| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0768/Э |
| Дугаар | 847 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 847
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч М.Сансарсайхан, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Т овогт Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00414 0895 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Б.П, Монгол Улсын иргэн, ..... тоотод оршин суудаг, урьд дөрвөн удаа ял шийтгүүлсэн, ........ регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар :
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 78-17 тоотод Ц.А-ийн гэрийн хаалгыг эвдэн орж, 21 инчийн зурагт, 40 литрийн бидон, орос хөргөгч, сансар кабелын хүлээн авагч зэрэг эд зүйлсийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хууль бусаар аван нийт 485,000 төгрөгийн хохирол учруулсан гэх,
2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 42-04 тоотод О.Б-ын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, “TCL” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 301,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Т нар овогт Б.П нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 78-17 тоотод Ц.А-ийн гэрийн хаалгыг эвдэн орж, 21 инчийн зурагт, 40 литрийн бидон, орос хөргөгч, сансар кабелын телевизийн хүлээн авагч бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас нийт 485,000 төгрөгийн хохирол учирсан, мөн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 42-04 тоотод О.Б-ын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн “TCL” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсны улмаас 301,000 төгрөгийн хохирол учирсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.П-ийн шүүх хуралдаанд гаргасан: “...Би улирлын чанартай ажил хийдэг бөгөөд тухайн үед ажилгүй, хоёр хүүхэд маань хоол ундгүй болчихоод байсан учир бусдын орон байранд хаалга эвдлэн нэвтэрч хулгай хийсэн юм. Хулгай хийсэн нь миний буруу, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн өмнөх шүүх хуралдаанд ирээгүйд уучлалт хүсье. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаандаа их зүйл бодлоо...” гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч Б.П-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өсгөн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 78-17 тоотод зүс таних А-гийн гэрт очиж, 5 ханатай монгол гэрийн хаалга цоожийг эвдэлж ороод 21 инчийн зурагт, орос хөргөгч, 40 литрийн бидон, сансар кабелийн хүлээн авагч хулгайлсан юм. Тэгээд зурагтыг нь гэртээ хэрэглэж, бусад эд зүйлсийг нь танихгүй хүнд зарж, мөнгөөр нь гэртээ хоол хүнсний зүйлс авсан. Зурагтыг нь хохирогч А-т буцааж өгсөн. Надад мөнгөний хэрэг гараад, хохирогчийнх эзэнгүй болохоор хулгай хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 73-74 дүгээр хуудас), ”...2018 оны 4 дүгээр сард Толгойтоос хойш ганцаараа явж байхад хаалга нь цоожтой Монгол гэртэй айл таарахаар нь хашааг нь давж ороод Монгол гэрийн хаалганы цоожийг нь гудамжнаас олсон нарийн төмрөөр хөшиж эвдээд орсон. Гэрийн баруун хойд талд байсан загварыг нь сайн санахгүй байна саарал өнгийн 32 инчийн LCD зурагтыг аваад орны бүтээлгээр нь ороогоод авч явсан. Тэгээд тэндээсээ гараад Толгойтын эцэст төв зам дагуу байх хаягийг нь санахгүй байна С гэх ахын гэрт очсон. Би тэр үед эхнэр О-гийн хамт тэднийд түр амьдардаг байсан. Тэгээд би С ах, О нарт миний танидаг хүний зурагт байгаа юм. Намайг ломбардад тавиад өгөөч гэсэн юм гээд Сүхээ ахын гэрт зурагтаа үлдээчихээд гадагшаа зам руу гарч такси бариад эргэж орж зурагтаа аваад явах гэтэл эхнэр О хамт явъя гээд байхаар нь эхнэрээ дагуулаад зурагтаа аваад таксинд суугаад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудлаас урагш байх авто сургуулийн буудлын хажууд байх ломбарданд барьцаанд тавих гэж байгаад баригдсан...”гэсэн мэдүүлэг (хх-ийн 137-140 дүгээр хуудас);
3. Хохирогч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 78-17 тоот гэрээсээ 2017 оны 10 дугаар сарын сүүлээр 20-ны үед гараад 2018 оны 01 дүгээр сарын 08-ны орой буцаж ирэхэд гэрийн хаалга онгойсон байдалтай, гэртээ орж харахад 2001 онд 160,000 төгрөгөөр худалдан авч байсан Орос хөргөгч, 2016 онд худалдан авч байсан 21 инчийн хятад зурагт, хэрэглэж байсан хуучин бидон, 2016 онд худалдан авч байсан сансар кабелын хүлээн авагч алга болсон байсан. Алга болсон бидоноо 100,000 төгрөгөөр, зурагтаа 30,000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би энэ хэрэгт манай урд гудамжинд нүүж ирсэн П-ийг сэжиглэж байна...“ гэсэн мэдүүлэг (хх- ийн 20-22 дугаар хуудас);
4. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 09-13 дугаар хуудас);
5. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хх-ийн 43 дугаар хуудас);
6. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн “21 инчийн зурагт, 40 литрийн усны бидон, орос хөргөгч, Сансар камбелийн төхөөрөмж, 5 ханатай Монгол гэрийн хаалга, төмөр цоожийг нийт 485,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан бүхий шинжээчийн дүгнэлт (хх-ийн 39-40 дүгээр хуудас);
7. Хохирогч О.Б-гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө 8 цагийн үед гэрээсээ гарахдаа гэрээ цоожлоод явсан. Тэгээд 14 цагийн үед ирэхэд манай гэрийн цоожийг хашаанд байсан богино арматур төмрөөр онгойлгосон байдалтай, гэрт ороход гэрийн эд зүйлс эмх замбараагүй болсон, 32 инчийн “ТСЛ” загварын зурагт алдагдсан байсан ... цагдаагийн байгууллагаас зурагтаа хүлээж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 88-90 дүгээр хуудас);
8. Гэрч Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 37-56 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Шинэ толгойт” хотхоны урд замын хажууд таксинд явах гээд зогсож байсан. Тэгтэл хар өнгийн куртиктэй, 30 гаран насны эрэгтэй хүн гар өргөхөөр нь яваад очтол “гэрээсээ зурагт аваад явж байна, ломбард ороод тавиадахъя” гэж хэлээд машинд суусан. Тэгээд 21 дүгээр хороололд авто сургуулийн автобусны буудлын урд байрлах ломбард руу орчихоод гарч ирээд “залгуургүй бол авахгүй гэж байна” гээд замын хойд талын шөнийн зах руу явсан. Тэрээр надаас залгуур авах 8,000 төгрөг асуугаад “би залгуур авч зурагтаа ломбардад тавьж чадахгүй бол таксины мөнгөө өгч чадахгүй” гэж хэлээд мөнгө аваад явсан..., ...Тэр залуу ломбард руу ороод цагдаад баригдсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 96 дугаар хуудас);
9. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 83-85 дугаар хуудас);
10. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хх-ийн 107 дугаар хуудас);
11. 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 108-109 дүгээр хуудас);
12. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн “32 инчийн TCL загварын зурагтыг 301,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт (хх-ийн 115-116 дугаар хуудас);
13. Шүүгдэгч Б.П-ийн урьд дөрвөн удаа ял шийтгүүлсэн талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 22, 23 дугаар хуудас);
14. ШШГЕГ-ын харьяа Баривчлах ял эдлүүлэх 431 дүгээр ангиас олгосон “Б.П нь 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ял хугацаа дуусаж суллагдсан” талаарх тодорхойлолт (хх-ийн 37 дугаар хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд талууд эдгээр нотлох баримтаас хүчингүй болгуулах санал гаргаагүйн дээр өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.П-ийн хоёр үйлдлийн улмаас бусдад 301,000 төгрөг, 485,000 төгрөг буюу үйлдэл тус бүрдээ бусдад 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг гэмт хэргийн шинжийг хангах үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг байх тул нэг зүйлчилж, нэг ял оногдуулах нь зөв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.П хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Б.П нь хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр шунахайн сэдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын өмч хөрөнгийг хууль бусаар авсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.П-ийг “хулгайлах” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.Б нь ТСЛ загварын зурагтаа авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн, хохирогч Ц.А нь хохирол төлбөрөө бүрэн авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.П-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.П нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураар төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлт: “...Шүүгдэгч Б.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт: “...Шүүгдэгч Б.П өөрт холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэл болоод гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлсөн. Тэрээр урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч шинэ эрүүгийн хуулиар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хувийн байдлын хувьд суллагдсанаасаа хойш гэр бүлтэй болсон бөгөөд хоёр хүүхэд нь эхээрээ овоглодог. Түүнийг ганц бие эцэг гэж үзэхэд хэцүү байна. Өөрөөр хэлбэл, албан ёсоор өрх толгойлсон эцэг гэж тогтоогдоогүй. Түүний хоёр хүүхдийг нь эх О-ийн асрамжид өгөх саналтай байна. Энэ талаар шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учирсан хохирлоо төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар тусгай ангид заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар журамлаж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд шүүгдэгч Б.П-ийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг тэмдэглээд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан нөхцөл хангагдсан, энэ заалтыг шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэх боломжтой байна.
Иймд бага насны хоёр хүүхэдтэй хувийн байдлыг нь харгалзан өмгөөлөгчийн дүгнэлтэд дурдсан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээр ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон бөгөөд ялтанг цээрлүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.П нь шүүхийн шатанд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 6 (зургаа) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
- Хүүхдийн эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хүүхдийн эрхийг хангах талаар дараахь арга хэмжээ авна:” гээд уг хэсгийн 17.1.6 дахь заалтад “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг түр байршуулах, асрамжлах, шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх” гэж;
- Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалт “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчгүй, эсхүл гамшиг, онцгой байдлын нөхцөлд байгаа хүүхдийг” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр дараахь хариу үйлчилгээ үзүүлнэ” гэж;
- Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж, мөн зүйлийн 25.10 дахь хэсэгт “Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан тул хорих ял шийтгүүлсэн Б.П-ийн асрах хүнгүй үлдэж буй бага насны хоёр хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудийн хөгжлийн хэлтэст, хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б.П-ийг “хулгайлах” гэмт хэргийг хоёр удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.П-д нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийн цагдан хоригдсон 6 (зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.П-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгч Б.П-ийн асрах хүнгүй үлдэж буй бага насны хоёр хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст, мөн асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, эсхүл асрамжийн байгууллагад шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус даалгасугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.П-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА