| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борын Дэнсмаа |
| Хэргийн индекс | 226/2016/0016/Э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2016-11-23 |
| Зүйл хэсэг | 102.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 12
2016.11.23 12
Д.Мөнгөнцэцэгт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
226/2016/0016/Э
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам
Прокурор: Ц.Цэен-Ойдов
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Ганхуяг
Хохирогч: С.Каж
Ялтны өмгөөлөгч: Д.Гангантөгс
Ялтан: Д.Мөнгөнцэцэг нар оролцов.
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулгын даргалж шийдвэрлэсэн 2016 оны 10 сарын 04-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Мөнгөнцэцэгийн давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201523000352 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1972 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бэрх тосгон 1-р хороо 57-1-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Доржийн Мөнгөнцэцэг /РД: СФ72121805/,
Д.Мөнгөнцэцэг нь 2014 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг Бэрх хотын 51-р байрны 7, 8, 9 тоот орон сууцуудыг С.Кажид 30.000.000 төгрөгөөр зарсан атлаа 7 тоот байрны гэрчилгээг С.Кажийн нэр дээр шилжүүлээгүй, бусдад барьцаанд тавьсан, мөн баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө С.Кажийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 4.000.000 төгрөг авсан боловч тусгай зөвшөөрлийг түүний нэр дээр шилжүүлээгүй С.Кажийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор: шүүгдэгч Боржигон овогт Доржийн Мөнгөнцэцэгийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж аван, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Д.Мөнгөнцэцэг нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт, бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Д.Мөнгөнцэцэгт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгээс 4000000 (дөрвөн сая) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Кажид олгож, шүүгдэгч Д.Мөнгөнцэцэгт түүний нэр дээрх Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 1 дүгээр хороо гудамж 51 дүгээр байрны 07 тоот, 000360026 дугаартай үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хохирогч С.Кажийн нэр дээр шилжүүлэх өөрчлөлтийг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхийг даалгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдэж тус тус шийдвэрлэжээ.
Ялтан Д.Мөнгөнцэцэг нь давж заалдах гомдолдоо: Би Каж гэдэг хүнийг хууран мэхлээгүй. Анх 2014 оны 2-р сарын 26-ны өдөр Каж гуай хар өнгийн дэвтрийн эхний хуудас дээр 1 хуудас гэрээ хийхдээ үйлчилгээний зориулалтаар 3 байрыг 39 сая төгрөгөөр худалдаж авахаар үнээ тохиролцож үүнээс 2 200 000 төгрөг авлаа гэж бид хоёр гарын үсэг зурсан. Доод талд нь 2014 оны 4-р сарын 02-ны өдөр 17 сая төгрөгийг мөнгөн дэвсгэртээр нь авч гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл нэг цаасан дээр хоёр гарын үсгийг би өөрөө зурсан. Бусад мөнгийг авч, өгөлцөхдөө нэг ч удаа гарын үсэг зуралцаагүй. Энэ дэвтрийг Каж гуай хэрэгт гаргаж өгөөгүй. 2014 оны 4-р сарын 18-ны өдөр намайг гэрээ хийсэн гэж байгаа боловч худлаа юм. Учир нь тухайн үед би хотод байсан. Миний гарын үсгийг мөн гэж гаргасан шинжээчийн 2 дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шинжилгээ хийлгэж шалгуулмаар байна. Би Кажтай баарны тусгай зөвшөөрөл зарах тухай хэлцлийг огт хийгээгүй. Би Каж гуайгаас мөнгөө авч чадахгүй байснаас болж байрны ордероо барьцаалсан нь үнэн. 2016 оны 4-р сарын 21-ний өдөр уг ордероо барьцаанаас чөлөөлсөн. Иймд Каж болон түүний эхнэр, хоёр охины мэдүүлгүүдээр намайг буруутгаж гэмт хэрэг үйлдсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангахгүй байна.
Анхан шатны Шүүх шийтгэх тогтооолдоо: Д.Мөнгөнцэцэг нь 2014 оны 02 дугаар сард Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 51-р байрны 7, 8, 9 тоот орон сууцуудыг С.Кажид 30000000 төгрөгөөр зарсан атлаа 7 тоот байрны гэрчилгээг С.Кажийн нэр дээр шилжүүлээгүй, бусдад барьцаанд тавьсан, мөн баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө С.Кажийн нэр дээр шилжүүлж өгнө гэж 4000000 төгрөг авсан боловч, тусгай зөвшөөрлийг түүний нэр дээр шилжүүлээгүй С.Кажийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.
Залилан мэхлэх гэмт хэрэг нь иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанаас дараах шинжүүдээр ялгаатай байдаг билээ.
Үүнд:
Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсвэл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго гэмт этгээдийн хувьд хуурч мэхлэх буюу итгэл эвдсэн үйлдэл /эс үйлдэхүй/ хэрэгжүүлэхээс өмнө бий болдог.
Мөн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглан бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Нотлох баримтуудыг шинжлэн судалвал: С.Каж болон Д.Мөнгөнцэцэг нар нь 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Бэрх хотын 51-р байрны 7, 8, 9 тоот орон сууцыг 39 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан /1хх-17х/ бөгөөд Д.Мөнгөнцэцэг нь гэрээнд зааснаар 51-р байрны 8, 9 тоот орон сууцны өмчлөх эрхийг С.Каж, Г.Алтанцэцэг нарын өмчлөлд шилжүүлсэн, /1хх-80х/ өөрийн “Сувданшоо” ХХК-ийн хувьцааны 50 хувийг Г.Алтанцэцэгт шилжүүлсэн талаар Улсын бүртгэлд бүртгүүлж хамтарч ажилласан, /1хх-161-165х/ 51-р байрны 7 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгоогүй ч гэсэн 2008 оны 3 сарын 24-ний өдөр А.Наранбаатартай уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, /1хх-173-174х/ гэрээнд заасны дагуу 51-р байрны 7, 8, 9 тоот орон сууцнуудын төлбөрийн үлдэгдэл 5 сая төгрөгийг төлөөгүй гэдэг шалтгаанаар 7 тоот байрны гэрчилгээг С.Кажид шилжүүлж өгөөгүй гэж байгаа зэргээс үзэхэд Д.Мөнгөнцэцэг нь иргэний эрх зүйн гэрээ байгуулахын өмнө буюу гэрээний үүргийг биелүүлэх явцдаа С.Кажийг залилан мэхлэх санаа, зорилгогүй байсан байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус бөгөөд уг хэлцлээс үүссэн маргаанд шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар олж авах гэсэн гэмт санаа зорилго байдаггүй тул дээрх маргаан болгон гэмт хэрэг болдоггүй юм.
Д.Мөнгөнцэцэг нь хүчин төгөлдөр бус хэлцлээр халхавчлан шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Д.Мөнгөнцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
С.Кажийн тусгай зөвшөөрлийг Д.Мөнгөнцэцэгээс 9 сая төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг нь гэрч Г.Алтанцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ” ... Манай хойд аав Каж, Д.Мөнгөнцэцэг бид гурав 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Мөнгөнцэцэгийн эзэмшлийн орон сууцны 3 байрыг нийлүүлэн аж ахуй нэгжийн зориулалтаар ашиглаж байсан обьектыг 39 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ хийж гарын үсгээ зурцгаасан юм. Мөнгөнцэцэгт эхлээд 17 сая, дараа нь 13 сая төгрөгийг бэлнээр нь өгсөн. Үлдсэн 9 сая төгрөгөөс 4 сая төгрөгийг нь цувуулж төлсөн. Тэгээд 51-р байрын 8, 9 тоот орон сууцны ордеруудаа аав бид хоёрт шилжүүлж өгсөн. Ингээд тусгай зөвшөөрөл шилжүүлж болдоггүйг мэдээд “Наран Хаан Бүргэд” нэртэй компанийг аав Кажийн нэр дээр байгуулахад Мөнгөнцэцэг нь тусалж бүх зүйлийг зааж өгсөн” гэх мэдүүлгээр няцаагдаж байна. /1хх-13-14х/
Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасантай холбогдуулан С.Кажийн нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.3, 319 дүгээр зүйлийн 319.1.1, 323 дугаар зүйлийн 323.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мөнгөнцэцэгт холбогдох эрүүгийн 201523000352 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. С.Кажийн нэхэмжлэлийг авч хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3. Хэрэгт эд мөрийн болон бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.Мөнгөнцэцэг нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
4. Магадлал хүчин төгөлдөр болтол Д.Мөнгөнцэцэгт урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СҮХГОМБО
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Б.ДЭНСМАА