Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 322

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй,

 Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт,

аудитын албаны улсын ахлах

байцаагч Х.Х-д холбогдох

захиргааны хэргийн тухай

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг        

            Шүүгчид:                        Г.Банзрагч                          

                                                  М.Батсуурь

                                                  Х.Батсүрэн

            Илтгэгч шүүгч:               Д.Мөнхтуяа

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актыг хүчингүй болгуулах”,

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2020/0008 дугаар шийдвэр,

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар магадлалтай,

            Нэхэмжлэгч С.Б-ийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1.  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2020/0008 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Нэхэмжлэгч С.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2020/0008 дугаар бүхий шийдвэр, Захиргаа хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар бүхий магадлалыг зэргийг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

4. Улсын байцаагчийн уг актад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс суутган М-д олгосон ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг надаас гаргуулахаар акт үйлдсэн байна.

5. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлд Байгууллага албан тушаалтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагын талаар тодорхой зохицуулж өгсөн бөгөөд энэхүү зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус зааснаас үзэхэд төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлснээс үүссэн эрсдэл, ялангуяа хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусдад гэм хор учруулсан нөхцөлд намайг ажиллуулж байгаа ажил олгогч байгууллага эсвэл төр хариуцахаар тусгасан байна.

6. Мөн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж зааснаас үзэхэд илт санаатайгаар эсвэл болгоомжгүй байдлын улмаас гэх хоёрхон тохиолдлоор бусдад гэм хор учруулсан нөхцөлд л энэхүү заалт хэрэгжих учиртай. Мөн энэхүү заалтаас үзэхэд дээрх хоёр нөхцөлийг хангагдсан тохиолдолд хохирлоо төлүүлэх шаардах онцгой эрх Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт олгогдсон байна. Гэтэл миний хувьд 498.5-д заасан санаатай буюу илт болгоомжгүй байдлын улмаас бусдад гэм хор учруулсан асуудал огт байхгүй бөгөөд зөвхөн хуулиар олгосон төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн. Учир нь хэн ч гэсэн ямар ч зорилгогүй болгоомжгүй байдлаар эрхийн акт буюу захирамж гаргахгүй нь мэдээж тул дээрх заалтад заасан болгоомжгүй гэх нөхцөл миний үйлдэлд яригдах учиргүй Харин санаатай гэх нөхцөлийн хувьд би Засаг даргын Тамгын газрын дарга Мадениетийг ямар нэг байдлаар санаатайгаар ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй юм. Намайг 2016 онд Засаг даргаар томилогдох үед М нь Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд би томилогдохоос өмнө М нь үүргээ зохих журмын дагуу гүйцэтгээгүй тайлан тооцоогоо хугацаанд хүргүүлээгүй гэх мэт байдлын улмаас манай Засаг даргын Тамгын газраас Нийгмийн даатгалын байгууллагад төлөх ёстой их хэмжээний өр үүссэнээс Нийгмийн даатгалын байгууллага шүүхэд хандан манай Засаг даргын Тамгын газраас их хэмжээний авлага гаргуулсан байх түүний гол буруутан нь М байсан талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан байх ба энэ асуудлын улмаас төрийн ажилд их саатал үүсч багагүй асуудал үүссэн бөгөөд аймгийн удирдлагын зүгээс буруутай албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосон нэгэнт би төрийн албаны тасралтгүй байдлыг хангаж, ард иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгаж, хуулийн хэрэгжилтийг анхан шатанд зохион байгуулах үүрэгтэй, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох хуулиар эрх олгогдсон төрийг төлөөлсөн албан тушаалтны хувьд М-д сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс биш ямар нэг хувийн ашиг сонирхлын үүднээс санаатайгаар М-ийг ажлаас чөлөөлсөн асуудал биш бөгөөд Засаг даргын хувьд төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, төрийг төлөөлөн эрхээ хэрэгжүүлсэн явдал юм. Мөн М-ийг ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах шүүхийн шийдвэрүүдэд Засаг дарга С.Б би санаатай буюу болгоомжгүй байдлаар хүн хохироож бусдад гэм хор учруулсан гэсэн нэг ч үг үсэг байхгүйгээс гадна энэ талаар өөр бусад эрх бүхий байгууллагаас ИХ-ын 498.5-т заасан нөхцөл болох шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсныг тогтоосон ямар ч эрхийн акт байхгүй юм. Төрийн албан хаагч бүр мэргэшсэн хуульч биш бөгөөд төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад санаатай биш хэдий ч хуулийг өөрсдийн ойлгосон хэмжээгээр эсвэл процессын алдаа гарган хуульд нийцэмгүй шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй бөгөөд миний хувьд ч гэсэн ийнхүү нөхцөл байдлаар алдаа гаргасныг шүүхийн байгууллага залруулан миний М-д сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэр хуульд нийцээгүй учир хүчингүй болгосон болохоос миний бие М-д сахилгын шийтгэл хүлээлгэсэн үйлдэл санаатай эсвэл илтэд болгоомжгүй байдлыг тогтоосон шийдвэр биш юм. Шүүх хэрэг маргаан шийдвэрлэхдээ санаатай биш ч гэсэн өөрийн өөр өөрсдийн хэмжээнд хуулийг ойлгосноор эсвэл хэрэг марааны нөхцөл байдалд буруу дүгнэлт хийн процессын алдаа гаргаж буруу дүгнэлт хийн алдаа гаргаж шийдвэрлэснийг дээд шатны шүүхүүд залруулан хүчингүй болгох эсвэл өөрчлөлт оруулах нь зүй ёсны хэрэг бөгөөд миний сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг шүүх хянан хүчингүй болгож байгаа нь үүнтэй яг ижил нөхцөлтэй гэж ойлгож дүгнэж байна.

7. Хууль санаачлан батлахдаа ИХ-ын 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэх заалтад өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэсэн тодотголыг ямарч зорилгогүйгээр тусгаж өгөөгүй бөгөөд бид нотлох баримтын хүрээнд тодорхой тайлбарласаар байтал огт анхааралгүй таны сахилгын шийтгэл хүлээлгэсэн шийдвэрийг шүүх хууль бус болсныг тогтоосон тул таныг үйлдлийг санаатай гэж үзнэ гэж өөрийн зоргоор дүгнэж байгаа нэг талыг барьсан хууль зөрчсөн явдал юм.

8. Захиргааны ерөнхий хуулийн /цаашид ЗЕХ гэх/ 103 дугаар зүйлийн 103.1-т ”Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т,”Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” тус тус заасан байх ба ЗЕХ-ын 103.1, 103.2-т заасан зохицуулалтаас үзэхэд захиргааны байгууллага буюу нь дээрх Иргэний хуулийн 498.5-д заасан нөхцөлийг хангаж хохирлоо төлүүлж өгөхийг шаардаж зөвхөн гомдол шаардлага хүргүүлснээр тухайн захиргааны байгууллагын дээд шатны Аудитын байгууллага хохирлыг төлүүлэх эрхээ хэрэгжүүлэх чадах юм. Үүнээс биш Иргэний хуулийн 498.5-д зааснаар шаардах эрх тухайн захиргааны байгууллагад олгогдсон онцгой эрх тул аудитын байгууллагад захиргааны байгууллагаас хохирол төлүүлж өгөх талаар гомдол шаардлага ирлүүлээгүй тохиолдолд аудитын байгууллага дур мэдэн дангаараа эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм. Манай нөхцөлийн хувьд хохирлоо шаардах эрх бүхий захиргааны байгууллага болох Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас Баян-Өлгий аймгийн санхүү хяналт, аудитын газарт хохирол төлүүлж өгөх талаар ямар ч гомдол шаардлага хүргүүлээгүй байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин дур мэдэн акт үйлдэж буй нь хууль зөрчсөн явдал байсаар байтал шүүх анхаараагүй

9. Төрийн албаны үндсэн зарчим Төрийн албаны тухай хуулиар нарийвчлан зохицуулагдсаар ирсэн. 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах’ гэж Төрийн албаны үндсэн зарчимд тусгаж өгсөн байна. Харин Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн хэдий ч дээрх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл 2019 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл дангаараа хэрэгжих ямарч бололцоогүй юм. Учир нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж тодорхой тусгаж өгсөн байх ба харин Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд нийцсэн буруутай этгээдээр төлүүлэх ямар ч зохицуулалт байхгүй байсан тул төрийн албан хаагчдын хөдөлмөрийн харилцаа болон бүх асуудал төрийн албаны тухай хуулийн зарчмаар зохицуулагдах тул Захиргааны ерөнхий хуулийн зүйл нь Төрийн албаны хуульд харшлан хэрэгжих боломжгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн Шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж эхлэн 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болж шинэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тусгаж өгсөнөөр Захиргааны ерөнхий хуулийн 103-р заалт 2019 оны 01-р сарын 01-нээс хойш л хэрэгжиж нөхцөл үүссэн. Манай нөхцөлийн хувьд Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн 110/ШШ2017/0065 дугаар бүхий шүүхийн шийдвэрээр Мадениетэд сахилгын шийтгэл ногдуулсан миний Засаг даргын хувьд гаргасан захирамжийг хүчингүй болгож түүнийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговор 10,103,584, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 нийт 10,173,784 төгрөгийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн. Талууд бид дээд шатны шүүхүүдэд давж заалдах болон хяналтын гомдол гаргаж явсаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаар бүхий тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Мадениетийг Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/62 дугаар бүхий тушаалаар Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын ажилд эгүүлэн томилсон.

10. Энэхүү байдлаас үзэхэд М-тэй холбоотой шүүхийн шийдвэр болон бусад эрхийн актууд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнөөс гарч дуусгавар болсон бөгөөд би Мадениетийг ажлаас чөлөөлөх, ажилд эгүүлэн томилох ажиллагааны үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээгүй байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл хэрэгжиж боломжгүй тухайн үед болсон явдалд энэхүү хуулийн заалтыг баримтлан акт үйлдэж буй нь хууль зөрчсөн явдал юм.

11. Анхан шатны шүүхийн тодорхойлох хэсэгт “Хэдийгээр хариуцагч болох улсын ахлах байцаагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулснаа нотолж чадаагүй, хяналт шалгалтын явцад тэмдэглэл үйлдээгүй нь болох нь нотлогдож байгаа” гэж хууль зөрчин акт үйлдсэн гэж үзсэн мөртлөө энэхүү хууль зөрчин акт үйлдсэн байдал нь улсын байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэж байгааг ойлгохгүй байгаа бөгөөд энэ нь хууль зөрчсөн явдал юм. Учир нь улсын байцаагчийн акт гаргахад хууль зөрчсөн явдалтай эвлэрч түүнийг зөвтгөж, хариуцагч хууль зөрчиж болно харин та нар болохгүй гэсэн өнгө аяс бүхий дүгнэлт хийж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” 2 дахь хэсэгт заасан ‘Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэх суурь зарчимд нийцэмгүй жинхэнэ утгаар хууль зөрчсөн явдал гэж үзнэ.

12. Иймд Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаар бүхий улсын байцаагчийн акт, Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2020/0008 дугаар бүхий шийдвэр, Захиргаа хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар бүхий магадлал зэргийг хүчингүй болгож миний гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.            

ХЯНАВАЛ:

13. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд маргааны үйл баримтуудад холбогдуулж хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөв тайлбарлан хэрэглэжээ.

 14. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актаар “... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс суутгасан З.М-ийн цалин болох 10,163,422 төгрөгийг буруутай этгээд ... /Баяннуур сумын Засаг дарга С.Б/-ээр төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгч С.Б-ээс “...аудитын байгууллагад захиргааны байгууллагаас хохирол төлүүлж өгөх талаар гомдол, шаардлага ирүүлээгүй байхад аудитын байгууллага дангаараа дур мэдэн эрхээ хэрэгжүүлсэн, ... Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх талаар 2002 оны Төрийн албаны тухай хуульд хуульд заагаагүй байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл нь Төрийн албаны хуульд харшлан хэрэгжих боломжгүй байхад ... энэ хуулийн заалтыг баримтлан акт үйлдэж буй нь хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “... хууль бус ажлаас чөлөөлөгдсөн хүмүүсийн мөнгийг эргүүлэн төсөвт төлүүлж, төрийг хохиролгүй болгож, акт тогтоох тухай манай байгууллагад аудитын байгууллагаас албан шаардлага өгсний дагуу удирдамж гарсан, ... уг хохирлыг барагдуулах үүрэг Санхүү хяналт, аудитын албанд байгаа, акт хууль зөрчөөгүй” гэж тус тус маргасан, Баян-Өлгий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 65 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 875 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 120 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б-179 дугаартай захирамжийг хүчингүй болгож, З.М-ийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 10,103,584 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс, тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж З.М-д олгуулахаар шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр биелэгдсэн, талууд эдгээр баримтуудтай маргаагүй байна.

15. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж тус тус заасан, тухайн тохиолдолд, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга С.Б-ийн гаргасан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “хууль бус” Б-179 дугаартай захирамжийн улмаас учирсан 10,103,584 төгрөгийн хохирлыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс З.М-д төлсөн, захиргааны байгууллагад учирсан уг хохирлыг  тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж буюу Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба /улсын ахлах байцаагч/ хариуцан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудтай нийцсэн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

16. Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхтэй холбогдсон харилцаа нь Захиргааны ерөнхий хуулиар нарийвчлан зохицуулагдсан тул шүүх уг хуулийн холбогдох заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн “... Иргэний хуулийн ... 498.1-т “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 498.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасан ... байхад ... өөрийн зоргоор дүгнэж, ...  нэг талыг барьсан, ... хууль зөрчсөн”, “... 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасан, ... Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн хэдий ч дээрх Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл 2019 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл дангаараа хэрэгжих ямарч бололцоогүй байсныг шүүх анхаарч үзээгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

17. Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.4-т “дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна”, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “/улсын ахлах байцаагч нь/ ... хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”-ээр тусгайлан эрх олгсон байх тул Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийг буруутай этгээдээр хохирол нөхөн төлүүлэхээр шийдвэр гаргах эрхгүй гэж шүүх дүгнэх боломжгүй, нэхэмжлэгчийн “...захиргааны байгууллага нь Иргэний хуулийн 498.5-д заасан нөхцөлийг хангаж хохирлоо төлүүлж өгөхийг шаардаж зөвхөн гомдол шаардлага хүргүүлснээр тухайн захиргааны байгууллагын дээд шатны Аудитын байгууллага хохирлыг төлүүлэх эрхээ хэрэгжүүлэх чадах юм. Үүнээс биш Иргэний хуулийн 498.5-д зааснаар шаардах эрх тухайн захиргааны байгууллагад олгогдсон онцгой эрх тул аудитын байгууллагад захиргааны байгууллагаас хохирол төлүүлж өгөх талаар гомдол шаардлага ирлүүлээгүй тохиолдолд аудитын байгууллага дур мэдэн дангаараа эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, ... дээрх хуулийн заалтуудыг зөрчин дур мэдэн акт үйлдэж буй нь хууль зөрчсөн явдал байсаар байтал шүүх анхаараагүй” гэх гомдлыг хүлээж авахгүй.

            18. Эдгээр үндэслэлээр, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2020/0008 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 293 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Ч.ТУНГАЛАГ

               ШҮҮГЧ                                                   Д.МӨНХТУЯА