Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/01807

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2017/01807

 

Бишрэлтпропертиз ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15ы өдрийн 181/ШШ2017/01346 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Бишрэлтпропертиз ХХК-ийн, хариуцагч Л.Байгалмаад холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчийн эд хөрөнгийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зоригтын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Орхон

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зоригт, түүний өмгөөлөгч Л.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Бишрэлтпропертиз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Бишрэлтпропертиз ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Б.Адъяасүрэнтэй "Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ" байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/6 дугаар хаягт орших "Альфа" төвийн барилга буюу нийт 3905 м.кв талбайтай зоорийн давхрыг оруулаад 6 давхар, улсын бүртгэлийн Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү-2203014773, Ү-2203014774, Ү-2203014775, Ү-2203014776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014780, Ү-203014781, Ү-2203010534, Ү-2203010541 дугаартай 14 үл хөдлөх хөрөнгийг худалдан авч хууль ёсны өмчлөгч болсон. Үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах үед эдгээр хөрөнгүүдийн хувьд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт ямар нэгэн хязгаарлалт, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагаа хийгдээгүй, бүртгэл хууль ёсны хүчин төгөлдөр байсан ба Үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэн Үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрх Бишрэлт пропертиз ХХК-д шилжсэн.

Гэтэл өмнө нь тус барилгын эзэмшигч байсан Л.Байгалмаа нь манай өмчлөлд шилжсэн барилгад байгаа хөрөнгүүдээ нүүлгэн гаргахгүй, улмаар өөрийн хамтрагч нарын хамтаар тус барилгын үүдийг хууль бусaap хүч хэрэглэн хааж, манай байгууллагын өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж, ноцтой хохирол учруулж байна.

Дээрх хууль бус үйлдлүүдээ зогсоож, эд хөрөнгөө манай өмчлөлийн барилгаас нүүлгэн гаргахыг Л.Байгалмаагаас удаа дараа шаардсан боловч үл хайхарч хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байна. Ийнхүү Бишрэлтпропертиз ХХК нь 2014 оны 11 сард худалдан авсан барилгаа өнөөдрийг хүртэл буюу хагас жил орчим хугацаанд ашиглах нь бүү хэл орж чадахгүй их хэмжээний хохирол хүлээж байгаа тул Иргэний хуулийн 9, 106 дугаар зүйлд заасны дагуу Бишрэлтпропертиз ХХК-ийн өмчлөлийн Үл хөдлөх хөрөнгөөс хариуцагч Л.Байгалмаагийн эд хөрөнгө болон фитнесс, бодибилдингийн тоног төхөөрөмжүүдийг нүүлгэн гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагвасамбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Байгалмаа нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамжны 28/6 тоот хаягт байрлах барилгыг өөрийн хөрөнгөөр барьж, эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү-2203014773, Ү-2203014774, Ү-2203014775, Ү-2203014776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014780, Ү-2203014781, Ү-2203010534, Ү-2203010541 дугаарт бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч болохоо баталгаажуулсан.

Улаанбаатар хотын банк ХХК нь Л.Байгалмаатай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу Л.Байгалмаагийн төлөх ёстой 1.5 тэрбум төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзээд барьцааны зүйл болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг шүүхийн бус журмаар, хууль ёсны өмчлөгчийн оролцоогүйгээр, зөвшөөрөлгүйгээр өөрийн өмчлөлд бүртгүүлэн авч, хууль бусаар барьцааны зүйлийг Моннис пропертис ХХК-д худалдан борлуулснаар бидний хооронд өмчлөлийн маргаан шүүхэд эхэлсэн.

Миний зүгээс Моннис пропертис ХХК-ийн хооронд үүссэн өмчлөх эрхийн маргааныг хянах явцдаа шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3142 дугаар захирамжаар Эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү-2203014773, Ү-2203014776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014781, Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203010774, Ү-2203010775, Ү-2203010780 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглох, уг эд хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг Моннис пропертис ХХК-д даалгасан.

Гэтэл Моннис пропертис ХХК-д холбогдох өмчлөлийн маргаан өнөөдрийг хүртэл дуусаагүй байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Эрхийн улсын бүртгэгч нь шүүхээс авсан арга хэмжээг дуусгавар болгон, энэ талаар Л.Байгалмаад мэдэгдэхгүйгээр Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү-2203014773, Ү-2203014776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014781, Ү-2203010534, Ү-2203010541, Ү-2203010774, Ү-2203010775, Ү-2203010780 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Б.Адъяасүрэнд бэлэглэлийн гэрээгээр, Б.Адъяасүрэн нь Бишрэлтпропертиз ХХК-д шилжүүлэн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хийсэн.

Ийм учраас Л.Байгалмаа нь 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандан уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2953 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.

Энэхүү захиргааны хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж, хэрэв шүүхийн шийдвэр нь дээр дурдсан Л.Байгалмаагийн өмчлөлийн гэж үзэж байгаа үл хөдлөх хөрөнгүүдийг Моннис пропертис ХХК-иас Б.Адъяасүрэнд, мөн цаашилбал Б.Адъяасүрэнгээс Бишрэлтпропертиз ХХК-д энэхүү асуудлаар шаардах эрх үүсэхгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Бишрэлтпропертиз ХХК-ийн өмчлөлийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/6 дугаар хаягт орших "Альфа" төвийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү- 2203014773. Ү-2203014774, Ү-2203014775, Ү-2203014776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014780, Ү-2203014781, Ү-2203010534, Ү-2203010541 дугаарт бүртгэлтэй барилгаас Л.Байгалмаагийн өмчлөлийн фитнесс, бодибилдингийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг албадан нүүлгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Бишрэлт пропертиз ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Л.Байгалмаагаас 70 200 төгрөгийг гаргуулан "Бишрэлт пропертиз" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэнгүй. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийи 106.2 дахь хэсэгт зааснаар Бишрэлтпропертиз ХХК-ийн өмчлөлийн 3 дугаар хороо, Сөүлийн гудамж 28/6 дугаар хаягт орших "Альфа" төвийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014770, Ү-2203014771, Ү-2203014772, Ү-2203014773, Ү-2203014774, Ү-2203014775, Ү-2203014776, Ү-2203014777, Ү-2203014778, Ү-2203014779, Ү-2203014780, Ү-2203014781, Ү-2203010534, Ү-2203010541 дугаарт бүртгэлтэй барилгаас Л.Байгалмаагийн өмчлөлийн фитнесс, бодибилдингийн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг албадан нүүлгэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Байгалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зоригт би өмнөх шүүх хуралдааны өмнө өмгөөлөгчөөс татгалзаж шинээр өмгөөлөгч авч, хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулан шүүх хуралдаанд ороцуулах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан.

Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар эргэлзэж байна гэсэн үндэслэлаар шүүгч Н.Оюунтуяагаас татгалзсан хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүгч миний хүсэлтийг хэлэлцэхгүй хэргийг хойшлуулсан.

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. 2017 оны 5 дугаар сарын 15 ны өдрийн шүүх хуралдаанд би замын бөглөөнөөс болж 10 минут хоцорч ирэхэд шүүх хуралдаанд ороцуулахгүй шүүх хуралдаан эхэлсэн байсан. Шүүх хуралдаанд оролцох талаар үзэл бодлоо илэрхийлсэн боловч шүүх хуралдаанд оруулаагүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.2.1-д зааснаар шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулах өмгөөлөгч авах, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах эрхийг ноцтой зөрчсөн.

Мөн түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх зарчмыг зөрчсөн ба мөн хуулийн 107 дугаар зуйлийн 107.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх шүүх хуралдаанд оролцох үүргийг зөрчсөн байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулахгүй, хариуцагчийн зүгээс шүүхэд тайлбар гаргах, өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах эрхүүдийг ноцтой зөрчиж, хэт нэг талын эрх ашигт үйлчилсэн шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч сонгон авах өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах нөхцөл боломжийг шүүх олгосонгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 зүйлийн 168.1.2 зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Бишрэлтпропертиз ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Л.Байгалмаад холбогдуулан, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчийн эд зүйлийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Л.Байгалмаагаас иргэн Л.Зоригтод 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн С.Дагвасамбууд олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан /хх-31-32/, уг итгэмжлэлийн хугацаа нь Бишрэлтпропертиз ХХК-ийн нэхэмжлэлээр шүүхэд хэрэг үүссэнээс өмнө байна.

Итгэмжлэлийн агуулга нь Л.Байгалмаа, нэр бүхий 2 этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн байр сууринаас буюу нэхэмжлэгчийн эрх эдэлж, үүрэг хүлээн, түүний өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай байжээ.

Харин Л.Байгалмаагаас Бишрэлтпропертиз ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчийн хувьд Л.Зоригтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр олгосон итгэмжлэл хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн С.Дагвасамбууд нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлээр тогтоосон журамд нийцэхгүйгээс гадна, уг хэргийн хариуцагч Л.Байгалмаад нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эрхийг хангасан баримтгүй байна. Иймд Нэхэмжлэгч Бишрэлтпропертиз ХХК болон хариуцагч Л.Байгалмаа нарын маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Тодруулбал, эрх зүйн байдал нь өөр, харилцан эсрэг байр суурь бүхий талууд өөрсдийн ашиг сонирхлыг өрсөлдөн нотлох хэлбэрээр мэтгэлцсэн гэж үзэхээргүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх, нөгөөтэйгүүр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хэлэлцэх хуулийн үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЦЭНД