Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 859

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч М.Сансарсайхан (томилолтоор), шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газраас С овогт Д.Б-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808 02856 1004 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овогт Д.Б, Монгол Улсын иргэн, ........ тоотод оршин суудаг, .... регистрийн дугаартай, урьд:

- Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 1989 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны 30 тоот гэртээ эхнэр П.Б-гийн баруун гарын дунд хурууг мушгиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Сартуул овогт Доржсүрэнгийн Балжинням нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 58 дугаар байрны 30 тоот гэртээ эхнэр П.Б-гийн баруун гарын дунд хурууг мушгиж “...баруун гарын дунд хуруунд хаван хавдартай цус хурсан...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд: “...2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр манай хүүхэд унтаж байсан. Унтаж байхад нь намайг утсаар чанга ярилаа гэсэн. Манай эхнэр сэнжтэй аяга барьж байсан тул би тэр аягаараа намайг цохиж магадгүй гэж бодоод аягыг нь булааж авсан. Тэр үед аяганы сэнжинд дунд хурууг нь мушгисан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

2. Хохирогч П.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…нөхөр Б бид хоёр 30 гаруй жил хамт амьдарч байгаа бөгөөд гэрлэлтийн баталгаатай, гурван хүүхэдтэй. Манай нөхөр Б нь гадуур мөрийтэй тоглоом тоглоод шөнө ирээд өглөө босохгүй унтдаг. 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед хүүхдийн хажууд утсаар чанга яриад байхаар нь би “шөнөжин тоглож ирчихээд, өдөр нь хүүхэд унтуулахгүй утсаар ярьлаа босооч” гэж хэлсэн чинь маргаан үүссэн. Тэгээд би уурандаа хөл рүү нь өгшиглөсөн чинь босож ирээд миний зүүн гарыг ард мушгаад, дараа нь баруун гарын дунд хуруу мушгисан чинь миний хуруу хавдсан. Тэгээд цагдаа дуудна гэсэн чинь гараад зугтаасан. Тухайн үед манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан. Бид хоёр хамт амьдрах хугацаанд бага зэрэг хэрүүл, маргаан гардаг байсан. Гэхдээ би зодуулж үзээгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн үед уурандаа цагдаад өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас), “...Миний баруун гарын дунд хуруунд учирсан гэмтлийг Д.Б гараараа мушгиж учруулсан. Би тухайн үед гартаа сэнжтэй аяга барьж байсан чинь миний гарыг цуг мушгиад, миний дунд хуруу аяганы сэнжинд хөшигдсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7243 дугаартай “...П.Б-гийн бие махбодод баруун гарын дунд хуруунд хаван хавдартай цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс шалтгаална..." гэсэн дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас),

4. Шүүгдэгч Д.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 39 дүгээр хуудас),

5. Шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатайг нотлох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 40 дугаар хуудас),

6. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийн дагуу дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 13-14 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 37 дугаар хуудас),

8. Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед эхнэр маань гартаа сэнжтэй аяга барьчихсан, намайг цохих гээд байхаар нь би аягыг гараас нь мушгиж авахдаа гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгч  Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч П.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 189 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагаас шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Б, хохирогч П.Б нар нь албан ёсны гэр бүлийн баталгаа бүхий эхнэр, нөхөр байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Д.Б-ыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл идэвхтэй, ухамсартай байх бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.Б-гийн биед гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Түүнчлэн, шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдааны үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокурророос гаргасан ялын талаарх санал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Б-д хоёр зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж өгнө үү.

Шүүгдэгч Д.Б өөрийгөө өмгөөлж “миний хувьд прокурорын санал болгосон нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь үнэн. Гэвч би саяхан ажилд орсон тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “...прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С овогт Д.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА