| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0789/Э |
| Дугаар | 819 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 819
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Х овогт Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808 03546 1082 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Д.О, Монгол Улсын иргэн, .......тоотод оршин суудаг, ........... регистрийн дугаартай, урьд:
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугар сарын 21-ний өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.О нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны урд талын зам дээр В.М-ийн нүүрэн тус газар цохиж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Хатиган овогт Дорждэрэмийн Очирсүмбэр нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны урд талын зам дээр хохирогч В.М-ийн нүүр лүү цохиж унаган бие махбодод нь “...баруун, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт, тархины эдийн голомтот цусархаг няцрал, тархи доргилт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.О-ийн шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэх зүйлгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
2. Хохирогч В.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед жоохон халамцуу Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны урд зам дээр явган явж байсан чинь миний араас нэг хүн цохисон. Тэр үед би гайхаад харсан чинь миний нүүр лүү гараараа цохиход би замын хажуугийн жалга руу унасан. Тэгээд би босож ирээд тэр залуутай муудалцаад зогсож байсан чинь цагдаа хүрч ирээд тэр залууг аваад явсан. Би цагдаатай хамт явсан, дараа нь цагдаа намайг гэмтлийн эмнэлэг яваад ир гэхээр нь би гэмтлийн эмнэлэг орж толгойгоо боолгоод буцаж очоод гар утас болон бичиг баримтаа аваад гэр лүүгээ харьсан. Би шүүх эмнэлгийн 9141 дугаартай дүгнэлттэй санал нийлж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),
3. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр О Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байранд байрлах “Оранж” бааранд байна хүрээд ир гэсэн. Тэгээд би 21 цаг өнгөрч байх үед О дээр очсон. Намайг очиход О болон найзууд нь байсан. тэгээд харихаар болж О бид хоёр “Саппоро” руу алхсан. О миний урд тамхи татаад алхаж байсан чинь гэнэт нэг танихгүй залуу миний гараас бариад янхан минь гэж хэлсэн. Тэгтэл О ирээд “манай эхнэр янхан биш” гээд тэр залууг түлхсэн чинь явган хүний замын хойд тал руу унасан. Тэгэхээр нь би “Оранж” баар луу гүйсэн. Тэр баарны гадаа О байсан учир О-ыг дуудах гээд явсан. Тэгээд О-д О хүнтэй маргалдаад байна очиж салга гэсэн..., ...О М-ийг түлхээд газар унагаж байхыг л харсан. Цохиж зодсоныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас),
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 9141 дугаартай “...В.М-ийн биед “баруун, зүүн чихний дэлбээнд шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, нуруунд зулгаралт, тархины эдийн голомтот цусархаг няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс шалтгаална..." гэсэн дүгнэлт (хх-ийн 20 дугаар хуудас),
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч В.Мягмардорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 9 сарын 21-ний өдрийн 176 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан үндэслэл, журамд нийцсэн байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эдийн болон эдийн бус гэм хорыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, анагаахын шинжлэх ухааны хөнгөн зэргийн гэмтэл гэх ойлголт нь хууль зүйн хувьд эрүүл мэндийн хөнгөн хохиролд хамаарна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Д.О-ийн үйлдэл идэвхтэй, ухамсартай байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч В.Мягмардоржийнн биед гэмтэл учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.О-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч В.М нь гомдол саналгүй, эмчилгээний зардал болох 400,000 төгрөгийг хүлээн авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.О-г бусдад төлөх төлбөргүйг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.О нь учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлаж ойлгосон байна. Түүнчлэн уг санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана.” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Д.О-т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт Д.О-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Очирсүмбэрт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хуультайг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.О-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА