Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 449

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Гансугар хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

Хохирогч В.Б-,

шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:2563/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Г-гийн Н-ад холбогдох эрүүгийн 1810016650505 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулаан тоног төхөөрөмж, засвар ашиглалт мэргэжиилтэй, “Ихэр хүслэн” ХХК-ийн барилгад мужаан ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймгийн Сэврэй сумын 3 дугаар багийн Бүйлсэн гэх газарт бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо В гудамжны 391 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, М- овогт Г-гийн Н- /РД:………………/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Н- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын барилгын хашаанд хохирогч В.Б-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Г.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

          Хохирогч В.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмчилгээний төлбөрөө гаргуулан авчихвал надад гомдол санал байхгүй гэв.

Хохирогч В.Б- мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Буянт-Ухаа 2 хорооллын барилга дээр байдаг өрөөндөө тоглоом тоглоод сууж байхад гадаа хүмүүс шуугиад байхаар нь гараад хартал манай ажлын Н-, Пүрэвбаатар хоёр согтуу хоорондоо маргалдаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад Пүрэвбаатарыг аваад Буянт-Ухаа спорт ордны хажууд байдаг автобусны буудал дээр хүргэж өгсөн. Буцаад ирэхэд Н- “та Пүрэвбаатарыг өмөөрөөд байгаа юм уу” гэхээр нь “одоо ор” гэхэд над руу дайраад толгойгоороо миний уруул хэсэг рүү нэг удаа мөргөтөл миний үүдэн шүдний нэг нь унасан. …Би Н-аас 1.800.000 төгрөг авчихвал шүдээ хийлгэнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8769 дугаартай дүгнэлтэнд:

1. В.Бат-Эрдэний биед баруун дээд 1-р шүдний хугарал, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/,

            Хохирогчийн өргөдөл /хх-ийн 5-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/,

Яллагдагч Г.Н- мөрдөн байцаалтанд өгсөн: …2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай барьж буй барилга дээр цемент цутгалт явагдана гэхээр нь барилгын ажилчид бүгд хоносон боловч цемент ирээгүй. Бид өдөржин хүлээх зуур барилгын ажилчид архи авч ууцгаасан. Би 0,5 литрийн савлагаатай 4 ширхэг пиво, барилгачидтай хамт 0,75 литрийн савлагаатай “Соёрхол” архи 1 шилийг хувааж уусан. Ууж байхдаа би хамт ажилладаг Пүрвээтэй маргалдаж, бид хоёр барилцаж авахад Бат-Эрдэнэ дундуур орж салгасан. …Нэг мэдсэн чинь би Бат-Эрдэнэтэй муудалцаад толгойгоороо нэг удаа ам руу нь мөргөтөл шүд нь унасан…гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Н- нь 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын барилгын хашаанд “Б.Пүрэвбаатарыг өмөөрлөө” гэх шалтгааны улмаас хохирогч В.Бат-Эрдэний нүүрэн тус газарт мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч В.Бат-Эрдэний …Буцаад ирэхэд Н- “та Пүрэвбаатарыг өмөөрөөд байгаа юм уу” гэхээр нь “одоо ор” гэхэд над руу дайраад толгойгоороо миний уруул хэсэг рүү нэг удаа мөргөтөл үүдэн шүдний нэг нь унасан. …Би одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгэж амжаагүй байгаа. Харин түүнээс 1.800.000 төгрөг авчихвал шүдээ хийлгэнэ…гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №8769 дугаартай дүгнэлтэнд:

1. В.Бат-Эрдэний биед баруун дээд 1-р шүдний хугарал, доод уруулын салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдагдуулна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 17-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Г.Н- нь хохирогч В.Бат-Эрдэний нүүрэн тус газарт мөргөж баруун дээд 1-р шүдний хугарал, доод уруулын салстын язрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Г.Н-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

   Хохирогч В.Б- нь хиймэл шүд хийлгэх зардалд 1.800.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримт ирүүлээгүй, ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

  

            2. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Н-ад 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар улсын яллагчаас гаргасан торгох ялын талаар маргаагүй. Харин торгох ялыг багаар тогтоож өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Г.Н- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 31-р хуудас/ тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Н-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Г.Н-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н- анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “Ихэр хүслэн” ХХК-нд мужаан ажилтай хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Г.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.