Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 781

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805044430867 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 6-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 6; эцэг, эх, дүү нарын хамт, ял шийтгэлгүй,

дугаарын регистртэй, Б овогт Б.Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.Б 2018 оны 8 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сод Монгол шатахуун түгээх станцын орчим авто замын эгнээ байр эзлэхээс үүдсэн маргааны улмаас хохирогч Р.А-н биед баруун хацар ясны нумын зөрүүтэй далд хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Хохирогчид эмчилгээний зардлын 575.100 төгрөгийг өгсөн гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Р.А “… 2018 оны 8 дугаар сарын 23-ны орой 19 цагийн үед Баруун дөрвөн замаас баруун тийшээ явах замд эгнээ байр эзлэх үед ам зөрж маргалдсан. Маргалдаад машинд сууж байх үед бууж ирээд баруун гараараа нүүр рүү нэг удаа цохьсон. Чи яахаараа зүгээр байсан хүнийг зоддог юм гэж хэлээд цагдаа дуудсан. Буцаж машиндаа суугаад наанаасаа зайл гэж хэлсэн. Ээж нь бууж ирээд энийгээ ав гэж хэлээд хөл рүү машинаар мөргөсөн. Манай хүүхэд надтай хэрэлдээд ууртай явж байсан. Тэр үед нь чи таараад гай боллоо гэж хэлсэн. Явна гээд байхаар нь иргэний үнэмлэхийг нь авч үлдээд явуулсан. Зам дээр явах үед эгнээгээ солих гэж маргалдсан. Гараараа баруун шанаанд нэг удаа цохьсон. Тэр үед миний хажууд сууж байсан нэг эмэгтэй байсан. Гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. 15 хоног ажилдаа явж чадаагүй цалингаа гаргуулж авмаар байна” /хх-5-6/ гэж,

гэрч О.Э “… 2018 оны 6 дугаар сарын 17-ны 22 цагийн үед Б-тэй уулзах гээд утсаар залгасан чинь би нэг хүнтэй маргалдаад тэр хүнийг цохьсон чинь цагдаад өрөгдөл бичээд өгсөн байна гэж хэлж байсан. 2 хоногийн дараа уулзахад нилээн сэтгэлээр унасан байдалтай байсан.

Болсон асуудлын талаар надад хэлж байсан. Нэг Приус баруун талаас шахаад, эсрэг талд явж байсан машин шүргэх шахаад буугаад яаж байгаа юм бэ гэсэн чинь өөдөөс яадаг юм пизда минь гээд салаавч гаргахаар нь өөрийн мэдэлгүй уур хүрээд очоод цохьсон гэж хэлсэн” /хх-12/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Р.А-н гэмтэлтэй холбоотой “Р.А-н биед баруун хацар ясны нумын зөрүүтэй далд хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” /хх-н 14/ гэсэн 10616 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа түүний хувийн байдал /үүнд; нэр бүхий гэрчүүд мэдүүлсэн/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч Б.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Р.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон   

      ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б.Б-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Р.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ