Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 785

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч Ж.О

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808039750957 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 16-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Хар алт” ХХК-д жолооч ажилтай, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 42 дугаар гудамж, 499 тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Б овогт Ж.О

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ж.О 2018 оны 8 дугаар сарын 15-ны орой Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 9 дүгээр байрны 5 дугаар давхарт эхнэр Ц.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэхгүй. Эхнэрээ зодож, цохьсон нь миний буруу. Цаашид ийм байдал гаргахгүй. Би хөдөө орон нутагт ажилладаг учир хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц.М“… 2018 оны 8 дугаар сарын 16-ны өглөө гэртээ байж байсан чинь 9 цагийн үед манай нөхөр О гаднаас согтуу орж ирээд надаас уучлалт гуйгаад өчигдөр чамайг гомдоосон бол уучлаарай гээд уучлалт гуйсан тэр үед нь би намайг өчигдөр эгчийн гадаа согтуу алгадсан биз дээ одоо чамайг цагдаад өгнө гээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Манай нөхөр бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 15-ны орой “Алтай” хотхонд эгчийндээ очоод охиноо авах гээд явж байсан чинь манай нөхөр намайг хүүхдээ эгчийндээ үлдээсэн байна гээд “Алтай” хотхоны 9 дүгээр байрны таван давхарт надтай хэрүүл хийгээд намайг алгадаад би шат руу унасан. Тэр үед миний биед гэмтэл учирсан. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хороололд согтуу орж ирэхээр нь би цагдаа дуудаад өгсөн юм. Гэртээ намайг зодож цохисон асуудал байхгүй. Манай нөхөр намайг урьд өмнө нь зодож байгаагүй. Тэр өдөр л “Алтай хотхон”-д байхад согтуу намайг нэг удаа алгадсан. Өөр ямар нэг зодоон болоогүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.

2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн орчим нөхөр О орж ирээд бид хоёр маргаад би цагдаа дуудна гээд байж байтал цагдаа орж ирээд авч явна гээд байж байхад би уурлаад би чамайг тэр чигээр чинь зайлуулна гээд хэлэхэд, тэгвэл би үхээд өгнө, амиа хорлоно гээд байсан. Тэгээд удаагүй байтал гаднаас 2 цагдаа ирээд аваад явсан. Нөхөр М.О 2018 оны 8 дугаар сарын 15-ны шөнө 10 дугаар хороололд архи ууж байхад очиж аваад явах гэхэд зүүн нүд, эрүү орчим 2-3 удаа өшиглөж, баруун хөл, нуруу орчим өшиглөж үснээс зулгаасан юм. Зүүн нүдний хажуу тал, эрүү шалбарсан, баруун хөл хөхөрсөн, баруун талын бөөрний орчим хөхөрсөн, толгой хөндүүртэй байна. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-н 12-13, 14/ гэж мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ц.М-н гэмтэлтэй холбоотой “М-н биед тархи доргилт, зүүн хөмсөг, зовхи, хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн далны дотор дээд хэсэг, баруун бугалга, баруун ташаа, гуя, зүүн гуянд цус хуралт, хөмсөгний гадна үзүүр, зүүн хацар, эрүүнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-н 20/ гэсэн 10119 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч Ж.О-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.О-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ж.О бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ц.М “... гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, ” /хх-н 76/ гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.О цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч Ж.О шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Боржигон овогт Ж.О-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.О-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ж.О торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ж.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.О-д урьд авсан “хувийн баталгаа гаргуулах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ