Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 766

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Н.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805044850884 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хот, Багахангай дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 4 дүгээр курсын оюутан, Германы “Залуучдийн хөдөлмөр эрхлэлтийг төсөлд” туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт оршин суух,

ял шийтгэл; 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

дугаарын регистртэй, Д овогт Н.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Н.Б 2018 оны 8 дугаар сарын 24-ний орой Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Ахуйн үйлчилгээний төв”-д үйл ажиллагаа явуулдаг “Ритм” бүжгийн клубын гадна хохирогч Б.А-тай маргалдан биед нь хүч хэрэглэн халдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын доторх салстын зулгарсан өнгөц шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугийн талаар маргах зүйлгүй тул дахин мэдүүлэхгүй. Хүн зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б.А “… 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 21 цагийн орчим Ахуйн үйчилгээний төвд байрлах “Ритм” бүжгийн клубт найз эмэгтэй О-тoй бүжиглэж байгаад манай найз охин бүжиг дуусаагүй байхад намайг таксны 2000 төгрөг өгчихөөрэй гээд найзынх руугаа явсан. Тэгэхээр нь би эмэгтэйчүүдийн таксны мөнгийг эмэгтэйчүүдийн өрөөнд авдаг болохоор таксны мөнгийг өгөх гээд эмэгтэйчүүдийн хувцасны өрөө рүү орсон чинь такс авдаг хүний наад талд текний орчимд нэг эмэгтэй хувцсаа солиод байж байснаа намайг хараад … хүүш яаж байгаа юм бэ ... гэхээр нь би өөдөөс нь юм дуугарахгүйгээр таксны хүнд 5000 төгрөг өгсөн чинь хариулт мөнгө байхгүй гэхээр нь би буцаж мөнгөө авч гараад задлаад 2000 төгрөг таксны хүнд буцаагаад аваачаад өгсөн чинь түрүүн хувцсаа сольж байсан эмэгтэй намайг ... чи мэдрэл юм уу хаашаа юм дахин дахин хувцасны өрөөнд орж ирээд ... гэхээр нь би таксны мөнгөө өгчихөөд явж байна, сүртэй юм гэж хэлчихээд буцаж гарч ирээд эрэгтэй хувцасны өрөөнд хувцсаа сольж байсан чинь нөгөө эмэгтэй буюу Баяраа нь над дээр хүрч ирснээ ... чи намайг доромжилсон хачин гөлөг минь чамайг амьтан болгоно шүү... гээд байхаар нь би өөдөөс нь ... чи тэгэж чадах уу... гэсэн чинь өөдөөс ... чи харах уу... гээд хэрүүл хийгээд байхаар нь би ... уучлаарай гэж Б-д хэлсэн чинь хамт явж байсан Ц гэх эмэгтэй ... уучлаарай гэж байна ш дээ... гэж хэлээд Б-тэй хамт хувцасны өрөөнөөс гарч явсан. Тэгээд би хувцасаа солиод бүжгийн клубээс гараад үүдэн дээр нь гарч ирсэн чинь үүдэн дээр 4-5 залуу зогсож байснаа Б гэх бүжиглэдэг залуу шууд намайг чиглэж ирснээ юу ч дуугараагүй 20-оос 30 удаа цохьсон. Тухайн үед би зөрүүлээд Б-г цохьсон. Тэр үед Б-н найз гэх дээгүүрээ саарал жилетиктэй залуу миний цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед О бүжгийн багш салгасан. Хажуу талаас Б, Ц хоёр барьж байсан усаа цацаад хэрүүл хийгээд хараагаад байсан. Тэгээд Б ирж намайг 1 удаа нүүр рүү алгадсан. Би тухайн үед цагдаад дуудлага өгсөн. Намайг Б зодох үед би өөрийгөө хамгаалж довтолгооныг зогсоох гэж оролдох үед учирсан. Тухайн үед намайг цохиод зодоод байхаар нь би өөрийгөө хамгаалж Б-н нүүр толгойн орчимд 2-оос 3 удаа гараараа цохьсон. Тухайн үед Б-н үйлдлийг өөр аргаар зогсоох боломжгүй байсан. Үгийн зөрөөгүй цохиж байсан. Б намайг ганцаараа цохиж зодсон. Тэрнээс өөр хүн зодоогүй. Би өмнөх мэдүүлэг дээр болсон явдлыг тодорхой санахгүй байсан. Дараа нь тодорхой санахад Б-тэй хамт явсан хүмүүс салгах гэж бид хоёрын дундуур орсон. Тэрнээс намайг Б өөр хүнтэй нийлж цохиж зодоогүй ганцаараа зодсон. Тухайн үед Б миний нүүр, толгой руу гараараа 10 удаа орчим цохьсон. Тэр үед Б үгийн зөрөөгүй цохиод зодоод байсан болохоор би үйлдлийг нь зогсоох гэж өөрийгөө хамгаалж өөдөөс нь 2-оос 3 удаа цохьсон. Би Б-тэй харилцан сайн дураараа эвлэрсэн, миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэж /хх-н 9-10, 53-54/ мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Б.А-н гэмтэлтэй холбоотой “А-н биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зулгаралт, доод уруулын зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын доторх салстын зулгарсан өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 17/ гэсэн 10470 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Н.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.А “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ... хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 61/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүгдэгч Н.Б цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй.

 

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Д овогт Н.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Н.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Н.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.Б урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ