Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 208/МА2019/00014

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2019/00073/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

Оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гомдлоор *******ын нэхэмжлэлтэй Улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн намын хорооны шийдвэрээр 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын орлогч дарга, нийтийн аж ахуйн хэлтсийн даргаар ажилласан. 1989 оны 07 дугаар сараас газрын даргаар дэвшин 1990 оны 08 дугаар :арын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны гишүүн хоршооны дарга нарын хурлаар тухайн холбооны даргаар сонгогдон ажилласан. Ингээд би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байгаад хөдөлмөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгсөн ба 1997 оноос тухайн хоршоодын холбооны үйл ажиллагаа нь зогссон энэ үед тухайн холбооны хүмүүс миний хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн тухайн үед өндөр насны тэтгэвэрт гарах хөдөлмөрийн дэвтрийн талаар ч бодож байсангүй. Харин одоо тэтгэвэрт гарах болсон үед хэрэг болдгийг ойлголоо.

Иймд намайг 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбоонд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 106 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хөвчийн жонон ван овогт Шийтэрийн Отгонбаярыг Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл орлогч даргаар, 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:... Миний бие 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбоонд ажиллаж байснаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 106 тоот шүүхийн шийдвэрээр 1990 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбоонд даргаар ажиллаж байсан хугацааны ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний гомдлыг хүлээн авч нэхэмжлэлийг минь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэн ******* нь 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын орлогч дарга, нийтийн аж ахуйн хэлтсийн даргаар, 1989 оны 07 дугаар сараас газрын даргаар 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны гишүүн, хоршооны даргаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох хүсэлт гаргагчийн 290389 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн нийтийн аж, ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 06 сарын 23-ны өдрийн 51 дугаартай Машин шилжүүлэх тухай, 1989 оны 04 сарын 01-ны өдрийн 103 дугаартай Шагнал олгох тухай, 1990 оны 08 сарын 02-н өдрийн 214 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1990 оны 08 сарын 16-ны өдрийн 233 дугаартай Улирлын ажиллагааны шагналт цалин олгох тухай тушаалуудын хуулбар, гэрч Ш.Бямбасүрэн, С.Сарантуяа, П.Лизда, Б.Сүхбаатар, М.Лут-Очир, С.Тунгалагбуянт нарын хамт ажиллаж байсан тухай мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 106 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хөвчийн жонон ван овгийн Шийтэрийн Отгонбаярыг Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт 1988 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл орлогч даргаар, 1989 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт даргаар, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэл, үйлчилгээний хоршоодын холбооны гишүүн, хоршооны даргаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай. гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН