Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 401

 

 

Ё.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Ё.О- болон түүний өмгөөлөгч Э.Ганбат, Г.Нямдалай, хохирогчийн өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар магадлалтай, Ё.О-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Нямдалай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ё-н О-,

Ё.О- нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гоо сайхны эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зөвшөөрлийн хуудас дээр гарч болох хүндрэл, эрсдэлийг нэг бүрчлэн дурдаж үйлчлүүлэгчээс зөвшөөрөл аваагүй, Эрүүл мэндийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас Ц.Э-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ё.О-ыг Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.О-д хүн эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

шүүгдэгч болон иргэний хариуцагч “***” ХХК-ийн “***” эмнэлгээс хохирогч Ц.Э-т нийт 65,094,680 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Г.Нямдалайгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Э.Ганбат, Г.Нямдалай нар хамтран гаргасан гомдолдоо “... мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж “...эмнэлгийн мэргэжилтэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийг шинжлэх ухааны болон хууль зүйн үүднээс үндэслэлтэй эргэлзээгүй тогтоогоогүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй.

Тухайлбал, Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх арьс гоо засал, чих хамар хоолой нүдний мэргэжлийн салбар зөвлөлийн “ Мэргэжлийн салбар зөвлөлийг” шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Шинжээчийн 8525 дугаартай дүгнэлтээр хохирогч С.Энхчимэгийн биед үүссэн хүндрэл, хохирлыг “химийн бодисын үйлчлэлээр” үүссэнийг тогтоосон. Мөрдөгчийн тогтоолоор шинжээч Баярмаа дүгнэлт гаргасан нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гэж үнэлэхэд эргэлзээтэй юм.

Уг дүгнэлтээр “үйлчлүүлэгчээр зөвшөөрлийн хуудас бөглүүлж гарын үсэг зуруулаагүй байна” гэсэн нь хор уршигтай (хүндрэлтэй) шалтгаант холбоогүй юм. Учир нь үйлчлүүлэгч филлер тарилга урьд нь хийлгэж байсан, уг эмнэлэгт филлер тарилга хийлгэхээр хандсан болон нойрсуулж, унтуулж байгаад уг тарилгыг хийгээгүй нь тогтоогдсон. Гагцхүү тарилгын дараа хүндрэл гарсан тул бичиг баримт хөтлөлийн хувьд зөвшөөрлийн хуудас бөглүүлж, гарын үсэг зуруулаагүй дутагдал илэрсэн.

Уг шинжээчийн дүгнэлтийг гаргуулахдаа шинжээчид “үйлчлүүлэгчийн эмчилгээний картыг хүргүүлээгүй тул хохирогч С.Энхчимэгийн мэдүүлэгт үндэслэн “филлер тарилга хийгдэх аргачлалын дагуу хийгдээгүй, гарч болох хүндрэл, тарилга хийх үеийн аюулгүй ажиллагааны санамжаа мөрдөөгүй байх “магадлалтай” гэж таамагласан дүгнэлт гаргасныг шүүх анзаараагүй, зөв дүгнээгүй, үнэлээгүй байна.

Тарилга түүний төлөв байдлаас үүсэж болох судас бөглөрөх, дарагдах хүндрэлийг эмчийн болгоомжгүй хатгалт хийсэнтэй холбоотой үүссэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын 2017.09.14-ний өдрийн А/149 дугаартай тушаалаар батлагдсан мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралтай асуудлын жагсаалт батлах тухай журмаар “мэргэжлийн улсын байцаагчийг хувь байцаагчтай зөвшилцөж шинжээчээр томилж ажиллуулна” гэсэн зохицуулалттай. Энэ нь уг хяналтын байцаагч нь шинжээч томилж тогтоолгох асуудлыг мэдлэг чадвар, мэргэжлийн чиглэлийн хувьд үнэн, зөв тогтоох чадвартай, мэдлэг, туршлагатай байдлаар томилж болно гэсэн утгатай юм. Гэтэл арьс гоо засал, эмчилгээний чиглэлийн мэргэжилгүй, нарийн мэргэжилтэйг нь шалгаж тогтоогоогүй “улсын байцаагч” гэсэн ерөнхий албан тушаалтай, хүний их эмчээр дүгнэлт гаргуулсан нь хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримтыг үнэлэхэд алдаа гаргахад хүргэсэн байх талтай.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Байгальмаагийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.6 дахь хэсгийг зөрчсөн буюу шинжээчийн болон байгууллагын тамга тэмдгээр баталгаажуулна гэсэн шаардлагыг хангаагүй, шүүх анхаараагүй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулаагүй нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

Хэрэгт “***” ХХК-ийн “***” арьс гоо заслын эмнэлгийн филлер тарилга хийх үеийн санамж, гарч болох хүндрэл, урьдчилан сэргийлэх удирдамж танилцуулсан. Энэ тохиолдолд хүндрэлийн шалтгааныг нарийн мэргэжлийн мэргэжилтнээр тогтоогоогүй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэнэ үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хэлсэн саналдаа “Шүүх хэргийн нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын байцаагчаар дүгнэлт гаргуулсан ба филлер тарилгын талаар тусгай мэдлэг эзэмшээгүй хүн дүгнэлт гаргасан. Дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүх хүлээн авч захирамж гаргасан боловч шийдвэрээ хэрэгжүүлэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн тарилга, бодисыг хэрэглэхэд гарч болох гаж нөлөө буюу биеийн онцлогоос хамаарч судас бөглөрөх хүндрэл гарч болох талаар зааварт тусгагдсан байсан. Тухайн хүндрэл нь эмчээс шууд шалтгаалсан гэдгийг бодитой тогтоосон баримт хэрэгт байхгүй байхад таамагласан байдлаар гарсан шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гэм буруутайд тооцсон.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Арьс гоо засал, чих хамар хоолой нүдний мэргэжлийн салбар зөвлөлийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулснаар хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох боломжтой. Тарилгыг хийх үед эмчээс хамаарахгүй гарч болох ямар хүндрэл гарч болох эсэх, хохирогчид үүссэн хүндрэл нь ямар стандарт журмыг зөрчсөнөөс үүссэн эсэх, үүссэн хүндрэл нь тарианы бүтэц найрлагатай холбоотой асуудлыг орхигдуулсан.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байна” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямдалай хэлсэн саналдаа “Хохирогчид үүссэн хүндрэлийг “химийн бодисын үйлчлэлээр” үүссэнийг тогтоосон. Судас хагарах болсон шалтгааныг нарийвчлан тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Ё.О- нь хохирлыг өөрийн боломжоор төлж хохирогчид тусалдаг бөгөөд хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хэлсэн. Мөн хохирогчийн цалингийн зээлийг төлдөг. Цар тахал өвчний үед мэргэжлийн эмч хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь тохирсон эсэхийг анхаарч үзэхийг хүсье.

Торгох ял оногдуулах боломж байгаа” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч О.Анхбаяр хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх Ё.О-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэм буруу тогтоогдсон” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Нямдалай нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ё.О-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ё.О- нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гоо сайхны эмнэлэгт эмнэлгийн үйлчилгээ үзүүлэн, гоо сайхны эмчилгээ хийх үедээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр байгууллагаас гаргасан журмын хэрэгжилтийг хангаж ажиллаагүйн улмаас Ц.Э-ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Ё.О-д холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ё.О-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Г.Нямдалай нарын хамтран гаргасан “...хэргийн нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү ” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 457 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ё.О-ын өмгөөлөгч Э.Ганбат, Г.Нямдалай нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН