Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 211/МА2021/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Н.Д-ийн хүсэлттэй иргэний

                                                             хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2021/00115 дугаар шийдвэртэй

Н.Дгийн мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Н.Д миний бие 1969 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгох нас болоод байна. Би 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Мөн 1995-2000 оны хооронд Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт мал маллан амьдарч байсан бөгөөд 1995-2000 оны бүртгэл, “А” данс аймгийн болон сумын Засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаагүй үрэгдсэнээс болж 1995 оноос хойш мал маллаж байсан хугацааг тодорхойлуулах боломжгүй байх тул 1995-2000 оныг дуусталх  хугацаанд 6 жил мал маллаж байсан байдлыг тус тус нийгмийн даатгалаас шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймд архивын лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа, Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн өмч хувьчлалын материал, Архангай аймгийн Хайрхан сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоол, зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хайрхан сумын Засаг даргын болон Хайрхан сумын Могой багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Зараан дөрөлж гэх газарт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувийнхаа малыг маллаж байсныг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Д нь 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох, мөн Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт 1995-2000 оны хооронд хувийн малаа маллаж амьдарч байсан бөгөөд 1995-2000 оны малын “А” данс нь аймгийн болон сумын Засаг даргын Тамгын газрын архивд хадгалагдаагүй үрэгдсэнээс болж 1995 оноос хойших мал маллаж байсан байдлыг тодорхойлох боломжгүй байх тул 1995-2000 оны хооронд 6 жил мал маллаж байсан байдлыг тус тус тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн шаардлагаас 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг шүүхээр хэлэлцүүлэхгүй буцаан авах хүсэлттэй байна. Шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн дахин хүсэлт гаргах шаардлагатай гэж үзэж байна. Харин 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Хайрхан сумын Могой багт хувийн малаа маллаж байсан байдлыг нь хавтаст хэрэгт цугласан нотлох баримтад үндэслэн тогтоож өгнө үү. Түүний 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдал нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Хайрхан сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн тогтоол, зөвлөлийн хурлын тэмдэглэл, Хайрхан сумын Могой багийн Засаг даргын тодорхойлолт болон Хайрхан сумын Засаг даргын тодорхойлолт, 2 гэрчийн мэдүүлэг, түүний нөхөр н.Т-ын нэр дээрх малын “А” данс зэргээр нотлогдож байна. Хүсэлт гаргагч Н.Д нь н.Т-тай 1997-2003 он хүртэл хамтран амьдарч байсан бөгөөд хоёр хүүхэдтэй болж байсан. Охин нь ээжийнхээ нэрээр овоглож, банди нь н.Т-ын нэрээр овоглодог. Хүүхдүүдийн гэрчилгээний хуулбарууд хавтаст хэрэгт авагдсан. Дээрх нотлох баримтуудад үндэслэн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан 6 жилийг нь тогтоож өгнө үү. 1997-2003 оныг хүртэл н.Т-тай хамтран амьдарч байсан. Н.Д 1995-1997 оны хооронд эцэг, эхтэйгээ мал маллаж байсан.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2021/00115 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Н.Д-г Архангай аймгийн Хайрхан суманд 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоож, хүсэлтээс 1995 оноос 1996 онд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Н.Дгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг татан авсан болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Н.Дгийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгөөс 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, татан авсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж хүсэлт гаргагч Н.Дд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

                   

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00115 тоот шийдвэрийг Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Н.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Н.Д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллан амьдардаг байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд түүний тус хугацаанд мал маллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын болон Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Засаг даргын тодорхойлолтууд, мөн гэрч Ч.Ч-ын шүүхэд өгсөн мэдүүлэг, Архангай аймгийн Хайрхан сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт хүсэлт гаргагч Н.Дгийн Архангай аймгийн Хайрхан суманд 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан болохыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоолгох хэсэг нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон гэж үзэж байна. Хавтаст хэрэгт Н.Д нь 1995, 1996 онуудад өөр ажил эрхэлж байсан байдал нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн Хайрхан сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн гишүүдийн олонх нь түүнийг 1995-2000 оны хооронд мал маллаж байсныг баталсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байтал дээрх баримтуудыг үндэслэлгүйгээр шийдвэрлэснийг буруу гэж үзэж байх тул Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 00115 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны  шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтоож өгнө үү.” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Д нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал, мөн Архангай аймгийн Хайрхан суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан болохыг тус тус тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нь хүсэлтийн шаардлагыг багасган Н.Дгийн Архангай аймгийн Хайрхан суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоолгох  хүсэлтийг гаргажээ.

            Анхан шатны шүүх Н.Дгийн хүсэлтээс 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Хайрхан суманд мал маллаж байсан болохыг тогтоож, 1995 оноос 1996 онд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М 1995, 1996 онд мал маллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай тодорхойлолт, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 02/301дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/431 дугаартай  тодорхойлолтууд, Үндэсний төв архивын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 03-8/4543 дугаартай лавлагаа, Архангай аймгийн Хайрхан сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох Орон тооны бус зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай тогтоол, Архангай аймгийн Хайрхан сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаартай хурлын тэмдэглэл, хүсэлт гаргагч Н.Дгийн малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар болон гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Т.Л-ын төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, А.Т-ын 2001 оны малын А дансны хуулбар,  гэрч Ч.А, Ч.Ч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн хүсэлт гаргагч Н.Дгийн 1997-2001 онд малчнаар ажиллаж байсныг тогтоосон нь зөв байна.

            Харин хүсэлтийн шаардлагаас 1995-1996 онд мал маллаж байсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

            Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас гадна Архангай аймгийн Архивын тасгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн Өмч хувьчлалын материал /Эхэлсэн огноо 1996/-ын Хайрхан сум, Асгат бригад гэсний 96-д Н.Д 5,6, 13, 5,6, 5,6 гэсэн лавлагаа /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, Мал оторлолт, тарга хүчний 19.. оны ..р сарын мэдээ гэсний нэрсийн жагсаалтын доороосоо 2 дахь хүснэгтэд Н.Д ам бүл 5, адуу 8, Үхэр 27, хонь 50, ямаа 20, бүгд 95...гэсэн баримтын хуулбар /хх-ийн 31 дүгээр хуудас/-аар  хүсэлт гаргагч Н.Д нь А.Т-тай  гэр бүл болж амьдрахаасаа өмнө буюу 1995-1996 онд мал маллаж байсан болох нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.  

            Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогоос буцаан гаргуулахаар шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 129/ШШ2021/00115 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Н.Д-г Архангай аймгийн Хайрхан суманд 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоож, хүсэлтээс 1995 оноос 1996 онд мал маллаж байснаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Н.Д-г Архангай аймгийн Хайрхан суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хүсэлт гаргагч Н.Д-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

     ШҮҮГЧИД                                      Д.Б

                                    В.Ц