| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/1406/э |
| Дугаар | 1469 |
| Огноо | 2018-10-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: А.Сайнбаяр
шүүгдэгч: У.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э овогт У М холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1806077081726 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт У М, 19 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, нэг хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо Баруун-Алтан-Өлгийн 36 дугаар гудамжны тоотод оршин суудаг, Чингэлтэй дүүргийн дугаар хороо дугаар гудамжны тоотод оршин суудаг хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:
Холбогдсон хэргийн талаар:
У.М нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо Баруун-Алтан-Өлгийн дугаар гудамжны тоотод буюу гэртээ өөрийн хадам эх болох С.Ай маргалдаж улмаар түүний гарнаас нь зуурч зүүн гарын хурууг хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч У.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр бид 2 амралтанд явсан хойгуур манай гэрт хадам ээж ирсэн байсан. Тэгээд хөдөөнөөс ирээд гэр цоожтой байсан болохоор уурласан юм шиг байсан. Манай хадам ээж бид хоёрт машин байхгүй байхад дандаа ирчихээд хөдөө хүргэж өг гээд байдаг юм. Тэгээд бид 2 амралтаас ирэхэд уурлаад манай нөхрийг загнаад байсан. Бид 2 хүнээс авлагатай байсан тэгсэн чинь тэрийгээ ав гээд уурлаад. Өмнө нь хадам ээж манай хашаанд ирж бууна гэхээр нь би тусдаа байсан дээр хашаандаа буулгахгүй гэж хэлсэн тэрнээс хойш ер нь уурлаад байдаг байсан. Тэгээд би нөгөө өрөөнд байхад хадам ээж манай нөхөртэй яриад уурлаад, загнаад байсан. Тэр найзыг чинь хутгалчих юмсан гээд үглээд байсан. Тэгээд би нөхөртөө ээжийгээ найзтайгаа яриулчих гэж хэлсэн чинь над руу дайраад орилоод байсан. Тэгээд бид 2 маргалдаад намайг зуураад тавихгүй байсан. Тэгээд би гарыг нь тавиулах гээд татсан чинь гар гар гээд орилоод байсан. Маргааш нь цагдаад өргөдөл өгсөн байсан. Тэр өдрөөс хойш дахиж уулзаагүй. Би одоо энэ асуудлаас болоод нөхрөөсөө салаад эмээгийндээ байгаа. Манай нөхөр ээжийн гарыг гибстсэн байсан гэж хэлсэн болохоор нь би хүн гэмтээсэн байна гэж бодсон гэв.
Шүүгдэгч У.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр 14.00 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод нөхөр Н хамт байж байтал хадам ээж Ад гаднаас орж ирээд хөдөө мал руугаа хүргэж өг гээд байсан. Тэгэхээр нь машин тэрэг байхгүй та дүүгээрээ хүргүүл гэсэн чинь дүү С дуудсан. Тэгээд гарахдаа малаа хурдан ав гээд үглээд байсан. Манай нөхөр найзаасаа мал авчихаад шүүх дээр маргаантай байгаа учир тэр малаа айл дээр байлгаж байгаа юм. Тэгтэл ээж уурлаад малаа хурдан ав мөнгөө шийд гээд байсан. Тэгж байтал хадам ээж уурлаад намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би таньтай зодолдмооргүй байна гэж хэлсэн. Би хадам ээжийг 2-3 удаа л түлхсэн. Гэтэл орилоод уурлаад гараад явсан. Хадам ээж малаа буцааж өгчихөөд манай хашаанд ирж бууна гэхээр нь би дургүй байсан юм. Тэгээд намайг хашаандаа буулгахгүй гэхээр л уурлаад байсан юм байна лээ гэжээ. /хх-ийн 14/
Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2018 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 15-16 цагийн хооронд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод төрсөн хүү Н гэрт ирээд хүүхдэдээ өвөл боллоо малынхаа тэжээл хадлангаа яах юм бэ гэж хэлсэн чинь бэр М юу яриад байгаа юм балай авгай минь өөрөө унаагаа олоод явахгүй юу гээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм хүйтэрлээ гэж хэлсэн. Тэгээд би эрэгтэй дүү Сг дуудчихаад байж байсан чинь М над руу дайраад дуугүй зайл гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм чи чинь ямар аймаар юм бэ гэтэл намайг хаалга руугаа түлхээд хүний амьдралд орж ирээд гай боллоо гээд байсан. М миний баруун гарыг дарчихаад тавихгүй байсан. Гэтэл манай хүү орон дээрээ хэвтэж байснаа босож ирээд эхнэрийгээ чи болиоч дээ миний ээжийн гарыг гэмтээчихлээ ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг салгаад байж байтал миний дүү С ирээд бид хоёр гэмтлийн эмнэлэг явсан юм гэжээ. / хх-н 7-12/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би Мн ээжийх нь төрсөн эгч нь байгаа юм. М хүнтэй муудалцаж хэрүүл хийгээд байдаггүй юм. Төлөв даруухан зантай, нөхөр Н нь бага байхаас нь үерхэж байгаад суугаад одоо дундаасаа нэг хүүхэдтэй юм. М эхээс 4-үүлээ доороо 3 дүүтэй ээж У нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. М одоо дүү нартайгаа хамт манай ээж дээр амьдардаг юм гэжээ. / хх-н 28-29/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 17/
2018.9.20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11477 тоот дүгнэлт:
1,Н.А биед зүүн сарвуун 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал тогтоогдлоо.
2,Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3,Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.
4,Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 18/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-н 19-20/
У.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 21/,
У.М эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 27/, прокурорын тогтоол /хх-н 32-33/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 34-35/ хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар /хх-н 36/ зэрэг болно.
У .М нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Баруун-Алтан өлгийн дугаар гудамжны тоотод буюу гэртээ өөрийн хадам эх болох С.А маргалдаж улмаар түүний гарнаас нь зуурч зүүн гарын хурууг хугалан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Н.А биед зүүн сарвуун 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн 2018.9.20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 11477 тоот дүгнэлт /хх-н 18/
Хохирогч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... намайг хаалга руугаа түлхээд хүний амьдралд орж ирээд гай боллоо гээд байсан. М миний баруун гарыг дарчихаад тавихгүй байсан. Гэтэл манай хүү орон дээрээ хэвтэж байснаа босож ирээд эхнэрийгээ чи болиоч дээ миний ээжийн гарыг гэмтээчихлээ ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг салгаад байж байтал миний дүү С ирээд бид хоёр гэмтлийн эмнэлэг явсан юм гэсэн мэдүүлэг / хх-н 7-12/
Шүүгдэгч У.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Тэгж байтал хадам ээж уурлаад намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би таньтай зодолдмооргүй байна гэж хэлсэн. Би хадам ээжийг 2-3 удаа л түлхсэн. Гэтэл орилоод уурлаад гараад явсан гэсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв. .
У.М нь хохирогч С.А маргалдаж байгаад түүний цамцнаас нь заамдаад авахаар нь тавиулах гээд гарын хуруунаас татсанаас С.А зүүн сарвуун 4 дүгээр хурууны 3 дугаар шивнүүр ясны хугарал бүхий хүндэтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.
Иймд У. М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухай зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
У.М хохирогч хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
У.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт У М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.М нь торгох ялыг 3 сарын дотор нэг сард 150.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, У.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж , тогтоол хүчин төгөлдөр болтол У.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН