүүс чи чаддаг юм бол цагдаагаа дууд гээд над руу орилоод байхаар нь би тухайн үед цагдаа дуудсан юм. Тухайн үед Т.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.” /хх-ийн 20-р тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Т.П-гийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед гэртээ байж байтал миний төрсөн дүү Хүрлээгийн хүү Б манай хашаанд байдаг Д.Пунсанцогвоогийн гэрт ирээд тэднийд Т.П ахаас хөлдөөгчөө авч хүнд өгнө гэж хэлж байсныг би сонсоод Д.П-гийг гэрт орсон. Би Х.Бд чиний аавд чинь амьд байхад би өөрийн зил гэдэг хөргөгчөө чамд өөрт чинь өгч явуулж байсан шүү дээ. Аав Т.Х чинь бие нь муу байхад би махаа хөлдөөж идэж байг гэж зил хөргөгчөө өгөөд явуулсан буцааж аваагүй бүрмөсөн өгсөн. Саяхан манай хүү З охиныхоо найр хийсэн, хөлдөөгчийг манайд тавиад найранд хэрэглэсэн махнаас үлдсэн хэсэг болсон махыг хийсэн байгаа. Чи наад хөлдөөгчөө манайд 3 хонуулчих би дотор нь байгаа махаа янзалж авъя гэж Х.Б-д хэлсэн. Тэгээд миний дургүй хүрээд уг хашаа нь миний төрсөн хүү П.З-гийн хашаа юм, та нар ингэж муухай зан гаргаж байгаа бол хүүгийн хашаанаас хөлдөөгчөө аваад хурдан нүүцгээ гээд би Б-д бухимдсандаа хэлээд би уг хөлдөөгчийг суллаад гэрээсээ гаргаад П-гийн гэрийн гадна тавьчихсан юм. Тэгээд би гэртээ ороод байж байтал Д.П, Х.Б хоёр гарч яваад Улаангомын захаас нэг хөлсний портер маркийн машин авч ирээд шууд гэрээ буулгаад ачсан юм. Тэр үед манай бэр М.Б гараад Д.П, Х.Б нарт та нар яагаад нүүж байгаа юм бэ хоёр жил энэ хашаанд амьдарчихаад юу болчихоод хэл үггүй юунаас болж нүүж байгаа юм бэ гээд Х.Б манай бэр М.Б нар хоорондоо хэрэлдэж байсан. М.Б та нар хөгшин хүнээр үг хийгээд юу гэж нүүж байгаа юм бэ гэж хэлж байсан. Тэр үед би гэрээсээ гараад очсон байсан ба Т.Б, Т.Б нь нар ирсэн гэрийн талын эд зүйлийг янзлаад зогсож байсан. Тэгээд Т.Б нь манай бэр М.Б-тэй маргалдаж янхан гэж хэлж байгааг сонсоод би Т.Б-д чи бас хөгшин хүнтэй нөгцөөд жирэмсэн болоод хүүхдээ дутуу гаргаад сургуулиа орхиод явж байгаа хүн шүү дээ чи, чи бас янхан биш юм уу гэж хэлсэн чинь Т.Бд над руу муу хөгшин зөнөг чи үхэж далд орохгүй бидэнд битгий гай бол гэж над руу баруун гараараа салаавчаа гаргахаар миний уур хүрээд хөгшин хүнийг ингэтлээ доромжилж байдаг юм бэ гээд би гэрийн гадна байснаа гэрийн дотор тал руу нь ороод Т.Б-ыг нэг удаа зүүн гараараа хацар орчим газарт нь алгадсан юм. Тэр үед Т.Б газарт унасан юм. Тэгээд байж байтал ээж, нагац эгч нар нь ирээд миний хүүхдийг яагаад цохиж байгаа юм бэ гээд тэр хүн над руу хандаж чамайг цагдаад өгнө гэж хэлсэн. Тэр үед нагац эгч нь намайг та хуульч хүн бил үү та хуульчидаараа арын хаалгадаад гарах гэж байгаа юм уу гэж хэлэхэд би манай хуульч нар харыг цагааруулж цагааныг харлуулдаг хүмүүс биш чи цагдаадаа өгч шийдүүл гэж би хэлсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэл байхгүй болно. Би олон жил шинжилгээ хийсэн О.П эмчийн дүгнэлтэнд би итгэж байна. Би Улаангом сумын 7-р багт хүүгийн хашаанд амьдардаг юм. Би өндөр насны тэтгэвэр авдаг сардаа 467.000 төгрөгний тэтгэвэртэй, өөр орлого эд хөрөнгө байхгүй эсгий гэрт ганцаараа амьдардаг хүн юм. Би хамаатны охин Т.Б-ыг цохиж гэмтээсэндээ гэмшиж харамсаж байна. Энэ үйлдэл хийхэд миний зүрх хааяа нэг өвддөг нөлөөлсөн байх гэж би үзэж байна” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Т.П-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Манай охины хурим саяхан болсон бөгөөд миний бие тэр үйл ажиллагаанд оролцоод өөрийн дүүгийн хүүхдийн гэрээс хөлдөөгч аваад хуримын үеэр хэрэглэх махыг хадгалаад байж байтал хүүхэд нь ирээд хөлдөөгчөө авна гэхээр нь миний уур хүрсэн. “Чиний аав, миний дүү Х гэрлэж байхад би өөрийн Зил хөргөгчөө өгөөд хэрэглүүлж байсан. Ийм зан гаргах юм бол миний хүргэний гэрээс явцгаа гэж хэлсэн. Гэтэл манай бэр та нар хөгшин хүнийг ийм байдалтайгаар явуулж болохгүй гэж хэлэхэд миний бие эвгүй болоод гараад явсан. Гадаа байтал хохирогч болох Б манай манай бэрийг “чи муу янхан” гэж хэлэхээр нь би өмөөрөөд “чи янхан бишдээ сургуулиа хаяаад өөрөөсөө олон насаар ахмад хүнтэй нөхцөөд, хүүхдээ хүртэл дутуу гаргасан юм уу?” гээд хэлчихсэн. Гэтэл намайг “муу хөгшин чи үхэж далд ор, бид нарт битгий гай бол” гээд миний өөдөөс салаавч гаргасан. Надад хэцүү санагдаж цочрон давчдсны улмаас алгадчихсан. Би тухайн үед буруу зүйл ярьж байна, ингэж болохгүй гэж хэлэх чадвар байсан боловч тухайн үед гэнэт давчдаад алгадчихсан. Хажууд нь байсан хохирогчийн дүү охин яагаад миний эгчийг цохиж байгаа юм гэж хэлсэн. Би чи жирэмсэн хүн өвөөгийнх нь буруу гээд гарсан. Одоо миний нас дээр гараад амархан гомдож, баярладаг болсон байна. Энэ хэргээс болж саахарын өвчин маань сэдэрч зүрхэнд нөлөөлсөн, эмнэлэгээр удаан хугацаанд явж байна. Ухаан балартаж, зожигрол ганцаардлын өвчтэй болсон. Хөгшин би болчимгүй хэрэг хийсэн уучлалт гуйж байна гэж хохирогч Б байсан бол би хэлэх байсан. Хөгшин хонины насгүй болсон хүн шүү дээ би. Эхнэр, хүүхдүүдээ, мөн 2 дүүгээ алдсан зовлон үзэж явна. Одоо цаашдаа эрүүл саруул амьд л байж байвал охины эрүүл мэндийн төлөө анхаарах арга хэмжээ авна. Хэнгэрэгийн хальс нөхөх хагалгааг манай аймагт хийдэггүй. Улаанбаатар хотод хийдэг гэсэн” гэх мэдүүлэг,

 

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Т.Б-ын баруун талын чихний хэнгэргэн хальс урагдсан гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх 573 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Т.Б-ын баруун талын чихний орчим нэг удаа гараар цохисон үйлдлийн улмаас хохирогч Т.Б-ын биед хөнгөн гэмтэл учирсан үйл баримт нотлогдож тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

Хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд хохирогч Т.Б, шүүгдэгч Т.П нар төрөл садангийн холбоотой буюу шүүгдэгч нь хохирогчийн авга буюу өвөөгийнх нь төрсөн ах байх бөгөөд тухайн өдөр нэг нэгнээ үл хүндэтгэсэн, буруу ойлголцсон, гомдоосон харилцаанаас үүдэж гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Т.П хохирогч Т.Б-ыг цохисон үйлдлийн улмаас хохирогчийн баруун талын чихний хэнгэргэн хальс урагдсан гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 573 дугаар дүгнэлт /хх-ийн 23 тал/-ээр тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Т.П-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Т.Б нь “...Одоо эмчилгээ бүрэн хийгдээгүй учир дараа хохирлын тооцоогоо гаргаж өгнө” гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн бөгөөд шүүхийн шатанд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.П-гээс гаргуулах хохиролгүй гэж үзлээ.

 

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д “иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж заасны дагуу хохирогч Т.Б нь өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Х.Б, Б.Д нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1588 дугаар тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, улсын бүртгэлийн хэлтсийн болон автотээврийн төвийн лавлагаа /хх-ийн 19, 21, 37-38, 42-45 тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.П нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 20-25 тоотод ганцаараа амьдардаг, тэтгэврээс өөр орлого, эд хөрөнгө байхгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.П-гийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасны дагуу шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд буюу сард 56.250 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Т.П-д тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 

            Шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц овогт Т-ын П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц овогт Т-ын П-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.П-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

5. Шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйилйн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Б өөрт учирсан хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.П-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА