| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0780/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 810
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Г.М, Б овогт Г.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг хянан хэлэлцүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1708 02451 0426 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалm:
1. Б овогт Г.М, Монгол Улсын иргэн, ....тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ......... регистрийн дугаартай.
2. Б овогт Г.А, Монгол Улсын иргэн, ............тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ....... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар
Шүүгдэгч Г.М, Г.А нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Шөнийн захын орчим хохирогч А.Г-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Б овогт Г.М, Б овогт Г.А нар 2017 оны 11 дүгээр сарын 12-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын орчимд хохирогч А.Г-г бүлэглэн зодож, түүний бие махбодод “баруун хөмсгөнд шалбаралт, нуруунд цус хуралт, зулайн хуйхны үс зулгарч унасан” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд: “...тухайн үед бага зэрэг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир болсон үйл явдлыг бага зэрэг санаж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна...” гэв.
2. Өсвөр насны шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, цаашид ажил хөдөлмөр хийж, сайн сайхан амьдрах болно...” гэв.
3. Хохирогч А.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны оройн 23 цаг болж байсан бөгөөд 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны хажуугаас 5 хүн гар өргөж суусан. ...эдгээр хүмүүс таксины мөнгөө өгөөгүй, тэгээд машинаас буугаад “мөнгөө өг” би явлаа гэж хэлээд зогсож байхад араас нэг хүн үсдсэн бөгөөд эргэж харахад хар өнгийн богино хүрэм (куртка) өмссөн намхан охин байсан. Би хальтирч газар унах үед тэр охин үсдсэн чигээрээ хоёр тийш угзараад чирээд байсан. Энэ үед хажуунаас бас нэг хүн баруун талын чамархайн үснээс үсдсэн бөгөөд тэр нь цагаан өнгийн хүрэм (куртка)-тэй эмэгтэй байсан. Тэр хоёр миний баруун зүүн талын чамархайн үснээс зэрэг үсдээд доош дарж байгаад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн, дахин өшиглөхөд нь би гараараа хаасан. Энэ үед цагаан хүрэмтэй эмэгтэй миний нуруу руу 5-6 удаа өшиглөж байсан ба хар богино хүрэмтэй эмэгтэй “дахиад цохь” гээд хашгираад байсан. Надад амьсгалахад хэцүү болоод болиоч цагдаа дээр очоод учраа олъё гэхэд намхан залуу ирээд “боль” гэхэд тэр хоёр эмэгтэй тавихгүй зуураад байсан тул тэр залуу зуурсан гарыг нь салгасан. Цагдаа руу дуудлага өгөхөд ирээгүй бөгөөд би машиндаа суугаад депод байдаг найзыгаа гэрээс нь очиж аваад дүүрэг рүү явж байхад нөгөө 3 эмэгтэй 1 залуугийн хамт хангай захын хажууд машин барих гээд зогсож байсан. Би зогсоод машинаас бууж, энэ хоёр эмэгтэй намайг зодсон гэж хэлээд зогсож байх үед цагдаа ирээд нөгөөх хоёр эмэгтэйг эрүүлжүүлэх рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 5-6 дугаар хуудас),
4. Гэрч Г.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны орой болж байхад манай найз А, М хоёр манай гэрт ирсэн. ...Бид гурав манайхаас гараад буудал руу орох үед буудлын нэг өрөөнд танихгүй 3 залуу байсан бөгөөд бид танилцсан..., ...бид нийлж 0.5 литрийн хэмжээтэй “Улаанбаатар” нэрийн хоёр шил архи, 2.5 литрийн хэмжээтэй “Боргио” нэрийн нэг сав шар айраг хувааж уусан. Тухайн үед яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би машинд согтуу унтаж байсан бөгөөд нэг сэрээд буухад М, А хоёр нийлээд нэг эмэгтэйг зодоод дуусаж байсан. Би тэр хоёрыг салгах гэхэд салахгүй байсан бөгөөд хажуунаас нэг намхан залуу орж ирээд салгасан. Тэгээд бид хангай захын баруун талд машин барих гээд зогсож байхад хоёр цагдаа ирээд “ямар нэг асуудал байхгүй биз” гэж асуусан. Бид “ямар ч асуудал байхгүй” гээд машин барих гэж байхад зодуулсан эмэгтэй хоёр эмэгтэй найзтайгаа хамт ирсэн..., ...хоёр цагдаа буцаж ирээд болсон явдлыг асуугаад биднийг цагдаагийн хэлтэс дээр авч ирээд М, А хоёрыг эрүүлжүүлэхэд хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дугаар хуудас),
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14229 дугаартай “...А.Г-гийн биед баруун хөмсгөнд шалбаралт, нуруунд цус хуралт, зулайн хуйхны үс зулгарч унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 17 дугаар хуудас),
6. Шүүгдэгч Г.М-гийн яллагдагчаар өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн захын гадаа явж байсан чинь цагаан өнгийн суудлын машинаас үл таних хүмүүс хэл амаар доромжлон хэрүүл маргаан хийсэн. ...нэг үл таних охин машинаас бууж ирээд надтай маргалдаад байхаар нь би тэр охины үснээс нь зулгааж, доош дарж унагаасан. Би тэр эмэгтэйн биед зулайн хуйхны үс зулгарч унасан гэмтлийг би учруулсан, А бусад гэмтлийг учруулсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 128-129 дүгээр хуудас),
7. Өсвөр насны шүүгдэгч Г.А-гийн яллагдагчаар өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Шөнийн захын урд найз Г.М-гийн хамт явж байгаад үл таних цагаан өнгийн суудлын машинтай хүмүүсийн хажуугаар явж байтал нэг залуу намайг түлхээд унагаасан. Тэгэхээр нь би босож ирээд тэр залуучуудтай маргалдаж байсан чинь үл таних эмэгтэй машинаас бууж ирээд хэл амаар дайрч доромжилсон. М машинаас бууж ирсэн эмэгтэйн үснээс зулгаасан, би тэр үед нь тэр эмэгтэйн нуруу руу нэг удаа өшиглөсөн. ...Тухайн үед манай найз М хар хүрэмтэй, би саарал өнгийн хүрэмтэй байсан. А.Гэрэлтуяаг зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 133-134 дүгээр хуудас),
8. Шүүгдэгч Г.А-г гэмт хэрэг үйлдэх үед 16 нас 10 сар 20 хоногтой байсныг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 123 дугаар хуудас),
9. Хохирогч А.Г нь Цэргийн төв эмнэлэгт 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9 хоног хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн баталгаажсан хуулбар (хх-ийн 64-70 дугаар хуудас),
10. Шүүгдэгч Г.М-г жирэмсэн болохыг нотолсон эмнэлгийн баримтууд (хх-ийн 150-159 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хохирогч А.Г-гийн бүед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу хөнгөн зэрэгт хамаарч байх тул хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учирсан гэж үзнэ.
Хохирогч А.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 250,000 төгрөг нэхэмжилж мэдүүлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хортой холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр оролцохгүй гэсэн тул шүүх шүүгдэгч Г.М, Г.А нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд хэргийн бодит байдалтай тохирсон бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь зүйлчлэл хүндрэх шинж болно.
Шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.А нарын үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд хүний эрүүл мэндэд хохирол учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн харицулага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлт: Өсвөр насны шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 150 цагийн нийтэд тусдаа ажил хийлгэх ял оногдуулах, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч Г.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлт: Өсвөр насны шүүгдэгч Г.А, шүүгдэгч Г.М нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзээд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн хуулийн заалт байдаг. Иймд өсвөр насны шүүгдэгч Г.А-т тухайн заалтыг хэрэглэж өгнө үү. Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирогч хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй тул Г.А, Г.М нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой. Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагч, өмгөөлөгчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Г.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь түүний хувийн байдал, тэдний үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хор уршигт тохирсон бөгөөд нийгэмшүүлэх, цээрлүүлэх үр нөлөөтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний ...хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж 1-3 жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно”, “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж тус тус заасан.
Иймд өсвөр насны шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх нь хүүхдийг нийгэмшүүлэх, төлөвшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Г.М, Б овогт Г.А нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Г.М-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.А-т ял оногдуулахыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
5.Шүүгдэгч Г.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч А.Г нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд хамаарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж, гэм хороо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.М, өсвөр насны шүүгдэгч Г.А нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА