| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0769/Э |
| Дугаар | 799 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 799
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Н.Ундрах, шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас С овогт С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03435 0990 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт С.А, Монгол Улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл гурав, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Бөөний нэгдлийн 24 дүгээр байрны 23 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ХВ76091005 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.А нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аттила” зочид буудалд хохирогч Э.Д-г унтаж байх үед нь түүний 790,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “С овогт С.А нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аттила” зочид буудалд хохирогч Э.Д-г унтаж байх үед нь түүний 790,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung A6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хэргийн үйл баримт, зүйлчлэл, хор уршгийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2. Хохирогч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өглөө 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 62-41 тоотод эгчийндээ орчихоод гарч явж байсан чинь байрны урд үл таних хоёр хүн таараад надаас тамхи асуухаар нь би тамхи өгөөд хамт тамхи татсан. Тэд өөрсдийгөө А, А гэж танилцуулсан. Тэгээд тэр эмэгтэйчүүд ганц шил архи аваад өгөөч гэхээр нь би дэлгүүрийн 0.5 граммын Титэм нэртэй архи, ундаа аваад дэлгүүрээс гараад ирсэн чинь гурвуулаа буудалд орж архиа уух уу? гэхээр нь би тэгье гээд Орчлон хорооллоос урд зүгт яваад “Аттила” нэртэй зочид буудал орсон. Би архиа тэр хоёр эмэгтэйтэй хувааж ууж байгаад унтсан. Намайг унтаж байх хойгуур нөгөө хоёр эмэгтэй миний гар утсыг хулгайлж аваад алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас),
3. Гэрч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өөрийгөө Д гэж танилцуулсан залуутай Атилла нэртэй зочид буудалд орж 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Тэр залуу гараад дахиад нэг шил 0.75 литрийн архи авч орж ирсэн. Тэгээд тэр архиа ууж дууссан. Би найз С.А-г явах уу гэж хэлэхэд тэгье гээд гарцгаасан. Зочид буудлын үүдэнд гарч ирэхэд С.А нөгөө залуугийн машины түлхүүрийг аваад гарч ирсэн байсан. Тэгэхээр нь би түүнд “наад түлхүүрээ буцаагаад байсан газарт нь тавь” гэж хэлээд буцааж оруулсан. Харин эргэж гарч ирэхдээ “нөгөө залуугийн гар утас цонхны тавцан дээр байхаар нь аваад ирлээ” гээд барьчихсан байсан. Буудлын гадна Г явж байсан тэрэнд миний утас шүү чи аваад байж бай гээд явуулсан, удалгүй нөгөө залуу буудлаас гарч ирээд “миний утсыг өг” гээд бид хоёртой маргалдаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас),
4. Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, “Аттила” нэртэй зочид буудлын хажуугаар явж байтал С.А, А.А нар буудлаас гарч ирсэн. Тэгээд А надад асуухад А энэ миний гар утас байгаа чи түр аваад байж бай гэсэн тэгээд би аваад явсан, би тэгээд 47 дугаар байрны урд сандал дээр сууж байтал С.А ирээд нөгөө утсаа өгдөө энийг ломбардад тавих хэрэгтэй байна гэсэн тэгээд би хоёр “Содон” хорооллын эсэрг талын автобусны буудлын ард байдаг ломбарданд гар утас тавих гэтэл бичиг баримтгүй бол авахгүй гэж хэлсэн тэгэхээр нь бид хоёр тэр хавиар явуулын хүнд 200,000 мянган төгрөгөөр зарсан, би С.А-гаас асуугаад зарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11-12 дугаар хуудас),
5. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн “Самсунг А-6 загварын гар утас нийт 790,000 төгрөг” гэсэн үнэлгээ бүхий тайлан (хх-ийн 18 дугаар хуудас),
6. Шүүгдэгч С.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Бөөний худалдааны нэгдлийн 24 дүгээр байрны ард найз А.А-ын хамт сууж байсан чинь 30 орчим насны залуу бид хоёрын хажууд шар айраг ууж сууж байснаа бид хоёр дээр ирээд “та хоёр шар айраг уух уу” гэхээр нь бид хоёр “шар айраг уухгүй, 100 грамм уумаар байна” гэсэн чинь дэлгүүрээс архи авч ирсэн. Бид гурав тэр архийг “Аттила” нэртэй зочид буудалд орж хувааж уусан. Бид гурав нэлээн согтуу байсан болохоор тэндээ унтаж байгаад, би тэр буудлаас гарахдаа ... тэр залуугийн гар утас цонхны тавцан дээр байхаар нь аваад гарсан. Тухайн үед А гар утас хулгайлж байхыг мэдээгүй, харин буудлын үүдэнд гарч ирсэн хойно мэдсэн. Би Ганзоригт гар утас өгч явуулахдаа “хулгайн гар утас” гэж хэлээгүй. Энэ бүхэн миний буруу, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70-71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул энэ шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч С.А-гийн үйлдлийн улмаас бусдад 790,000 төгрөг буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангасан гэж үзнэ.
Хохирогч Э.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэргийн улмаас учирсан зардалд 900,000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээгээр “самсунг А-6 загварын гар утас 790,000 төгрөг”-өөр тогтоогдсоныг шүүгдэгч С.А нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч С.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч С.А-гийн үйлдэл идэвхтэй, ухамсартай бөгөөд илтэд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдаж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч С.А-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүгдэгч С.А нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аттила” зочид буудалд хохирогч Э.Д-г унтаж байхад нь түүний 790,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: “...Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгон гэмшиж, өөрийн үйлдсэн хэргийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх ундаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүх шүүгдэгч С.А-г гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх энэ хэрэгт тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгах зорилгод нийцсэн бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1.С овогт С.А-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан шүүгдэгч С.А-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Шүүгдэгч С.А-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.
4.Шүүгдэгч С.А нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах хуультайг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.А-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА