Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00529

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00529

 

Амьдралын үр гучин хоёр ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/00247 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Амьдралын үр гучин хоёр ХЗХ-ны хариуцагч Б.Бямба-Эрдэнэ, С.Давааням нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6 722 452 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Бямба-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амьдралын үр гучин хоёр ХЗХ нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Б.Бямба-Эрдэнэ, С.Давааням нартай зээлийн 108 дугаартай гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл олгосон. Энэхүү зээлийг олгохдоо Б.Бямба-Эрдэнийн нэр дээрх Хас банкны дансанд олгосон. Зээлийн гэрээний хугацаанд тодорхой төлөлтүүдийг Б.Бямба-Эрдэнийн зүгээс хийсэн. Одоо үлдэгдэл зээлийн төлбөрт үндсэн зээл 2 247 173.69 төгрөг, хүү 660 488.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 132 097.61 төгрөг, нийт 3 039 759.35 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар харилцан тохиролцож, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 108 дугаартай барьцааны гэрээг мөн байгуулсан. Барьцааны зүйлийн өмчлөгч нь хариуцагч С.Давааням юм. Хариуцагч С.Даваанямын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүү 10 дугаар гудамжны 5 тоотод байрлах 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан тул тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч талаас энэ гэрээний хувьд маргахгүй байгаа. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хувьд гагцхүү хариуцагч Б.Бямба-Эрдэнэтэй байгуулсан бөгөөд ямар нэг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бус зөвхөн хэрэглээний зориулалтаар зээл олгосон. Энэхүү гэрээний хувьд 3 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож зээл олгосон. Хариуцагч Б.Бямба-Эрдэнэ нь энэхүү гэрээний хугацаанд нийт 2 248 390.42 төгрөгийг төлсөн. Манай зүгээс нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар энэхүү гэрээний зээлийн үүрэгт үндсэн зээл 1 575 991.36 төгрөг, хүү 1 588 081.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317 616.25 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нийт 3 481 688.98 төгрөгийг хариуцагч Б.Бямба-Эрдэнээс гаргуулж өгнө үү. 2 гэрээний тухайд нийтдээ 6 521 448.32 төгрөг гаргуулахаар шаардсан ба 201 004.29 төгрөгийг анх нэхэмжлэл гаргахдаа илүү тооцсон байсан. Хариуцагч нарын тайлбараас үзээд манайх бүх төлсөн мөнгийг нь шүүж үзэхэд 201 004.3 төгрөгийг илүү тооцсоныг одоо энэ дүнгээр багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч Б.Бямба-Эрдэнэ, С.Давааням нар нь 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Амьдралын үр гучин хоёр ХЗХ-ноос 5 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэгч талаас энэ гэрээний үүрэгт 3 039 759.35 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ гэрээний хувьд хариуцагч нараас маргах зүйл байхгүй. Харин хариуцагч Б.Бямба-Эрдэнийн хувьд 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. 2019 оны 6 сард 500 000 гаран төгрөгийн төлөлтийг 1,2 хувийн хүүтэй зээлэнд төлсөн боловч хасагдаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс энэ гэрээний үүрэгт 3 481 688.98 төгрөгийг нэхэмжилж байна. Улсаас жижиг дунд бизнес эрхлэгч нарын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тухайн мөнгийг хүүгүй хороо болгонд тарааж өгсөн байтал иргэддээ сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Тиймээс энэ зээлийн гэрээний хувьд хэт өндөр хүүтэй зээл байна. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт бол маргаан байхгүй. Харин хэт өндөр хүүг хүлээн зөвшөөрөхгүй тул үндсэн хүү 1 588 081.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317 616.25 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр бол маргахгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч С.Давааням, Б.Бямба-Эрдэнэ нараас 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 108 тоот зээлийн гэрээний үүрэгт 3 039 759.35 төгрөгийг, хариуцагч Б.Бямба-Эрдэнээс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2/73 тоот зээлийн гэрээний үүрэгт 3 481 688.98 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Амьдралын үр гучин хоёр ХЗХ-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч С.Давааням, Б.Бямба-Эрдэнэ нар 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 108 тоот зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд мөн өдрийн 108 дугаартай Барьцааны гэрээний зүйл болох С.Даваанямын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Баруун түрүү энгэр 10 дугаар гудамж, 5 тоот хаягт байршилтай, 600 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай, нэгж талбарын 1862730854631 дугаарт бүртгэлтэй, газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 189 493 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Амьдралын үр гучин хоёр ХЗХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс Амьдралын үр 32 ХЗХ-ны нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дүн болох 6 521 448.32 төгрөгийг бүхэлд нь хариуцагч биднээс гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь Амьдралын үр 32 ХЗХ-ны дүрмэнд гишүүддээ өндөр хүүтэй мөнгө зээлнэ гэсэн заалт байхгүй. Гэтэл хадгаламж зээлийн хоршооны гишүүдэд сарын 5 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлж хоршооны гишүүний амьдрал ахуйд хүндрэл учруулдаг. 5 хувийн хүү нь жилийн 60 хувийн хүүтэй гэсэн үг юм. Ийм өндөр хүүгээр хариуцагч бид 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 3 000 000 төгрөг зээлж авсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийг боломж бололцоогоороо хийдэг боловч тухайн мөнгө нь зээлийн хүүд тооцогддог. 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хүү болох 1 588 061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317 616 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр бага мөнгө боловч өнөөгийн нийгэмд ажилгүй болсон бидний хувьд их хэмжээний мөнгө юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Амьдралын үр гучин хоёр ХЗХ нь хариуцагч С.Давааням, Б.Бямба-Эрдэнэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 722 452 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгаж зээлийн гэрээний үүрэгт 6 521 448 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 14 дэх талд Амьдралын үр гучин хоёр ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотлох баримтаар авагдсан байх боловч тус хадгаламж зээлийн хоршоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд мөн эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хоршоог зээлийн үйл ажиллагаа эрх бүхий зөвшөөрөлтэй эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй тул шүүхээс талуудын хооронд зээл олгосон үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн харилцаанд хамаарах хууль хэрэглээний талаар дүгнэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй буюу зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох боломжгүй байхад талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Түүнчлэн, хариуцагч С.Давааням, Б.Бямба-Эрдэнэ нарын хувьд Амьдралын үр гучин хоёр ХЗХ-ны гишүүний хувиар тус хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан эсэхтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хариуцагч нар зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаж байгаа тохиолдолд энэ нөхцөл байдал ач холбогдолтой юм. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Тусгай зөвшөөрөлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж үйлчилгээ үзүүлэх этгээдийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд зээлийн хүүгийн хэмжээг гэрээнд тодорхойлохдоо хуульд заасан журмыг баримталсан эсэх нөхцөл байдал, эсхүл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхой бус байна.

 

Анхан шатны шүүх эрх зүйн харилцааны агуулгыг тодорхойлохын тулд нэхэмжлэгч хоршоог зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэхтэй холбогдох баримтууд хэрэгт авагдаагүй, ийнхүү тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс хийх эрх хуулиар олгогдоогүй юм.

 

Иймд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх зөв тодорхойлоогүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 184/ШШ2021/00247 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ