Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01765

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2017/01765

 

 

М.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 03ы өдрийн 181/ШШ2017/00844 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Гантөмөрийн, хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, улирал тутмын урамшуулал гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэн, нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, Ц.Бүрэнжаргал, А.Эрдэнэбулаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Харилцаа холбооны зохицуулах хороонд 2013 оны 6 дугаар сараас эхлэн ажилласан. 2016 оны 8 дугаар сард Хорооны бүтэц, орон тоо шинэчлэгдэн батлагдсанаар Эрх зүй, мэдээлэл, захиргааны хэлтэст тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэнгээр ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр надад Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг танилцуулсан. Уг тушаалд намайг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлийг заасан байх бөгөөд үүнд намайг ямар алдаа гаргасан, ямар журам зөрчсөн талаар тодорхой бичээгүй. Намайг ажлаас халахын тулд үл ялих зүйлээр шалтаглан үндэслэлгүй зүйлийг бичсэн байна.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний хувьд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ үнэнч шударгаар биелүүлж байсан тул Б/138 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, тушаалын заалтууд нь хоорондоо зөрчилтэй, миний эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус тушаал гэж үзэж байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, улирал тутмын урамшуулал гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэн, нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, Ц.Бүрэнжаргал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Гантөмөр нь Харилцаа холбооны зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тус хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч нь М.Гантөмөрийг ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа ажлаас чөлөөлж буй шалтгаанаа тодорхой дурдсан. Учир нь М.Гантөмөр нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заагдсан чиг үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэж, тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан аливаа хүсэлтүүдийг хугацаа хэтрүүлэх, материалыг нь үрэгдүүлэх, ажлын цагаас байнга хоцрох зэрэг зөрчлүүдийг гаргасан.

2016 оны 10 дугаар сарын 20, 27-ны өдрийн хоёр тэмдэглэлээр хавсралтад байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн асуудлыг хэзээ шийдвэрлэх байсан, ямар шалтгаанаар шийдвэрлээгүй хугацаа хэтрүүлсэн байгааг харуулсан. Энэ нь М.Гантөмөр хийх ёстой ажлаа хийгээгүй байсныг харуулж байна. Мөн М.Гантөмөр нь ажилдаа идэвхи санаачлагагүй хандаж байсан тул тус хорооны даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/131 тоот тушаалаар сануулах, 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/181 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 5 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан.

Харилцаа холбооны зохицуулах хорооны хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, албан хэрэг хөтлөлтийн журам, хөдөлмөрийн гэрээнд заасан ажилдаа идэвхи санаачлагагүй хандаж, ажлын байрны чиг үүргийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлсэн тул тус хорооны даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/135 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Ийнхүү сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа зөрчил дутагдлаа засаж ажиллаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Гантөмөрийг Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 9 103 583 төгрөгийг гаргуулан, М.Гантөмөрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд даалган, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Гантөмөрийн Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажилгүй байсан хугацааны урамшууллыг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлмйн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч М.Гантөмөр нь ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой гомдлын шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос 160 607 төгрөгийг гаргуулан, Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх М.Гантөмөрийг сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

М.Гантөмөр нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/131 тушаал сануулах, 7 дугаар сарын 06-ны өдрийн А/181 тоот тушаалаар үндсэн цалинг 1 сарын 5 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 7 хоногийн тайлан мэдээний хурлын тэмдэглэлд сануулах арга хэмжээ, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/135 тоот Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 7 хоногийн тайлан мэдээний хурлын тэмдэглэлд сануулах арга хэмжээг удаа дараа шат дараалан авсан боловч ажлын үр дүн сайжрахгүй, тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэхгүй хугацаа хэтрүүлсээр байсан.

Энэхүү асуудал нь 7 хоног бүрийн шуурхай хуралд танилцуулагдаж байсан бөгөөд дээрх зөрчил давтагдсаар байсан тул 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 тоот тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Иймд М.Гантөмөр нь тусгай зөвшөөрлийн хүсэлт материалыг хугацаа хожимдуулдаг, ажлын цагаас байнга хоцорч, идэвхи санаачлага, үр бүтээлгүй ажилладаг зөрчлүүд гаргаж байсан нь тогтоогдож байна. /Хугацаа хэтрүүлсэн хүсэлтүүдийн жагсаалтыг хурлын тэмдэглэлд хавсаргасан/

Улсын дээд шүүхийн 2006 оны "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33 дугаар тогтоолд зааснаар "... зөрчил бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрт нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй... " гэжээ. М.Гантөмөр нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэг нь тогтоогдсон байхад шүүх "... сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна... " гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт "... М.Гантөмөрийн Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажилгүй байсан хугацааны урамшууллыг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай... " гэсэн хэдий ч М.Гантөмөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ М.Гантөмөрт олгож байсан урамшууллыг тооцож олгосон нь үндэслэлгүй байна.

Учир нь М.Гантөмөрийн ажилгүй байх хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо түүнд урамшуулал олгох эсэх нь тодорхойгүй байхад урамшуулал заавал олгох байсан мэтээр тооцож шийдвэрлэсэн нь буруу.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь улирал тутам ажилчдын ажлыг дүгнэж, урамшуулалт цалин олгодог бөгөөд хэрэв ажилтнууд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тохиолдолд урамшуулалт цалин олгодоггүй. М.Гантөмөр нь улирал тутам байгууллагын ажилчдаас бага урамшуулал авч байсан бөгөөд цаашид үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд урамшуулалт цалин олгохгүй байхаар байсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч М.Гантөмөр нь хариуцагч Харилцаа холбооны зохицуулах газарт холбогдуулан тус хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2013 оны 6 дугаар сараас хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хоёр тал хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, М.Гантөмөр нь Харилцаа холбооны зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тус хорооны даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/138 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан буюу сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Зохигчид хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй, харин хариуцагч тал нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ удаа дараа хангалтгүй гүйцэтгэж, тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаж байсан гэж мэтгэлцэн, үндэслэлээ нотлох зорилгоор хурлын тэмдэглэлийг хавсралтын хамт шүүхэд гарган өгчээ.

Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч байгууллагын даргын 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/135 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Гантөмөр нь үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байх боловч давтан зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хариуцагч талын нотлох баримтаар гаргаж өгсөн Харилцаа холбооны зохицуулах газрын ЗУХАГазрын 2016 оны 10 дугаар сарын 20, 27-ны өдрийн хурлын тэмдэглэлд М.Гантөмөрт 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэхэд шийдвэрлэгдээгүй тусгай зөвшөөрлийн хүсэлтийн тушаалыг гаргаж, өөрийн ширээн дээрх материалуудыг цэгцэлж дуусгах, тушаалыг 7 хоногтоо нэг гаргаж олголтыг хийдэг болгох үүрэг даалгавар өгсөн тухай тусгагдсанаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар хэлэлцэж шийдвэрлэсэн талаар тусгагдаагүй байхаас гадна нэхэмжлэгч нь хурлаар өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүйгээс түүнд ажлаас халах сахилгын арга хэмжээ авах нөхцөл бий болсон гэдгээ хариуцагч нотлоогүй байна.

Анхан шатны шүүх, нэхэмжлэгчийг сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй, ажил олгогчоос ажилтны ажлын үр дүн, хөдөлмөрийн амжилтыг үнэлж шагнал, урамшуулал олгодог учир нэхэмжлэгчийг ажил эрхлээгүй байсан хугацааны үр дүнгийн урамшуулал авах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ажилгүй байсан хугацааны урамшуулал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргахдаа нэхэмжлэгчийн урамшуулал тооцсон сарын цалинг тооцсон нь үндэслэлгүй гэж тайлбарладаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтаас харахад цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэхээр байна.

Шүүх, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 8-10 дугаар сарын цалингийн дүнг үндэслэн, М.Гантөмөрийн ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9 103 583 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д нийцэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД