Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01728

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/01728

 

 

Ц.Гэрэлцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19ий өдрийн 182/ШШ2017/01156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэгийн, хариуцагч Ц.Оюунцэцэгт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байрыг барьцаалан Ц.Оюунцэцэг бид хоёр 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүү төлөхөөр хүнээс мөнгө зээлсэн. Хариуцагч нь 1 сарын дараа мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй. Өнөөдрийг хүртэл би байрныхаа гэрчилгээг авч чадахгүй байсаар байна. Зээлийн гэрээнд 10 хувийн хүү төлнө гэж бичсэн боловч 8 хувийн хүү төлөхөөр тохирсон. Иймд Ц.Оюунцэцэгээс үндсэн зээл 2 500 000 төгрөг, зээлийн хүү 200 000 төгрөгийг гаргуулна.

Сүлжээнд бүртгүүлэхээр Б.Оюунцэцэгт өгсөн 400 000 төгрөгийг Ц.Оюунцэцэг авсан. Уг 400 000 төгрөгөөс 200 000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн. Үлдэх 200 000 төгрөгийн хувьд хариуцагч надад код өгсөн. Тэрхүү кодоор ороод шалгах боломжгүй байгаа тул шалгаад бүртгүүлсэн байвал энэ мөнгийг нэхэмжлэхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Оюунцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Ц.Гэрэлцэцэгээс 2 500 000 төгрөг зээлж авсан нь үнэн боловч Ц.Гэрэлцэцэгийн байрны гэрчилгээг барьцаалаагүй. Би зээлсэн мөнгөө Жи тайм корпорейшн ХХК-ийн сүлжээнд оруулсан. Гэтэл сүүлдээ хохирогч болсон. Ийнхүү эрүүгийн хэргийг шийдвэрлэж хохирлыг барагдуулсны дараа би Ц.Гэрэлцэцэгт мөнгийг нь өгнө.

Харин сүлжээний 400 000 төгрөгийг төлөхгүй. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 200 000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Би түүнийг 200 000 төгрөгөөр энэ сүлжээнд бүртгүүлсэн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1. 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оюунцэцэгээс 2 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэгт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.Оюунцэцэгээс 58 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Гэрэлцэцэгээс зээлсэн 2 500 000 төгрөгийг Жи тайм корпорейшн ХХК-ийн сүлжээнд өгсөн. Өнөөдрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газарт тус компанийг шалгаж байна. Хариуцагч нь хохирогчоор тогтоогдсон. Эрүүгийн журмаар энэ хэрэг шийдвэрлэгдэж дууссаны дараа 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондох маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэг, хариуцагч Ц.Оюунцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт 2 700 000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 400 000 төгрөг, нийт 3 100 000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч зарим хэсэг болох 2 700 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 400 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байдаг.

 

Хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн буюу нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэг нь хариуцагч Ц.Оюунцэцэгт 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 2 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцон түүний ХААН банкны 5032220581 тоот данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгөө, хүүгийн хамт тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэдгээ зөвшөөрдөг боловч уг мөнгийг ... Жи тайм корпорейшн ХХК-д сүлжээний бизнест өгсөн, тус компанийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, асуудлыг шийдвэрлэж дууссаны дараа төлнө гэж маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч Ц.Оюунцэцэгийн шүүхэд гаргаж өгсөн Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны албан бичиг, Жи тайм корпорейшн ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтуудаас харахад түүнийг хохирогчоор тогтоон шалгаж байгаа Жи тайм корпорейшн ХХК-д холбогдох эрүүгийн хэрэг нь Ц.Гэрэлцэцэг, Ц.Оюунцэцэг нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөө сүлжээний бизнест оруулан, хохирсон гэх үндэслэлээр өргөдөл гарган эрүүгийн журмаар шалгуулж асуудал нь иргэд хоорондын энэхүү зээлийн маргаантай холбоогүй байх тул иргэний хэргийг хэрэгсэхгүй болох хуулийн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай учир нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэг нь Ц.Оюунцэцэгээс үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Оюунцэцэгээс үндсэн зээл 2 500 000 төгрөг, зээлийн 1 сарын хүүд 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтад нийцжээ.

Иймээс хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа 400 000 төгрөгөөр багасгасан байхад шүүх, нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзсан гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2017/01156 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Оюунцэцэгээс 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Гэрэлцэцэгт олгосугай. гэж өөрчлөн найруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 58 150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ч.ЦЭНД