| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2021/00851/И |
| Дугаар | 191/ШШ2025/09938 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/09938
2025 11 14 191/ШШ2025/09938
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, шүүгч Н.Сарангүн, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, дүгээр хороолол, тоотод оршин суух, ******* ******* /РД:******* /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, байр, тоотод оршин суух, ******* ******* /РД:*******/-д холбогдох
Гэм хорын хохиролд 12,957,910 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Г,
Хариуцагч Э.Э,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 12,957,910 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь Сүхбаатар дүүргийн хорооны байрны зоорийн давхарын 1 тоот өрөөг ******* овогтой агуулахын зориулалтаар 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн 2021 оны 05 сарын 25-ныг дуустал нэг жилийн хугацаатайгаар түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн байрандаа худалдаалах зориулалтаар авсан барилгын материал болох хаалга хроп зэрэг бараагаа агуулдаг бөгөөд 2021 оны 02 сарын 05-ны өдөр 13 цаг 40 минут орчимд дээд айл болох 5 тоот айлаас их хэмжээний халуун ус 30 минутын турш алдаж тус өрөөнүүд усанд автаж зарах гэж байсан шинэ 250 хаалга /250 хроп, 250 хавтас нийт өөрийн үндсэн 27,222,500 төгрөг/ норж гэмтэж их хэмжээний хохирол учирсан. Нийт 7 хүн тухайн өдрийнхөө шөнийн 01 цаг хүртэл усыг шавхаж хаалга, хаалганы хроп хавтаснуудаа цэвэрлэж цаасан хайрцагнаас салгаж хатаах арга хэмжээ авсан. Иймд энэ хэргийг шалгаж зарах боломжгүй болсон 119 хаалганы үндсэн үнэ болох 12,957,910 төгрөгний /1 хаалганы үндсэн үнэ 108,890 төгрөг/ хохирлыг барагдуулж өгч туслана уу.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийг хүртэл миний бие тэр байрандаа үйл ажиллагаа явуулж, түрээсэлж байгаа. Анх ус алдахад хариуцагч орж ирж харсан, бүх нөхцөл байдлыг мэдэж байгаа хэрнээ нэг ч удаа орж ирж надтай уулзаж, ярилцсан зүйл байхгүй. Ус алдаж, эд хөрөнгө гэмтсэн нь ойлгомжтой байгаа учраас хохирлыг арилгах нь зүйтэй байх, харин тухайн үед зөвхөн хаалганы үнийг Хятадаас оруулж ирдэг үнээр нь л тооцож нэхэмжилсэн. Хэрэгт шинжээчийн дүгнэлт гарч, хохирлын үнэлгээ гарсан байгаа тул тухайн үнээр буюу 5,258,287 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
2. Хариуцагч Э.******* болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие Сүхбаатар дүүргийн хорооны байрны тоотод 2000 оноос хойш оршин сууж байгаа ба 2021.02.05-ны өдөр манай гал тогооны угаалтуурын доорх халуун усны уян хоолой гэнэт задарч, халуун ус алдсан байсан. Тухайн үед эхнэр маань 2 хүүхдийнхээ хамт гэртээ байсан ба орон сууцны конторт дуудлага өгч, тэр хооронд усыг хаахаар оролдсон боловч ус маш халуун бас битүү уур болчихоод сайн харагдахгүй, хаалтыг хааж дийлэхгүй байсан. Доороос хүмүүс орж ирсэн, эхнэрийг усаа хааж дийлэхгүй байгааг хараад гарч яваад буцаж хүн дагуулж орж ирээд оролдож байгаад хаасан байсан. Дуудлага авсан сантехник орж ирэхэд тэр хүмүүс зөрөөд гарч явж таарсан. Ус алдалт ойролцоогоор 20-иод минут орчим үргэлжилсэн. Хэдийгээр манайхаас ус алдсан ч ямар нэгэн санаатай, санамсаргүй үйлдлээс энэ хүмүүст хохирол учруулаагүй, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийн улмаас ус алдаад цаг хугацаанд нь зохих арга хэмжээг авсан.
Миний бие 2019 онд галт тогооны өрөөний тавилгыг солихдоо иж бүрэн засвар, үйлчилгээг хийсэн байсан. Мөн орон сууцны мэргэжлийн байгууллагаас акт гаргахдаа эзэмшигчийн буруутай үйлдэл байхгүй гэж гаргасан байна.
Нэхэмжлэгч, орон сууцны зоорийн давхарт байр түрээсэлж бараагаа хадгалж байсан тухай гэрээг харлаа. Уг байрыг агуулахын зориулалтаар ашиглах зохистой эсэх талаар ямар нэгэн баримт, заалт уг гэрээ болон нэхэмжлэлд дурдаагүй байна. Орон сууцны зоорийн давхар нь Иргэний хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгө бөгөөд энэхүү дундын өмчлөлийн эд хөрөнгийн зохих засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг энэ байранд орсон цагаасаа байнга төлж ирсэн. Манай байрны доод хонгилын зориулалтыг өөрчлөн, агуулах болгосныг би мэдээгүй ба өөрчилж шинэчлэхдээ барилгын норм, стандартыг баримталсан эсэхийг мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч их хэмжээний эд хөрөнгөө байр түрээсэлж хадгалахдаа, уг байр нь зориулалтын агуулах эсэхийг нягталж, эд хөрөнгөндөө учрах эрсдлийг тооцож, эд хөрөнгөө даатгуулах зэрэг арга хэмжээ аваагүй, өөрийнх нь буруутай үйл ажиллагаа мөн байна уу гэж харж байна.
Мөн түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй байгаа. Гэрээгээр ийм хаалга оруулж ирэхэд тэдэн төгрөг гэдгийг нотолж байгаа баримтгүй, гэрэл зурагт хохирсон хаалганы тоо хэмжээ тодорхойгүй байгаа. Хуульд нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байгаа. Шүүхийн санаачилгаар шинжээч ажиллаж, 7 сар нэхэмжлэгчтэй зууралдсан. Шинжээчийн ажилласан хаалга нь гэмтэл учирсан хаалга мөн эсэхэд эргэлзэж байгаа. Нийт 20 минут ус гоожиход 119 ширхэг хаалга гэмтээж амжих уу гэдгийг мэдэхгүй. Шинжээч дүгнэлт гаргахаар ажиллахдаа нэхэмжлэгчийн хаалга хадгалсан газар очихдоо биднийг байлцуулалгүйгээр хаалгыг нь үзэж хараад дүгнэлтээ гаргасан. Энд тэндээс эвдэрч гэмтсэн хаалгануудыг цуглуулаад хохирол шаардаж байгаа нь харагдаж байна. Иргэний хуульд зааснаар дундын өмчлөлийн хөрөнгийн загварыг өөрчилснөөс хохирол учирвал өөрөө хариуцна. Бид ус алдсан тохиолдолд доод айлын хана таазыг л янзалж өгдөг, гэтэл дотор нь байсан бүх зүйлийн үнийг төлнө гэж байхгүй байх. Мөн нотлогдохгүй баримтууд байгаа учраас эвлэрэхгүй, нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Иймд, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс үүдэн учирсан хохирлын хэмжээ тодорхойгүй, надаас нэхэмжлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан, 2020 оны 05 сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслүүлэх гэрээ /хх-ийн 2х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3х/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 4х/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар-ын ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-ийн дарга Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлт /хх-ийн 5х/, фото зургууд /хх-ийн 6-8х/, Нийтийн байрны өрөө түрээслүүлэх гэрээ /хх-ийн 69,70х/, Ү-2203008619 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 71х/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 72х/ зэрэг баримтууд,
Хариуцагчаас хариу тайлбар /хх-ийн 15х/, 2021.04.05-ны өдрийн Б/03 дугаартай Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт /хх-ийн 16х/ зэрэг баримтууд
Шүүхийн журмаар 2021.05.21-ний өдрийн 1/409 дугаартай Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Ус алдсан дуудлага барагдуулсан тухай албан бичиг болон хавсралтууд /хх-ийн 25-29х/, 2021.05.21-ний өдрийн 03/500 дугаартай Үндэсний төв архивын албан бичиг болон хавсралт /хх-ийн 30-32х/, Итгэлт эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 96-118х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагчийн орон сууцнаас миний агуулах руу 30 минутын турш халуун ус алдаж, дотор нь худалдахаар хадгалсан байсан хаалга норж, тэдгээрээс ашиглах боломжгүй болсон 119 ширхэг хаалга гарч, нийт 12,957,910 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр гарсан дүн болох 5,258,287 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Иймд энэ дүнгээр хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай галт тогооны өрөөний тосгуурын доод талын уян хоолой задарч, ус алдсан бөгөөд орон сууцны ашиглалтын төлбөрийг тухай бүрт нь төлсөөр ирсэн, 2019 онд бүтэн засвар үйлчилгээг нь хийсэн байсан тул миний буруутай үйл ажиллагаа байгаагүй, энэ талаар холбогдох газраас акт гаргахдаа аливаа буруутай үйл ажиллагаа байхгүй талаар тодорхойлж өгсөн. Нэхэмжлэгч тухайн байрыг агуулахын зориулалтаар ашиглаж байгаа нь хуульд нийцээгүй, өөрийн эрсдэлийг хааж, хөрөнгөө даатгуулах зэрэг арга хэмжээ аваагүй өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна. Мөн түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, дүгнэлт гаргахаар шинжээч очиход шинжээчид үзүүлсэн гэх хаалга нь усанд норж, гэмтсэн гэх хаалга мөн эсэх нь эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
4. Талууд хариуцагчийн орон сууцнаас халуун ус алдаж, нэхэмжлэгчийн агуулах руу орж, эд хөрөнгөд гэмтэл учирсан гэдэгт маргадаггүй боловч тухайн гэмтэл учруулахад хариуцагч гэм буруутай эсэх, гэм буруу хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд маргаж байна.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1 Нэхэмжлэгч Д.******* нь Сүхбаатар дүүргийн дугаар хороо, дугаар хорооллын дугаар байрны зоорийн давхарын 11, 12, 13 тоот өрөөг агуулахын зориулалтаар түрээсэлдэг болох нь хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын байр түрээслүүлэх гэрээ-г байгуулсан баримтаар тогтоогдож байна.
5.2 Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн хорооллын -р хорооны байрны тоот сууцыг эзэмшигчийн сууцанд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 цаг 39 минутанд тоног төхөөрөмжийн эвдрэл, халуун усны уян холбоос задарч ус алдсан шалтгаанаар Д.*******гийн эзэмшиж байгаа Сүхбаатар дүүргийн дугаар хорооллын -р хорооны байрны 1,2,3 тоот сууцанд гэмтэл учруулсан байна гэж дүгнэлт гаргасан байх ба мөн нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн фото зургаар хайрцагтай хаалгануудад ус нэвчиж орсон, эвдрэл гарсан байгаагаас нэхэмжлэгчийн агуулахын зориулалтаар ашиглаж байгаа объектод хариуцагчийн орон сууцнаас ус алдсан болох нь, үүний улмаас нэхэмжлэгчийн агуулахад байсан хөрөнгөд эвдрэл учирсан болох нь тус тус тогтоогдож байна.
5.3 Мөн түүнчлэн, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/409 дугаартай Ус алдсан дуудлага барагдуулсан тухай албан бичигт ... ирсэн дуудлагыг шүүж үзэхэд Сүхбаатар дүүргийн дугаар хороолол, дугаар хороо, -р байрны тоот айлаас утсаар ОСНААУГ-ын call center системд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13:39:01 ус алдсан дуудлага бүртгэгдсэний дагуу дуудлагын засварчин нь Сүхбаатар дүүргийн 6-р хороо 28-р байрлах Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын ажлын байрнаас гарч тус айлд очсон. Дуудлагын засварчин тус айлын холигчийн ф15 уян холбоо задарсан байсныг 14:00:00 цагт хаасан гэж мэдэгдсэнийг ус хангамжийн дуудлагын дэвтэрт ээлжийн инженер бүртгэсэн байна. Сall center системд 2021.02.05-ны 14:09:59 дуудлагыг хаав. Тухайн өдрийн 18 цагт 35 байрны 5 тоот айл шинээр холигч уян холбоосоо худалдан авч тавиулаад усыг нээсэн байна гэсэн албан бичиг ирүүлсэн байх ба бүртгэлийн дэвтэрт ус алдсан дундаж хугацааг 20 минут гэж, дуудлагыг бүртгэсэн баримтын хамтаар ирүүлсэн байна.
5.4 Хариуцагч Э.******* нь түүний орон сууцны галт тогооны өрөөний уян холбоос задарч, халуун ус их хэмжээгээр алдаж, нэхэмжлэгчийн эзэмшиж ашиглаж байгаа объект руу ус алдсан үйл баримттай маргадаггүй. Мөн түүнчлэн, Сүхбаатар дүүргийн, дугаар хороо, дугаар хорооллын дугаар байрны 5 тоот орон сууц нь хариуцагч Э.*******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө гэдэгтэй маргаагүй, хүлээн зөвшөөрдөг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай сууц өмчлөгчдийн холбооны бичгээр Э.******* нь 2000 оноос хойш СӨХ-ийн төлбөрийг хугацаанд нь төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болно гэсэн орон сууцны СӨХ-ийн төлбөрийг урт хугацаанд төлсөн баримтаар тус орон сууц нь хариуцагч Э.*******ын өмч мөн болох нь тогтоогдож байна.
5.5 Тухайн эвдрэл гэмтэл гарсан гэх хаалгануудад Итгэлт Эстимэйт ХХК-иар хөрөнгийн үнэлгээг хийлгэж, тайланг ирүүлсэн. Үнэлгээг хийхдээ нэхэмжлэгчийн агуулахад хадгалагдаж байгаа гэх 119 ширхэг хаалганаас үлдсэн нийт 87 ширхэг хаалга байсан, үүний 53 ширхэг хаалга нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, К худалдааны төвийн В1 давхарт хадгалагдаж, үлдсэн 34 ширхэг хаалга нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 9 дүгээр дэлгүүр автобусны буудлын ар талд байрлах агуулахын зориулалттай контейнэрт хадгалагдаж байсан гэж үнэлж буй хөрөнгийн төлөв байдлыг тодорхойлсон байна.
5.6 Гэмтсэн гэх 119 ширхэг хаалганаас бусад шалтгаанаар буюу механик гэмтлийн улмаас гэмтсэн хаалга 42 ширхэг, ус алдаж норсны улмаас гэмтсэн хаалга 45 ширхэг байв гэж дүгнээд, ус алдаж норсны улмаас гэмтэл учирсан 45 ширхэг хаалгыг зах зээлийн үнээр худалдаж борлуулах боломжгүй бөгөөд гэмтэл үүссэн хэсгийг засварлан зарах, зах зээлийн үнэлгээг 70-75 хувь бууруулан худалдан борлуулах боломжтой гэж дүгнэсэн. 2023 оны 09 дүгээр сарын байдлаарх дотор модон хаалганы зах зээлийн үнэлгээг 165,000 төгрөг, харин 2021 оны 02 дугаар сарын байдлаарх үнэлгээг 116,851 төгрөг гэж үнэлж, нийт 45 ширхэг хаалганы үнийг 5,258,287 төгрөг гэж үнэлжээ. Иймээс нэхэмжлэгчийн хөрөнгөд 45 ширхэг хаалганы нийт 5,258,287 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5.7 Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн хаалга нь ус алдсан цаг хугацаанд норж, гэмтэл учирсан хаалга эсэхэд эргэлзэж, тайлбарладаг боловч энэ талаарх татгалзлаа нотлоогүй, шинжээчийн дүгнэлттэй маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
6. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд сууц өмчлөгчийн эрх, үүргийг заасан бөгөөд 13.2.4-т өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх гэж заасан байна.
7. Хэдийгээр нэхэмжлэгч Д.*******д хохирол учрахад хариуцагчийн санаатай үйлдэл, эс үйлдэхүй байхгүй боловч хариуцагч Э.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцны галт тогооны өрөөний тосгуурын доор байрлах халуун усны уян холбоосыг засварлах, үүнтэй холбоотой гарсан бүх зардлыг төлөх үүрэгтэй байх тул хариуцагчийн орон сууцны доторх эд хөрөнгийн эвдрэл гэмтлээс шалтгаалж бусдад хохирол учирсан шалтгаант холбоотой байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Д.*******д учирсан хохирол болох 5,258,287 төгрөгийн хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан тул нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлага болох 5,258,287 төгрөгийн хохирлыг хариуцагч Э.*******аас гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав. Нэхэмжлэгч нь шинжээчийн зардал 600,000 төгрөгийг төлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Э.*******аас 5,258,287 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 222,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 99,082 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ
ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ