Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 446

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О- овогт Э-ийн А-од холбогдох эрүүгийн 1810017510528 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй “Сэнгүн” ХХК-ийн захирал, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Цэлмэг хотхоны 88 дугаар байрны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, О- овогт Э-ийн А- /РД:……………./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богины ам”-нд байрлах амралтын газарт Т.Эрдэнэбилэгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Э.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

            Хохирогч Т.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед А-ын хамт Лут-Очиртой уулзсан. Лут-Очир Америк улсаас ирсэн тул бид гурав Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хийморийн овооны замд байрлах амралтанд амрахаар явсан. Бид гурав 0.75 литрийн “Экс” 2 шил, 0.5 литрийн 2 шил архийг хувааж уусан. 2018 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн үед найз А- одоогоос 8 жилийн өмнөх юм ярьж бид хоёр хоорондоо маргалдаад миний баруун шанаа орчимд гараараа цохиход би унаж ухаан балартаж унасан…гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

 

Гэрч С.Лут-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 18-ны орой Эрдэнэбилэг над руу 99991012 дугаараас яриад “өнөөдөр орой уулзая, Зайсан дахь Миний дэлгүүрийн гадаа хүрээд ир, А- бид хоёр хамт явж байна” гэсэн. Би бүрэнхий болж байхад таксинд суугаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-ийн гадаа очиход Эрдэнэбилэг ганцаараа байсан. Эрдэнэбилэг бид хоёр дэлгүүр рүү орж жимс, ундаа болон 500 граммын савлагаатай архи 3 шил, 500 граммын савлагаатай “Сэнгүр” пиво 4 лаазыг аваад Богд уулын аманд байрлах амралтын газарт очсон. Гэрт ороход А- болон 2 танихгүй эмэгтэй байсан. Би тэр эмэгтэйчүүдтэй танилцаад бүгдээрээ архиа хувааж уугаад, хөзөр тоглож байгаад согтоод унтсан. Намайг унтахаас өмнө Эрдэнэбилэг А-ыг тоглоом шоглоомоор доош нь хийсэн байдалтай харьцаад “нохойн гөлөг” гэх мэтээр хэлээд байхаар нь “боль, битгий маргалд” гэж хэлсэн. А-, Эрдэнэбилэг хоёр ширээний 2 талд суучихсан маргалдаад, Эрдэнэбилэг нь А-ын нүүр рүү самар цацсан. Би А-ыг Эрдэнэбилэгээс холдуулаад гэрээс гарах гэтэл А- Эрдэнэбилэгийн нүүр орчимд нэг удаа өшиглөөд, гараараа нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч Б.Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А-ыг Эрдэнэбилэг утсаар дуудаад байсан. А- намайг хотын төвд үлдээчихээд “машинаа Эрдэнэбилэгтэй хамт явж угаалгана” гээд явсан. Маргааш өглөө нь 08-09 цагийн үед сэрэхэд А- гэртээ ирчихсэн унтаж байсан. Өглөө Эрдэнэбилэгийн эхнэр Дэлгэрмөрөн над руу “Эрдэнэбилэг, А- нар архи уугаад хоорондоо зодолдсон байна” гэж ярьсан…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8925 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Эрдэнэбилэгийн биед тархи доргилт, баруун хацрын нум, баруун хоншоорын өмнөд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,

Хохирогчийн өргөдөл /хх-ийн 3-р хуудас/, хохирлын баримт /хх-ийн 38-46-р хуудас/,

Яллагдагч Э.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: … Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Эрдэнэбилэг, түүний найз хоёр эмэгтэйтэй хамт Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богины аманд байрлах амралтын газар очиж 750 граммын савлагаатай “Экс” архи нэг шилийг хувааж уугаад Лут-Очирыг дуудсан. Лут-Очир ирэхдээ 500 граммын савлагаатай 4 шил архи, 10 ширхэг пиво авч ирсэн. Ингээд бид тав архи, пиво ууцгаасан. Би орны хажууд ундаа уугаад сууж байхад Эрдэнэбилэг над руу давсалсан самар цацаад байхаар нь “чи яах гэж ингэж байдаг юм” гэхэд “ална шүү гөлөг минь” гэхээр нь Эрдэнэбилэгийн зүүн шанаа орчимд зүүн гараараа нэг удаа цохисон. Гэтэл Эрдэнэбилэг хутга авахаар нь түүний нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27-р хуудас/, Хан-Уул дүүргийн 15-р хорооны 88-р байрны 8 тоотод оршин суух Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 47-р хуудас/, гэрч Ц.Амарсанаагийн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

 

Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 04 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Богины ам”-нд байрлах амралтын газарт хохирогч Т.Эрдэнэбилэгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Эрдэнэбилэгийн …2018 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 04 цагийн үед найз А- одоогоос 8 жилийн өмнөх юм ярьж, бид хоёр хоорондоо маргалдаад миний баруун шанаа орчимд гараараа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,

 

Гэрч С.Лут-Очирын …Эрдэнэбилэг А-ыг тоглоом шоглоомоор доош нь хийсэн байдалтай харьцаад “нохойн гөлөг” гэх мэтээр хэлээд байхаар нь “боль, битгий маргалд” гэж хэлсэн. …Эрдэнэбилэг нь А-ын нүүр рүү самар цацсан. Би А-ыг Эрдэнэбилэгээс холдуулаад гэрээс гарах гэтэл А- Эрдэнэбилэгийн нүүр орчимд нэг удаа өшиглөөд, гараараа нэг удаа цохисон…гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

 

Гэрч Б.Оюуны …Эрдэнэбилэгийн эхнэр Дэлгэрмөрөн над руу “Эрдэнэбилэг, А- архи уугаад хоорондоо зодолдсон байна” гэж ярьсан…гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8925 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Эрдэнэбилэгийн биед тархи доргилт, баруун хацрын нум, баруун хоншоорын өмнөд болон гадна хана, баруун нүдний ухархайн гадна болон дотор ханын хугарал, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Э.А- нь хохирогч  Т.Эрдэнэбилэгийг зодож хөнгөн хохирол учруулсан үйл баримтанд дүгнэлт хийхэд Монгол улсын Үндсэн хууль Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.А- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, хохирогч Т.Эрдэнэбилэг нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ шүүгдэгч нь илэрхийлснээр /хх-ийн 66-67-р хуудас/ 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 91 дугаартай прокурорын саналаар Э.А-од холбогдох эрүүгийн 1810017510528 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Э.А- нь хохирогч  Т.Эрдэнэбилэгийг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байх тул гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

   Шүүхээс шүүгдэгч Э.А-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Э.А-ын хөрөнгө болон цалин хөлс, бусад орлого олох боломжтой холбоотой баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоогоогүй болно.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А-од мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Т.Эрдэнэбилэг нь эмчилгээний зардалд зарцуулсан гэх 904.110 төгрөгийн баримт /хх-ийн 38-46-р хуудас/ гаргасан боловч хохирогч нь “…Э.А-оос эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг авсан тул гомдолгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 50-р хуудас/ мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргажээ.

            Иймд шүүгдэгч Э.А-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.