Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 208/МА2019/00018

 

 

*******гийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2018/00180

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч:

Ерөнхий шүүгч Б.Батзориг

Шүүгчид Д.Буянжаргал

Г.Давааренчин

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох рапсны үрний үнэ 8.662.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09ий өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баямөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

иргэн ******* нь 2018 оны 05 сард 3 тн Рапс /1тн нь 4.200.000 төгрөг/ өөр тооцон худалдах авахаар тохирч гэрээ байгуулан 12.600.000 төгрөг төлөхөөс 6.300.000 төгрөгийг төлж, 6.300.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохирч рапс авсан.

Намрын ургацаараа рапсаа хураан авч худалдан борлуулсан боловч рапсын үнийг төлөхгүй, утсаа авахгүй байна. Гэрээнд заасны дагуу төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон.

Иймд рапсын үнэ 6.300.000 төгрөг , алдангийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 62 хоногоор тооцон 2.362.500 төгрөг болсон тул гэрээний дагуу тооцсон алдангийн хамт 8.662.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...1.*******тай гэрээ байгуулсан ч тэрээр гэрээгээр хүлээсэн үүрэг /2.2/-ын дагуу рапсын үрийг хүлээлгэн өгөөгүй. Үүний нотолгоо нь гэрээний 2.3-т заасан баримтад талууд гарын үсэг зураагүй бөгөөд энэ талаарх баримт үйлдэгдээгүй болно.

2. Нэгэнт үрийг хүлээн аваагүй тул төлбөр төлөхгүй хэмээн маргаж байгаа тул алдангийг мөн л зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийдвэрээр:

  - Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч *******гээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг нийт 8.662.500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 168.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: ...Шийдвэрт ... нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэл болж байна гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тайлбартаа тодорхой дурдсан ба нэхэмжлэгч нь нэгэнт гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна, нэгэнт үрийг хүлээн аваагүй тул төлбөр төлөхгүй хэмээн маргаж байгаа тул алдангийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар гаргасан.

Гэтэл анхан шатны шүүхээс миний дээрх тайлбарт ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдэж байгаа нь өөрөө хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хариуцагч *******д холбогдуулж худалдах худалдан авах гэрээний үүрэг 8.662.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч худалдагч тал /нэхэмжлэгч/ рапс нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан таны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлынхоо үндэслэлээ хариуцагчийн татгалзал тайлбарт ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэжээ.

Хэргийн судлан үзвэл: Зохигчдын хооронд 2018 оны 05 сарын 09-ны өдөр 3 тонн рапсын үр худалдах худалдан авах гэрээ байгуулж үрийн үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар зохигчдын хооронд худалдах худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан эсэх талаар шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүхээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үүргээ биелүүлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон шийдвэрлэх үндэслэл болно гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж үзлээ.

Түүнчлэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин зохигчид нь үүссэн эрх зүйн харилцааны хувьд шүүх зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тодорхойлсон нь буруу бөгөөд талууд гэрээг хэрхэн нэрлэснээс үл шалтгаалан тухайн гэрээний агуулга талуудын хүсэл зориг, тохиролцоо зэргээр гэрээний харилцааг тодорхойлдог. Тухайн гэрээний хувьд талууд төлбөрийг хэсэгчилэн төлөхөөр тохирсон байх ба зээлээр худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл болох хүүгийн талаар тохиролцоогүй байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1     дэх заалтын

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 гэснийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 168.500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БУЯНЖАРГАЛ

 

Г.ДАВААРЕНЧИН