Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0573

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0573

Улаанбаатар хот

 

 

 

 

Д.П нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гуравдагч этгээд “Х” ХХК-ын захирал Ц.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0502 дугаар шийдвэртэй, Д.П нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0502 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 31 дэх Д.П 501.07 м.кв газар ашиглуулах эрх олгосон хэсгийг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 7 дахь “Х” ХХК-д 0.12 га газар ашиглах эрх олгосон хэсгийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

Нэхэмжлэгч Д.П давж заалдах гомдолдоо: “ ... Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн ЗЗ дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын 31 дэх “Д.П 501.07 м.кв ашиглуулах эрх олгосон” хэсгийг болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 7 дахь “Х” ХХК-д 0.12 га газар ашиглах эрх олгосон хэсгийг тус тус 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмэн тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэсэн заалтыг үндэслэж шийдвэр гаргасан нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн нөхцөл байдлыг тодруулан нотлох баримтуудыг шинжлэн судалж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал ийнхүү шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрээс үзвэл яаманд шийдвэр гаргах эрхийг олгосон атлаа ямар шийдвэр гаргахыг зааж зөвлөсөн шинжтэй дүгнэлт хийсэн гэж ойлгогдохоор байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ний өдрийн 128/ШШ2018/0502 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.П-ээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/14 дүгээр тушаалын “Х” ХХК-д холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, орц, гарцын асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага, харин гуравдагч этгээд “Х” ХХК-аас “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/187 дугаар тушаалын Д.П холбогдох хэсгийн Х ХХК-ийн ашиглаж буй газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”-аар бие даасан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Маргаан бүхий гэрчилгээнүүдийн хавсралт дахь талбайн солбицлыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар агаар сансрын зургаар давхцуулан ирүүлэхэд Д.П 2016 оны 2016/350 дугаар бүхий гэрчилгээгээр ашиглаж буй 500 м.кв газар болон “Х” ХХК-ийн 2017 оны 0160653 дугаар бүхий гэрчилгээгээр ашиглаж буй 5504 м.кв газрын 418 м.кв нь давхцалтай болох нь тогтоогджээ.

Нэхэмжлэгч Д.П нь Богдхан уулын дархан цаазат газарт 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 0.05 га газрыг ашиглах хүсэлтийг, гуравдагч этгээд “Х” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15/10, 15/11, 10 дугаар сарын 20-ны өдрийн 15/51 дүгээр албан бичгүүдээр урьд 1999 оноос хойш өөрийн эзэмшил, ашиглалтад байсан газрын хэмжээг 0,12 га-гаар нэмэгдүүлэх хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус гаргасан байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэж заажээ.

Хариуцагч хүсэлтүүдийг шийдвэрлэхдээ дээрх хуулийн заалтын дагуу тухайн хүсэлт болгосон дархан цаазат газрыг аялал жуулчлалын зориулалтаар /нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын ашиглах зориулалт нь аялал жуулчлалд хамаарах эсэх/ ашиглуулах боломжтой эсэх, байгаль орчинд нөлөөлөх байдал, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрхэн авах, орц гарц гаргаж аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжтой эсэх зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан, аль нэгэнд нь газар ашиглуулах шийдвэр гаргахаар байхад давхцуулан газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь маргаан үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутагт нэг байршилд гаргасан /3 хоногийн зайтай/ хүсэлтүүдийг  шийдвэрлэхэд хэн нь түрүүлж хүсэлт гаргасан нь ач холбогдолгүй бөгөөд гагцхүү хэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтаар, байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг авах чадвартай эсэх зэргийг нь харгалзан олгохоор хуулиар зохицуулжээ.

Хариуцагч нь энэхүү нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр маргаан бүхий актуудыг өөрөө хянаж, дахин шинээр акт гаргах боломжтой талаар шүүхэд тайлбар ирүүлсэн, мөн хариуцагчийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэх байсан дээрх нөхцөл байдлыг шүүх тогтоох боломжгүй байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.П давж заалдах гомдолдоо “... шүүхийн шийдвэрээс үзвэл яаманд шийдвэр гаргах эрхийг олгосон атлаа ямар шийдвэр гаргахыг зааж зөвлөсөн шинжтэй дүгнэлт хийсэн гэж ойлгогдохоор байна” гэсэн байх боловч шүүхийн шийдвэрээс ийм утга, агуулга харагдахгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0502 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.П давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч Д.П-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                      

 

 

ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ