Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 846

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Э.Энхбат, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Т овогт Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04023 1054 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овогт Ц.Б, Монгол Улсын иргэн, ............ тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ........ регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн үйлдвэрийн орчим 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед иргэн Л.Л-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Т овогт Ц.Б нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүлжмэлийн үйлдвэрийн орчимд хохирогч Л.Л-ийн нүүр лүү цохиж, араас нь чулуу шидэж, мөн хамрыг нь хазаж түүний бие махбодод “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, хүзүүний зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

2. Хохирогч Л.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Б “чамд над шиг 16 хоног архи уух мөнгө байна уу, чи бол угаадас иддэг биз дээ” үг хаяад над руу дайраад байсан. Би түүнийг гараад уулзье гээд автобуснаас гарах гэтэл шатан дээр гутал сугарсан. Би тонгойгоод гутлаа өмсөх гэж байхад Б чулуу аваад чулуутай гараараа миний баруун нүд рүү цохихоор нь би зугтаасан. Миний араас хөөгөөд чулуу шидэхэд, шидсэн чулуу нь миний толгойн дагз хэсэгт оносон. Б буцаад  автобусандаа орж суугаад дахин гарч ирээд “ах нь хүмүүсийн дунд жаахан баавартай харагдах гэсэн юм” гэж хэлээд хүзүүдэж байснаа гэнэт дайраад миний хамрыг хазсан. ...Би 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Мөнгөнгүүр эмнэлэг дээр хамартаа үзлэг, цэвэрлэгээ, шарлага, эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр эмчилгээ дууссан. ...Одоо лазер курс эмчилгээнд орно. Надаас гарсан хохирлыг Ц.Б-гээс гаргаж өгнө үү…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12 дугаар хуудас),

3. Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 28-ны орой... 2,5 литрийн том шар айраг дэлгүүрээс аваад, хувааж уугаад сууж байхад Б, Л хоёр маргалдсан. ...Б, Л-ийн зүүн хацар луу хоёр удаа алгадсан. Тэр үед бид салгасан. Б, Л-д хандаж хоёулаа автобуснаас гараад учраа олъё гэсэн. Л түрүүлээд буух гэтэл нэг гутал нь сугарахад Б араас нь түлхэж буулгаад чулуу аваад Л-ийн араас хөөгөөд чулуу шидээд байхаар нь бид болиулсан. Тэр хоёр автобусанд орж ирээд дахиад хэрэлдээд байхаар нь гарч учраа ол гэхэд бууцгаасан. Удалгүй Л орж ирэхэд хамрын үзүүр нь шархалсан цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10651 дугаартай “...Л.Л-ийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, хазагдсан шарх, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дүгээр хуудас),

5. Шүүгдэгч Ц.Б-ийн иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 42 дугаар хуудас),

6. Шүүгдэгч Ц.Б нь урьд ял шийтгүүлээгүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 32 дугаар хуудас),

7. Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр өдөр Г ахын пааз автобусанд Г ахын найз гэх танихгүй залуугийн хамт 2,5 литрийн шар айраг гурван ширхэгийг хувааж уугаад сууж байхад Л орж ирээд хамт шар айраг уусан. ЛГанбаа ахад шар айраг хийж өгөөд шахаад байсан. Би Л-д битгий хүн шахаад бай гэж хэлсэн. Л “би мэдэж байна” гэсэн. Түүнээс болж бид хоёр маргалдсан. ...Л түрүүлээд автобуснаас буухаар нь би араас нь буугаад газраас чулуу аваад Л-ийг автобус тойруулж хөөгөөд араас нь чулуу шидсэн. ...би хамраас нь хазсан. Тэнд байж байхад манай ах Цэдэнчимэд ирээд намайг авч явсан...” “...Би Л-ийн хамрыг хазаж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Л-ийн эмчилгээний зардлыг төлж хохирлыг барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18, 28-30 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагаас шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.Л-ийн биед гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б-гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Л нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчээс нийт 1,500,000 төгрөгийн нөхөн төлбөр авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаарх баримтаа бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Ц.Б-гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овогт Ц.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

            7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА