Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0564

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0564

Улаанбаатар хот

 

 

 

 

Х.А  нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0500 дугаар шийдвэртэй, Х.А  нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайханы давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0500 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 7 дугаар зүйлийн 7.1, 45 дугаар зүйлийн 45.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.А Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын Х.А холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “ ... Хуулийг илтэд буруу тайлбарлаж, хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Х.А  газар ашиглах гэрчилгээг 2015 онд авсан боловч газар ашиглах гэрээгээ байгуулж амжихгүй байсан иймд Газрын тухай хуульд зааснаар тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө тухай бүр төлөх үүрэг хүлээхгүй гэж үзжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 1-д “... Сум, дүүргийи Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эаасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын эахиргаатай хамтран байгуүлна гэж заасан. Мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар түшаалаар батлагдсан “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дуүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна” гэж заасан өөрөөр хэлбэл хуульд ямар субъектүүд гэрээ байгуулахыг, харин захиргааны хэм хэмжээ тогтоосон актад гэрчилгээ олгогдосон өдрөөс хойш хэдэн сарын дотор гэрээ байгуулахыг заажээ.

Гэтэл нэхэмжлэгч 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 2015/204 тоот газар ашиглах гэрчилгээ авсан атлаа өнөөдрийг хүртэл газар ашиглах гэрээгээ байгуулахгүй байгаа нь хууль бус юм.

Мөн яам гэрээг байгуулах субъект биш бөгөөд нэхэмжпэгч, хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргын үүргийг яамны үүрэг мэтээр шүүх илтэд буруу тайлбарласан байна.

Хэргийн оролцогчийг шүүх хуралд бүрэн татаж оролцуулаагүй хууль зөрчсөн тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд хэргийн оролцогч, 77 дугаар зүйлд шүүх хуралдааны оролцогч нарын тухай заасан. Харин Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар ашиглах гэрээг Дүүргийн Засаг дарга, Хамгаалалтын захиргаа байгуулахаар зохицуулсан.

Уг хэрэгт Хан-Уул дүүргийн Засаг дарга, түүний төлөөлөгч, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг гуравдагч этгээдээр татан оролцуулж, шүүхэд яагаад гурвалсан гэрээг байгуулаагүй, эсхүл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас байгуулаагүй эсэхийг шалгаж, шүүхэд эрх, ашиг сонирхолоо хамгаалах нөхцөл боломжоор хангалгүй проццессын хуулийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 128/ШШ2018/0500 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт маргаж буй эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.А Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Тус тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч Х.А газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 1,7 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн  2015/204 тоот газар ашиглах гэрчилгээг Х.А олгосон боловч түүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулагдаагүй байна.

Анхан шатны шүүхээс “... Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн ... зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж заасны дагуу нэгэнт нэхэмжлэгчээс үл хамаарах нөхцөл байдлын улмаас гурвалсан гэрээ байгуулаагүй байх тул гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжгүй ... Богдхан уулын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулаагүй тул Газрын тухай хуульд заасан газар ашиглагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо “... Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дуүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна гэж Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журамд заасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус юм” гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс .. газраас Монгол Улсын иргэн ...-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж зааснаас  үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт заавал гэрээний үндсэн дээр газар ашиглуулах бөгөөд Х.А гэрээ байгуулаагүй байх тул газар ашиглах эрх, үүрэг нь үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж, 2 дахь хэсгийн 2, 3-т  газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа, газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар тус тус зохицуулсан.

Уг хуулийн заалтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байх тул газар ашиглах гэрчилгээ авсан Х.А гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.

Хуулиар үүрэг болгосон захиргааны байгууллага нь Х.А газрын төлбөрийн хэмжээ, хугацаа, эрх, үүргийг тусгасан гэрээг байгуулаагүй байхад хариуцагч нь энэ нөхцөл байдлыг шийдвэр гаргахаас өмнө холбогдох байгууллага, газар ашиглагч Х.А риунбилэгээс тодруулалгүй төлбөр төлөх, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газар ашиглах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр байгуулагдаагүй гэрээг цуцалж, газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь бодит нөхцөл байдалд тохироогүй, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг зөрчсөн байна. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... яам гэрээ байгуулах субьект биш, нэхэмжлэгч, хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргын үүргийг яамны үүрэг мэтээр шүүх илтэд буруу тайлбарласан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг дээрх үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх тусгай хамгаалалттай газарт газар ашиглуулахтай холбоотой харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг, мөн тухайн нарийвчилсан хуулиар зохицуулаагүй хариуцагчийн захиргааны акт гаргахдаа зөрчсөн захиргааны байгууллагаас шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн заалтуудыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, Газрын тухай хуулийг баримтласан байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0500 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Газрын тухай” гэсний урд “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 37 дугаар зүйлийн 1, 2,” гэж нэмж өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ