| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Байгалмаа |
| Хэргийн индекс | 191/2025/06060/И |
| Дугаар | 191/ШШ2026/00083 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2026/00083
| 2025 12 24 | 191/ШШ2026/00083 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч А.Цэлмэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, И.Х овогт Г.Л /*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, М овогт Л.П /*******/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 132 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
Хариуцагч Л.П
Гэрч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Лутбая-раас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д 2024.08.14-ний өдөр итгэмжлэлээр Lexus RX450h маркийн улсын дугааргүй, импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн.
Хариуцагч ******* нь тэр өдрөө ирж тээврийн хэрэгслийг 110 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулсан. Гэтэл дараа нь уг тээврийн хэрэгслийг *******-д шилжүүлсэн байна. Тухайн үед тус тээврийн хэрэгслийн үнэ 114 000 000 төгрөг гэж байсан. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үнэ 114 000 000 төгрөгийг гэм хорын хохирол гэж үзэж мөн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам хүү төлөх үүрэгтэй гэж үзэн 18 848 000 төгрөгийг нэмж нийтдээ 132 848 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлага гаргасан.
Анх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч нотариат дээр очихдоо итгэмжлэлээр шилжүүлэхээр болж тээврийн хэрэгслийг 114 000 000 төгрөгт тооцон шилжүүлсэн.Итгэмжлэлээр тээврийн хэрэгслийг шилжүүлснээс хойш нэхэмжлэгчид төлбөр орж ирэхгүй байсан учраас хариуцагчид холбогдуулан тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 114 000 000 төгрөг, хугацаандаа төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5.-д заасны дагуу арилжааны банкнуудын хэрэглээний зээлийн дундаж хүү болох 1,6 хувиар хүүг 18 848 000 төгрөг гэж тооцсон. Ингээд хариуцагчаас нийт 132 848 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******-аас итгэмжлэл авсан өдрөө буюу 2024.08.14-ний өдрөө тээврийн хэрэгслийг гэрч *******-д худалдсан болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтаар нотлогдсон. Хариуцагч нь тухайн үед тээврийн хэрэгслийн төлбөр надад орж ирээгүй гэж тайлбарлан дансны хуулгаа гаргасан.
Хариуцагч нь итгэмжлэлээр олгосон эрхийг давуулан ашиглаж, төлбөрийг өөртөө авсан гэх үндэслэлтэй тул бид нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг гэм хорын хохирол гэж тодорхойлон өөрчилсөн.
Нэхэмжлэгчээс хариуцагчид олгосон итгэмжлэлээр тээврийн хэрэгслийн төлбөрийг хариуцагч авах эрхийг олгосон. Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээгээр тээврийн хэрэгслийн төлбөр төлөгдсөн гэсэн байгаа учраас тус үндэслэлээр хариуцагч тээврийн хэрэгслийг өөртөө авсан гэж үзэх үндэслэлтэй. Тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжлэгч ******* 114 000 000 төгрөг гэж тодорхойлсон. Хэдий нотариатаар итгэмжлэл хийж байх боловч нэхэмжлэгч өөрөө тээврийн хэрэгслийг хариуцагчид зарж байгаа гэж ойлгосон.
Ингээд итгэмжлэл хийж өгсний дараа уг тээврийн хэрэгслийн төлбөр төлөгдөхгүй, хариуцагчтай холбогдож чадахгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх Lexus RX450h маркийн тээврийн хэрэгслийг 2024.08.14-ний өдөр ******* -д худалдсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба гэрч *******, хариуцагч ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг 110 000 000 төгрөг гэж тодорхойлон, төлбөр төлсөн гэж бичсэн байдаг.
Хариуцагч ******* -д олгосон итгэмжлэлээр тээврийн хэрэгслийн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс хүлээн авах эрхийг олгосон болохоос хувьдаа авч цааш нь захиран зарцуулах эрхийг өгөөгүй. Хэдийгээр итгэмжлэлээр үүрэг болгоогүй боловч эрх авч байгаа учраас адилхан үүрэг хүлээх зарчимтай. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг худалдаад төлбөрийг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан боловч мөнгийг нэхэмжлэгчид өгөхгүй байснаар эд хөрөнгийн хохиролтой болгосон. Тийм учраас нэхэмжлэгчид гэм хор учирсан. Хариуцагч тээврийн хэрэгслийг худалдаад төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй эс үйлдэхүй байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн нөхцөл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хорын хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 2024.08.14-ний өдрийн итгэмжлэл, мөн өдрийн гэрч *******, хариуцагч нарын хийсэн худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдож байна.
Уг тээврийн хэрэгслийг гаалиар оруулж, төлбөрийг нь төлж өмчлөгч болсон хүн нэхэмжлэгч ******* юм. ******* ******* гэх хүнийг танихгүй. ******* өөрийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар танил н.О -оос худалдаж авах эсэхийг нь асуухад машиныг сонирхож байгаа хүн байгаа. 110 000 000 төгрөгт зарна, тээврийн хэрэгслийг сонирхсон тухайн хүн нь тээврийн хэрэгслийг цааш худалдах учраас итгэмжлэл маягаар өгөөд зар гэсэн байдаг.
Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг худалдаж төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгчид бодит хохирол учирсан. Гаалиар оруулж ирсэн Lexus RX450h маркийн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч ******* -ын өмчлөлд байхгүй болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогддог бөгөөд тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны төлбөр нэхэмжлэгчид огт төлөгдөөгүй учраас нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг арилгаж өгнө үү гэв.
2.Хариуцагчаас ******* -аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2024.08.14-ний өдөр надад олгосон итгэмжлэлээр тухайн тээврийн хэрэгслийг авсан өдрөө ******* -тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг ******* -д шилжүүлж өгсөн.
Тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны төлбөр миний данс руу ороогүй, тухайн мөнгийг би аваагүй. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч ******* надад тус тээврийн хэрэгслийг зарах, барьцаанд тавих зэрэг эрхийг өгсөн агуулгатай итгэмжлэл өгсөн. Би *******ыг огт танихгүй байсан ба н.О гэх хүн намайг тээврийн хэрэгслийг ******* -аас итгэмжлэл хийлгээд очоод ав гэсний дагуу тээврийн хэрэгслийг авсан. н.О нь 100 000 000 төгрөг гэж үнийг нь хэлсэн. Бидний хооронд 110 000 000 төгрөгөөр худалдах талаар яриа хэлцэл хийгдээгүй. Гэрч ******* нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд тээврийн хэрэгслийн үнэ өндөр байснаар их зээл гаргадаг учраас тээврийн хэрэгслийн үнийг 110 000 000 төгрөг гэж гэрээнд бичсэн. Бодит байдлаар тээврийн хэрэгслийг 100 000 000 төгрөгөөр ******* -д зарсан. Тухайн үед н.Б, н.О, ******* нарын хооронд өмнөх мөнгөний асуудал байсан байх гэж үзэж байна. Тухайн үед н.О, н.Б нар тээврийн хэрэгслийг авч байгаа учраас зарж борлуулаад мөнгийг нь хэрэглэнэ гэж хоорондоо ярьж байсан учраас таньдаг хүндээ тээврийн хэрэгслийн үнийг бууруулж зарсан байх. Тухайн үед банк бус санхүүгийн байгууллагаас 90 000 000 төгрөг авах гэсэн боловч 70 000 000 төгрөг л гарсан. Банк бус байгууллага нь урьдчилгаа мөнгө төлөхийг шаарддаг тул 100 000 000 төгрөгөөс 30 хувийн урьдчилгаа тооцож 30 000 000 төгрөгийг ******* надаас зээлж аваад баримтыг нь банк бус байгууллагад өгч, банк бусаас зээл гарсны дараа ******* нь надад буцаагаад 30 000 000 төгрөг төлсөн. Тэгээд үлдэх 70 000 000 төгрөгийг нь банк бус байгууллагаас зээлж авсан. Машиныг худалдаж авах хүн нь миний танил ахын найз ******* гэдэг хүн байсан учраас н.О нь намайг өөрөө ******* -аас очиж машиныг шилжүүлж аваад мөнгийг нь н.Б ах руу шилжүүл гэсний дагуу л хийгдсэн. Би мөнгийг нь авч ашиглаагүй, нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, би тээврийн хэрэгсэл худалдаж аваагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, 2024.08.14-ний өдрийн ******* -аас ******* -д олгосон 1467 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2024.07.17-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2025 оны 04 дүгээр сарын Зээлийн хүүний лавлагаа /хх-ийн 4-7/ зэргийг,
4.Хариуцагч талаас нотлох баримтаар ХААН банк ХК дахь ******* -ын эзэмшлийн дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55-60/ зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр, тус шүүхийн шүүгчийн 2025.09.22-ны өдрийн 39025 дугаар захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн 2025.09.24-ний өдрийн 109 тоот албан бичгээр ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагаа, 2024.07.17-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2024.08.14-ний өдрийн 2054 бүртгэлийн дугаартай, *******, ******* нарын хооронд байгуулсан 2024.08.14-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2024.08.14-ний өдрийн *******аас *******д олгосон 1467 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, *******, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаанууд, Ашид голомт ББСБ ХХК-ийн регистрийн дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн 2024.08.13-ны өдрийн 24/259 тоот Тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай Авто тээврийн үндэсний төвд явуулсан албан бичиг /хх-ийн 38-52/,
Шүүгчийн 2025.10.03-ны өдрийн 41474 дугаар захирамж, тус шүүхийн 2025.11.19-ний өдрийн 1004 дугаартай тогтоолын дагуу ******* -ын эзэмшлийн М банк ХК дахь тоот дансны хуулга, Хас банк ХК дахь дугаартай дансны хуулга, ХААН банк ХК дахь , дугаартай депозит дансны хуулгууд, Худалдаа хөгжлийн банк ХК дахь дугаартай хадгаламжийн дансны хуулга, Чингис хаан банк ХХК, Богд банк ХК, Капитрон банк ХК, Тээвэр хөгжлийн банк ХК, Төрийн банк ХК, Голомт банк ХК-дын ******* харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй тухай лавлагаанууд /хх-ийн 88-103/, шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч ******* -ы мэдүүлэг зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* -д холбогдуулан гэрээний үүрэгт 114 000 000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул арилжааны банкуудын хэрэглээний зээлийн сарын дундаж хүү 1,6 хувиар 2024.08.14-нөөс 2025.06.20-ныг хүртэл хугацаагаар тооцон 18 848 000 төгрөг, нийт 132 848 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тээврийн хэрэгслийн худалдсан гэрээний төлбөрийг хууль бусаар хувьдаа ашиглаж, төлбөрийг шилжүүлээгүй эс үйлдлийн улмаас эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан гэж үзэн гэм хорын хохиролд 132 848 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, анх нэхэмжлэгч өөрийн танил н.О -оос тээврийн хэрэгсэл худалдаж авах эсэхийг асуухад нь машиныг сонирхож байгаа хүн байгаа. 110 000 000 төгрөгт зарна, тээврийн хэрэгслийг сонирхсон тухайн хүн нь тээврийн хэрэгслийг цааш худалдах учраас итгэмжлэл маягаар өгөөд зар гэсэн байдаг, үүний дагуу хариуцагч ******* -д 2024.08.14-ний өдөр итгэмжлэлээр Lexus RX450h маркийн улсын дугааргүй, импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг 114 000 000 төгрөг гэж тохирсон байсан, гэтэл ******* нь 2024.08.14-ний өдрөө тээврийн хэрэгслийг гэрч ******* -д худалдсан нь итгэмжлэлээр олгосон эрхийг давуулан ашиглаж, төлбөрийг өөртөө авч ашиглан гэм хорын хохирол учруулсан, нэхэмжлэгч нь хэдий нотариатаар итгэмжлэлээр тээврийн хэрэгслийг хариуцагчид худалдсан гэж ойлгосон, итгэмжлэлээр тээврийн хэрэгслийн төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс хүлээн авах эрхийг олгосон болохоос хувьдаа авч цааш нь захиран зарцуулах эрхийг өгөөгүй, төлбөрийг нэхэмжлэгчид өгөхгүй эс үйлдлийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч ******* нь дээрх нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзаж байгаа үндэслэлээ, 2024.08.14-ний өдөр надад тус тээврийн хэрэгслийг зарах, барьцаанд тавих зэрэг эрх олгосон итгэмжлэлээр тухайн тээврийн хэрэгслийг авсан өдрөө ******* -тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан тээврийн хэрэгслийг ******* -д шилжүүлж өгсөн, н.О гэх хүн надад тээврийн хэрэгслийг ******* -аас итгэмжлэл хийлгээд очоод ав, мөнгийг нь н.Б ах руу шилжүүл гэсний дагуу тээврийн хэрэгслийг авсан, тухайн үед н.О нь 100 000 000 төгрөг гэж хэлсэн, гэрч ******* нь тээврийн хэрэгслийн үнэ өндөр байснаар их зээл гаргадаг учраас тээврийн хэрэгслийн үнийг 110 000 000 төгрөг гэж гэрээнд бичсэн, бодит байдлаар тээврийн хэрэгслийг 100 000 000 төгрөгөөр ******* -д зарсан, банк бус байгууллага нь урьдчилгаа мөнгө төлөхийг шаарддаг тул 30 хувийн урьдчилгаа тооцож 30 000 000 төгрөгийг ******* надаас зээлж аваад баримтыг нь банк бус санхүүгийн байгууллагад өгч, банк бус байгууллагаас зээл олгосны дараа буцаагаад надад уг мөнгийг төлсөн, үлдэх 70 000 000 төгрөгөө өөрөө банк бус санхүүгийн байгууллагаас зээлж авч өгсөн, би тээврийн хэрэгслийн төлбөрийг нь авч ашиглаагүй, нэхэмжлэгчид хохирол учруулаагүй, би уг машиныг худалдаж аваагүй, нэхэмжлэгчийг төлөөлж бусдад худалдсан тул хариуцагч нь би биш гэж тайлбарлан маргасан.
3.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна.
3.1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д өөрийн нэр дээр Япон улсаас илгээсэн, арлын дугаар GYL25-0002743, 02-2141023-24-I33933R гаалийн мэдүүлгийн дугаартай, Lexus RX450h маркийн 2015 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, гэрээ цуцлах үйлдэл хийхэд төлөөлүүлж оролцуулахаар 2024.08.14-ний өдөр итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийг Нийслэлийн тойргийн нотариатч Л.М бүртгэлийн 1467 дугаарт бүртгэн гэрчилсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан 2024.08.14-ний өдрийн бүртгэлийн 1467 дугаартай итгэмжлэл, 2024.07.17-ны өдрийн 02-2141023-24-I33933R дугаартай гаалийн мэдүүлэг зэргээр нотлогдсон.
Дээрх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэсний дагуу олгогдсон байх бөгөөд хуулийн 64.2.-т заасан бичгээр олгосон итгэмжлэлийн шаардлагыг хангасан буюу хүчин төгөлдөр болж, итгэмжлэлийг 2024.08.14-ний өдрөөс хойш 1 сарын хугацаатай олгосон талаар зохигчид маргаагүй байна.
3.2.2024.07.17-ны өдрийн 02-2141023-24-I33933R дугаартай гаалийн мэдүүлэгт: ...4. Хүлээн авагч регистрийн дугаар:УШ90031919, *******...21.Барааны нэр төрөл: Автомашин, суудлын, Lexus RX450h , 2015.12, GYL25-0002743, 3450сс, сувдан цагаан, автомат, бүх дугуй хөтөлнө /AWD/, бензин-цахилгаан Lexus, Гүйлт: 99597...49. Татвар тооцооны тэмдэглэгээ: Суурь үнэлгээ...73 915 817... гэсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч ******* -ын нэр дээр Япон улсаас илгээгдсэн, түүний өмчлөлийн зүйл байна.
3.3.Хэрэгт авагдсан 2024.08.14-ний өдрийн тээврийн хэрэгсэл Худалдах, худалдан авах гэрээ-ний 2.1-д зааснаар гэрээний зүйлийг арлын дугаар GYL25-0002743, 02-2141023-24-I33933R гаалийн мэдүүлгийн дугаартай, Lexus RX450h маркийн 2015 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгийн суудлын зориулалттай, гаальтай, хэвийн гэж тодорхойлон, 3.1-д Гэрээний зүйлийн үнэ: тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 110 000 000 төгрөгөөр худалдахаар тохиров гэж, 3.2-т Төлбөр төлөх нөхцөл, хугацаа: 2024.08.14 дансаар гэж, 3.3-т ...Төлбөр бүрэн төлөгдсөн гэж, 3.4-т тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх хугацаа: 2024.08.14 гэж тус тус гэрээний гол нөхцөлийн талаар худалдагч ******* -ыг төлөөлж *******, худалдан авагч ******* нар харилцан тохиролцон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.
Уг гэрээг талууд бүртгэлийн 2054 дугаарт бүртгүүлэн Нийслэлийн тойргийн нотариатч Л.М-аар гэрчлүүлсэн тухай үйл баримт тогтоогдсон.
3.4.Хэрэгт ******* болон Ашид голомт ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэрээ авагдаагүй байх боловч нэхэмжлэгч ******* -ыг төлөөлж хариуцагч ******* -ын, гэрч ******* -тай байгуулсан 2024.08.14-ний өдрийн тээврийн хэрэгсэл Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Lexus RX450h маркийн автомашинд улсын бүртгэлийн дугаар олгогдож ******* -ы нэр дээр бүртгэгдэж, хамгийн сүүлд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар Ашид голомт ББСБ ХХК-ийн нэр дээр шилжин бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2025.09.24-ний өдрийн 109 тоот албан бичгээр ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Ашид голомт ББСБ ХХК-ийн 2024.08.13-ны өдрийн 24/259 тоот Тээврийн хэрэгсэл шилжүүлэх тухай Авто тээврийн үндэсний төвд явуулсан албан бичиг, гэрч ******* -ы мэдүүлэг зэргээр нотлогджээ.
3.5.Нэхэмжлэгч талаас Уг тээврийн хэрэгслийг гаалиар оруулж, төлбөрийг нь төлж өмчлөгч болсон хүн нэхэмжлэгч ******* юм. ******* ******* гэх хүнийг танихгүй. ******* өөрийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулахаар танил н.О -оос худалдаж авах эсэхийг нь асуухад машиныг сонирхож байгаа хүн байгаа. 110 000 000 төгрөгт зарна, тээврийн хэрэгслийг сонирхсон тухайн хүн нь тээврийн хэрэгслийг цааш худалдах учраас итгэмжлэл маягаар өгөөд зар гэсэн гэж, хариуцагч талаас Машиныг худалдаж авах хүн нь миний танил ахын найз ******* гэдэг хүн байсан учраас н.О нь намайг өөрөө ******* -аас очиж машиныг шилжүүлж аваад мөнгийг нь Батдэлгэр ах руу шилжүүл гэсний дагуу л хийгдсэн... гэж тус тус тайлбарлаж байх боловч энэ талаар зохигч хэн аль нь гэрч асуулгах хүсэлт гаргаагүй, нотлох баримт гаргаагүй болно.
4.Иргэний хуульд 62 дугаар зүйлийн 62.1.-д зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд 62.3., 62.4.-т зааснаар төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу эсхүл итгэмжлэлийн үндсэн дээр үүсч, төлөөлөгч нь итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* -аас хариуцагчид олгосон 2024.08.14-ний өдрийн итгэмжлэлд ...энэхүү итгэмжлэлийг олгож буй ******* би итгэмжлэлийн агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд миний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул гарын үсэг зурав гэсэн байх бөгөөд хариуцагч ******* -аас Lexus RX450h маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг бусдад худалдах, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосны дагуу 2024.08.14-ний өдөр дээрх тээврийн хэрэгслийг гэрч ******* -д худалдахдаа, худалдагч болох нэхэмжлэгчийг төлөөлж худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон.
Үүнээс үзэхэд хариуцагч ******* нь Иргэний хуульд 62 дугаар зүйлийн 62.3., 62.4.-т заасан болон 63 дугаар зүйлийн 63.3.-т Төлөөлөгч бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэсэн төлөөлөгчийн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, үүний улмаас 63.4.-д заасан төлөөлүүлэгчид гэм хорын хохирол учирсан гэж үзэх нөхцөл байдал, түүнчлэн 66 дугаар зүйлийн 66.1., 66.2-т заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлүүд ч тогтоогдсонгүй.
5.Бүртгэлийн 1467 дугаартай 2024.08.14-ний өдрийн итгэмжлэлд төлбөр тооцоо хүлээн авах эрхийг хариуцагчид олгосон байх боловч гэрч ******* -ы ... тээврийн хэрэгслийг...100 000 000 төгрөгөөр тохирсон... Урьдчилгаа 30 хувь болох 30 000 000 төгрөг өгсөн. Үлдсэн 70 000 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч өгсөн, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахад урьдчилгаа 30 000 000 төгрөг байршуулах шаардлагатай гэсэн учраас би хариуцагч ******* -аас зээлж аваад банк бус санхүүгийн байгууллагад 30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлсөн гэсэн баримт өгсөн. Ингээд... үлдэгдэл төлбөр 70 000 000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлж н.Б -д шилжүүлсэн...Тээврийн хэрэгсэл одоо Ашид голомт ББСБ ХХК-ийн нэр дээр байгаа...Зээлийн төлбөрийг би Ашид голомт ББСБ ХХК-д сар бүр төлж байгаа...Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд машинаа өндөр үнэлүүлэн гэрээнд 110 000 000 төгрөг гэж бичсэн...бодит байдалд тээврийн хэрэгслийг 70 000 000 төгрөгөөр худалдаж авсан...Би бодитоор 70 000 000 төгрөг өгсөн...гэсэн мэдүүлгээр болон ******* -ын эзэмшлийн М банк ХК дахь тоот дансны хуулга, Хас банк ХК дахь дугаартай дансны хуулга, ХААН банк ХК дахь , дугаартай депозит дансны хуулгуудаар гэрээний зүйлийн төлбөрийг *******д төлөөгүй болох нь нотлогджээ.
Иймд нэхэмжлэгч талын, хариуцагч нь итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийг давуулан Lexus RX450h тээврийн хэрэгслийн төлбөрийг өөртөө авч ашигласан, цааш захиран зарцуулах эрхийг олгоогүй, нэхэмжлэгчид өгөөгүй эс үйлдлийн улмаас эд хөрөнгөд хохирол учирсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
6.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1.-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нь нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж, 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-р гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ******* -ын олгосон 2024.08.14-ний өдрийн итгэмжлэлийн бүрэн эрхийн дагуу түүний өмчлөлийн Lexus RX450h маркийн тээврийн хэрэгслийг гэрч ******* -д худалдаж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулан, уг гэрээнд худалдагчийг төлөөлөн гарын үсэг зурсан, гэрээний зүйлийг худалдан авагчид шилжүүлснийг хариуцагч ******* -аас хууль бус, хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээрх итгэмжлэлээр Lexus RX450h маркийн тээврийн хэрэгслийг худалдсан үнийг итгэмжлэгдэгчид төлөх талаар итгэмжлэлд тодорхойлж заагаагүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол буюу Lexus RX450h маркийн тээврийн хэрэгслийн үнэ төлөгдөөгүй байдал нь хариуцагчийн гэм буруутай, хууль зөрчсөн үйлдлийн улмаас бий болсон гэх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэх тээврийн хэрэгслийн үнэ 114 000 000 төгрөг, түүнийг хугацаандаа төлөөгүйгээс учирсан хүүний хохиролд 18 848 000 төгрөг нийт 132 848 000 төгрөгийн гэм хорын хохирол нь хариуцагч ******* -д итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд хийсэн, итгэмжлэлд тодорхойлсон үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.
7.Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон иргэн З.У хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг шүүхээс хуульд заасны дагуу мэдэгдсэн тухай Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай Баримт-9 гэсэн баримт хэрэгт авагдсан байх ба З.У нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн дээр хэргийн оролцогчдоос түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
8.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, хариуцагчаас хууль бусаар, санаатай үйлдлээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 822 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* -ын, хариуцагч ******* -аас гэм хорын хохиролд 132 848 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 822 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД А.ЦЭЛМЭГ
Д.ЯНЖИНДУЛАМ