| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2021/02839/И |
| Дугаар | 191/ШШ2025/09939 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/09939
2025 11 14 191/ШШ2025/09939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14, өөрийн байранд байрлах, Монгол Улсын /РД:/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:*******/,
Гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрт 499,746,267 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* констракшн ХХК нь хариуцагч Монгол улсын их д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 499,746,267 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай ******* констракшн ХХК нь ******* гануу ХХК-тай түншлэн Монгол улсын их зарласан Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцон шалгарч, захиалагч талыг төлөөлж , гүйцэтгэгч талыг ******* гануу ХХК нар 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр /201904026 тоот гэрээг байгуулсан.
Бидний түншлэлийн гэрээгээр барилгын үндсэн угсралтын ажлыг манай компани хийж гүйцэтгэх байсан гэрээ байгуулах шатанд түншлэлийн толгой компани болох *******гануу ХХК-д гуравдагч этгээдтэй харилцах бүх эрхийг шилжүүлэн өгсөн байсан ба энэ хүрээнд гэрээг *******гануу ХХК нь /201904026 тоот гэрээг байгуулсан байдаг.
Гэрээний техникийн тодорхойлолтод заасан ажил болох Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6-р хороо, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оюутны хээрийн дадлагын баазыг нийт төсөвт өртөг болох 2,470,000,000 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг.
Мөн манай компанийн зүгээс техникийн үзүүлэлт, стандарт технологийн дагуу барилга угсралтын ажлыг хугацаандаа гүйцэтгэж байсан боловч биднээс үл хамаарах асуудал буюу Дэлхий нийтэд /ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан улс орнуудын Засгийн газраас өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг хориглосон арга хэмжээг шат дараалан авсан ба үүний адил Монгол улсын Засгийн газраас Өндөржүүлсэн болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн тухайн зэрэглэлийн хугацааг удаа дараа сунгасаар өдийг хүрч барилга угсралтын ажил тодорхой хугацаанд зогссон.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээ дуусах хугацааг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан боловч дэлхий дахинд үүсээд байгаа цар тахалтай холбоотой нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас мөн л ажлыг нэмэлт заасан хугацаанд дуусгаж амжаагүй.
Энэ талаараа түншлэлийн толгой компаниар дамжуулан албан тоотуудаар болон утсан холбоогоор захиалагч талд хандаж мэдэгдэж байсан боловч захиалагч нь дээд газрын зөвшөөрөлгүйгээр, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1/13 тоот албан бичгээрээ ирүүлсэн.
Тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. Энэ гаргасан захиргааны акт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна., 39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна., 40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.1.захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар, өдөр, дугаарыг тодорхой заасан байх, 40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн болох эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах, 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна., 46.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн заалтуудыг зөрчсөн.
Мөн Иргэний хуулийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан бөгөөд гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал нь энэхүү нөхцөл байдлаас болсон байх ба манайд олгосон нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх боломжит хугацаа биш байсан.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 56.4-т захиалагч шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй этгээд гээд гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгээр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэж заасан.
Захиалагчийн дээд шатны байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яаманд гэрээ цуцалсантай холбоотой асуудлаар тодруулга хүссэн боловч тус яамнаас 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 12/2406 тоот албан бичгээр бидэнд хариу өгсөн байдаг ба тэрхүү хариу бичгээр дээд газраас зөвшөөрөл олгоогүй нь тодорхой харагдаж байна.
Нэгэнт гэрээ цуцалсан учраас бидний зүгээс гэрээт ажлын явцад гүйцэтгэсэн ажлын төсөв нь 2,081,001,517 төгрөг болсон ба дээрх хэмжээний ажлын гүйцэтгэлтэй байхад бидний хооронд байгуулсан гэрээг дуусгавар болгосон.
Бидний зүгээс гэрээт ажлын явцад захиалагчийн санхүүжилтээр болон өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж байсан ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэсэн ба гүйцэтгэсэн ажлын хөлсийг гүйцэтгэлийн тайлан бичиж ... удаагийн гүйлгээгээр 1,581,255,250 төгрөгийн санхүүжилтийг авсан байдаг.
Дээрх мөнгийг түншлэлийг толгой компанид шилжүүлсэн байдаг ба бид тухайн мөнгийг шилжүүлэн авч тухайн ажлыг гүйцэтгэсэн.
Мөн тендерийн гэрээгээр гүйцэтгэгчийн зүгээс ажлын гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг Чингис хаан банкинд байршуулсан ба гэрээ цуцалсантай холбоотой манай гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн ба тухайн банкнаас манай байршуулсан гүйцэтгэлийн баталгааг хариуцагчид шилжүүлэх тухайгаа илэрхийлж хандсан байдаг.
Тухайн гэрээ цуцлах шалтгаан нөхцөл нь нэхэмжлэгчийн гэрээний үүргийн зөрчил гаргасантай холбоотой цуцлагдаагүй бөгөөд хариуцагч гэрээг үндэслэлгүй цуцалсан гэж үзэж байгаа учраас гүйцэтгэлийн баталгааг саатуулах эрхгүй гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 355.1-т ... нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй мөн хуулийн 355.6-д ... ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,746,267 төгрөг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44.3-т Урьдчилгаа төлбөрийн баталгааны дүнд гүйцэтгэлийн баталгааны дүнг оруулан тооцож болно гэсний дагуу тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа 247,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохыг даалгах, нийт 746,746,267 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:
Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын их д холбогдох Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,746,267 төгрөг, тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт тооцуулан түүнийг гүйцэтгэгчид олгохыг даалгах тухай шаардлага гаргасан ба 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийг жинхэнэ нэхэмжлэгчээр солих хүсэлт гаргасан ба энэ хүрээнд манай зүгээс Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,746,267 төгрөгийг хариуцагчаас гаргуулах авах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
2. Хариуцагч Монгол улсын их итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй -ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлын гэрээ цуцлагдсантай холбоотой төлбөрийн үлдэгдэл гэх 499,746,267.0 төгрөг, мөн тендерийн гүйцэтгэлийн баталгаа 247 сая төгрөг, нийт 746,746,267.0 төгрөг гаргуулан авах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна.
-ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлын гэрээний талаар:
Тус нь 2019 оны 06 дугаар сард №/201904026, -ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийг зарласан. Түншлэлийн гэрээнд түншлэлийн ерөнхий удирдагчаар ******* гануу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түншлэлийн толгой компаниар ******* гануу ХХК ажиллах бөгөөд түншлэлийг төлөөлж гэрээт ажилтай холбоотой гуравдагч этгээдтэй харилцана гэж талууд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №19/10 тоот гэрээгээр тохиролцсон байсан. Мөн түншлэлийн гэрээнд ******* констракшн ХХК нь 1.БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, 2. Холбоо дохиолол, 3. Галын аюулгүй байдал зэрэг ажлыг гүйцэтгэхээр тусгасан байсан. Түншлэлийн гэрээний үнийн дүн 980 сая төгрөг.
Тайлбар: нь ******* констракшн ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд ямар нэгэн гэрээний санхүүгийн төлбөрийн болон бусад үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна.
болон ******* гануу ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр -ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлыг 2,470,000,000.0 төгрөгөөр гүйцэтгэж 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулсан. Гэвч ******* гануу ХХК барилга угсралтын ажлыг гэрээт хугацаанд гүйцэтгэж чадаагүй болно. Бид 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2/2217 тоот албан бичгээр барилга угсралтын ажил гэрээт хугацаанаас хоцорч байгаа талаар мэдэгдсэн боловч бидний шаардлагыг хүлээж аваагүй. 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 247 сая төгрөг /гэрээний урьдчилгаа төлбөр/, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 741 сая төгрөг, 2019 онд нийт 988 сая төгрөгийг ******* гануу ХХК-д шилжүүлсэн болно. 2019 онд гэрээний үнийн дүнгийн 40% санхүүжилт олгосон, барилгын ажлын явц 30%-тай байсан.
Тайлбар: Түншлэгч: ******* констракшн ХХК-ийн 1.БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдсэн гэх ажлын төлбөр 988 сая төгрөгийг ******* гануу ХХК-д шилжүүлсэн болно.
Тайлбар: Тендерийн материалд ******* гануу ХХК болон ******* констракшн ХХК түншлэлийн гэрээ байгуулсан боловч 2019 онд БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд барилга угсралтын ажил гүйцэтгүүлэхээр ******* гануу ХХК нь Атайн тайж ХХК, Хэста ХХК, Талст технологи ХХК, Паданч ХХК-иудтай гэрээ байгуулсан гэрээг гүйцэтгэлийн баримт бичигт ирүүлсэн. ******* гануу ХХК болон ******* констракшн ХХК нарын хооронд түншлэлийн гэрээний /БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/ дагуу ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ ирүүлээгүй байна.
Тайлбар: Мөн Түншлэлийн гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хүрээнд 2020 онд Түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* гануу ХХК нь Ай эс ти эс ХХК 1,480,000,000 төгрөгийн гэрээг барилга угсралтын гүйцэтгэлийн баримт бичигт ирүүлсэн байдаг. Мөн Ай эс ти эс ХХК нь иргэн Б.Гэрэлсайхан, Б.Баярцэцэг, О.Мөнхтуул, Дэлгэрэх инженеринг ХХК, Хөх норовлин ХХК-иудаар гүйцэтгүүлсэн тухай гэрээг ирүүлсэн. ******* гануу ХХК болон ******* констракшн ХХК нарын хооронд түншлэлийн гэрээний /БА-3.1 цутгамал болон угсармал бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/ дагуу ажил гүйцэтгэх ямар нэгэн гэрээ ирүүлээгүй байна.
2019 оны 11 дүгээр сард ******* гануу ХХК-аас гэрээний хугацаа сунгах хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №/201904026-1, -ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлын гэрээг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан. 3 удаагийн санхүүжилтээр 593,255,250 төгрөг шилжүүлсэн. 2019, 2020 онд нийт 1,581,255,250 төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн гэрээт хугацаанд барилга угсралтын ажил дуусаагүй бөгөөд барилгын талбай дээр ажиллах инженер техникийн ажилтан байхгүй, туслах ажилтан 6-7 хүн, барилгын материалын татан авалт байхгүй, ажлын зохион байгуулалт сул, гэрээт хугацаанаас олон сараар хоцорсон байсныг удаа дараа шаардлага тавьж байсан тул 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлын гэрээний ерөнхий нөхцөлийн 56 дугаар зүйлд заасны дагуу 1/13 тоот гэрээ цуцлах албан мэдэгдлийг ******* гануу ХХК-ийн захирал хүлээлгэн өгсөн.
Тайлбар: ******* гануу ХХК гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээний ерөнхий нөхцөлийн 56 дугаар зүйлд заасны дагуу гэрээ цуцлах мэдэгдлийг ******* гануу ХХК-ийн захирал Т.Хүрэлбаатарт хүлээлгэн өгсөн. Гэрээ цуцлах болон гэрээ байгуулах зөвшөөрлийг БШУЯ-наас авдаггүй болно.
Мөн талууд хоорондоо өгсөн санхүүжилт, хийгдсэн ажлын талаар тооцоо нийлж үзэхэд 99,9 сая төгрөгийн санхүүжилт илүү хийгдсэн байдаг тул энэ дүнг хасч тооцох учиртай. Мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна.
Иймд, -ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлын гүйцэтгэлтэй холбоотой ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэл нь хууль ёсны үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2022.08.08-ны өдрийн хариу тайлбартаа:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын их д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ******* констракшн ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хүсэлт ирүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* констракшн ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ 247,000,000 төгрөгийн үндсэн нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбар өгсөн байна.
Энэхүү төлбөр нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр , ******* гануу ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний зохицуулалт бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Гэрээний гүйцэтгэлийн баталгаа-нд ******* гануу ХХК нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
Уг гэрээний баталгааны төлбөрөөс ******* констракшн ХХК татгалзаж байгаа нь Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажил гүйцэтгэх үндсэн гэрээнээс давхар татгалзаж байна гэсэн үндэслэлийг бий болголоо.
******* гануу ХХК, ******* констракшн ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Түншлэлийн хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээний 3.1-т зааснаар түншлэлийн ерөнхий удирдагчаар ******* гануу ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцан ажиллана. Мөн гэрээний 3.2-т зааснаар түншлэлийн толгой компаниар ******* гануу ХХК ажиллах бөгөөд түншлэлийг төлөөлж энэхүү гэрээт ажилтай холбоотой гуравдагч этгээдтэй харилцана гэсэн гэрээний зохицуулалтын дагуу нэхэмжлэлийн тодорхой хэсгээс татгалзсан байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэсэн тайлбар гаргалаа гэжээ.
3. Гуравдагч этгээд ******* гануу ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа ******* констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол улсын их д холбогдох Талуудын хооронд байгуулсан гэрээ цуцалсантай холбоотой цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр болох 499,746,267 төгрөг, тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт тооцуулан түүнийг гүйцэтгэгчид олгохыг даалгах шаардлага бүхий иргэний хэрэгт түншлэлийн нэг тал болох ******* гануу ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах шүүгчийн захирамжийн дагуу манай байгууллага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.
Тухайн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр /201904026 дугаартай Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ-г захиалагч талаас Монгол улсын их гүйцэтгэгч талаас түншлэлийн зүгээс олгосон итгэмжлэлийн дагуу ******* гануу ХХК нар байгуулсан.
Энэхүү гэрээгээр Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажлыг 2,470,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байдаг.
Дээрх ажлыг хийж гүйцэтгэх тендерт манай зүгээс ******* констракшн ХХК-тай түншлэн оролцсон ба түншлэлийн гэрээний дагуу манай зүгээс гүйцэтгэлийн санхүүжилт хүлээн авах, гүйцэтгэж буй ажлын асуудлаар захиалагчтай харилцах, ******* констракшн ХХК-ийн хийж гүйцэтгэх ажлын шаардлагатай бараа материал, түүхий эдээр 100% хангаж, зардлыг хариуцан ажиллах, ******* констракшн ХХК-ийн хувьд барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ажил үүргийн хуваарьтай байсан.
Энэ хүрээнд манай байгууллага Монгол улсын их орж ирсэн санхүүжилтыг түншлэлийн гэрээний дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй ******* констракшн ХХК-д бүх төлбөрийг 100% шилжүүлдэг байсан.
Захиалагчийн зүгээс барилгын ажил удааширч байгаатай холбоотой манайд ханддаг байсан ба тухай бүрт манай зүгээс холбогдох хүмүүст хандаж нөхцөл байдлын талаар танилцуулдаг байсан.
Үүнээс хойш ажил гүйцэтгэж байх хугацаанд Налайх-УБ хоорондын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил, ковид-19 цар тахлын нөхцөл байдлууд зэрэг бидний тооцоолоогүй шалтгаан нөхцлүүд үүссэн байдаг.
Дээрх хүндэтгэн үзэх шалтгаан байсаар байхад 2021 оны 01 сарын 07-ны өдөр захиалагчийн зүгээс гэрээ цуцлах мэдэгдлийг манайд мэдэгдсэн ба манай зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг байдлаа илэрхийлж тухайн асуудлаар Боловсрол, Шинжлэх ухааны сайдад хандсан төдийгүй захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Шүүхээс нэхэмжлэлийг хэргийн харьяалал зөрчсөн гэдэг байдлаар хүлээн авахаас татгалзсан байдаг.
Энэ тухай барилга угсралтын ажлыг гүйцэтгэж буй ******* констракшн ХХК-д мэдэгдсэн ба барилга угсралтын ажлыг хугацаа алдсантай холбоотой гэрээ цуцалсан байгаа нь Түншлэлийн гэрээний 4.1.6 ******* констракшн ХХК-ийн эрх, үүрэг хэсэгт зааснаар түншлэлийн нөгөө талд хохирол учруулсан гэж үзэхээр байна.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас хойш манай байгууллагаас тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг Чингис хаан банкнаас захиалагчид шилжүүлэн өгөх тухайг бидэнд мэдэгдсэн.
Манай зүгээс гэрээ цуцлах үндэслэлгүй байсан тухайг захиалагчид мэдэгдэж гэрээний гүйцэтгэлийг дүгнэх талаар хандсан ба захиалагчтай гэрээг цуцалсан асуудал нь үндэслэлгүй талаар маргаантай байгааг Чингис хаан банкинд албан ёсоор мэдэгдсэн байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар гүйцэтгэлийн баталгааг талуудын хооронд байгуулсан гэрээг дүгнэж дуусгавар болгох хүртэл хүчинтэй байхаар заасан бөгөөд захиалагчийн зүгээс өнөөдрийг хүртэл гэрээг дүгнэсэн зүйл байдаггүй.
Энэ хүрээнд манай зүгээс Чингис хаан банкинд байршуулсан гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг суллуулан авах эрх захиалагчид үүсээгүй байна.
Манай 2 компани нь тухайн ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах шатанд орохдоо 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19/10 дугаартай түншлэлийн гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр бид өөрсдийн ажил үүргийн хуваарийг харилцан тохиролцсон байсан. Иймээс нэхэмжлэгчийг шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.
******* гануу ХХК нь 2022.10.13-ны өдөр гаргасан бие даасан шаардлагадаа: Манай ******* гануу ХХК нь ******* констракшн ХХК-тай түншлэн Монгол улсын их зарласан Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд оролцон шалгарч 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр /201904026 тоот гэрээ байгуулсан.
Ажлын гүйцэтгэлийн явцад талууд тохиролцон ажил гүйцэтгэх гэрээг сунгаж 2019 оны 12 дугаар сарын 23-нд /201904026-1 тоот нэмэлт гэрээг байгуулан ажлын гүйцэтгэлийг 2020 оны 08 дугаар сарын 25-нд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байдаг.
Гэрээний техникийн тодорхойлолтод заасан ажил болох Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6-р хороо, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оюутны хээрийн дадлагын баазыг нийт төсөвт өртөг болох 2,470,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон ба Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43.6-д ...гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах нөхцөлийг захиалагч тендерийн баримт бичигт тусгаж болно гэж зааснаар гэрээний үнийн дүнгийн 10% болон 247,000,000 төгрөгийг захиалагч талаас баталгаа болгон Чингис хаан банкинд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байршуулсан.
Манай түншлэлийн компаниудын зүгээс техникийн үзүүлэлт, стандарт технологийн дагуу барилга угсралтын ажлыг хугацаандаа гүйцэтгэж байсан боловч биднээс үл хамаарах асуудал буюу Дэлхийн нийтэд /ковид-19/ цар тахал гарсантай холбогдуулан тус орнуудын Засгийн газраас өөрийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд эдийн засаг бизнесийн үйл ажиллагааг хориглосон арга хэмжээг шат дараалалн авсан ба үүний адил Монгол улсын Засгийн газраас Өндөржүүлсэн болон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн тухайн зэрэглэлийн хугацааг удаа дараа сунгасаар өдийг хүрч барилга угсралтын ажил тодорхой хугацаанд зогссон.
Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон хугацаа болох 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл барилгын ажлыг дэлхий дахинд үүсээд байсан цар тахалтай холбоотой нөхцөл байдал буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас заасан хугацаанд дуусгаж амжаагүй.
Энэ талаараа түншлэлийн толгой компанийн хувиар албан тоотуудаар болон утсан холбоогоор захиалагч талд хандаж мэдэгдэж байсан боловч захиалагч нь дээд газрын зөвшөөрөлгүйгээр, нэг талын санаачилгаар гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1/13 тоот албан бичгээр ирүүлсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсын ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно., 26.2.Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал гаргах авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. Энэ гаргасан захиргааны акт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дараах хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байна., 39.1.Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна., 40.2.Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.1.Захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагаын нэр, хаяг, тамга, тэмдэг болон гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, гарын үсэг, захиргааны актын нэр, он, сар,, өдөр, дугаарыг тодорхой заасан байх, 40.2.2.захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн болон эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, 40.2.3.захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.2.5.захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах., 43.1.Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна., 46.1.Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэсэн заалтуудыг зөрчсөн.
Мөн Иргэний хуулийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан бөгөөд гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал нь энэхүү нөхцөл байдлаас болсон байх ба манайд олгосон нэмэлт хугацаа нь үүргийг гүйцэтгэх боломжит хугацаа биш байсан.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 56.4-т захиалагч шаардлагатай тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй гээд гэрээг цуцлах шийдвэрийг холбогдох дээд шатны байгууллагын зөвшөөрөлтэйгээр зөвхөн зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гаргана гэж заасан.
Захиалагчийн дээд шатны байгууллага болох Боловсрол, шинжлэх ухааны яаманд гэрээ цуцалсантай холбоотой асуудлаар тодруулга хүссэн боловч тус яамнаас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12/2406 тоот албан бичгээр бидэнд хариу өгсөн байдаг ба тэрхүү хариу бичгээр дээд газраас зөвшөөрөл олгоогүй нь тодорхой харагдаж байна.
Иймээс гэрээ цуцалсан нөхцөл байдал нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэж үзэх үндэслэлтэй тул Тендерийн гэрээний гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөгийг чөлөөлүүлж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
4. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан 2021.09.28-ны өдрийн 21/30, 2025 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 25/017 дугаартай итгэмжлэл /1хх-ийн 5х, 3хх-ийн 11х/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-ийн 6х/, Дугаар./201904026-1 ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 7-14х/, 2019.07.08-ны өдрийн №19/10 Түншлэлийн хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 15-17х/, 2021.01.07-ны өдрийн 1/13 дугаартай Монгол улсын их Гэрээ цуцалсан тухай мэдэгдэл /1хх-ийн 18х/, ******* гануу ХХК-ийн 2021.02.23-ны өдрийн 21/04 дугаартай албан бичиг /1хх-ийн 19-20х/, 2021.05.19-ний өдрийн Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 12/2406 дугаартай албан бичиг /1хх-ийн 21х/, Монгол улсын их 2021.01.13-ны өдрийн 1/19 дугаартай албан бичиг /1хх-ийн 22х/, 9011214108 дугаартай ******* констракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 23х/, -ийн оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлын иж бүрэн төсөв /1хх-ийн 24-46х/, ******* констракшн ХХК-ийн 2019.07.08-ны өдрийн албан бичгүүд /1хх-ийн 47-54х/, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд /1хх-ийн 164-171х/, 2020.09.29-ний №20/51 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт /1хх-ийн 172-178х/, иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 179х/, 2020.08.13-ны өдрийн №20/37 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт, төсөвт өртөг /1хх-ийн 180-185х/, 2020.08.06-ны өдрийн №20/36 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт /1хх-ийн 186-190х/, 2020.07.06-ны өдрийн №20/31 Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний хавсралт /1хх-ийн 191-194х/, 9011815715 дугаартай Дэлгэрэх инженеринг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрөл /1хх-ийн 195-196х/, 2020.07.06-ны өдрийн №20/30 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /1хх-ийн 197-199х/, 2020.05.19-ний өдрийн №20/29 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 200-203х/, 2020.05.18-ны өдрийн №20/25 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралт /1хх-ийн 204-208х/, 2020.06.19-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ /1хх-ийн 213-219х/, 2019.07.29-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-ийн 221-224х/, санхүүгийн баримтууд, ******* констракшн ХХК болон Галтшагай нарын хооронд хийсэн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 225-250х, 2хх-ийн 1-67х/, Барилга угсралт их засварын ажлын гүйцэтгэл №2 болон санхүүгийн баримтууд /2хх-ийн 155-181х/, -ийн оюутны хөгжил, хээрийн баазын барилга төслийн гүйцэтгэсэн ажлын тайлан/тэрэлж гэх баримтууд,
Хариуцагч талаас: итгэмжлэл /1хх-ийн 57х/, -ын 2019.10.21-ний өдрийн 2/2217 дугаартай Албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх-ийн 63х/, 2019.10.03-ны 1/2054 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /1хх-ийн 64х/, 2020.06.11-ний өдрийн 1/653 дугаартай албан бичиг /1хх-ийн 65х/, 2021.01.07-ны өдрийн 1/13 дугаартай Гэрээ цуцалсан тухай мэдэгдэл албан бичиг /1хх-ийн 66х/, 2021.01.27-ны өдрийн 2/102 дугаартай Албан бичгийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /1хх-ийн 67х/, Баян төхөм шандат ХХК-ийн 2020.02.23-ны өдрийн 2/07, 2019.09.06-ны өдрийн 1/49 дугаартай Зохиогчийн хяналт хийсэн тухай албан бичгүүд /1хх-ийн 68,69х/, ******* гануу ХХК-ийн 2020.06.12-ны өдрийн 20/79 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичиг /1хх-ийн 70х/, ******* гануу ХХК-ийн санхүүгийн баримт /1хх-ийн 71х/, Дугаар./201904026 ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 72-94х/, 2019.07.08-ны өдрийн №19/10 дугаартай Түншлэлийн хамтран ажиллах гэрээ /1хх-ийн 95-97х/, Дугаар./201904026-1 ажил гүйцэтгэх гэрээ /1хх-ийн 98-103х/, тооцооны үлдэгдлийн баталгаа /1хх-ийн 103х/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 153-155х/, гэх баримтууд,
Гуравдагч этгээдээс: итгэмжлэл /1хх-ийн 68/, 9011701039 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 127, 135х/, бие даасан шаардлагатайгаа холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамж /2хх-ийн 79, 118х/, дансны хуулга /2хх-ийн 80х/, 2019.07.24-ний өдрийн 19/981 дугаартай албан бичиг /2хх-ийн 81х/, 2021.03.16-ны өдрийн ГЗ/25 дугаартай Чингис хаан банкны албан бичиг /2хх-ийн 82х/, ******* гануу ХХК-ийн албан бичиг /2хх-ийн 83х/, Чингис хаан банкны мемориалын баримт /2хх-ийн 121-123х/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03161 дугаартай шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 00958 дугаартай тогтоол, ******* гануу ХХК-ийн Түнтгэр нөөлөг инженер ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ зэрэг баримтууд
Шүүхийн журмаар Авлигатай тэмцэх газрын 2024.11.11-ний өдрийн 03/18188 дугаартай албан бичиг /2хх-ийн 202х/, гэрчээр асуусан тэмдэглэл /2хх-ийн 215-217х/, Монгол улсын их 2024.11.25-ны өдрийн 1/2698 дугаартай албан бичиг /2хх-ийн 222х/, 2025.08.29-ний өдрийн 191/ШЗ2025/35788 дугаартай захирамжид заасны дагуу явагдсан үзлэгийн тэмдэглэл /3хх-ийн 3-4х/ гэх баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай компани ******* гануу ХХК-тай түншлэлийн гэрээг байгуулж, хариуцагч Монгол Улсын зарласан оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз барих барилга угсралтын ажил гүйцэтгэх ажлын тендерт шалгарч, тухайн ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд гэрээг хариуцагч талаас цуцлах хүртэл хугацаанд хариуцагчаас нийт 1,581,255,250 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авсан боловч хийгдсэн ажлын өртөг нийт 2,081,001,517 төгрөгийн зардал гарсан байх тул ******* констракшн ХХК-ийн өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын зөрүү санхүүжилт болох 499,746,267 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч талаас ******* констракшн ХХК-ийг тус нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу ******* констракшн ХХК нь ******* гануу ХХК-ийн туслан гүйцэтгэгч бус, түншлэлийн гэрээний дагуу хамтран тус барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан этгээд тул нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Мөн түүнчлэн, хариуцагчаас 99,956,268 төгрөгийн санхүүжилт илүү олгосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь хариуцагчаас 1,5 тэрбум төгрөгийг олгохдоо тухайн үед гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлсний үндсэн дээр олгосон санхүүжилт бөгөөд алдаа гаргаж 99,9 сая төгрөгийг илүү олгосон гэдэг нь баримтаар тогтоогддоггүй. Иймээс хариуцагчаас 499,746,267 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Манай байгууллага оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз барих барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг ******* гануу ХХК-тай байгуулж, ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсон тул нэхэмжлэгч ******* констракшн ХХК нь ******* гануу ХХК-ийн туслан гүйцэтгэгч буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна. Мөн түүнчлэн, гэрээний талууд хийгдсэн ажил болон олгосон санхүүжилтийн талаар тооцоо нийлэхэд 99,956,268 төгрөгийг ******* гануу ХХК-д илүү олгосон болох нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо: Барилга угсралтын ажлын гэрээний гүйцэтгэлийн баталгаа болгож 247,000,000 төгрөгийг манай компаниас хариуцагч байгууллагын Чингис хаан банкны дансанд байршуулсан. Талуудын гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг үнэлж, санхүүжилт хийгдсэн бөгөөд хэрхэн илүү санхүүжилт олгосон нь тодорхойгүй байх тул хариуцагчийн 99,9 сая төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Иймээс гүйцэтгэлийн баталгаа болох 247,000,000 төгрөгийг гаргуулж, ******* гануу ХХК-д олгож өгнө үү гэжээ.
5. Талууд хийгдсэн ажлын гүйцэтгэл болон олгосон санхүүжилтийн дүнд маргадаггүй боловч гэрээг цуцлах хүртэл хийгдсэн ажлын зардал өртөг хэд болох, энэ талаар зөрүү төлбөрийг нэхэмжлэгчийг нэхэмжлэх эрхтэй эсэхэд, олгосон санхүүжилтэд 99,9 сая төгрөгийн зөрүү гарч байгаа эсэхэд мөн гүйцэтгэлийн баталгаа 247,000,000 төгрөгийг олгох эсэхэд маргаж байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
- Монгол Улсын болон ******* гануу ХХК-иуд /201904026 дугаартай Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус ажлыг нийт 2,470,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэж, ажлыг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр эхэлж, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтанд оруулахаар тохиролцжээ. Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан шаардлагыг хангасан, 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх бөгөөд гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
- ******* гануу ХХК болон ******* констракшн ХХК-иуд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 19/10 дугаартай Түншлэлийн хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээгээр ******* гануу ХХК нь -иас зарласан /201904026 дугаартай Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажил/-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн шалгаруулалтанд оролцож байгаа бөгөөд тэнцсэн тохиолдолд БА-3.1 цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил, холбоо дохиолол, галын аюулгүй байдал зэрэг ажлыг гүйцэтгэхэд ******* гануу ХХК болон ******* констракшн ХХК нар хамтран түншлэл болон ажиллахаар тохиролцжээ.
- Мөн хэрэгт авагдсан ******* констракшн ХХК-ийн Монгол Улсын руу хүргүүлсэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 19/147, 19/148, 19/149, 19/150, 19/151, 19/152 дугаартай албан бичгүүдээр ******* констракшн ХХК нь Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажилд ******* гануу ХХК-тай түншлэлийн хэлбэрээр хамтран ажиллаж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа болохоо илэрхийлж, хариуцагч тал энэ талаар мэдэж байсан болох нь тогтоогдож байна.
- Хариуцагч Монгол Улсын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1/13 дугаартай албан бичгээр барилга угсралтын ажлын гүйцэтгэл удаашралтай, хугацаандаа хийгдэхгүй байгаагаас гэрээг цуцалж байгаа талаар мөн олгосон санхүүжилтэд 99,956,268 төгрөгийн санхүүжилтийн зөрүү гарсан талаар ******* гануу ХХК-д мэдэгдсэн байна. Хэдийгээр -ийн нягтлан бодогч Б.Цэндсүрэн, ******* гануу ХХК-ийн нягтлан бодогч Т.Одонтуяа нарын тооцооны үлдэгдлийн баталгаагаар ******* гануу ХХК-ийг 99,956,268 төгрөгийн өртэй гэж тооцсон байх боловч 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр болон 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрүүдэд барилга угсралтын ажлын гэрээний талууд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийг тооцож, удирдлагууд нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд үүний хүрээнд 1,581,255,250 төгрөгийн санхүүжилтийг олгосон. Харин ингэж олгосон санхүүжилтийг гүйцэтгэсэн ажлын зардал, үнэлгээтэй нь тулгаж, хэрхэн хэдэн төгрөгийн илүү санхүүжилт олгосон болох тооцоо нь тодорхойгүй, баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 99,956,268 төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.
- Нэхэмжлэгч ******* констракшн ХХК нь Грийн ресурс констракшн ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, гэрээгээр /201904026 дугаартай Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажил-ыг гүйцэтгэх хүрээнд тэрхүү ажлыг явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж, гүйцэтгэлийн санхүүжилтийг хүлээн авсан даруйд хөрөнгө оруулалтыг буцаан олгох, харилцан ашиг хуваахтай холбоотой харилцааг зохицуулахаар тохирч, ******* констракшн ХХК нь тендерт заасан ажлыг хийж гүйцэтгэх техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг гаргахаар, харин Грийн ресурс констракшн ХХК нь тус ажлыг гүйцэтгэх санхүүжилт болох 1,247,744,750 төгрөгийг санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байна.
- Нэхэмжлэгч ******* констракшн ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз шинээр байгуулах барилга угсралтын ажил-ыг гүйцэтгэх хүрээнд ХХК, иргэн констракшн ХХК, ХХК, ХХК, ХХК, Элитхийц ХХК, ХХК зэрэг туслан гүйцэтгэгч компаниудтай түншлэгч ******* констракшн ХХК болон ХХК-иуд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус бүрчлэн байгуулж ажилласан байх бөгөөд тэдгээр гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэхээр, тэдгээрийн ажлын хариу төлбөрт орон сууц тооцож олгох болон мөнгөн хэлбэрээр төлөх байдлаар төлбөрийг барагдуулж ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтууд, туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнүүд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
- Барилга угсралтын ажлын гэрээний захиалагч тал болох Монгол Улсын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээг цуцлах талаар мэдэгдлийг ******* гануу ХХК-д хүргүүлсэн бөгөөд талуудын гүйцэтгэлийн тооцоог хамгийн сүүлд нийлсэн хугацаа болох 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш гэрээг цуцлах хүртэл хугацаанд ажил хийгдэж, аливаа зардал гарч байсан болох нь хэрэгт авагдсан зардлын падаан, туслан гүйцэтгэгч нарын төлбөр тооцоог төлсөн баримт болон гэрч С.Уугантуяагийн Хамгийн сүүлийн гүйцэтгэл 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр бичигдсэн. Нарийн мөнгөн дүнг санахгүй байна. 1,5 тэрбум төгрөгөөр бичигдэж, тэр дүнгээрээ авсан санагдаж байна. 9 сарын 17-ны өдрөөс хойш 10 дугаар сарын сүүл хүртэл ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Харуул хамгаалалт манай зүгээс 2021 оны 05 дугаар сарыг хүртэл барилгын талбай дээр байсан. 2020 оны 10 дугаар сарын сүүлээс дараагийн гүйцэтгэл өгөхгүй гэдэг маргаан үүсч эхэлсэн гэж өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба мөн эдгээр баримтаар тендерт заагдсан ажлыг түншлэгч ******* констракшн ХХК хариуцан гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна.
- -ийн Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз-ын барилга угсралтын ажлын иж бүрэн төсөвт өртөг 2,081,001,517 төгрөг болсон болох нь хэрэгт авагдсан мэргэшсэн төсөвчин Дамдингийн Баасанжаргалын гаргасан төсөв, туслан гүйцэтгэгч нарт олгосон санхүүжилт, ******* констракшн ХХК-ийн ажлын тайлан болон тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна.
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.5-д Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаа болон зүгшрүүлэх, тохируулах хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор захиалагч худалдан авах гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг барьцаалах нөхцөлийг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгаж болно гэж заасан бөгөөд үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг баталгаажуулж байгаа буюу хийгдсэн ажилд аливаа доголдол, зөрчилгүй үед байршуулсан чанарын баталгааг буцаан гаргуулах эрхтэй байдаг. Гэтэл хариуцагч талаас 99,9 сая төгрөгийн зөрүү гарсан гэж тайлбарлаж, энэ талаар талуудын нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн баримт гаргаж өгсөн боловч үүнийг дэмжих аливаа өөр баримтгүй, олгосон санхүүжилтийг гүйцэтгэсэн ажлын зардал, үнэлгээтэй нь тулгаж, хэрхэн хэдэн төгрөгийн илүү санхүүжилт олгосон болох нь тодорхойгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
- Монгол Улсын Чингис хаан банкны дансанд ******* гануу ХХК нь 247,000,000 төгрөгийг гүйцэтгэлийн баталгаа болгож байршуулсан болох нь хэрэгт авагдсан мемориалын баримтаар тогтоогдож байна. Харин хийгдсэн ажлын гүйцэтгэлд барилгыг зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ямар доголдол, дутуу гүйцэтгэл гарсан нь тодорхойгүй байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардсан чанарын баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөгийг хариуцагч Монгол Улсын нь ******* гануу ХХК-д олгох нь зүйтэй байна.
- Иймээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гүйцэтгэлийн баталгаанд байршуулсан 247,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.3-т Түншлэлийн гишүүд дараах шаардлага хангасан гэрээний үндсэн дээр тендер ирүүлнэ: 6.3.1-т гэрээний үүрэг гүйцэтгэхэд бүх гишүүний хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг заасан байх; 6.3.2-т худалдан авах ажиллагаанд түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч болон бусад этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилсон байх гэж зааснаар ******* констракшн ХХК болон ******* гануу ХХК-иудын хооронд байгуулсан түншлэлийн хамтран ажиллах гэрээний 3.1, 3.2, 4-т ******* гануу ХХК-ийг гэрээний ерөнхий удирдагчаар томилж, түншлэгч нарын гэрээний үүргийг гүйцэтгэхэд хамтран болон тус бүр хүлээх үүрэг, хариуцлагыг зааж, хуульд зааснаар түншлэлийн гэрээг байгуулжээ.
8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 7.4-т Түншлэлийн гишүүн тус бүр ерөнхий шаардлага хангасан байх бөгөөд холбогдох мэдэгдэл, баримт бичгийг энэ хуулийн 7.2, 7.3-т зааснаар ирүүлнэ гэж, 16.6-д Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих санхүүгийн чадавхын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана гэж тус тус заасан байгаачлан ******* констракшн ХХК нь хариуцагч Монгол Улсын д албан бичгээр тендерт заагдсан ажлыг хийж гүйцэтгэхээ мэдэгдэж, мөн ******* гануу ХХК болон ******* констракшн ХХК нар хоорондоо хариуцагчийн нэрлэсэн ажлыг хийж гүйцэтгэхээр тендерт хамтран оролцохоор түншлэлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон.
9. Мөн түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар туслан гүйцэтгэгч болон түншлэлээр хамтран тендерт оролцож, ажил гүйцэтгэж байгаа талуудын харилцааг тусад нь салгаж зохицуулсан байгаагаас ******* констракшн ХХК-ийг ******* гануу ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэж үзэхээргүй байна. ******* констракшн ХХК болон ******* гануу ХХК-ийн хооронд байгуулсан түншлэлийн гэрээний 4.1.8-т ******* констракшн ХХК-ийн талаар аливаа үүсэх хор хохирлыг захиалагчийн өмнө өөрийн хөрөнгөөр хариуцах, мөн захиалагчтай гүйцэтгэл гэрээний ажлын талаар шууд харьцах эрхтэй гэж заасан зэргээс үүдэж ******* констракшн ХХК-ийг хариуцагчаас хийсэн ажлын гүйцэтгэлийн зөрүү төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэхээр байна.
10. Иймээс хариуцагчийн ******* гануу ХХК болон ******* констракшн ХХК нарын хоорондоо байгуулсан гэрээ нь манайд хамааралгүй, ******* констракшн ХХК биднээс ажлын гүйцэтгэл төлбөрийг шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
11. Зохигчид барилга угсралтын ажлын санхүүжилтэнд хариуцагчаас нийт 1,581,255,250 төгрөг олгосон гэдэгт, нэхэмжлэгч нь энэ дүнгээр санхүүжилтийг хүлээн авсан гэдэгт маргадаггүй. Харин хариуцагч талаас барилга угсралтын ажлын гэрээг цуцлах хүртэл нэхэмжлэгч өөрийн зардлаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэж нийт 2,081,001,517 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдсон ба хариуцагч талаас ажлын гүйцэтгэлийн хэмжээ болон гарсан зардлыг татгалзсан татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
12. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заасан.
13. Иймээс Монгол Улсын болон ******* гануу ХХК-ийн хооронд байгуулагдсан /201904026 дугаартай Оюутны хөгжил, хээрийн дадлагын баазын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал болох ******* гануу ХХК-ийн түншлэгч ******* констракшн ХХК-ийн тус гэрээт ажлыг өөрийн зардлаар гүйцэтгэсэн зөрүү санхүүжилтийн төлбөр болох 499,746,267 төгрөгийг хариуцагч Монгол Улсын гаргуулж, нэхэмжлэгч ******* констракшн ХХК-д олгож шийдвэрлэв.
14. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон тогтоох нь
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.3, 42.5-т зааснаар хариуцагч Монгол Улсын 499,746,267 төгрөгийг гаргуулж ******* констракшн ХХК-д, 247,000,000 төгрөгийг гаргуулж ******* гануу ХХК-д тус тус олгуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* констракшн ХХК-ийн төлсөн 3,891,682 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* гануу ХХК-ийн төлсөн 1,392,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол улсын их улсын тэмдэгтийн хураамжид 3,891,682 төгрөгийг гаргуулж ******* констракшн ХХК-д, 1,392,950 төгрөгийг гаргуулж, ******* гануу ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ