Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 211/МА2021/00001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       Ж.О-ийн хүсэлттэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00316 дугаар шийдвэртэй

Ж.О-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Ж.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ж.О, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон тайлбарт: “Ж.О миний бие 1963 онд төрсөн. Би 1981-1983 оныг хүртэл цэргийн алба хаасан. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1978.06.01-1981.08.20, 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр олдохгүйгээс болж ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилээ шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлс авч байсан цалингийн жагсаалт болон бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978.06.01-1981.08.20, 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00316 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.О-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ж.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагч Ж.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Ж.О миний бие тус шүүхэд Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978.06.01-1981.08.20, 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны шатанд 1978.06.01-1981.08.20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ татан авсан. Гэтэл шүүхээс миний Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978.06.01-1981.08.20, 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдсэн нь андуурал болсон байна. Би Хотонт сумын Улаан чулуу багт мал маллан амьдардаг учраас шүүхийн шийдвэрийг өөрөө авах боломжгүй байсан. Иймд шүүхийн шийдвэрийг охин минь авч миний өмнөөс нийгмийн даатгалын байцаагчид өгөөд тэтгэврийн асуудлыг хөөцөлдсөн. Гэтэл саяхан манай нийгмийн даатгалын байцаагч намайг дуудаад Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978.06.01-1981.08.20, 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажилласан байдлаа тогтоолгосон байна гэдгийг хэлэхэд нь би мэдсэн. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаар шийдвэрт миний Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажилласан байдлыг тогтоож өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.О нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1978.06.01-1981.08.20, 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр хүсэлтийн шаардлагаа багасган 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

 

Анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн 1978.06.01-1981.08.20, 1984.06.20-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан боловч хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг хэрэгт байгаа баримтын хүрээнд бодитой дүгнээгүй алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзлээ. Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч анхан шатны шүүх хуралдаан дээр хүсэлтийн шаардлагаа багасгасан байхад шүүх түүний шүүхэд анх гаргасан хүсэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэжээ. 

 

Хүсэлтийн шаардлагын үндэслэл болох Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 380 дугаар цалингийн тодорхойлолтод хүсэлт гаргагчийг 1985 оны 4-р сараас эхлэн ажилласнаар тэмдэглэсэн байхад анхан шатны шүүх хүсэлт гаргагчийг 1984.06.20-ны өдрөөс ажиллаж байсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна.

 

 

Хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолтоос үзвэл хүсэлт гаргагч Ж.О 1985.04.01-ний өдөр Цацрал нэгдлийн малчнаар ажиллаж эхэлсэн байх ба энэ баримтаар 1985.04.01-1989.12.31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажилласан нь тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2020/00316 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1978 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд,” гэснийг хасаж, “1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс” гэснийг “1985 оны 04 сарын 01-ний өдрөөс” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хүсэлт гаргагч Ж.О-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

     ШҮҮГЧИД                                      Д.Б

                                    В.Ц