| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0398/Э |
| Дугаар | 427 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 427
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн /томилолтоор/,
Хохирогч Ж.Б-, түүний өмгөөлөгч Ю.Батболд,
гэрч Ж.Б-
шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Н.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И м овогт А-ы Б-д холбогдох эрүүгийн 1810012260430 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Багшийн их сургуулийн, Багшийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 10, ээж, эмээ, эгч дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Бунханы 1 дүгээр гудамж, 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, И м овогт А-ы Б-/РД:………./
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч А.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн хойд талын автозогсоол дээр байсан 80-62 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Ж.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь баруун 3 дугаар хавирганы хугарал, цээжинд цус хуралт, үс уналт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б- шүүхийн хэлэлцүүлэгт …2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найз залуу Батмөнхийн утаснаас “хаана явж байна” гэсэн мессэж ирсэн. Намайг 19 дүгээр хорооллын автобусны буудал дээр буухад Батмөнхийн ээж ирээд “намайг дагаад яв” гэсэн. Дагаж яваад Тоёота приус маркийн 80-62 УНБ улсын дугаартай машинд суусан. Машинд суухдаа Батмөнхийн эх, эгчтэй нь мэндэлсэн. Гэтэл Батмөнхийн ээж “чи манай хүүхдээс сал, та хоёр таарахгүй, танай эмээ манай гэрийнхнийг хараасан” гэхээр нь би “салъя, номны мөнгөөр Батмөнхтэй хоолонд орж, гадуур явж үрсэн, тэр мөнгөө авна” гэж хэлсэн. Гэтэл Батмөнхийн ээж надад 10.000 төгрөг өгсөн. Хажуунаас Батмөнхийн ээжийнх нь эгч “чи яахаараа хүний халтуур хийж олсон мөнгийг авдаг юм бэ, хэгжүүн, зэвүүн харцтай гичий вэ” гээд машины голын хайрцаг руу миний толгойг дараад “энийг Толгойт руу аваачаад алчихъя” гэж хэлсэн. Батмөнгөнчимэг нь салгах гэж оролдсон. Намайг уйлахад “одоо л хүүхэд шиг харагдаж байна” гэсэн. Тухайн үед Батмөнгөнзаяагийн амнаас архи үнэртэж байсан болохоор би “согтуу байна ш дээ” гэж хэлсэн. Батмөнгөнзаяа намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Мөн хэвлийд нь зөөлхөн хүрсэн. Гэтэл Батмөнгөнзаяа дахиж намайг үсдээд, толгой руу 2-3 удаа цохисон. Наадам центрийн тэнд зогсоод нүүр рүү нулимаад “хүүхдэд янз бүрийн юм тохиолдвол чамайг ална” гэж хэлээд миний цүнхийг цонхоор шидээд “зайл” гэсэн. Тухайн үед Батмөнгөнзаяа намайг “уучлалт гуй” гэхэд нь би уучлалт гуйсан. Учир нь уучлалт гуйхгүй бол явуулахгүй ш дээ гэхээр нь уучлалт гуйсан. Гэрт очиход миний нүүр улайсан байсан тул Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан гэв.
Хохирогч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт …Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дүү Батмөнгөнчимэгтэй хамт гадуур явж байгаад гэрт нь очиход Батмөнхийн утсанд “уулзая” гээд мөнгө нэхсэн мессэж ирсэн байсан. Дүү Батмөнгөнчимэг Б-тэй “уулзана” гэхээр нь хамт очсон. Би машины хойд талын суудалд суусан. Машинд Б- ууртай орж ирсэн. Батмөнгөнчимэг Б-гээс “та нар гадуур хамт явчихаад юун мөнгө нэхээд байна вэ” гэхэд “танай хүүхэд гадуур явахдаа мөнгө гаргадаггүй, би дандаа даадаг” гэхээр нь “10.000 төгрөг ав” гэж хэлсэн. Тухайн үед би тэр хоёрын маргааныг нилээн чагнаж суугаад Б-д “халтуур хийж олсон 10.000 төгрөгийг нь чи яахаараа авдаг юм бэ” гэхэд Б- “чи дуугүй бай” гээд миний цээж рүү цохисон. Би Б-д “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ” гээд гараа өргөсөн. Бид хоёрыг үсдэлцэхэд Б- салгасан. Бид гурав яваад Б-г 120 мянгатын автобусны буудал дээр буулгасан. Би Б-д “настай хүнээс уучлалт гуй” гэхэд “яахаараа уучлалт гуйдаг юм бэ” гээд буугаад явсан. Миний цээж хэсэг бондойсон байсан. Маргааш өглөө босоход цээж хөхөрсөн байхаар нь зургийг нь авахуулсан. Б-г Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн байна гэхээр нь би бас өргөдөл гаргасан. Тэр үед мөрдөгч намайг “шүүх эмнэлэгт үзүүл” гэхээр нь маргааш нь цээжний зургаа авахуулаад, нөгөөдөр нь шүүх эмнэлэгт үзүүлэхэд дахин дэлгэрэнгүй шинжилгээ өгөх шаардлагатай гээд дэлгэрэнгүй шинжилгээ өгөхөд миний хавиргыг хугарсан гэж хэлсэн. Би гомдолтой байна. Шүүгдэгчээс 592.000 төгрөг нэхэмжилж байна. Цээжний зураг 120.000 төгрөгөөр авахуулсан, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөгийн зардал гарсан. Миний нөхөр группт байдаг, би нөхрөө асардаг учир автобусаар явдаг болохоор Цагдаагийн байгууллагад очих болон шүүхэд эмнэлэгт үзүүлэхэд гарсан таксины мөнгийг нэхэмжилж байгаа. Надад хохирол төлөөгүй байгаа гэв.
Гэрч Ж.Б- шүүхийн хэлэлцүүлэгт …2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эгч Батмөнгөнзаяатай гадуур ажил хөөцөлдөж байгаад 19-20 цагийн үед гэртээ харихад манай хүү Батмөнх унтаж байсан. Гар утсанд нь өдөржин дуудлага, мессэж ирсэн байхаар нь аваад хартал Б-гээс мөнгө нэхсэн, Соёлын ордонд уулзая гэсэн мессэж байсан. Юун мөнгө нэхээд байгаа талаар асуух зорилгоор эгч Батмөнгөнзаяа бид хоёр очиж уулзсан. …Б- автобуснаас бууж ирэхээр нь машинд суулгасан. Би урд суудалд, Б- Батмөнгөнзаяа хоёр хойд суудал дээр суусан. Би Б-д “та хоёр чинь яасан зугаа цэнгэлд ханадаггүй юм бэ, юун мөнгө нэхээд байна вэ, би халтуур хийж гэртээ ганцаараа мөнгө олдог, дандаа мөнгө нэхэх юм” гэхэд “танай хүүхэд гадуур явахад мөнгө гаргадаггүй ш дээ” гэж хэлсэн. Б- их ааштай хүн. Гэтэл эгч Батмөнгөнзаяаг цохих шиг болсон. Тэр хоёр хоорондоо үсдэлцсэн. Би машины хойд хаалгаар ороод салгасан. Би “надад байгаа нь энэ байна” гээд байсан 10.000 төгрөг Б-д өгсөн. Бид хоёр тайвшраад байж байхад Батмөнгөнзаяагийн цээж нь бондойсон байсан. Маргааш нь бондойсон газраа хөхөрчихлөө гэхээр нь зургийг нь авчих гээд байж байтал Цагдаагаас дуудсан. Энэ үйл явдал 30 орчим минут үргэлжилсэн байх гэв.
Хохирогч Ж.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дүү Батмөнгөнчимэгтэй гадуур явж байгаад, орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 12 дугаар байрны 38 тоотод дүү Батмөнгөнчимэгийн хамт ирсэн. Тухайн үед дүүгийн хүү Батмөнх унтаж байсан ба түүний гар утас нь байн байн дуугараад байхаар дүү Батмөнгөнчимэг хүүгийнхээ гар утсыг авч үзсэнээ “Б- Батмөнхөөс мөнгө нэхээд, уулзая гээд байгаа юм байна” гэж хэлсэн. 21 цагийн үед Батмөнгөнчимэг өөрийнхөө 80-62 УНГ улсын дугаартай, саарал өнгийн “Тоёото Приус” маркийн машиныг жолоодоод, би хажууд нь суугаад Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн хойд талд автомашины зогсоол дээр ирсэн. Удаагүй байхад Б- их ууртай байдалтай машины баруун хойд талын суудал дээр надтай зэрэгцэн, миний баруун гар талд суусан. Б- машинд орж ирэхэд дүү Батмөнгөнчимэг “чи хүүгээс минь юун мөнгө нэхээд байгаа юм бэ, чи дандаа л миний хүүгээс мөнгө нэхэж байх юм” гэхэд “танай хүүхэдтэй 2-3 удаа хамт гадуур гарсан, танай хүүхэд дандаа мөнгөгүй ирдэг” гээд маргалдаад байсан. Батмөнгөнчимэг “би машинаараа халтуур хийгээд олсон мөнгө энэ байна” гээд 10.000 төгрөг өгөхөд Б- авсан. Би Б-д “чи энэ настай хүний халуун наранд өдөржингөө явж олсон мөнгийг аваад байхдаа яадаг юм бэ, наад хүн чинь амьдрах гэж ядаж байгаа хүн, Батмөнхтэй хамт явж адилхан ууж идэж, мөнгөө хамт үрчихээд, Батмөнхөөр мөнгөө төлүүлэх гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд Б- “чи муу авгай дуугүй байж бай” гэж загнаад миний цээжний баруун хэсэг рүү баруун гараа атгаж байгаад нэг хүчтэй цохисон. Би “чи яахаараа намайг цохидог юм бэ” гэж хэлээд бид хоёр бие биенийхээ үснээс зулгаасан. Б- миний баруун шанаа руу гараараа нэг удаа цохиод, хамарны нуруу хэсгийг маажсан. Тэр үед дүү Батмөнгөнчимэг жолооны хүрдны ард сууж байгаад Б- бид хоёрыг салгах гээд хоёр суудлын голоор зүтгэсэн боловч салгаж чадаагүй. Батмөнгөнчимэг машинаас бууж, баруун хойд талын хаалгыг нээж Б-г надаас салгасан. Би Б-д “чи настай хүнээс уучлалт гуй” гэхэд надаас уучлалт гуйхгүй байсан. …Тухайн үед миний цээжний баруун хэсэгт овойж хавдаад, хөндүүрлэж өвдөөд байсан. Маргаашнаас нь цээжний овойж хавдсан хэсэг хөхрөөд, толгой өвдөөд 2 хоног босч чадаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эгч Батмөнгөнзаяа бид хоёр гадуур хамт явж байгаад орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 12 дугаар байрны 38 тоот манай гэрт ирсэн. Гэрт хүү Батмөнх унтаж байсан ба түүний гэр утсанд найз охин Б-гээс нь “номны 45.000 төгрөг өг” гээд баахан мөнгө нэхсэн мессэж ирчихсэн, Батмөнх Б- хоёр 19-р хорооллын автобусны буудал дээр уулзахаар мессэж бичсэн байсан. Тэгэхээр би эгч Батмөнгөнзаяаг өөрийн 80-62 УНГ улсын дугаартай, саарал өнгийн “Тоёото Приус” маркийн машинаар автобусны буудал хүргэж өгөх замдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордны хойд талын автозогсоол дээр Б-тэй уулзсан. ….Б- их ууртай байдалтай миний машины хойд талын суудалд суусан. Би Б-гээс “чи Батмөнхөөс юун мөнгө нэхээд байгаа юм бэ, биднийг хэрхэн амьдарч байгааг мэдэж байгаа биз дээ, би өнөөдөр халтуур хийгээд 10.500 төгрөг оллоо, та хоёр болж бүтэхгүй бол боль, чи мөнгөтэй хүүхэдтэй суу, та нарын зугаа цэнгэл яасан дуусдаггүй юм бэ” гэж хэлээд түүнд 10.000 төгрөг өгсөн. Гэтэл Б- “би танай хүүхдээс салж байгаа, танай хүүхэд л миний хойноос гүйж байгаа, танай хүүхэд ерөөсөө мөнгө гаргадаггүй, би л дандаа мөнгө гаргадаг” гээд уурлаад байсан. Батмөнгөнзаяа бид хоёрын яриаг сонсож байснаа Б-д “та нарын зугаа цэнгэл хэтэрч байгаа юм биш үү, энэ хүн өдөржингөө халтуур хийж байгаад ирж байхад чи ичихгүй олсон жаахан мөнгийг нь авч байгаа юм уу, настай хүн чамд үг хэлж байна шүү дээ, адилхан ууж, идчихээд Батмөнхөөр мөнгөө төлүүлэх гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд “чи муу авгай дуугүй байж бай” гэж загнаад эгчтэй маргалдсан. Эгч Батмөнгөнзаяа “чи яахараа намайг цохидог юм бэ” гээд тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би машинаасаа буугаад баруун хойд хаалгаа нээж байгаад тэр хоёрыг салгасан. Б- явах гэхээр нь эгч Батмөнгөнзаяа “чи хөгшин настай хүн зодчихоод надаас уучлалт гуй, миний хүүхдүүд ч надад гар хүрч үзээгүй юм” гээд түүний цүнхнээс нь зууртал Б- цүнхээ угз татаад таксинд суугаад явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/,
Гэрч О.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би хөдөө явж байгаад 2018 оны 05 дугаар сарын 03-ны өглөө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 12 дугаар байрны 38 тоот гэртээ ирсэн. Б- надад “мөнгө хэрэгтэй болчихлоо, одоо мөнгө олж өг, өнөөдөр надад мөнгө хэрэгтэй” гээд уурлаад байсан. Би түүнд нэхээд байгаа мөнгийг нь олоод өгье гэж бодоод уулзая гэж мессэж бичсэн. Б- энэ асуудал болохоос нэг сарын өмнө ном худалдаж авах мөнгөөрөө найзуудтайгаа шоудсан. Тухайн үед би түүнд мөнгө олдох байлгүйдээ гээд хэлчихсэн юм. Би Б- рүү “хаана байна, уулзъя” гэсэн мессеж бичээд хариу хүлээж байх зуур унтчихсан. Намайг унтаж байх хооронд Б-гээс мессэж ирсэныг ээж Батмөнгөнчимэг, эгч Батмөнгөнзаяа нар уншаад Б-тэй уулзсан байсан. Намайг унтаж байхад ээж намайг дуудаж сэрээснээ “Б- чамаас мөнгө нэхээд байгаа юм уу” гэхээр нь “Б- дээр найзуудтайгаа уулзах гэсэн юм, мөнгө байна уу” гээд надаас асуухаар нь “номныхоо мөнгийг хэрэглэчих, дараа нь мөнгө төгрөг болох л байлгүй дээ гээд хэлчихсэн юм” гэсэн. Батмөнгөнзаяа эгч надад “Б- ээжийг чинь тэнэг авгай минь дуугүй бол, танай хүүхэд чинь хэзээ мөнгөтэй ирж надтай уулзаж байсан юм бэ” гээд ээж рүү чинь дайрсан. Маргалдаж байхдаа Б- миний үснээс зулгааж, цээж рүү цохичихлоо гэж хэлээд надад цээжээ харуулахад эгчийн цээжний баруун хэсэгт овойж хавдаад, бага зэрэг хөхөрсөн харагдаж байсан. Мөн ар дагз хэсэгт нилээн том хэсэг газарт үс нь халцарсан, гартаа үсээ барьчихсан байсан. Тухайн үед эгч уурлаад “яагаад ийм хачин хүмүүстэй нийлдэг юм бэ” гээд намайг загнасан…гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Гэрч Д.Цэрэн-Ойдов мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 03-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Б- зодуулсан байдалтай орж ирэхээр нь би Батмөнхийн гар утас руу залгахад түүний гар утсыг ээж Батмөнгөнчимэг аваад “танай гичий янхан хүүхэд чинь ямар олигтой амьтан биш, манай хүүхдээс салахгүй зууралдаад байгаа биз дээ” гэж орилж хашгираад байхаар нь “та нар хүүхдээс чинь салахгүй болохоор манай хүүүхдийг зоддог юм уу, би та нарыг цагдаад мэдэгдэнэ” гэж хашгиртал гар утсаа тасалсан…гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6110 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ж.Б-гийн биед баруун 3-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт, үс уналт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 19-р хуудас/,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 62-р хуудас/
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 67-70-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 24-р хуудас/,
Яллагдагч А.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед би найз залуу Батмөнхийн 95938560 дугаараас “хаана байна” гэсэн мессэж ирэхээр нь “Нисэхээс гараад явж байна” гэж хариу мессэж бичихэд “одоо очлоо, гараад ир, 19 дээр буучих” гэсэн мессэжүүдийг ирүүлэхээр нь би Батмөнхтэй уулзах гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын ордны автобусны буудал дээр буугаад байж байхад Батмөнхийн ээж Батмөнгөнчимэг ирснээ намайг “нааш ир” гэж дуудаад Соёлын ордны машин зогсоол дээр өөрийнхөө 80-62 УНГ улсын дугаартай, саарал өнгийн, “Тоёота Приус-11” маркийн машинтай байсан. Би машины хойд талын суудалд суухад түүний эгч Батмөнгөнзаяа машины хойд талын суудалд сууж байсан. Батмөнхийн ээж намайг машиндаа суулгаад “чи Батмөнхөөс сал. Чи ч, би ч ааштай юм чинь нэг гэрт байж таарахгүй, танай эмээ чинь манайхыг хараасан, чиний байгаа байдал надад таалагддаггүй, чи манай гэрт юм хийдэггүй, манай нөхрийг нас барахад ангийнхаа эгчийг яах гэж манай гэрт дагуулж ирсэн юм бэ, чи юун мөнгө Батмөнхөөс нэхээд байгаа юм бэ” гэхээр нь “би Батмөнхөөс салах гэж байсан юм, манай гэрийхэн танай гэрийхэнийг хараасан зүйл байхгүй, би танай гэрт байхдаа хоол ундыг чинь хийж өгдөг байсан, би Батмөнхтэй хамт гадуур зугаалж, хоол идсэн мөнгөө хүүхдээс чинь нэхэж байгаа юм, тэр миний номны мөнгө байсан юм" гэхэд “би өнөөдөр халтуур хийгээд 10.000 төгрөг оллоо” гээд надад өгөхөөр нь авсан. Гэтэл Батмөнгөнзаяа бидний дундуур ороод “чи өөрөө л тэр номны мөнгөө ганцаараа хэрэглээ биз, худлаа хүүхдээс мөнгө авах гээд байна” гэсэн утгатай зүйл яриад байхаар нь “Батмөнх бид хоёр тэр мөнгийг хамтдаа үрсэн юм” гэхэд Батмөнгөнзаяа “энэ ямар хэгжүүн гичий вэ, харж байгаа харц нь таалагдахгүй байна” гээд миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Батмөнгөнзаяа дахин миний үснээс зулгаагаад доошоо дарахаар нь түүнийг өөрөөсөө холдуулах гээд гараараа хэвлий хэсэг рүү нь нэг удаа түлхээд, аль нэг гарных нь бугуй хэсгээс татсан. Батмөнгөнзаяа нь дүү Батмөнгөнчимэгтээ “чи машинаа түгж Толгойт руу явъя, очиж байгаад энийг алсан ч яадаг юм” гээд байсан. Энэ хооронд Батмөнгөнчимэг нь хойшоо эргэж харж байгаад эгчийгээ надаас салгах гэж оролдсон боловч чадаагүй. Батмөнгөнзаяа нь нилээн удаан миний үснээс зулгааж, толгой доош нь дарсан. Тэгснээ “энийг харахаар уур хүрээд байх юм, яасан овоо юм бэ, чамайг явуулахгүй гичий минь” гээд миний цүнхнээс зуурчихаад машины хаалгыг түгжээд намайг буулгахгүй байсан. Би тэр хоёрт “Батмөнхөөс салж байгаа юм чинь би одоо явчихая, автобус зогслоо” гэхэд Батмөнгөнчимэг “120 мянгатын автобусны буудал руу хүргэж өгье, тэндээс автобус олон явна” гэсэн. Замдаа явж байхад Батмөнгөнзаяа намайг “Батмөнхөөс салахад дараагийн эр нь бэлэн байгаа, янхан гичий, танай ээж чинь ч гэсэн чамтай адилхан янхан гичий” гэх мэтээр загнаж байснаа дахин үснээс зулгаасан. Би 120 мянгатын зүүн талын автобусны буудал дээр ирээд машинаас буух гэтэл Батмөнгөнзаяа “чи уучлалт гуйж байж яв” гээд намайг явуулахгүй байж байснаа машины зүүн хойд талын хаалгаар миний цүнхийг газар шидчихээр нь би машинаас бууж цүнхээ аваад, зам хөндлөн гарч такси бариад гэртээ харьсан. Ээж намайг харчихаад юу болсон бэ гэхээр нь болсон асуудлын талаар бүгдийг нь хэлсэн. Ээж Цэрэн-Ойдов Батмөнгөнчимэгийн гар утас руу яриад “яагаад хүүхэд зодож байгаа юм бэ” гэхэд “танай ажилгүй гичийгээс болж байгаа юм” гэж орилж байгаад гар утсаа тасалсан гэсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Соёлын төвийн автозогсоол дээр “Тоёота Приус” маркийн” 80-62 УНГ улсын дугаартай автомашины дотор Ж.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар уг маргаанд оролцсон хохирогч Ж.Б-гийн цээжин тус газарт цохиж, үснээс нь зулгаасны улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Ж.Б-гийн …Б- машинд орж ирэхэд Батмөнгөнчимэг “чи хүүгээс минь юун мөнгө нэхээд байгаа юм бэ, чи дандаа л миний хүүгээс мөнгө нэхэж байх юм” гэхэд “танай хүүхэдтэй 2-3 удаа хамт гадуур гарсан, танай хүүхэд дандаа мөнгөгүй ирдэг” гээд маргалдаад байсан. Батмөнгөнчимэг “би машинаараа халтуур хийгээд олсон мөнгө энэ байна” гээд 10.000 төгрөг өгөхөд Б- авсан. Би Б-д “чи энэ настай хүний халуун наранд өдөржингөө явж олсон мөнгийг аваад байхдаа яадаг юм бэ, наад хүн чинь амьдрах гэж ядаж байгаа хүн, Батмөнхтэй хамт явж адилхан ууж идэж, мөнгөө хамт үрчихээд, Батмөнхөөр мөнгөө төлүүлэх гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд “чи муу авгай дуугүй байж бай” гэж загнаад миний цээжний баруун хэсэг рүү баруун гараа атгаж байгаад нэг хүчтэй цохисон. Би “чи яахаараа намайг цохидог юм бэ” гэж хэлээд бид хоёр бие биенийхээ үснээс зулгаасан. …Маргаашнаас нь цээжний овойж хавдсан хэсэг хөхрөөд, толгой өвдөөд 2 хоног босч чадаагүй…гэх мэдүүлэг,
Гэрч Ж.Б-ийн …Батмөнгөнзаяа эгч Б- бид хоёрын яриаг сонсож байснаа “та нарын зугаа цэнгэл хэтэрч байгаа юм биш үү, энэ хүн өдөржингөө халтуур хийж байгаад ирж байхад чи ичихгүй олсон жаахан мөнгийг нь авч байгаа юм уу, настай хүн чамд үг хэлж байна шүү дээ, адилхан ууж, идчихээд Батмөнхөөр мөнгөө төлүүлэх гээд байхдаа яадаг юм бэ” гэхэд “чи муу авгай дуугүй байж бай” гэж загнаад эгчтэй маргалдсан. Эгч Батмөнгөнзаяа “чи яахаараа намайг цохидог юм бэ” гээд тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад байхаар нь би машинаасаа буугаад баруун хойд хаалгаа нээж байгаад тэр хоёрыг салгасан…гэх мэдүүлэг,
Гэрч О.Батмөнхийн …Намайг унтаж байхад ээж дуудаж сэрээснээ “Б- чамаас мөнгө нэхээд байгаа юм уу” гэхээр нь “Б- дээр найзуудтайгаа уулзах гэсэн юм, мөнгө байна уу” гээд надаас асуухаар нь “номныхоо мөнгийг хэрэглэчих, дараа нь мөнгө төгрөг болох л байлгүй дээ гээд хэлчихсэн юм” гэсэн. …Батмөнгөнзаяа эгч “Б- миний үснээс зулгааж, цээж рүү цохичихлоо” гээд надад цээжээ харуулахад эгчийн цээжний баруун хэсэгт овойж хавдаад, бага зэрэг хөхөрсөн харагдаж байсан. Мөн ар дагз хэсэгт нилээн том хэсэг газарт үс нь халцарсан, гартаа үсээ барьчихсан байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6110 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ж.Б-гийн биед баруун 3-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт, үс уналт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 19-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Б- нь Ж.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар уг маргаанд хохирогч Ж.Б- оролцсоны улмаас тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Натур” эмнэлэгт авахуулсан зураг нь хохирогчийн зураг мөн эсэх нь эргэлзээтэй. Шинжээч эмч Н.Туяа нь хохирогчийн “Натур эмнэлэг”-ийн баримтанд тулгуурлан дүгнэлтээ гаргасан. Хохирогч Ж.Б- нь бусад байдлаар дээрх гэмтлийг авсан байхыг үгүйсгэхгүй. Иймд А.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Хохирогч Ж.Б-гийн 2018 оны 05 дугаар сарын 11, 14-ний өдрүүдэд “Натур эмнэлэг”-ийн компьютер томографийн шинжилгээнээс гадна гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар гэрч Ж.Б- тогтвортой мэдүүлсэний зэрэгцээ, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №6110 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт: цээжний баруун урд хэсэгт баруун хөхний дээр 6,5х7см улаан хүрэн өнгийн цус хуралттай, толгойн оройн баруун зулай хэсэгт 2х2см үс халцарч унасан…гэж тусгагдсан дүгнэлтээс шүүгдэгч А.Б-гийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Б-гийн биед хөнгөн хохирол учруулсан болох нотлогдож байна.
Иймд шүүгдэгч А.Б-гийн “…хохирогчийг зодоогүй” гэх, түүний өмгөөлөгч Н.Энхбаатарын “шүүгдэгч А.Б-г буруутай эсэх нь эргэлзээтэй тул шүүгдэгчийн гэм буруугүй” гэх саналыг үндэслэлгүй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Хохирогч Ж.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч А.Б-гээс эмчилгээний болон тээврийн зардалд 592.000 төгрөг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхэд: хохирогч Ж.Б-гийн толгой болон цээжний томографийн зураг авахуулсан 240.000 төгрөг /хх-ийн 67-р хуудас/, оношлогоо хийлгэсэн 30.000 төгрөг /хх-ийн 67-р хуудасны ар талд/ нийт 270.000 төгрөгийг шүүгдэгч А.Б-гээс гаргуулж, хохирогч Ж.Б-д олгохоор шийдвэрлэв. Харин нэхэмжилсэн нийт 122.700 төгрөгийг бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардал гэж үндэслэлгүй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатар улсын яллагчаас гаргасан торгох ялын талаар маргаагүй. Харин шүүгдэгч А.Б- нь ам бүл олуулаа, одоо их сургуулиа төгсөж байгаа зэргийг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч А.Б- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 24-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, А.Б-гийн анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Монгол Улсын Багшийн их сургуулийн Багшийн сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг бөгөөд хөдөлмөр эрхэлдэггүй орлого олох боломжгүй хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.