| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2505 01315 2478 |
| Дугаар | 2026/ДШМ/614 |
| Огноо | 2025-05-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2026/ДШМ/614
2026 05 18 2026/ДШМ/614
Х.Э-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, шүүгч Л.Галбадар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Х.Э-, түүний өмгөөлөгч Ц.Нармандах,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/708 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Нармандахын гаргасан давж заалдах гомдлоор Х.Э-т холбогдох 2505 01315 2478 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Х-ын Э-, 1982 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ТХ-/;
Шүүгдэгч Х.Э- нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Мах комбинатын ажилчдын Х- дугаар байрны 7 тоотод О.Н-ийг архинаас гаргах бөөгийн зан үйл хийх нэрийдлээр их хэмжээний архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглүүлсэн болгоомжгүй үйлдлийн улмаас О.Н- нь 2025 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Н-” хорооллын Н--170 тоотод спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Э-ийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э- нь зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Э-ээс амь хохирогчийн оршуулгын зардалд 6.300.000 төгрөг, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлБ- 8.580.000 төгрөг, нийт 14.880.000 төгрөгийг гаргуулж хууль ёсны төлөөлөгч О.Т-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Э- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Э-ийн өмгөөлөгч Ц.Нармандах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. ... Үүнд: Нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, шалтгаант холбоог хууль зүйн шаардлагад нийцүүлэн тогтоогоогүй, өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн тул хууль зүйн үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч Х.Э-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг танилцуулаагүй.
1. “Шүүхийн шийдвэрт “их хэмжээний архи согтууруулах ундааг уулгасан” гэж дүгнэсэн боловч албадсан, шахсан, хүч хэрэглэсэн эсхүл хяналтгүйгээр уулгасан гэсэн аль нэг үйлдлийг тогтоосон нотлох баримт байхгүй. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд нь хамт архи хэрэглэсэн, архийг өөрсдөө уусан гэдгийг л илтгэхээс миний үйлчлүүлэгч Х.Э-ийг “уулгасан” үйлдлийг нотлохгүй байхад шүүх таамаглалд тулгуурлаж шийдвэрлэсэн.
2. Шүүх шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хохирогч Х.Э-ийнхээс гарч, өөр орчинд шилжсэн, тодорхой хугацааны дараа ойролцоогоор “6 цагийн дараа” нас барсан байхад шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ хугацаанд дахин архи хэрэглэсэн эсэх, биеийн байдал дордсон нөхцөл, гадны нөлөө, амьсгал боогдох зэрэг эрсдэл зэргийг огт шалгаагүй. Яллагдагчийн үйлдэл болон үр дагаврын хоорондын шууд шалтгаант холбоо нотлогдоогүй болно.
3. Өмгөөлөгчийн зүгээс шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлт гаргаж дараах чухал асуултуудыг тавих хүсэлт гаргасан: Шинжээчид 5,3 хувь согтолтод хүрэхийг өөрөө ууж хүрч болох эсэх, архинд дассан хүний хувьд уг хэмжээ амь насанд шууд аюултай эсэх, өөр хүчин зүйлийн нөлөө байсан эсэхийг тодруулахаар хүсэлт гаргасан. Гэрч Н.Т-ин, Б.Б-ийг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч “урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаагүй” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл аль ч үед асуулт асуух тавих, хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийг хязгаарласан нь процессын ноцтой зөрчил юм.
4. Субьектив дүгнэлт хийсэн: Шүүхээс “үхэлд хүргэж болзошгүйг мэдэх боломжтой байсан” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Учир нь, архины аюултай хэмжээний талаарх нарийн мэдлэгийг жирийн хүн урьдчилан мэдэх боломжгүй. Хохирогч нь архинд дассан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байхад таамагласан шинжтэй дүгнэсэн.
5. Миний үйлчлүүлэгч Х.Э-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг бүрэн танилцуулаагүй хэргийг шүүхэд шилжүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын ноцтой зөрчил гаргасан. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд гэмт хэргийн бүрэлдэхүүн хангалтай нотлогдоогүй, шалтгаант холбоо тогтоогдоогүй, процессын зөрчил гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материал танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. Хавтаст хэргийн 105 дугаар талд Х.Э-ийн гарын үсэг зурсан баримт авагдсан. Гэрчийн мэдүүлгүүдийг хоорондоо зөрүүтэй гэж үзэхгүй. Х.Э-ийн гэрт байхдаа архи, согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн ба үүний улмаас амь хохирогч спиртийн цочмог хордлогын улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан. ... Шинжээчийн дүгнэлтэд амь хохирогч хэрхэн, ямар шалтгааны улмаас нас барсан нь тодорхой тусгагдсан тул энэ талаар шинжээчээс дахин асуух шаардлагагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хоёр хүн томилсон. Эдгээр хүмүүсийн хэнтэй нь ч холбоотой сэтгэцийн хор уршиг тогтоолгож болно. Хэдэн ч хүний сэтгэцийн хор уршгийн дүгнэлтийг гаргуулаад шүүхээс тогтоосон хэмжээнд нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна. ... Мэдүүлгийн зөрүүтэй асуудлын тухайд амь хохирогчийн нөхөр 2 шил архи уусан, түшээ нь 7 шил архи хэрэглэсэн гэж мэдүүлсэн. Амарзаяа прокурор яллах дүгнэлтдээ архины тоо хэмжээг заагаагүй. Хэдэн шил архи хэрэглэсэн гэдэг нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Хамгийн гол нь амь хохирогч их хэмжээний согтууруулах ундааны зүйл уусан. Үүний алмаас амь хохирсон нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр бүрэн тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “хувцас, гутлаа өмсөж чадахгүй, нус шүлс нь гоожсон байдалтай байсан” гэх мэдүүлгийг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж заасан.
Уг гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо дээрх Иргэний хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримталсан атлаа сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 3 дугаар зэрэглэлээр тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр хохирлын хэмжээг тооцсон нь үндэслэл муутай болжээ.
Түүнчлэн, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-, гэрч Б.Б- нарын мэдүүлгүүд зөрүүтэй байх ба гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах замаар мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгах, мөн дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулж мэдүүлэг авах шаардлагатай.
Үүнээс гадна, амь хохирогчийн нөхөр болох Д.Н- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байтал заавал Н.Т-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, сэтгэцэд учирсан хохирогч хор уршгийн зэрэглэл тогтоон шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хуульд хэрхэн нийцэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/708 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, үүнтэй холбоотой шүүгдэгч Х.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Э-ийн өмгөөлөгч Ц.Нармандахын гаргасан гомдлоос “гэрч, шинжээч нарыг асууж, мэдүүлгийн зөрүүтэй байдлыг арилгах” гэсэн хэсгийг агуулгын хувьд хүлээн авч, бусад үндэслэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2026/ШЦТ/708 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Х.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР
ШҮҮГЧ М.АЛДАР